Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Хүн-Од ХХК 

Гомдол гаргагчийн төлөөлөгч: Т.Лхагвадорж 

Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Л.Бат-Эрдэнэ 

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Лхаянбуу нарын хооронд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, гомдол гаргагчийн төлөөлөгч Т.Лхагвадорж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагч Д.Лхаянбуу нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0072083 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Гомдол гаргагч Хүн-Од ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын Nei Meng Gu Chang Shun Trade Co.Ltd, CCIC Commercial Trade Beijing Co.LTD компаниудтай гэрээ байгуулан мах экспортолдог (хавтаст хэргийн 13-14, 17-18 дахь тал).

2.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/49 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг, тус газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийх тухай 01/98 дугаар удирдамжийн дагуу (хавтаст хэргийн 46-48 дахь тал) Хүн-Од ХХК-ийн дулааны аргаар боловсруулсан махнаас дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлжээ.

2.3. Шинжилгээгээр 10-н сорьцод тетрациклин, E.coli O 157, Salmonella spp, L.monocytogenes, Shigella spp, бичил мөөгөнцөр тус тус илрээгүй. Кадми болон хар тугалга нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй. Нянгийн ерөнхий тоо нь сорьц 1, 2, 3, 6, 8-д зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн ч энэ нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын стандартад нийцэж байгаа бөгөөд бусад сорьцод зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Цези 137 нь сорьц 2-т илрээгүй, бусад сорьцод зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй гэх дүн гарчээ (хавтаст хэргийн 59, 135 дахь тал).

2.4. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0072083 дугаар шийтгэлийн хуудсаар Хүн-Од ХХК-д ...Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ (хавтаст хэргийн 4, 75 дахь тал).

2.5. Дээрх улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг Хүн-Од ХХК эс зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд гомдол гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагч Хүн-Од ХХК шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ: Мах, консеровны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг Хүн-Од ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард улсад 1000 тонн мах экспортлох зөвшөөрөлтэй ба 2020 онд ямааны чанасан мах 25 тонн, 2021 онд 125 тонныг экспортолж, ковидын цар тахалтай холбоотойгоор Бүгд Найрамдах Хятад Ард улсын хил хаагдсаны улмаас 2021 оны 11 дүгээр сард 25 тонн ямааны чанасан махыг экспортод гаргаж чадалгүй, агуулахдаа хадгалж үлдсэн.

3.1.1. Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь манай компанид Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасан зөрчил гаргасан гэж 5,000,000 төгрөгөөр торгосон 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн огноотой Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0072083 дугаартай шийтгэлийн хуудас, Бүгд Найрамдах Хятад Ард улсад экспортлох зорилгоор боловсруулж бэлтгэсэн 25 тонн ямааны махыг Нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02-01/44480 дугаартай албан бичиг зэргийг Монгол шуудангаар 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр явуулсныг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шуудангийн байгууллагаас хүлээн авсан.

3.1.2. Харин шүүгчийн захирамжид бүрдүүлбэр хангуулахаар дурдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0072083 дугаартай шийтгэлийн хуудсыг анх 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шуудангаар хүлээн авч мэдсэн болно. Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-т Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй гэж заасан байна.

3.1.3. Энэхүү шийтгэл оногдуулсан шийдвэртэй бид танилцаад эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус шүүхэд гомдол гаргаж байна.

3.1.4. Шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь: Нэгдүгээрт, манай компанийн дулааны аргаар бэлтгэсэн мах нь зөвхөн Бүгд Найрамдах Хятад Ард улсын Nei Meng Gu Chang Shun Trade Co.Ltd, CCIC Commercial Trade Beijing Co.LTD компаниудтай гэрээ байгуулсан бүтээгдэхүүн болно. Хоёрдугаарт, энэхүү дулааны аргаар бэлтгэсэн мах нь худалдан авагч талын буюу Бүгд Найрамдах Хятад Ард улсын GB2726-2016 стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Гуравдугаарт, энэхүү дулааны аргаар бэлтгэсэн 25 тонн махыг худалдан авагч тал хүлээн авахад бэлэн байгаа тухайгаа бидэнд мэдэгдээд байна. Дөрөвдүгээрт, энэхүү 25 тонн махыг Бүгд Найрамдах Хятад Ард улсад экспортлохдоо тус улсын GB-2726-2016 чанасан махан бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын үндэсний стандарт гэсэн стандартыг хэрэглэхээр бусад 14 компанийн хамт Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу Монгол улсын хуулийн дагуу Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил зүйн газарт бүртгүүлээд байна.

3.1.5. Харин энэхүү улсын байцаагчийн шийдвэр нь Хүн-Од ХХК-ийн зөвхөн Бүгд Найрамдах Хятад Ард улсад экспортлохоор тухайн улсын стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлох хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаагаараа Хүн-Од ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

3.1.6. Иймд Хүн-Од ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0072083 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагч Д.Лхаянбуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...

3.2.1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/98 дугаартай удирдамжийн хүрээнд тус аж ахуй нэгжийн экспортын зорилгоор дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн махнаас дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн. Тус итгэмжлэгдсэн лабораторийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шинжилгээний дүнгээр Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг үндэслэн 5000 нэгжийн торгуулийн арга хэмжээ авсан болно.

3.2.2. Энэ хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх гэдгийг Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолт болон 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтад заасныг ойлгоно.

3.2.3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-т бохирдуулагч гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд өөрт нь агуулагддаг, эсхүл хүнсний сүлжээний үйл ажиллагааны явцад, түүнчлэн хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлийн бохирдлоос бий болсон хими, физик, биологийн хүчин зүйлсийг; 4.1.18-т хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт гэж хүнсэн дэх физик, хими, биологийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг; мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ:, 11.1.1-д зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан гэж тус тус заасан.

3.2.4. Иймд тус аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөгдөгдөж буй Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 стандартад заасан 2.2 дугаар Дулааны аргаар боловсруулт хийсэн мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн бүлгийн бактерийн ерөнхий тоо 2.5х103 зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр нотлогдож байх тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авсан.

3.2.5. Тухайн шийтгэлийн хуудсыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бичиж, тус аж ахуйн нэгжийн захирал Т.Лхагвадорж, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нарыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 417 дугаар өрөөнд дуудан ирүүлж, мэдэгдсэн боловч гарын үсэг зурахаас татгалзан тайлбар бичилгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн.

3.2.6. Үүний дараа хэд хэдэн удаа холбогдсон боловч ирээгүй тул стандартын шаардлага хангаагүй махыг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэнгийн 02-01/4080 дугаартай албан бичгийн хамт байгууллагын шууданд хийж хүргүүлсэн.

3.2.7. Манай байгууллагын иргэд, аж ахуйн нэгжийн илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээний хүрээнд бичигддэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас /Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт/-д шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхийг заасан боловч хүлээн авснаас эсвэл бичигдсэнээс хойш хугацаа зааж өгөөгүй болно.

3.2.8. Тус аж ахуйн нэгжийн зөрчилд 02-146/572 дугаартай хялбаршуулан журмаар зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол гэж заасны дагуу зөрчил үйлдсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр нотлогдож байх тул дээрх хуулийн үндэслэл, заалтуудын хүрээнд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, торгуулийн арга хэмжээ авсан.

3.2.9. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсад экспортолж, импортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай Монгол улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан протоколын 6 дугаар зүйлийн ё-д Бүтээгдэхүүн нь өвчин үүсгэгч бичил биетнээр бохирлогдоогүй бөгөөд Хятад, Монгол улсын хууль, дүрмийн шаардлагыг биелүүлсэн болохыг батлах гэж заасан. Энэхүү өвчин үүсгэгч бичил биетний зөвшөөрөгдөх хэмжээг MNS 6308:2012 стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байх талаар Чанаж боловсруулсан мах. Техникийн ерөнхий шаардлага MNS 6790:2019 стандартын 2 дугаар хүснэгтэд заасан чанасан махны эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт нь MNS 6308:2012 стандартын шаардлагад нийцсэн байна гэж заасан.

3.2.10. Тухайн аж ахуй нэгж нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа тул үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүн нь Монгол улсын хууль, дүрэм, стандартын шаардлагыг хангасан байх шаардлагатай.

3.2.11. Экспортын зорилгоор дулааны аргаар боловсруулсан махны чанар аюулгүй байдлын шаардлагыг дээрх Протоколд Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Монгол улсын холбогдох хууль, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангасан байх талаар заасан. Монгол улсын Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд Иргэн, аж ахуйн нэгжийн байгуулсан гэрээнд стандартыг бүхлээр нь эсхүл хэсэгчлэн эш татаж хэрэглэхээр тохирсон бол гэрээнд оролцогч талууд гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заж заасны дагуу стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг нотлох холбогдох стандартуудын норматив эшлэлд Бүгд Найрамдах Хятад Ард улсын GB2726-2016 стандартыг эш татаж хэрэглээгүй тул манай улсад хэрэглэх боломжгүй. Зөвхөн дээрх стандартын 105 гэж зөвшөөрөгдөх хэмжээ байдаг талаар мэдээлэл өгөх зорилгоор шалгалтын танилцуулгад оруулсан. Бүгд Найрамдах хятад Ард улсын стандартын үзүүлэлтийг үзэх шинжилгээний аргын стандарт ч манай улсад байхгүй, шинжлэх ямар ч боломжгүй, зөвхөн тоон утгаар 105 гэх зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна гэдгийг л ойлгох боломжтой.

3.2.12. Импортлогч тал махны чанар аюулгүй байдлыг манай улсын хилээр нэвтэрсний дараа ахин шинжилгээнд хамруулдаг. Тэгэхдээ манай улсын 6308:2012 стандартын үзүүлэлтээр бус өөрийн улсын стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээг тодорхойлж үздэг. Тухайн улсын стандартын шаардлагад нийцээгүйгээс бүтээгдэхүүн буцаагдаж, улмаар экспортын эрхээ цуцлуулах тохиолдол цөөнгүй байдаг.

3.2.13. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлд Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь олон улс, бүс нутаг, гадаад улсын дэвшилтэт стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүсний үндсэн дээр хэрэглэж болно гэж зааснаар цаашид Бүгд Найрамдах Хятад Ард улсын стандартыг экспортлох үедээ хэрэглэж болох бүрэн боломжтой. Гэхдээ тухайн хяналт шалгалтын хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулан ажилласан болно.

3.2.14. Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрт гомдол гаргах, шийдвэрлүүлэх нь тухайн аж ахуйн нэгжид нээлттэй байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагч Хүн-Од ХХК-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Лхаянбууд холбогдуулан гаргасан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0072083 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

           2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0072083 дугаар шийтгэлийн хуудсаар Хүн-Од ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсхүл, хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн... гэж заасны дагуу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ (хавтаст хэргийн 4, 75 дахь тал).

           2.1. Гомдол гаргагчаас ...дулааны аргаар бэлтгэсэн мах нь худалдан авагч талын буюу Бүгд Найрамдах Хятад Ард улсын GB2726-2016 стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа..., чанаж болгосон хэрэглэхэд бэлэн болгосон махны стандартад нийцээгүй гэж дүгнэсэн нь буруу..., бусад хэн нэгэн этгээдийн эрхийг зөрчихгүй..., тухайн махыг зөвхөн хятад улсад экспортлох зориулалттай... гэж, хариуцагчаас ...Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан гэж заасны дагуу нянгийн ерөнхий тоо нь бохирдуулагчид хамаарна. Иймд шинжилгээнд хамруулсан 1, 2, 3, 6, 8 дахь сорьцын нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлд хамаарах тул гомдол гаргагчид оногдуулсан шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй... гэж тус тус маргаж байна.

           3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т ...хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал гэж хүнсийг зориулалтын дагуу бэлтгэж хэрэглэхэд хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, сөргөөр нөлөөлөхгүй байхыг гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ, 11.1.1-д зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан гэж тус тус заасан.

           4. Монгол улсад Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ-г MNS 6308:2012 стандартаар тогтоодог бөгөөд тус стандартаар дулааны аргаар боловсруулалт хийсэн мал, амьтны гаралтай гаралтай мах, махан бүтээгдэхүүнд зөвшөөрөгдөх бактерийн ерөнхий тоо 1 граммд 2.5х103 гэж тогтоосон байна (хавтаст хэргийн 96, 115 дахь тал). Мөн чанасан махны эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт дээрх стандартад нийцсэн байхыг шаарддаг байна (хавтаст хэргийн 89, 120 дахь тал).

           5. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, шинжилгээнд хамруулсан 1, 2, 3, 6, 8 дахь сорьцын нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэх шинжилгээний дүн гарчээ. Тодруулбал, нянгийн ерөнхий тоо 1 дэх сорьцод 3.7х103 (1.48 дахин их), 2 дахь сорьцод 3х103 (1.2 дахин их), 3 дахь сорьцод 4х103 (1.6 дахин их), 6 дахь сорьцод 5х103 (2 дахин их), 8 дахь сорьцод 4.4х103 (1.76 дахин их) зэргээр тус тус зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан байна (хавтаст хэргийн 54-59, 130-135 дахь тал).

           6. Гэтэл тус шүүхэд ирүүлсэн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 287 дугаар албан бичгээс үзэхэд, ...Нянгийн ерөнхий тоо ашигтай, ашиггүй бактерийн нийлбэрээр тодорхойлогдоно. Ашигтай бактери бол хор нөлөөгүй, ашиггүй бактери хор хөнөөлтэй байж болно. 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 01/98 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд цуглуулж авчирсан 22-2957 кодтой 10 ширхэг сорьцод хор хөнөөлтэй, ашиггүй бактерийг илрүүлэх 4 үзүүлэлтээр (E.coli O157, Salmonella spp, L.monocytogenes, Shigella spp.) шинжилгээ хийхэд үр дүн нь илрээгүй буюу сөрөг гарсан байна гэжээ (хавтаст хэргийн 129 дэх тал).

           7. Эндээс үзэхэд нянгийн ерөнхий тоо хэтэрсэн гэх агуулгаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг шууд дүгнэх боломжгүй, тухайн нянгийн бүрэлдэхүүн болох ашигтай, ашиггүй бактерийн үр дүнгээс хамаарч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх нөхцөл байдал тогтоогдохоор байна.

           8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, мөн зүйлийн 2-т зааснаар Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн ...1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-д тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх, 1.5-т Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох гэж тус тус заасан нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тогтоосон байх шаардлагатай.

           9. Дээр дурдсанаар зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нянгийн ерөнхий тоо хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг тогтооход ашигтай, ашиггүй бактерийн тоог тодорхойлсон гэх үндэслэл тогтоогдоогүй, харин ч дээр дурдсан баримт, түүнчлэн тус шүүхэд ирүүлсэн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ...Шинжилгээнд хамрагдсан ямааны махны 2 сорьц нь мэдрэхүйн болон нян судлалын шинжилгээгээр үндэсний стандартын шаардлагад нийцсэн байна. Мөн 2 сорьцын нянгийн ерөнхий тоо Бүгд Найрамдах Хятад Ард улсын стандартын шаардлагад нийцэв шинжээчийн дүгнэлтээр, шийтгэл оногдуулахад үндэслэсэн дээр дурдсан лабораторийн дүгнэлтээр тус тус нянгийн ерөнхий тоог бүрдүүлэгч ашиггүй бактери илрээгүй байгаагаас үзэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж тодорхойлогдохоор байна.

           10. Гэвч хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад зөвхөн нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэх үндэслэлээр гомдол гаргагч хуулийн этгээдийн бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн гэж шууд дүгнэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Хүн-Од ХХК-аас гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0072083 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 1.5 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Хүн-Од ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0072083 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ