| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/1822/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2235 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 18.7.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2235
2025 9 25 2025/ШЦТ/2235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Б.Очгэрэл,
Шүүгдэгч Ж.Ж , түүний өмгөөлөгч С.Болорчулуун /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ж д холбогдох эрүүгийн 2210029200240 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ж нь “... ” ХХК-ийг ашиглан 2022 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй атлаа татварт ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нэр бүхий 91 аж ахуйн нэгж, 7 иргэнд 274 ширхэг төлбөрийн баримтаар 6,921,721,880 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийсэн буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Ж.Ж нь “... ” ХХК-ийг ашиглан 2022 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй атлаа татварт ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нэр бүхий 91 аж ахуйн нэгж, 7 иргэнд 274 ширхэг төлбөрийн баримтаар 6,921,721,880 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийсэн буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Татварын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 08/2332 дугаартай албан бичгээр ирүүлсэн “... ” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх танилцуулга /1 дүгээр хх-ийн 42-46 дугаар тал/,
Гэрч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээллийг үндэслэн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23221002626 дугаартай томилолтын дагуу ... регистрийн дугаартай “... ” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын албаны мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан нягтлан шалгах ажиллагаа явуулсан. Хяналт шалгалтын хугацаанд “... ” ХХК нь 7,838,717,040.91 төгрөгийн цахим төлбөрийн баримт үүсгэж, үүнээс 11,714,000 төгрөгийн баримтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаж, 7,827,003,040.91 төгрөгийн цахим төлбөрийн баримтыг нэр бүхий 108 татвар төлөгчид 302 ширхэг баримтаар олгосон боловч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд татвар ногдох орлогоор тусгаж тайлагнаагүй байсан. Энгийн үгээр хэлбэл дээрх 108 татвар төлөгчийн төсөвт төлөх 782,700,304.09 төгрөгийн татвараас зайлсхийх боломж олгосон. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-54 дүгээр тал/,
Гэрч Г.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “... ” ХХК-г 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулж, улсад бүртгүүлсэн. Манай компани 1 хүний гишүүнчлэлтэй. Компани байгуулсны дараа 2019 онд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх нэмүүлээд барилгын болон цахилгааны бараа материал БНХАУ-аас оруулж ирэн худалдаалах үйл ажиллагаа явуулсан. 2020 оны 01 дүгээр сард Корона вирусийн халдвараас хамгаалах хөл хорио тогтоосонтой холбоотой манай компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. 2022 оны 4 дүгээр сард фейсбүүкт байдаг нягтлан бодогч нарын групп чатад “2019 онд байгуулагдсан, НӨАТ төлөгч компани зарна” гээд компанийн нягтлан бодогч Б гийн утасны дугаарыг тавьсан. Зарын дагуу Ж гэдэг эмэгтэй Б тай холбогдсон байсан. Би Ж тай утсаар ярихад “яаралтай уулзаад компанийг чинь авах хэрэгтэй байна” гэхээр нь би “хөдөө явах ажилтай байна, ирээд уулзъя, 1,500,000 төгрөгөөр зарна” гэхэд Ж урьдчилгаа 500,000 төгрөг өгье гээд 2022 оны 5 дугаар сарын эхээр миний данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Би 2 хоног хөдөө явж ирчхээд Ж тай холбогдоход уулзаад үлдсэн мөнгөө өгөөд, компанийн бичиг баримтыг авмаар байна гээд Гранд плазад байдаг нотариатын газар уулзахаар болсон. Ж 3, 4 дүгээр хороололд, би Яармагт байсан болохоор дундаа уулзах гээд тэр хавьд байдаг нотариатын газрыг асууж байгаад олсон. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Гранд плаза дээр Ж тай анх уулзаад нотариатын газар луу орох гээд хүлээж байхад нотариатч нь ажилтай болсон гээд гараад явсан. Ж “Миний таньдаг нотариатч байдаг, тийшээ явъя” гэж хэлээд Ж гийн машинтай цуг яваад нотариатын газарт очиход бичиг баримт шаардаад буцаасан. Би “Бүтэхгүй юм байна, дараа болъё” гэхэд Ж “Би танд үлдэгдэл мөнгөө өгье, та компанийн бичиг баримтаа үлдээчих, надад таньдаг хүн байгаа, би бүх бичиг баримтаа болгочихъё, харин танд өгөх мөнгөнөөс 100,000 төгрөг хасна” гэж хэлээд 900,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед их зүйл саналгүй, итгээд компанийн бичиг баримт, 2 ширхэг тамгыг өгөөд үлдээж салсны дараа нягтлан бодогч Б руу залгаж хэлэхэд “та ямар ч хүнийг нь мэдэхгүй байж хамаг юмаа өгч болохгүй” гэж хэлсэн. Тэр өдрөө Ж компанийн дансны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг асуухаар нь хэлж өгсөн. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр цахим гарын үсэг хэрэгтэй байна гэхээр нь би компанийн нэр солиулсан эсэхийг асуухад тийм ээ, яаралтай тоон гарын үсэг хэрэгтэй байна гэсэн. Би тоон гарын үсгийн нууц үгийг өгсөн. Тэгээд Ж тоон гарын үсгийн код хэрэгтэй гэхээр нь нягтлан бодогчтой холбуулаад өгсөн. Би түүнээс хойш залгаад компанийн нэр шилжүүлсэн эсэхийг асуух гэхэд утсаа авахгүй байхаар нь мессеж бичихэд Ж “Тийм ээ гээд банкны нэр, нууц үг буруу байна” гэж байсан. Манай нягтлан бодогч “Та компанийн нэрийг яаралтай шилжүүл, янз бүрийн юм хийчих байх” гээд сануулахаар нь Ж гаас нэрээ шилжүүлье гэхэд худлаа юм хэлж бичээд уулзахгүй байсан. Удаагүй Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс Л гэдэг байцаагч над руу яриад “Танай компани дээр их хэмжээний мөнгөн дүнтэй ачилт хийгдсэн байна, танайх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, танайх өөрсдөө юм хийгээд байгаа юм уу” гэж хэлэхээр нь дээр мэдүүлсэн зүйлээ хэлсэн. “Татварын байцаагч та өөрөө хариуцах ёстой, наад асуудлаа шийд” гэж хэлсэн. Тэгээд Ж тай холбогдох гэхээр утсаа авахгүй байсан болохоор татвараас залгаж байгаа талаар мессеж бичихэд гэрчилгээ солигдсон байх ёстой, татвар дээр санаа зоволтгүй гэсэн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-59 дүгээр тал/,
Гэрч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай сургуулийн гадаад хэлний багш М “... ” ХХК байгуулаад барилгын чиглэлээр нэг ажил хийсэн байсан. Компанийн тайланг надаар хийлгэж байсан болохоор мэдэх болсон. 2018, 2019 онд санагдаж байна. Түүнээс хойш ковидын шалтгаанаар ямар ч ажил хийгээгүй учир он улирал бүр үйл ажиллагаа явуулаагүй тайлан /X тайлан/ гаргаж өгдөг байсан. Тэгээд ярьж байгаад ажиллахгүй байгаа юм чинь зараад хэдэн төгрөг авъя гэсэн. Би фейсбүүк нягтлан бодогчдын группт зар тавьсан. Зараас хойш хүн холбогдсон боловч авахгүй байсан. 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ... гэсэн хаягаас холбогдоод НӨАТ төлөгч мөн юм уу? гээд 1,000 төгрөгийн НӨАТ-ын баримт шивүүлж шалгасны дараа 1,500,000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд М гийн дугаарыг өгөөд тэр хоёрыг холбогдуулсан. М уулзаад буцаж ирэхдээ "Эмэгтэй хүн байсан, том жийп машинтай цэвэрхэн хүүхэн байсан, нотариатын газар очиход хүн ихтэй байсан, тэр эмэгтэйн хүүхдийг харах хүнгүй боллоо гээд яараад байхаар нь компанийн бичиг баримтыг өгөөд явуулсан, мөнгөө шилжүүлээд авсан” гэж хэлсэн. Би “Гэрээ байгуулаагүй байж яах гэж бичиг баримтаа өгч байгаа юм бэ” гээд нөгөө эмэгтэй рүү нь залгахад “Удахгүй шилжүүлээд авчихна, санаа зоволтгүй, ажил ихтэй байна” гэж хэлсэн. Дараа сард нь татварын сан руу орох гэхэд миний эрхийг хассан байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62-63 дугаар тал/,
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч Ц.Энхмаагийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 47240062 дугаартай мөрдөгчийн магадалгаа /1 дүгээр хх-ийн 66-82 дугаар тал/,
Гэрч Г.М гаас гаргасан Ж.Ж тай харилцсан зурвас бүхий зурган баримтууд /1 дүгээр хх-ийн 113-123 дугаар тал/,
“Мобиком” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/1812 дугаартай “...дугаарын эзэмшигч нь Ж.Ж ...” болох талаарх албан бичиг, дээрх дугаарын гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт бүхий баримт бүхий албан бичиг /1 дүгээр хх-ийн 125-129 дүгээр тал/,
“... ” ХХК-ийн талаарх улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар баримтууд /1 дүгээр хх-ийн 131-157 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ж гаас: “...М гэх хүний мэдүүлэг дээр зарим нэг үйл явдлууд нь болоогүй зүйл байна. Гэм буруу дээрээ маргах зүйлгүй...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ж.Ж нь “... ” ХХК-ийг ашиглан 2022 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй атлаа татварт ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нэр бүхий 91 аж ахуйн нэгж, 7 иргэнд 274 ширхэг төлбөрийн баримтаар 6,921,721,880 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийсэн буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Ж.Ж д холбогдох хохирол, төлбөр байхгүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ж.Ж , түүний өмгөөлөгч С.Болорчулуун нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол” Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “санхүүгийн баримт” гэж нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журнал, туслах болон ерөнхий дэвтэр, тодруулга болон аж ахуй нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн холбогдох тайлан, бусад баримт бичгийг” ойлгохоор хуульчлан заажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.14 дэх заалтад “төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгохоор,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
-мөн хэсгийн 3.1.3 дахь заалтад “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ж.Ж “... ” ХХК-ийг ашиглан 2022 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй атлаа татварт ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нэр бүхий 91 аж ахуйн нэгж, 7 иргэнд 274 ширхэг төлбөрийн баримтаар 6,921,721,880 төгрөгийн бараа, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийсэн буюу санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдсэн идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж тодорхойлсон.
Иймд шүүгдэгч Ж.Ж г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ж.Ж нь тус гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй 02 жил, 8 сар, 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар өөрийгөө илчилсэн, хөрөнгө оруулгыг олоход тусалсан болох нь хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгож өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн магадланд орох хугацаа ойртсон, мөн хорих байгууллагад ажил хийж торгуулийн ялын төлбөрийг дансандаа хийсэн байгаа. Хөнгөн ялыг хүндэд нь нэмж оногдуулахаар хуульчилсан байгаа. Тус тусад нь ялыг эдлүүлж өгнө үү. Миний үйлчлүүлэгч торгуулийн ял оногдуулсан тохиолдолд бүрэн биелүүлэх боломжтой. Торгуулийн ялыг оногдуулсан тохиолдолд цагдан хоригдсон хоногийг торгох ялаас хасаж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийг дурдах нь зүйтэй байна. Мөн бусдад төлөх төлбөргүйг дурдаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ж.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Ж гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 159, 178 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 146 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 160, 179 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 167 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1хх-ийн 175 дугаар тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1хх-ийн 176 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 177 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 180 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Ж.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ж.Ж нь шүүхээр хорих ял шийтгүүлж, ялаа эдэлж байгаа, тогтсон орлого байхгүй байхад шүүх торгох ял оногдуулах боломжгүй юм.
Учир нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй...” гэж шударга ёсны зарчмыг тодорхойлсон.
Хорих ял эдэлж байгаа хүнд торгох ял оногдуулах нь түүний ар гэрт ялыг халдаан хэрэглэх үндэслэл болохоор байх тул шүүх хорих ял оногдуулж, ялын хугацааг 01 жилээр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ж.Ж нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 05 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ЦХШЗ/2296 дугаартай захирамжаар шүүгдэгч Ж.Ж г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорьсон байх бөгөөд ялын тооцоог 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгож, үлдэгдэл хорих ялыг 02 жил, 8 сар, 08 хоногоор тооцжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Ж д энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 05 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 8 сар, 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 03 жил, 8 сар, 08 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж гийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Ж г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Ж г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Ж д энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 05 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил, 8 /найм/ сар, 08 /найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 03 /гурав/ жил, 8 /найм/ сар, 08 /найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж гийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Ж нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Ж д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН