| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0326/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/852 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | У.Төгөлдөр |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/852
2025 10 06 2025/ШЦТ/852
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,
улсын яллагч Ц.Төгөлдөр,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ат холбогдох 2510 01681 1306 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... оны ...... дугаар сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........дүүргий........ дугаар хороо, ..дугаар байрны ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ОА /РД:ЧД80060812/.
Хэргийн товч агуулга:
Б.А нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн А.Х нь ......... дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Regis Place” буюу ажил дээрээ байхдаа бусад руу 4,500,000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад данс андуурч, Худалдаа хөгжлийн банкны 461010250 дугаартай данс руу шилжүүлснийг алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшиж, хохирогч А.Хд бага хэмжээнээс дээш буюу 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.А нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдын эд хөрөнгийг завшин, бага хэмжээнээс дээш буюу 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.01-02/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.09-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Хгийн өгсөн: “Би 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Амартуяа гэх танилаасаа 9,000,000 төгрөг зээлсэн. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би зээлсэн гэх 9,000,000 төгрөгөө буцаан Амартуяад буцаан шилжүүлэх гээд хоёр хувааж 4,500,000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Гэтэл тухайн өдрөөс хойш 10 хоног орчмын дараа над руу Амартуяа залгаад “Мөнгө буцаж орж ирээгүй байна. Та 4,500,000 төгрөг дутуу шилжүүлсэн байна эгч” гэсэн. Тэгээд би дансаа шалгаж үзтэл Худалдаа хөгжпийн 461010250 тоот А гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд данс андуурч шилжүүлснээ мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна... Миний хувьд А гэх хүнээр орчуулга хийлгэж байсан удаа байхгүй. Манай холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Баяраа гэх хүн А гэдэг орчуулагчийг олж холбооны баримт бичиг орчуулуулсан байсан. Би холбооны хүмүүсээс асуухад өр төлбөрийн асуудал огт байхгүй гэжхэлх байсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Амартуяагийн өгсөн: “Би үсчингээр ажилладаг ба Х миний ажилладаг салоны захирал юм. Х захирал “Алтан гар” үсчний холбооны гишүүнээр ажилладаг ба ажлын шугамаар Итали улс руу явах болоод визэнд орохын тулд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна гээд надаас 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр надаас 9,000,000 төгрөг зээлүүлсэн. Тус мөнгийг хоёр хувааж буюу 4,500,000 төгрөгөөр Х захирлын Төрийн банкны 341801726616 тоот данс руу шилжүүлсэн. Анх зээлэхдээ удаахгүй өгнө гэж хэлж байсан ба 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр над руу холбогдоод “Зээлсэн мөнгөө өгье, ямар данс руу авах вэ” гэж асуухаар нь би өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны данс болон Хаан банкны данс руу хоёр хувааж зээлсэн мөнгөө авъя гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Х эгч надад “Мөнгөө хийсэн шүү” гэж хэлсэн ба миний Хаан банкны 5306028173 тоот данс руу 4,500,000 төгрөг орсон боловч Худалдаа хөгжлийн эанкны 405079152 тоот данс руу үлдсэн 4,500,000 төгрөг ороогүй байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа Х захирал руу холбогдоод үлдэгдэл мөнгө хэзээ орохыг асуутал “Би мөнгөө бүтэн шилжүүлсэн, дахиад шалгаад үзье” гэж хэлээд удалгүй дахин над руу залгаад “Би данс андуураад өөр хүний данс руу мөнгө шилжүүлсэн байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.25-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баянжаргалын өгсөн: “Би “Алтан гар” үсчний холбооны үүсгэн байгуулагчаар 2024 оноос 2025 оны 04 дүгээр cap хүртэл ажилласан. Манай холбоонд Х нь ерөнхийдөө санхүү хариуцаж ажилладаг байсан ба ажил хэргийн холбоотой байдаг. Манай холбооны үсчин, гоо сайханчид 2024 оны 09 дүгээр сард тзмцээнд оролцох шаардлагатай болж байсан. Тэгээд тэмцээнд явахаас сарын өмнө манай холбоо визний бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болоод Creative Human гэх фейсбүүк орчуулгын газрын зарыг харж байсан. Тухайн үед онлайнаар харьцах боломжтой гэдгийг мэдээд Creative Human гэх орчуулгын газрын фейсбүүк хуудастай холбогдож байсан. Тэгээд орчуулах материалаа Creative Human LLC гэх майл рүү явуулаад анх орчуулга хийлгэж байсан. Франц явах орчуулгын материал нь 2-оос 3 хуудас байсан ба төлбөр нь миний санаж байгаагаар 30,000 орчим төгрөг болж байсан. Тэгээд ерөнхийдөө холбооны шугамаар гадагшаа явах болохоороо тэмцээнд орох Элчин сайдын яаманд бүрдүүлж өгөх материалаа 4-аас 5 орчим удаа орчуулуулж байсан. Хамгийн сүүлд 2025 оны 02 дугаар сарын дундуур Итали улс руу тэмцээнээр явах шаардлагатай болоод Итали улсын элчин сайдын яаманд өгөх материал болох нэг нүүр холбооны хүсэлтийг дээрх орчуулгын байгууллагаар орчуулуулсан. Тэгээд төлбөр нь 45,000 төгрөг болсон ба Хүлан санхүү хариүцдаг түл орчуупгын төлбөр төлөөрэй гээд дансны дугаарыг нь явуулсан. Тус орчуулга нь холбооны гишүүдийн тодорхойлолт тул Х нь тухайн үед төлбөрийг төлсөн. Тэгээд мөнгө орсон тохиолдолд орчуулга хийгддэг тул гүйлгээгээ харсны үндсэн дээр орчуулгын материалыг өгдөг. Дээрх орчуулгын компани нь төлбөр тохиолдолд орчуулгаа буюу ажлаа эхэлдэг. Миний хувьд болон холбооны хувьд тийм асуудал байхгүй. Төлбөрөө заавал төлчхөөд орчуулга эхэлдэг тул ямар нэгэн баримт бичиг орчуулуулчхаад төлбөрөө төлөөгүй тохиолдол гэж байхгүй. Би холбооны ажлын шугамаар өөрийнхөө хувийн барим бичгийгтухайн орчуулгын газартай цахимаар харьцаж орчуулуулдаг байсан. Өмнөх орчуулгын төлбөрийг би өөрөө хувиасаа гаргадаг байсан ба Итали явахад шаардагдах материалын хувьд холбооны гишүүдтэй холбоотой нэг нүүр тодорхойлолт байсан тул холбооны хүмүүст Creative Human орчуулгын газрыг санал болгосон. Тэгээд цахимаар түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг тул холбооны гишүүдтэй ярилцаад орчуулуулахаар болсон. Тийм учраас мөн нь Х тухайн орчуулгын газрын мэддэггүй байсан гэж бодож байна. Манай холбооны хувьд ихэвчлэн нь ихдээ л 3 хуудас материал орчуулуулж байсан. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч Creative Human орчуулгын байгууллагын майлээр ирсэн дансыг Хд өгөөд төлбөр нь 45,000 төгрөг болно шүү гэж хэлээд орчуулгын төлбөрийг төлсөн...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх.36-42, 47/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.54-59/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.63-64/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн: “... би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.70/,
Шүүгдэгч Б.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.74/,
Хохирол төлсөн тухай дансны дуулга /хх.83/,
Хохирогч А.Хтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй тухай утсаар ярьсан прокурорын тэмдэглэл /хх.84/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.75/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Шүүгдэгч Б.А нь хохирогчийн мөнгийг буцаан шийлжүүлсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Аын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ОАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.