| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0181/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/197 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Х, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У, шүүгдэгч П.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт П-ын М-т холбогдох эрүүгийн 2535000000179 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,……………-нд Увс аймгийн ............. суманд төрсөн, … настай, эмэгтэй, дээд боловсролтой, …….. мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ……. хамт амьдардаг, Увс аймгийн ............. сум, ………. тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Т овогт П-ын М- ((регистрийн дугаар: ..............);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.М- нь 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн ............. сумын ….дугаар багийн ….. тоот хашаанд байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр М.Ө-той маргалдаж, улмаар түүний толгой тус газарт төмөр хоолны халбагаар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.М- нь 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн ............. сумын … дугаар багийн …. тоот хашаанд байх гэртээ өөрийн нөхөр М.Ө-той маргалдаж, улмаар түүний толгой тус газарт төмөр хоолны халбагаар нэг удаа цохисон болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал);
3. Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хавтаст хэргийн 11 дэх тал);
4. Хохирогч М.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед би гэртээ орон дээрээ хэвтэж байтал манай эхнэр халуун тогоон дээр цай чанаж байсан. Тэгээд надад хандаж чи энэ гэрт мах, идэх зүйл авахгүй юм уу гэхэд нь би чи өөрөө цалинтай хүн юм чинь өөрөө ав гэсэн. Манай эхнэр намайг ……….. дээр мужааны ажил хийж байтал чи баян хүмүүсийн баас базгадаг ажил хийж байна гэхээр нь би ажлаа хаячихаад ирсэн юм. Тэгээд тэр асуудлаас болж надтай маргалдаж байгаад надруу заазуур авч босож ирээд ална гээд надруу ирэхээр нь чаддаг юм бол алчих гэхэд миний өмнө ирээд зогссон. Тэгэхээр нь би заазуурыг нь булааж аваад орон доогуур шидчихсэн. Тухайн үед заазуураар надад ямар нэгэн гэмтэл учруулаагүй болно. Тэгээд цайгаа чанаж байхдаа хоолны том халбагаар цайгаа хутгаж байгаад надтай хэрэлдэж байгаад нөгөө гартаа барьсан хоолны том халбагаар миний толгойны зүүн дээд хэсэгт 1 удаа цохиход миний толгой хагарч цус гарсан. Би толгойгоо хагалуулчихаад гэрийн үүдэн дээр гарахад манай ээж надруу ирээд юу болсныг асуухад П.М- намайг хоолны халбагаар цохилоо гэж хэлсэн. … Миний эхнэр П.М- нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр намайг хоолны халбагаар цохиж гэмтээсний улмаас миний толгойн хуйх хэсэгт язарсан ба уг гэмтэл бэртлийн улмаас эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй. П.М- нь надад учруулсан хохирлоо нөхөн төлж надаас уучлал гуйсан. Одоо миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-18 дахь тал);
5. Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчим хүү М.Ө-ын гэрт хүн орилох чимээ гарахаар нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод өөрийн гэрээс гартал урдаас хүү М.Ө-ын нүүрнээс цус гарчихсан гэрээсээ гарч ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал);
6. Гэрч Х.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр охин П.М- надруу 13 цагийн орчим залгасан. Утсаар залгаад надад хэлэхдээ манай нөхөр М.Ө- намайг зодож байна ирж ав гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ ганцаараа гараад М.Ө-ын гэрт очих үед хашаан дотор М.Ө-, охин П.М-, худ Д.Б- нар байсан тэгээд намайг хашааруу ороход хүргэн М.Ө- надад хандаж танай охин П.М- миний толгойг хагалчихлаа…М.Ө-ын толгойноос цус гарч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал);
7. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 258 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал);
8. Шүүгдэгч П.М-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
9. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
10. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 258 дугаартай: “Үзүүлэгч М.Ө-ын биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр цөм нэг дор үүсгэгдэх боломжтой. Зүүн зулайн хуйханд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал)-ээр хохирогч М.Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч П.М- нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч М.Ө-ын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд архины шилээр цохиж хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг тодорхойлжээ.
Шүүгдэгч П.М-, хохирогч М.Ө- нар нь ….онд гэр бүл болсон нь хавтаст хэргийн 70 дахь талд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр, нөхөр тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъектүүд байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч П.М-ийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч П.М- нь нөхөр М.Ө-той гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой хэсэгт хоолны төмөр халбагаар нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч П.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч П.М- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
12. Хохирогч М.Ө- мөрдөн байцаалтын шатанд “…Би сэтгэцэд учирсан хор, уршиг хохирлыг нэхэмжлэхгүй. П.М- надад учруулсан хохирлоо нөхөн төлж надаас уучлалт гуйсан. Надад нэхэмжлэх зүйл болон түүнд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)-ийг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч П.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч П.М- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.М-ийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй. (хавтаст хэргийн 71-89 дэх тал);
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.
3. Шүүгдэгч П.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч П.М-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч П.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч П.М-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Ц.Алтангэрэл түүний өмгөөлөгч Т.Уянга нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч П.Мөнгнөцэцэгийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
8. Шүүгдэгч П.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр хоолны халбагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт П-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч П.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр хоолны халбагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ