Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 39

 

О.Г нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 419 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймаг, Эрдэнэ сум, 2 дугаар баг, Цэцэг нуур гэх газарт оршин суух, эрэгтэй, РД-ДР60102618, Боржигон овогт О. Г нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1960 оны 12 дугаар сарын 26-нд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цэцэгнуур багт төрсөн. 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Эрдэнэ сумын худалдаа бэлтгэлийн ангиас Улаанбаатар хотын Мах комбинат хүртэл мал тууварлаж байсан. Мал туувраас ирээд сумандаа малчин, туслах малчнаар ажиллаж байсан. Ихэвчлэн бог мал ямаа туудаг байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрийн он зөрсөн, бичилт, тамга тэмдэг зөрүүтэй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Би аав Ойногор, ээж Сайнхүү нарын хамт нэг гал болж тууварт гарч, хавар 5 сараас малаа аваад өвөл 11-12 сард туусан малаа Улаанбаатар хотод мах компаниатад хүлээлгэж өгөөд цалингаа нэг бөөн авдаг байсан. Ингэж тууварт яваад авсан цалин хөлсийг нэгдлийн нягтлан бодогч 5-12 сард хувааж хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийдэг байсан. Ингэж бичилт хийхдээ дутуу бичсэн, цалингийн баримт нь архивт байхгүй зэрэг шалтгааны улмаас танай шүүхэд хандаад байна. 1978 оноос хойш мал тууварт яваад аймгийн аварга тууварчин малчинаар шалгарч диплом хүртэл авч байлаа. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтын хүрээнд 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цэцэг нуур бригадад тууварчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт О. Г /ДР60102618/ нь 1978 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1979 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1980 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1981 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуусталх хугацаа, 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1982 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1983 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1984 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1985 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1986 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1987 оны 5 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх хугацаа, 1988 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1989 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чойбалсангийн зам нэгдлийн захиргаа аж ахуй, Цэцэг нуур, Цагаан Уул хэсэгт малчин, тууварчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2018/00419 дугаар шийдвэрийн зарим хэсгийг буюу анхан шатны шүүхийн хангаагүй хэсэг дээр эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Миний бие нь анхан шатны шүүхэд хангалттай нотлох баримт гаргаж өгсөн болно. Гэтэл анхан шатны шүүхэд миний нэг газар ажиллаж байснаа нотлох хангалттай баримт гаргаад байхад зарим хэсгийг хангахгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэсэн заалтыг зөрчиж байна. Би төрөөд аав, ээжийн дэргэд өсөн бойжиж, миний аав, ээж насаараа мал малладаг байсан. Би том болоод эцэг, эхтэйгээ малчин, тууварчин хийж, сүүлдээ өөрөө малчин, тууварчин хийж өдийг хүрсэн. Тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас дутуу бичснээс болж би хохирч байна. Анхан шатны шүүх яагаад миний ажилласан жилийг дутуу гаргаад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Учир нь би малчин, тууварчин хүн малаа л харахгүй, маллахгүй бол хэн малыг минь харах билээ. Би жилийн 4 улиралд нэг ч алгасахгүй малаа маллаад, туувар хийж байсан. Малчин хүн малаа жилийн нэг улиралд нь маллаад, дараа, зарим улиралд нь маллахгүй байх уу. Тухайн үед социализмын үед нэгдлээс өгсөн малыг би хариулахгүй гэж хэлэх эрхгүй байсан.  Хэрвээ нэгдлийн малаа маллаж, хариулахгүй гэвэл шоронд ордог үе байсан. Намайг насаараа мал маллаж, тууварчин байсныг нутаг усныхан бүгд мэдэх болно. Иймд нийтэд илт илэрхий тодорхой зүйлийг хангаагүйд маш их гомдолтой байна. Миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Г нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн Цэцэг нуур бригадад малчин, тууварчнаар 1978 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан хугацаагаа тогтоолгохоор гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх зарим хэсгийг үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч О.Г нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрж өсөн, улмаар 1978 оны 5 дугаар сараас зарим он, жилүүдэд сар, өдрийн хугацааны тасалдалтайгаар 1989 оныг дуустал хугацаанд тус сумын Чойбалсангийн зам нэгдлийн Цэцэг нуур бригадад малчин, тууварчнаар ажиллаж байсан болох Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаа, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, тухайн үеийн нэгдлийн даргын ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар, шагнагдаж байсан баярын бичиг, диплом, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзэн түүний ажиллаж байсныг тогтоож, зарим жилийг нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

            Нэхэмжлэгч О.Г давж заалдах гомдолдоо дурдсанаар хангалттай нотлох баримтыг гаргаж өгсөөр байтал зарим хэсгийг хангахгүй байгаа, тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас дутуу бичсэнээс болж би хохирч байна гэх гомдолд шүүх буруугүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Харин нэхэмжлэгчийн 1981 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуусталх хугацаа, 1982 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1984 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1986 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1988 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаагаар түүний ажиллаж байсныг архивын лавлагаагаар  тогтоосон байна.

Хэдийгээр анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нэгдлийн зөвлөлөөс О.Г олгосон 1981 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “1981 онд Улсын бэлтгэлийн мал тууварлах ажилд идэвх зүтгэлтэй ажиллан хөдөлмөрийн өндөр амжилт гаргасныг тэмдэглэж ... дурсгав” гэх “Баярын бичиг” /ХХ-49-р хуудас/, Чойбалсангийн зам нэгдлийн зөвлөлөөс 1982 оны 05 дугаар сарын 20-ны өдөр О.Г олгосон “Баярын бичиг” /ХХ-50-р хуудас/, 1985 оны 02 дугаар сарын 11-ний өдөр О.Г олгосон  “...сүүлийн 3 жилд 1301-1800 эм ямааг зүй бус хорогдол гаргалгүй... гэх “Диплом” /ХХ-51-р хуудас/, Говь-Алтай аймгийн Мал бэлтгэлийн конторын даргын 1985 оны  04 дүгээр сарын 10-ны өдөр О.Гантулга ахлагчтай суурийн хамт олонд олгосон “Баярын бичиг” /ХХ-52-р хуудас/, 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О.Г олгосон “...Алтан шар зам” аяны гуравдугаар байрт шалгарсан...” гэх “Диплом” /ХХ-53-р хуудас/, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдөр О.Г олгосон “...Алтан шар зам” болзлын А заалтыг биелүүлсэн...” гэх “Баярын бичиг” /ХХ-54-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон ажиллаж байсныг гэрчлэх нэгдлийн даргын ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай  тушаалын хуулбар зэргийг давхар үнэлэн 1981 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 1982 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 1984 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 1986 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 1988 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал бүтэн жилээр ажилласнаар тогтоож өөрчлөлт оруулах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 133/ШШ2018/00419 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1981 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуусталх, 1982 оны 05 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх, 1984 оны 06 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх, 1986 оны 04 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх, 1988 оны 06 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа” гэснийг “1981 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 1982 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 1984 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 1986 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 1988 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ЭНХТӨР

 

                                                ШҮҮГЧИД                             Б.НАМХАЙДОРЖ

 

                                                                    Т.ЖАРГАЛСАЙХАН