| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 197/2025/0615/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2313 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Батгэрэл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2313
2025 10 06 2025/ШЦТ/2313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч С.Батгэрэл,
шүүгдэгч Л. (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.т холбогдох эрүүгийн 2508016091022 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******,*******,*******, “Сонор ложистик” ХХК-д том тэрэгний жолооч ажилтай,*******,*******, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн (Регистрийн дугаар: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Л. нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох******* Н.ийг үл ялих шалтгаанаар толгой хэсэгт нь нэг удаа гараараа цохисны улмаас духанд шарх бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрт хөдөөнөөс хүн ирнэ гээд нөхөртөө хэлсэн чинь нөхөр ядаргаатай юм гээд уурлаад байхаар нь би яах гээд уурлаад байдаг юм, ах дүү нар чинь ирж байхад гэж хэлсэн. Тэгсэн нөхөр хүүхдээ өвөр дээрээ аваад газар сууж байхдаа хүүхдээ урагшаа унагачихаар нь би нөхөр лүүгээ чи яагаад хүүхдээ түлхээд унагаачхаж байгаа юм гэж хэлсэн чинь миний толгой руу цохих шиг болсон чинь дух хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгээд утсаа авах гэсэн чинь миний утсыг авчхаад өгөхгүй, гэрээс гаргахгүй миний дух хэсгээс цус гараад тийм байдалтай 2-3 цаг болсон. Би явлаа гээд нөхөртөө хэлсэн чинь миний утсыг шидчихээд өөрөө машинаа унаад гараад явсан. Би утсаараа дүүгээ дуудсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Би өмнө нь “12 дугаар сарын сүүлээр шөнө хүүхэд уйлснаас болоод нөхөр уурлаад хүүхдээ гаргаад шидчихье шээс гэж хэл амаар доромжилсон үйлдэл дээр цагдаагийн байгууллагад хандаж байсан” гэж мэдүүлж байсан. Тухайн үед манай нөхөр гэр бүлийн гишүүдэд гар хүрч зодож цохисон асуудал байгаагүй болохоор би гомдол, саналгүй гээд гомдлоо хаалгасан. Үүнээс өмнө манай нөхөр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй. Тухайн үед манай нөхөр ажлаасаа ирээд ядраад унтаж байхад нь шөнө хүүхэд гэнэт уйлснаас манай нөхөр түр зуур бухимдсан байх. Тэрнээс биш гэр бүлийн гишүүдэд уурлаж, уцаарлаад байдаггүй юм. 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр миний толгой руу манай нөхөр гараараа цохисон. Тухайн өдөр манай нөхөр хүүхдээ санамсаргүй унагаасан юм. Манай хүүхэд хөлд орж байсан болохоор аягүй их хөдөлгөөнтэй байсан. Би нөхөртэйгөө албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. Бид хоёр хамтран амьдраад 4 жил болж байгаа, дундаасаа 1 хүүхэдтэй. Би өөрөө 1 дагавар хүүхэдтэй, дагавар хүүхэд маань хөдөө манай аав, ээж дээр байдаг юм. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 56 дугаар хуудас),
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн ЕГ0725/4079 дугаартай: “...Н.ийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),
Шүүгдэгч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тоот гэртээ ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэрээсээ явчхаад ирэх гэсэн чинь эхнэр Н. хөдөөнөөс хүмүүс ирж байгаа, явахгүй байж бай гээд маргаан эхэлсэн. Тэгээд би уурандаа эхнэрийнхээ дух руу гараараа 1 удаа цохисон юм. Би одоо эхнэр Н.тай хамт амьдарч байгаа. Хамтран амьдраад 4 жил болж байна, бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Хэрэг болох үед эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
Шүүгдэгч Л. Эрүүл мэндийн даатгалын санд 196,000 төгрөг нөхөн төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: ын Энэрэлийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 65-70 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч Л.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Л. нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тоотод байрлах гэртээ******* Н.ийн түүнд хандаж “ах, дүү нар хөдөөнөөс ирж байгаа, гэртээ байж бай, хүүхэд унагаачихлаа” гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний дух хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Н.ийн мэдүүлэг, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн ЕГ0725/4079 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.
Харин энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох ба уг хуулийн үйлчлэлд гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд хамаарна.
Шүүгдэгч Л., хохирогч Н. нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дундаасаа хүүхэдтэй, хамт амьдарч байсан ба шүүгдэгч Л. нь үл ялих зүйлээр шалтаглан******* Н.тай маргалдаж, улмаар түүний биед халдсан нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хохирогч Н.ийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.ын хууль бус үйлдэл болох гараараа цохисноос үүссэн шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Л.ын******* Н.ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлснээс гадна “...нөхөр Л.т гомдолгүй, нэхэмжлэх мөнгө байхгүй, мөн сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохиролгүй” гэсэн хүсэлт бичгээр гаргасан, шүүхээс түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, 1 ой 6 сартай нялх хүүхэдтэй учир хуралд оролцох боломжгүй” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Н.ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч эмчлүүлсэн төлбөрийн зохих хэсгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж төлсөн байх ба шүүгдэгч Л. нь тус санд 196,000 төгрөг нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Л. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч Л.т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасан бол шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Л.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн болон ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, хохирогчийн “санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Л.ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шүүгдэгч Л.ын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.ыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Л. торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА