Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00559

 

 

 

 

 

2023 02 13

181/ШШ2023/00559

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э.А -гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.М д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 1,883,040 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

(Хариуцагч товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн санал, хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,883,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

...Б.М нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Э.А гаас 4,000,000 төгрөг зээлэхийг хүссэн бөгөөд түүний хүсэлтийг хүлээн авч тухайн өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 4,000,000 төгрөгийг нэг сарын хүгацаатай, 8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн.

Уг зээлийн гэрээний 4-т заасны дагуу мөнгийг бодитоор шилжүүлэн өгснөөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болохоор харилцан тохиролцож байгуулсан. Энэ хугацаанд зээлдэгч Б.М нь үндсэн зээлийг хүүгийн хамт бүрэн буюу хэсэгчлэн хувааж /өдрийн 90,000 төгрөг/ төлж болохоор талууд харилцан тохиролцсон.

Гэтэл зээлдэгч Б.М нь харилцан тохиролцсон гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 21 удаагийн үйлдлээр үндсэн зээл, хүүгийн хамт 2,740,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсан тул төлөхийг шаардахад дахин хугацаа олгохыг хүсэж, үлдэгдэл гэрээний үүрэгт хүү тооцон нэг сарын хугацаа олгохоор талууд харилцан тохиролцсон байдаг.

Улмаар талууд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 2022 оны 1 дүгээр сарын 15-ны байдлаар 1,900,000 төгрөг байхаар тохиролцож, 30 хоногийн хугацаатай буюу 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгохоор 8 хувийн хүү тооцсон болно. Энэ хугацаанд зээлдэгч нь өдрийн 55,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр болсон. Тохиролцсон хугацаанд Б.М нь 7 удаагийн үйлдлээр 385,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрт дээрх нөхцөлөөр дахин хугацаа олгох хүсэлтийг тавьсаны дагуу зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлөх боломжит хугацааг дахин олгосон.

Гэтэл зээлдэгч нь 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 45,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 500,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөр 1,255,360 төгрөгийг төлж барагдуулахгүй чирэгдэл учруулсаар байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2-т Зээлдүүлэгч нь зээлийн эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 2,0 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй. гэж заасны дагуу Э.А нь зээлдэгчээс алданги шаардах эрхтэй гэж үзэж байна.

Тодруулбал, зээлдэгч Б.М гийн төлвөл зохих төлбөрийг дараах байдлаар илэрхийлье. Үүнд:

- үндсэн зээл хүүгийн хамт 4,000,000х8%=4,320,000 төгрөг

-гэрээний хугацаа дуусахад 4,320,000-2,110,000=2,210,000 төгрөгийн үлдэгдэл

- 2 удаагийн хугацаа сунгасан зээлийн үлдэгдэл 1,255,360 төгрөг

- алданги 1,255,360x2,0%= 25,107 төгрөгийн нэг өдрийн алданги, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 138 хоног, 25,107x138=3,464,766 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 1,255,360:50%= 627,680 төгрөг болно.

Энэ хугацаанд Э.А нь зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч худал үнэн шалтаг тоочин сүүлдээ гар утсаа авахаа больж мөнгийг төлөхгүй хохироогоод байгаа тул арга буюу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч Б.М гээс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт үлдэгдэл болох 1,255,360 төгрөг, алданги 627,680 төгрөг, нийт 1,883,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А д олгуулж хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаар хариу тайлбар гаргаагүй.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Б.М тэй байгуулсан гэх Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, өөрийн Хаан банкан дахь эзэмшлийн 5040164931 дугаартай дансны 2021 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг дуусталх хугацааны хуулга, Б.М гийн оршин суух хаягийг олж тогтоосон тухай Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2022/19433 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар /хх 4-61/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт үгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,883,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан.

1.1. Хариуцагчтай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 4,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлсэн.

1.2. Хариуцагч нь тохирсон хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт хэсэгчлэн төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд түүний хүсэлтээр хугацааг мөн нөхцөлөөр дахин хэд хэдэн удаа сунгасан боловч үлдэгдэл төлбөрөө төлж дуусгаагүй.

1.3. Иймд хариуцагчаас үндсэн зээл, хүүгийн үлдэгдэл 1,255,360 төгрөг, мөн гэрээний 2-т заасны дагуу 2022 оны 3 дугаар сарын 17ы өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 3ы өдрийг хүртэлх хугацааны хугацаа хэтрүүлсэн 138 хоногийн алдангид ... 627,680 төгрөг нийт 1,883,040 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

  2. Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүйгээс гадна, түүний оршин суугаа хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтыг 2023 оны 2 дугаар сарын 9ий өдөр хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох зээлийн гэрээ, дансны хуулга болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

  3.1. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.М тэй 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 4,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хэдийгээр уг гэрээнд огноог 2022 он гэж тусгасан байх боловч үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бичвэрийн алдаа гарсан хэмээн залруулж тайлбарласан болно.

 

  3.2. Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагчид 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкан дахь 5040164931 дугаартай дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд уг зээлийг эргэн төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

  4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй тул түүнийг дээрх үйл баримттай маргаагүй гэж үзнэ.

  5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заажээ.

   6. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1-д зааснаар зээлийн сарын хүүг 8 хувь байхаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,255,360 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

  7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж хуульчилсан.

  Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1-д заасан хугацаа дуусч, улмаар хариуцагчийн хүсэлтээр дахин хэд хэдэн удаа хугацаа сунгасан буюу 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт 1,255,360 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байх тул энэ хугацаанаас эхлэн нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

Уг гэрээний 2-т ...зээлийн эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 2,0 хувиар алданги тооцохоор тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн боловч алдангийг 2022 оны 3 дугаар сарын 17-ноос 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 138 хоногоор, хуульд нийцүүлэн хоногийн 0,5 хувиар тооцоход 866,198.4 төгрөг /6276.8х138/ байх бөгөөд мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй буюу 627,680 төгрөг болох юм. 

  Үүн дээр үндсэн зээл, хүүгийн 1,255,360 төгрөгийг нэмж тооцоход нийт гарах үнийн дүн нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнтэй тохирч байх тул шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээнд хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М гээс зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,255,360 төгрөг, алдангид 627,680 төгрөг, нийт 1,883,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.А д олгохоор шийдвэрлэв.

8. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М гээс зээлийн гэрээний үүрэгт 1,883,040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.А д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.А гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М гээс улсын тэмдэгтийн хураамжид 45,080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН