| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0326/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/346 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/346
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гийн Бд холбогдох эрүүгийн 2538000000410 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө овогт Гийн Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2025 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ********* сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй, шар өнгийн ********** маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в-д заасан тээврийн хэрэгслийн жолооч мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 10.1-д заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч М.П арагш унан гавал тархины гэмтлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-19-р хуудас),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-
ийн 20-23-р хуудас),
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 56-58-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 152 дугаартай: “...Амь хохирогч М.Пын гавал тархинд хавсарсан битүү гэмтэл болон зүүн шанаа чихэнд зөөлөн эдийн няцралт, зүүн, баруун шанаа, баруун өвдгөнд хуучин зулгаралт, баруун мөрөнд шинэ зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтэл арагш савж унах үед үүсгэгдсэн нас бархад нөлөөлсөн гэмтэл болно. Баруун мөрний шинэ зулгаралт нь нас барахтай ойролцоо цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгдсэн, үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй, хохирлын зэрэгт хамаарахгүй. Биеийн бусад хэсгийн гэмтэл нас барахаас ойролцоогоор 2-3 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба үхэлд хүргэхэд нөлөөлөхгүй, хохирлын зэрэгт хамаарахгүй. Үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна. Амь хохирогч М.П нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 59-61-р хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн: “...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад ********** маркийн, шар өнгийн, улсын дугааргүй мотоциклын жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлын биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна”, “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17 “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1,6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болох зам, замын байгууламж эвдэрч гэмэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна...” гэх магадлагаа (хх-ийн 67-69-р хуудас),
Шүүгдэгч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү болох М.П-ыг Хөвсгөл аймгийн ********* сумын төв 5 дугаар багт хамаатан Бын хашаанд нас барсан байна гэж манай эгч надруу ярьсан, би талийгаачийн хамгийн том ах нь учраас энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Ганц бие, гэр бүл зохиож байгаагүй. Талийгаач дүү маань сүүлийн 2-3 жил байнга архи ууж байгаа, архины хамааралтай болсон байсан. Манай дүү ер нь архи их уудаг, архинаас болж нас барсан гэж бодож байгаа. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 26, 28-р хуудас),
Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 11 цагийн үед манай хашаанд П орж ирсэн. Орж ирэхдээ согтуу байсан. Тэгээд манай гэрт оролгүй гэрийн хаяанд хэвтээд өгсөн. Би тэр үед илүү мужааны гэрт ажпаа хийж байсан, хэсэг байж байгаад гараад хартал П таталт өгөөд байхаар нь би гэрээсээ ус авч гарч ирээд толгой руу нь ус хийж өгсөн. Тэгсэн газар мөлхөж байснаа ахиад гэрийн хажууд доошоо хараад хэвтээд байсан. Хэсэг байж байгаад очоод татаад үзтэл амьсгалахгүй байсан. Тэгээд би сумын цагдаад мэдэгдсэн. П нь сүүлийн 4-5 жил архи ууж байгаа. Өөрийн гэсэн гэр орон байхгүй, гудамжинд архи уудаг. Архины байнгын хамааралтай залуу байгаа юм. Архи уусан үедээ янз бүрийн ааш байхгүй, мөрөөрөө архиа уугаад л явж байдаг. Хэн нэгэнтэй маргалдаж муудалцдаггүй...” гэх мэдүүлэг
(хх-ийн 30-31-р хуудас),
Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоогоос 3 хоногийн өмнө ********* сумын төв дээр хотгорт байдаг Бгийн дэлгүүрийн хажуу талд ганцаараа алхаж яваа харагдсан. Тэр үед би уулзаж ярилцаагүй, алхаад явж байгааг нь л харсан. Миний харснаар зүүн гараа сойгоод боочихсон явж байсан. Би тэр залуутай нийлж уудаггүй. Урьд нь ганц нэг удаа гудамжинд архи ууж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
Гэрч Э.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эмнэлгээр байнга орж гардаг архи уусан үедээ эмнэлгээр орж ирж бие өвдөөд байна өвчин намдаах тариа хийгээд өг гэж орж ирдэг байсан. Сүүлийн үед зүүн гар нь хугарсан байсан учраас орж ирж боолтоо хийлгэдэг байсан. Ихэвчлэн согтуу орж ирдэг. 2025 оны 08 дугаар сарын 23-ны орой намайг ээлжинд гарч байхад шөнийн 00 цаг 30 минутын үед нэг танихгүй залуу Ог эмнэлэг рүү оруулж ирж өгөөд, эмчийг ирж биеийг нь үзтэл хажууд нь байж байгаад яваад өгсөн. Тэгээд бие нь муу байгаад болмооргүй байвал намайг дуудаарай гээд утасны дугаараа өгсөн. Эмч үзээд амин үзүүлэлтүүд нь хэвийн байна, бага зэрэг ёолоод байхаар нь өвчин намдаах тариа хийж өгсөн, хамраас нь бага зэрэг цус шүүрээд байхаар нь цус тогтоох тариа хийж өгсөн. Шөнө 02 цагийн үед шар, ногоон өнгийн зүйлээр бөөлжсөн. Өглөө 07 цагийн үед шөнө эмнэлэг дээр авч ирсэн залуу эмнэлгээс ирж авсан. Би тэр залууд ах дүү нарт нь хүргэж өгөөрэй гэж хэлсэн. О өөрөө босоод тэр залуугийн мотоциклийн араар суугаад явсан. Шөнө согтолт ихтэй ирсэн. Шөнө Огийн биеийг үзэж, нүүр царайг нь арчиж өгөхөд толгойны ард дагз хэсэгт жижиг хавдсан байдалтай байсан, өөр гэмтэл гайгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),
Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О манай суманд архи уугаад явж байдаг залуу гэдгээр нь мэднэ. Гэр бүл гээд байх хүн байхгүй. Архи байнга ууж харагддаг, архи ууж байгаа хүн тааралдах юм бол дагаад л явчихдаг, хаана архи ууж байна тэнд очоод суучихдаг залуу байдаг. 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай сумын нэг ахтай манайд орж ирсэн. Тэгэхдээ архи уугаагүй эрүүл явж байсан. Тэр ах манайд мах зарсан. Тэгтэл тэр мах нь муу мах байсан учраас махыг нь буцааж өгсөн. Тэр үед О тэр ахтай хамт орж ирээд махыг нь хамт өргөлцөөд мотоциклийнхоо дунд хийгээд сундалдаад аваад явсан, тэрнээс дахиж хараагүй. Тэгжорж ирэхдээ биеийн байдал зүгээр байсан, ямар нэг гэмтэл шарх байгаагүй, харин зүүн гараа сойгоод боочихсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),
Гэрч А.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 24-ний шөнө би дуудлагаар жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан шөнийн 01 цаг 06 минутад манай эмнэлгийн сувилагч У над руу залгаад хамраас нь бага зэрэг цус гарсан согтуу хүн ирсэн. Үзүүлмээр байна гээд би гэрээсээ эмнэлэг дээр ирэхэд манай сумын О гэж дууддаг залуу, бас нэг савхин куртиктэй жижиг биетэй залуу хоёр байсан. О нэлээн согтолттой хүлээн авахын орон дээр хэвтсэн, хамраас нь бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Нэрийг нь дуудахад хариу үйлдэл үзүүлж байсан ч ярих чадваргүй байсан. Харин савхин куртиктэй залуу унасан байхаар нь хүргэж авч ирж өгсөн гэж хэлсэн. Нэлээн санаа зовсон байдалтай эмчээ бие нь яаж байна гэж асуугаад суугаад байсан. Би гайгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу янз бүрийн юм болбол хэлээрэй гээд сувилагчид дугаараа үлдээгээд явсан. Толгойг нь тэмтэрч үзэхэд толгой ар дагз хэсэгтээ бага зэрэг овойсон байсан өөр ил шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),
Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед намайг очиж уулзахад зүгээр байсан. Янз бүрийн өвдсөн гэх зүйл яриагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож
байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Г.Б нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас М.П-ын амь насыг хохироосон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Гомдол саналгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас) өгсөн байх тул шүүгдэгч Г.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.Б-ийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, тэнссэн ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538000000410 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Г-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Б-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Бд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн 2538000000410 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР