Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/00765

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..................... байрлах, И ХХК /РД:0000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............... тоот хаягт оршин суух, А овогтой Э.Т /РД:00000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 977,825.65 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Т нь манай компанитай 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 197,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 160,000 төгрөг, мөн өдөр 218,000 төгрөгийн зээлийг тус тус 60 хоногийн хугацаатай байхаар сонгож хүлээн авсан. Зээл эргэн төлөх хугацааг 496 хоногоор хэтрүүлсэн тул 197,000 төгрөгийн зээлийн үүрэгт үндсэн зээл 196,997.61 төгрөг, шимтгэл 13,700, үндсэн хүү 112,434.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,339.31 төгрөг, нийт 332,471.28 төгрөг, 160,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 159,998.93 төгрөг, шимтгэл 11,100, үндсэн хүү 91,317.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,585.26 төгрөг, нийт 270,001.94 төгрөг, 218,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 217,997.64 төгрөг, шимтгэл 15,100, үндсэн хүү 124,419.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,334.88 төгрөг, нийт 367,852.43 төгрөг буюу нийт 977,825.65 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 197,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 160,000 төгрөгийн зээлийг өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансаар хүлээж авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, шимтгэлийн талаар тохиролцоогүй, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 218,000 төгрөгийг хүлээн авсан байна. Иймд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн шимтгэлийн талаар гэрээндээ тохиролцоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 575,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00000000 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн олголт, төлөлтийн банкны хуулга, зээлийн дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас зээлийн мэдээллийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот харилцах дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр цахим шуудан, зээлийн аппликейшн, утасны дэлгэцийн бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн, шүүхийн санаачлагаар хариуцагчийн Хас банк, Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э.Т нь манай компанитай 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 197,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 160,000 төгрөг, мөн өдөр 218,000 төгрөгийн зээлийг тус тус 60 хоногийн хугацаатай байхаар сонгож хүлээн авсан. Зээл эргэн төлөх хугацааг 496 хоногоор хэтрүүлсэн тул 197,000 төгрөгийн зээлийн үүрэгт үндсэн зээл 196,997.61 төгрөг, шимтгэл 13,700, үндсэн хүү 112,434.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,339.31 төгрөг, нийт 332,471.28 төгрөг, 160,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 159,998.93 төгрөг, шимтгэл 11,100, үндсэн хүү 91,317.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,585.26 төгрөг, нийт 270,001.94 төгрөг, 218,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 217,997.64 төгрөг, шимтгэл 15,100, үндсэн хүү 124,419.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,334.88 төгрөг, нийт 367,852.43 төгрөг буюу нийт 977,825.65 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргасан: Үүнд: Би 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 197,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 160,000 төгрөгийн зээлийг өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансаар хүлээж авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, шимтгэлийн талаар тохиролцоогүй, Иймд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн шимтгэлийн талаар гэрээндээ тохиролцоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 575,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00000000 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн олголт, төлөлтийн банкны хуулга, зээлийн дансны хуулга, хариуцагчийн зээлийн мэдээллийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот харилцах дансны хуулга, цахим шуудан, зээлийн аппликейшн, утасны дэлгэцийн бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн Хас банк, Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Э.Т нь 2020.03.19-ний өдөр 00000000 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг И ХХК-тай байгуулж, П аппликейшн дээр 00000000000 тоот цахим зээлийн данс нээжээ.

Энэхүү дансаар 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 197,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 160,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 218,000 төгрөгийн зээлийг цахимаар авсан байна.

6. Зээлдүүлэгч И ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбараар тогтоогдож байх тул зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд хамаарна.

7. Хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 197,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 160,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 218,000 төгрөгийн зээл авсан талаар маргаагүй.

Харин төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаатай холбоотой, түүнчлэн гэрээнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлийн хэмжээний талаар тохиролцож, тусгаагүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлийг шаардах эрхгүй гэж маргаж байна.

9. Зээлийн гэрээг хэрхэн байгуулах талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зохицуулсан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Талуудын байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээний 2.4.1-д Цахим зээл нь үндсэн хүү болон урамшуулалт хүүтэй байна. Үндсэн хүүгийн хэмжээ нь ББСБ-аас жил бүр шинэчлэн баталсан журмын дагуу Аппликейшнд тооцоологдсон дүн байна.., 2.4.2-т Зээлдэгчийн тухайн зээлийн шимтгэл нь зээлийг ашигласан хугацаанаас үл хамаарах бөгөөд зээлдэгчийн кредит оноо, цахим зээлийн эрх, дэд эрх, зээлийн хэмжээ, зээлийн хугацаа зэргээс хамааран Аппликейшнд тооцоологдсон дүн байна гэж тусгажээ.

10. Талуудын байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээ нь бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл гэж байна.

11. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байна.

12. Нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 197,000 төгрөгийн зээлийн үүрэгт үндсэн зээл 196,997.61 төгрөг, шимтгэл 13,700, үндсэн хүү 112,434.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,339.31 төгрөг, нийт 332,471.28 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 160,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 159,998.93 төгрөг, шимтгэл 11,100, үндсэн хүү 91,317.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,585.26 төгрөг, нийт 270,001.94 төгрөг, мөн өдрийн 218,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 217,997.64 төгрөг, шимтгэл 15,100, үндсэн хүү 124,419.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,334.88 төгрөг, нийт 367,852.43 төгрөг буюу нийт 977,825.65 төгрөгийг шаардаж байна.

13. 2020.03.19-ний өдөр 00000000 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээнд үндсэн хүү байх ба үндсэн хүүгийн хэмжээг жил бүр шинэчилнэ гэж заасан бөгөөд талуудын тайлбараар зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүү төлөхөөр тохирсон нь хэтэрсэн хугацааны хүү төлөх тохиролцоо гэж үзнэ.

14. Хуульд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоож болохоор зохицуулсан бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийнхээ хэмжээг талууд тохиролцож гэрээнд тусгасан байх шаардлагатай.

Гэвч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацаанд хэдий хэмжээний хүү төлөх байсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч үүнийг нотлох баримтаар нотолж чадаагүйгээс гадна нэмэгдүүлсэн хүү төлөх тухай гэрээнд тусгаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах эрхгүй.

15. Цахим зээлийн эрх нээх гэрээнд шимтгэлийн хэмжээний талаар тохиролцоогүй, шимтгэлийн хэмжээ 1-8 хувь байдаг гэх боловч шимтгэлийн хувь хэмжээг хэрхэн яаж хэрэглэх, хариуцагчаас ямар хувь хэмжээгээр шимтгэл шаардаж байгаагаа нотлох баримтаар нотлоогүй тул 3 удаагийн зээлээс шимтгэл шаардах эрхгүй байна.

16. Иймд зээлийн гэрээний төлбөрт хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн, 197,000 төгрөг, 160,000 төгрөг, 218,000 төгрөг, нийт 575,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 402,825.65 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т-гээс тэмдэгтийн хураамжид 17,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Э.Т-гээс зээлийн гэрээний үүрэгт 575,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 402,825.65 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 17,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ