| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0179/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/196 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Х, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н, шүүгдэгч Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Ц-ын А-д холбогдох эрүүгийн 2535000000188 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ………………-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, … настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “……..” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл ……. хамт амьдардаг, Увс аймгийн .......... сумын … багийн …. тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгрөөр торгох ялаар шийтгүүлж байсан Т овогт Ц-ын А-, (регистрийн дугаар: ………);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А- нь согтуурсан үедээ 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн .......... сумын … дүгээр багийн …..тоот хашаанд байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эцэг Л.Ц-тай маргалдаж, улмаар түүний толгой тус газарт “Alpha” гэх бичиглэлтэй архины шилээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.А- нь согтуурсан үедээ 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн .......... сумын … дүгээр багийн …. тоот хашаанд байрлах гэртээ өөрийн эцэг Л.Ц-тай маргалдаж, улмаар түүний толгой тус газарт “Alpha” гэх бичиглэлтэй архины шилээр нэг удаа цохисон болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
3. Мөрдөгчийн согтуурал шалгасан: “Дуудлага мэдээлэлд иргэн Ц.А-ээс мэдүүлэг авах зорилгоор согтуурал шалгах багажаар шалгахад 1.39%-ийн согтолттой гарсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал);
4. Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хавтаст хэргийн 14 дэх тал);
5. Хохирогч Л.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2025 оны 07 дугаар сарын 29-ний орой 16 цагийн орчим манай хүү Ц.А- найз нартайгаа уулзана гээд гараад явсан. Тэгээд 21 цагийн орчим манай хүү Ц.А- гэртээ ганцаараа нэлээн согтуу ороод ирсэн юм…Тухайн үед манай гэрт нэг шил архи задалчихсан байсныг би хүү Ц.А-тэй хувааж уугаад сууж байгаад гадуур гарч архи уулаа гээд хүүгээ уурлахад түүнээс болж маргаан үүсээд манай хүү бид хоёр ноцолдож байгаад гэрийн хойморт би хэвтэж байтал манай хүү Ц.А- ууж байсан архины шилээр миний дух хэсэгт 1 удаа цохиход миний духны хэсэг язарч цус гарсан. … би эмнэлэг дээр очиж шархандаа 2 оёдол тавиулсан юм... Ц.А- нь согтуугаар миний биед халдаж зодож гэмтэл учруулсандаа гэмшиж уучлалт гуйж надад холбогдох эм тариа, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-21 дэх тал);
6. Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байх орой 22 цагийн орчим байх гэртээ байтал манай ээж Н.Ц- надруу утсаар яриад аав Ц- чинь ах А-тэй маргалдаад байна хүрээд ир гэсэн. ..юу болсныг асуухад Ц.А- ах архи ууж аавын гэрт ирчихээд аав архи уулаа гээд уурлахад түүнээс болж аав ах хоёр маргалдаж байгаад Ц.А- ах архины шилээр аавын дух хэсэг рүү цохиж гэмтээсэн гэж байсан. Намайг очиход аавын гэрийн голд байдаг дэвсгэр дээр цус дусчихсан байсан. Аавын толгойн дух хэсгээс цус гарсныг аав тогтоочихсон байсан.... Би аавыг нэгдсэн эмнэлгийн түргэн тусламж дээр очиж боолт хийлгүүлж, 2 оёдол тавиулсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал);
7. Гэрч Н.Ц-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ц.А- гадуур явж байгаад 20 цагийн орчим гэртээ ирсэн. Ц.А- гэртээ ирэх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Гэрт хэсэг нөхөр Л.Ц- хүү Ц.А- нар ярилцаад 750 граммын архи хувааж уугаад сууж байгаад хоорондоо маргалдаад Ц.А- Л.Ц-ыг ууж байсан архины шилээр Л.Ц-ын дух хэсэгт 2 удаа цохисон. Дух хэсгээс цус гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал);
8. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 309 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал);
9. Иргэн Л.Ц- нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан гэх Эрүүл мэндийн даатгалын лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал);
10. Шүүгдэгч Ц.А-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
11. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
12. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 309 дугаартай: “...Үзүүлэгч Л.Ц-ын биед духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь сорви болон эдгэсэн байгаа тул 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн байх боломжтой. Духанд байрласан язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал)-ээр хохирогч Л.Ц-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.А- нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Л.Ц-ын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд архины шилээр цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
13. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхойлжээ.
Шүүгдэгч Ц.А-, хохирогч Л.Ц- нар нь эцэг, хүү буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, иргэний үнэмлэх, оршин суугаа газрын лавлагаа болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъектүүд байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ц.А-ийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эцэг Л.Ц-тай “ архи гадуур ууж явлаа” гэх шалтгаанаар гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой хэсэгт архины шилээр нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Ц.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.А- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
14. Хохирогч Л.Ц- мөрдөн байцаалтын шатанд “Ц.А- нь согтуугаар миний биед халдаж зодож гэмтэл учруулсандаа гэмшиж уучлалт гуйж надад холбогдох эм тариа, эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би сэтгэцэд учирсан хор, уршиг хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг, нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 21, 80 дахь тал), мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 115,500 төгрөгийг хор уршгийг нөхөн төлсөн гэх Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 81 дэх тал) зэргийг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ц.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.А- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгрөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А-ийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 68-73 дахь тал);
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.
3. Шүүгдэгч Ц.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч Ц.А-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Ц.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Ц.А- түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч Ц.А-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэв.
8. Шүүгдэгч Ц.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Alpha” гэх бичиглэлтэй архины 1 ширхэг шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Alpha” гэх бичиглэлтэй архины 1 ширхэг шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ