Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 101/2022/03330/И |
Дугаар | 101/ШШ2023/00805 |
Огноо | 2023-02-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2023/00805
2023 02 07 101/ШШ2023/00805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Х.Ч-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- Г.А-т холбогдох,
61.230.650 төгрөг, шүрэн толгойтой, алтан нуухтай бага гарын шар манан хөөрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У,
Хариуцагч Г.А, түүний өмгөөлөгч Э.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Ч нь Г.А холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54,341,700 төгрөг, бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөнөөс үүссэн үүрэгт 6,888,950 төгрөг гаргуулах, үнэт эдлэл болох бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1а. Зээлийн гэрээний үүрэгт 54,341,700 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ Х.Ч нь хариуцагч Г.Аэй 2018 онд танилцаж, найз нөхөрлөлийн түвшинд уулзалдаг болсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй танилцсаны дараагаар надад мөнгөний шаардлага үүсээд байна, ажилдаа ойрхон орон сууц түрээслэх гэсэн юм найздаа боломжтой бол мөнгө зээлдүүлээч гэхэд нэхэмжлэгчээс хариуцагчид 4,500,000 төгрөгийг 2018-11-15-ны өдөр зээлдүүлсэн байдаг.
Найз нөхөд нөхөрлөлийн түвшинд уулзалдах явцдаа бие биедээ хайр сэтгэлийн холбоотой болж 2019 оны 6-р сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд Г.Аийн аав, ээжийн амьдарч байгаа хашаанд амины орон сууц барихаар төлөвлөж, Х.Чаас санхүүгийн туслалцаа хүссэнээр амины орон сууц барихад шаардагдах 14,554,300 төгрөгийн үнэ бүхий барилгын материалуудыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авч, өөрийн хамтран амьдрагч Г.А болон түүний аав Гг нарт хүлээлгэн өгснөөр Х.Чын тусламжтайгаар Г.А нь *** тоот хаягт байрлах аав, ээжийнхээ хашаанд 2 давхар амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг аав, ээжийнхээ хамтаар барьж чадсан байдаг, одоогоор тус үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч Г.А оршин сууж амьдарч байгаа.
Г.А нь Х.Чтай хамтран амьдрахаас өмнө 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд бага, бага үнийн дүнгийн хэмжээтэйгээр нийтдээ 3,340,000 төгрөгийг зээлдэж авсан.
Харин хамтран амьдрах хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд баг, их үнийн дүнгийн хэмжээтэйгээр нийтдээ 31,947,400 төгрөгийг Г.А нь Х.Чаас зээлдэж авсан байдаг.
Г.А нь хамтран амьдрах хугацаандаа нэхэмжлэгч Х.Чаас 14,554,300 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө болох барилгын материалыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардаж байна гэж тодорхойлсон.
1б. Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөнөөс үүссэн үүрэгт 6,888,950 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ зохигчид хамтран амьдарч байх хугацаанд 2019-02-25-ны өдөр Г.А нь Тоёота приус 11 маркийн, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг худалдан авахад үнэ болох 5,500,000 төгрөгийг Х.Ч худалдагчид төлснөөр Г.А нь худалдан авсан тээврийн хэрэгслийн үнэ төлөх гэрээний үүргээс чөлөөлөгдөж байсан.
Тухайн тээврийн хэрэгсэлийн өмчлөх эрх 2020-01-17-ны өдөр Г.Аээс Х.Чын өмчлөлд шилжсэн боловч тээврийн хэрэгсэлийн ашиглалт, эзэмшил нь Г.А байсан бөгөөд 2020-02-19-ний өдөр уг машиныг 5,000,000 төгрөгөөр худалдаж, үнийг нь Г.А өөрийн дансаар шилжүүлэн авч Х.Чад нэг ч төгрөг төлөөгүй.
Мөн Г.А нь 2021-06-03-ны өдөр Л 250 маркийн **** УАН дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахад төлбөрийн нэгээхэн хэсэг болох 1,000,000 төгрөгийг Х.Ч төлснөөр Г.А нь тээврийн хэрэгсэл худалдагчийн өмнө хүлээсэн үүргээс нэг мөр чөлөөлөгдсөн.
Г.А нь үүрэн телефоны М ХХК-ийн ********* тоот дараа төлбөрт дугаарын, Ю ХХК-ийн ********** тоот дараа төлбөрт дугаарын хэрэглэгч бөгөөд Х.Чтай танилцахаас өмнө эдгээр дугааруудыг ашиглаж байсан, одоо ч ашиглаж байгаа. Эдгээр дугааруудын сар бүрийн хэрэглээний төлбөрийг Х.Ч нь 2019-09-06-ны өдрөөс 2021-02-20-ны өдрийг хүртэлх хугацаанд М ХХК-нд 176,000 төгрөгийг, 2019-05-09-ний өдрөөс 2021-12-22-ны өдрийг хүртэлх хугацаанд Ю ХХК-нд 212,950 төгрөгийг төлсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар шаардаж байна гэж тодорхойлсон.
1в. Бусдын хууль бус эзэмшлээс үнэт эдлэл болох бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ Х.Ч, Г.А нар 2019 оны 6 дугаар сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд талууд зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2022 оны 03 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч байгаа. Зохигчдын хамтран амьдрах хугацаанд Х.Ч нь 2020-12-22-ны өдөр уран дарханаар бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөргийг захиалан хийлгүүлж, Х.Ч нь ажлын хөлсөнд 1,500,000 төгрөгийг уран дарханд төлсөн. Энэ хөрөнгө нь Г.Аийн хууль бус эзэмшилд оршин байсаар байгаа бөгөөд Г.Аээс өөрийн эзэмшлийн үнэт эдлэл болох хөөргөө шаардахад шаардлагыг хүлээн авахгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардаж байна гэж тодорхойлсон.
2. Хариуцагч хариу тайлбартаа би Х.Чтай 2017 онд танилцсан, тэр үед би үсчинд суудал түрээслэн ажиллуулдаг байсан, Х.Чтай танилцсанаар бид 2017 оны 10-р сараас байр түрээслэн хамт амьдарч эхэлсэн, би охины хамт очиж бид гурав хамт амьдарч байсан. Хамт амьдраад 4 сар болсны дараа хэрэлдэж муудалцаад салсан боловч буцаж эвлэрээд 2022 оны 03 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 2019 оноос Дарханы замын ажлын 5-р хэсэгт туслан гүйцэтгэгч компаний захиралаар Х.Ч, би хүний нөөцийг хариуцан гуанз ажилуулж байсан. Гуанз ажиллуулах явцад бараа материал худалдан авахаар гарсан зардалуудыг надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Манай аав, ээж хоёр өөрсдийн гэсэн газартай, түүн дээрээ амины орон сууц барьсан байсан. Харин шинээр барьсан гээд байгаа амины орон сууцыг миний дүү барьсан, надад огт хамааралгүй. Хамт амьдарч байх хугацаанд хос хөөрөг хийлгэсэн гээд надад 1 хөөргийг өгч байсан, гэвч намайг гэрээсээ хөөж гаргахдаа өмссөн хувцастай минь гаргасан, би тэр гэрээс юу ч аваагүй. Надад тэр хөөрөг нь байхгүй байсан. Энэ хөөрөг нь надад байгаа юм байх гэж бодоод өгье гэж байсан боловч өөрийн эд зүйлийг шалгаж үзэхэд хөөрөг надад байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-4/, төлөөлөгчөөр Ц.Долгорсүрэнг томилсон итгэмжлэл /1-р хх-5, 175/, Х.Чын Хны ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-7-172/, төлөөлөгчөөр Т.Ууганбаяр томилсон итгэмжлэл /2-р хх-117/, нэхэмжлэгчийн өөрчилж, багасгасан нэхэмжлэлийн шаардлага /2-р хх-122-137/, Ю ХХК-ийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэнд хаягласан албан бичиг /2-р хх-138/, М ХХК-ийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатад хаягласан албан бичиг /2-р хх-140/, 92-94СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-141/, Х.Чын Т ХК-ийн ******* дугаартай харилцах дансны харилцагчийн хуулга /2-р хх-142/ зэрэг баримтуудыг,
хариуцагчаас Хны ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-199-208, 239-250, 2-р хх-1-67/, Э.Тэмүүлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-209/, Э.Булгансарын төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-210/, Г.Аийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1-р хх-211/, Г.Аийн үсчний мэргэжлийн гуравдугаар зэргийн үнэмлэх хуулбар /1-р хх-212/, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраас Б.А олгосон батламж /1-р хх-213/, Г.А, Б.А нарын байгуулсан түрээсийн гэрээ /1-р хх-214-215/, Г.Ачийн эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа /1-р хх-216, 2-р хх-84 /, хариу тайлбар /1-р хх-233/, Г.Аийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-234/, **** ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл /2-р хх-79/, ****УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-80/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Харин 1-р хавтаст хэргийн 6, 235-238-р тал, 2-р хавтаст хэргийн 68-70-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт шаардсан 54,341,700 төгрөгийн үндэслэлээ Г.Аийг орон сууц түрээслэхэд 2018-11-15-ны өдөр 4,500,000 төгрөгийг зээлдүүлсэн, Г.Аийн аав, ээж амьдарч байгаа газартаа амины орон сууц барихаар санхүүгийн туслалцаа хүсэхэд нь 14,554,300 төгрөгийн үнэ бүхий барилгын материалуудыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авч хүлээлгэн өгсөн, Г.А 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 3,340,000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлдүүлсэн, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд мөн 31,947,400 төгрөгийг Г.А дансаар шилжүүлж зээлдүүлсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхээ тодорхойлсон.
2а. Нэхэмжлэгч нь 6,888,950 төгрөг шаардсан үндэслэлээ Г.Аийг 2019-02-25-ны өдөр Тоёота приус 11 маркийн, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл худалдан авахад 5,500,000 төгрөгийг худалдагчид нь төлсөн, Г.Аийг 2021-06-03-ны өдөр Л 250 маркийн **** УАН дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахад төлбөрт нь 1,000,000 төгрөгийг төлсөн, Г.Аийн М ХХК-ийн дараа төлбөрт ********* дугаарын төлбөрт 2019-09-06-ны өдрөөс 2021-02-20-ны өдрийг хүртэлх хугацаанд 176,000 төгрөгийг, Ю ХХК-ийн дараа төлбөрт ********** дугаарын төлбөрт 2019-05-09-ний өдрөөс 2021-12-22-ны өдрийг хүртэлх хугацаанд 212,950 төгрөгийг төлсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар шаардах эрхээ тодорхойлсон.
2б. Нэхэмжлэгч нь үнэт эдлэл болох бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ Г.Аэй 2019 оны 6 дугаар сараас эхлэн хамтран амьдрах хугацаанд Х.Ч нь 2020-12-22-ны өдөр уран дарханаар бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөргийг захиалан хийлгүүлж, Х.Ч нь ажлын хөлсөнд 1,500,000 төгрөгийг уран дарханд төлсөн. Энэ хөрөнгө нь Г.Аийн хууль бус эзэмшилд байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч Г.А нь нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ Х.Чтай 2017 онд танилцаж, 2017 оны 10-р сараас байр түрээслэн хамт амьдарч, 4 сар болсны дараа хэрэлдэж муудалцаад салсан боловч буцаж эвлэрээд 2022 оны 03 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 2019 оноос Дарханы замын ажлын 5-р хэсэгт туслан гүйцэтгэгч компаний захиралаар Х.Ч, би хүний нөөцийг хариуцан гуанз ажилуулж, түүхий эд материал болох мах, ногоо, барилгын материал зэргийг худалдан авахаар миний данс руу шилжүүлсэн мөнгөө зээлдүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардаж байгааг зөвшөөрөхгүй, приус маркийн автомашин худалдан авахад төлбөрийг төлсөн боловч уг машинаа буцаагаад өөрөө авсан, хамт амьдарч байх хугацаанд хос хөөрөг хийлгэсэн гээд нэг хөөрөг өгсөн боловч намайг гэрээсээ хөөж гаргахдаа өмссөн хувцастай минь гаргасан тул би юу ч аваагүй, надад хөөрөг нь байхгүй өөр хүмүүсийн барьсан амины орон сууц надад хамаагүй гэх үндэслэлээр маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.Ч, хариуцагч Г.А нар тодорхой хугацаанд хамтран амьдарсан болохыг зохигчид тайлбарлаж, маргаагүй боловч хамтын амьдрал эхэлсэн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 6-р сараас 2022 оны 03 дугаар сар гэж, хариуцагчаас 2017 оны 10-р сараас 2022 оны 03 дугаар сар гэж өөр өөрөөр тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Х.Чын Хны ********** тоот дансны хуулгаар хариуцагч Г.Аийн ********** тоот данстай харьцсан гүйлгээний утгад zarlaga, hadaas, Tatvar, material, 1, taaz, chuka, toli, 123, hool, bagsh hool, chuk, zeel, orlogo, deel, buyan, tsalin гэж,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн судлуулсан нэхэмжлэгч Х.Чын Хны ********** тоот дансны хуулгад шар өнгөөр тодруулсан зарлага гарсан гүйлгээний утга нь Shkap, arina computers, UB машин, hitachi ДЛ, languu turees **********, tsement, shvrvvf, shinjilgee, tsonh, huus, material, untraalga, bulgansor, mongol sat, ulgyyr, *********, mah tyrees, aduu, honi, hutga mah mash, hurguugch, shulaa, 81.8, 13.3, hool, tyrees ariukaa, jin, ariunchimeg turees, Ariunchimeg, tsalin, mashini tulbur, mashin une, notariat, tarag, hums гэх зэргээр бичигдсэн байна /1-р хх-199-208, 239-250, 2-р хх-1-67/.
Хариуцагч Г.Аийн Хны ********** тоот дансны хуулгаар нэхэмжлэгч Х.Чын ********** тоот данстай харьцсан гүйлгээний утгад zeel, z, huushuur avid, гэж, хариуцагч талын судлуулсан Г.Аийн Хны ********** тоот данснаас өөр бусад данс руу шилжүүлсэн зарлагын гүйлгээний утгад mah, nogoo, z, tvrees, vs, tos tosolgoo aut, ulaak zeel, tsalin, honi, vher, tvrees denjiin mynga, *********, mah21, 127kg, 470, 409, hair, **********, 0875УБП, 0875 гэх зэргээр бичигдсэн байна /1-р хх-199-208, 239-250, 2-р хх-1-67/.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт шаардсан 54,341,700 төгрөгийн үндэслэлийг Г.А орон сууц түрээслэхэд нь 4,500,000 төгрөгийг, Г.Аийн аав, ээжийг амины орон сууц барихад 14,554,300 төгрөгийн үнэ бүхий барилгын материалуудыг өгсөн, Г.А 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 3,340,000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 31,947,400 төгрөгийг дансаараа шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Хуульд зааснаар гэрээний гол нөхцөл тохиролцоог зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсгэхээр тохиролцсон байхыг тодорхойлсон.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж зохицуулснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын чөлөөтэй хүсэл зоригийн үндсэн дээр эрх, үүргээ тодорхойлох агуулгатай гэрээ бичгээр бус амаар байгуулагдсан эсэхийг тодорхойлоход нотолгооны эрэмбэлэлтийн хувьд хүсэл зориг илэрхийлэгдсэн талаарх зохигчдын тайлбар чухалд тооцогдохоор байна.
Зохигчид тодорхой хугацаанд буюу 2017 онд танилцснаас хойш 2022 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсанд маргаагүй бөгөөд хэн алиных нь тайлбараар зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдэж, нэгдээгүй буюу нэхэмжлэгч Х.Чаас хариуцагч Г.А дансаар шилжүүлсэн гүйлгээний утгад зээлийн гэрээний үүрэгт мөнгө шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс хариуцагч Г.А шилжүүлсэн гэх 54,341,700 төгрөгийг Х.Чын дансны хуулгын гүйлгээний утгад zarlaga, hadaas, Tatvar, material, 1, taaz, chuka, toli, 123, hool, bagsh hool, chuk, zeel, orlogo, deel, buyan, tsalin гэх гүйлгээний утгаар зээлдүүлэгч зээлдэгчид мөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн, зээлдэгч нь тухайн мөнгийг тодорхой хугацааны дараа хууль болон гэрээнд заасны дагуу буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн гэх хүсэл зориг харилцан илэрхийлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын дансны хуулгаар зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг зээлдэгч хүлээн зөвшөөрч, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, харилцан тохиролцож үүрэг хүлээсэн болохыг нотлохгүй болно.
Иймд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга баримтаар Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байх тул зээлийн гэрээний үүрэгт шаардсан 54,341,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 6,888,950 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг Г.Аийг Тоёота приус 11 маркийн, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг худалдан авахад нэхэмжлэгч үнэнд 5,500,000 төгрөг төлсөн, мөн Г.Аийг 2021-06-03-ны өдөр Л 250 маркийн **** УАН дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахад нэхэмжлэгч 1,000,000 төгрөг төлсөн, Г.Аийн ********* дугаарын төлбөрт 176,000 төгрөгийг, ********** дугаарын төлбөрт 212,950 төгрөгийг нэхэмжлэгч төлснөөр хариуцагч нь бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж тайлбарласан.
Энэ шаардлагын үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн гуравдугаар дэд бүлэг буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр шаардаж байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зохицуулсан.
Хуульд заасан шаардах эрхийн үндэслэл нь төлбөрийг сайн дураараа өөрөө мэдэж төлж буй үйлдэл нь тухайн этгээдийн ухамсарт хандлагаар илэрхийлэгдэх бол андуурч төлж байгаа нь энэ үүргийг өөрийнх гэж ташаа ойлгосноор илэрхийлэгдэх тул бусдын өрийг сайн дураараа эсхүл андуурч төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсэж хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн, харин төлбөрийг төлсөн этгээд нь энэ хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээсэн байхыг шаардана.
Тиймээс үндэслэлгүй хөрөнгөжих нь хариуцагчид тодорхой хөрөнгө бий болсон явдал нь хууль ёсны үндэслэлгүй буюу хуулийн дагуу эсхүл гэрээнд зааснаар зөвтгөх шалтгаан тайлбарлах боломжгүй байгааг ойлгох бөгөөд бусдын зардлаар хөрөнгөжсөн гэдгийг бусдад байх ёстой хөрөнгө, эсхүл бусад этгээдийн хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө, үр шимийг хүртсэн байхыг ойлгоно.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.Ч, хариуцагч Г.А нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байх бөгөөд тэдгээр нь хайр сэтгэлийн харилцаа холбоотой, хамтран амьдарч байх хугацаанд өөрийн сайн дурын үндсэн дээр тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлж байсан гэж үзэхээр байна.
Тайлбарлавал, нэхэмжлэгч Ч.Чулуунбат, хариуцагч Г.А нар хайр сэтгэлийн харилцаатай, хамтран амьдарч байсантай талууд маргаагүй бөгөөд уг харилцааны үндсэн дээр дээрх мөнгийг шилжүүлсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчөөгүй байх тул хариуцагч нь өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгө олж авсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэт эдлэл болох бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ хамтран амьдарч байх хугацаанд Х.Ч уран дарханаар бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөргийг захиалгаар хийлгүүлж, ажлын хөлсөнд 1,500,000 төгрөгийг төлсөн тул өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэжээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгч өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх нь маргаанд ач холбогдолтой ба нэхэмжлэгч Х.Чын Хны ********** дугаартай дансны хуулгын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээний хэсгийг нотлох баримтаар шинжлэн судлуулсан бөгөөд харьцсан данс нь ************* дугаартай, гүйлгээний утга нь *********** гэж бичигдсэн байна /1-р хх-109/.
Зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар хариуцагчид үнэт эдлэл болох бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг байгаа эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагчийн эзэмшилд тухайн хөөрөг байгаа гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч энэхүү шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн энэ шаардлагыг нотлогоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Зохигч талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх үүргийг дэлгэрэнгүйгээр тайлбарлан танилцуулсан бөгөөд шүүх хуралдааны үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтгүй гэснээр хэрэг хэлэлцэх ажиллагааг эхлүүлсэн болно.
9. Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Аээс зээлийн гэрээний үүрэгт 54,341,700 төгрөгийг, өөрийн хөрөнгийг хэмнэж хөрөнгө олж авсан үүрэгт 6,888,950 төгрөгийг, бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг гаргуулахыг хүссэн Х.Чын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно гэж зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504,595 төгрөгөөс нэхэмжлэгчийн багасгаж гаргасан шаардлага болох 61,230,650 төгрөгт ногдох 464,103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 40,492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Аээс зээлийн гэрээний үүрэгт 54,341,700 төгрөг, өөрийн хөрөнгийг хэмнэж хөрөнгө олж авсан үүрэгт 6,888,950 төгрөг, бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504,595 төгрөгийн 464,103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 40,492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Чад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.Я