Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2022/00176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгчид А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д аймгийн Б сумын 9 дүгээр багт оршин суудаг, Ш овогт У.Н;

Хариуцагч: Д аймгийн Б сумын 9 дүгээр багт оршин суудаг, К овогт К.Ж;

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 2,820,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: К.Ж,

Иргэдийн төлөөлөгч Б.Е,

Орчуулагч: Б.Арманбек,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал  нар оролцов.

(Хариуцагч К.Жд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч К.Ж Б сумын нутагт оршин суудаг ба цас орж, өвөлжилт хүндэрсэн үед аймгийн төв дээр очих боломжгүй болоод байна. Иймд энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан намайг оролцуулахгүйгээр урьд шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхийг шүүхээс хүсэж байна гэж хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч У.Н нь хариуцагч К.Ж-д холбогдуулан гэм хорын хохирол 2,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Намайг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус Б сумын иргэн К.Ж нь зодож биед минь хөнгөн гэмтэл учруулж тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож нийтийн ашиг сонирхолд тусгай ажил хийх ял шийтгэгдэж эдэлсэн юм.

1.2.К.Ж намайг зодсон гэм буруутай үйлдлийн улмаас 1 сар хөдөлмөр эрхэлж чадаагүй. Гэмтлийн улмаас тархи маань хөдөлж, олон эм, тариа авч хэрэглэсэн. Хараа муудаж, хамрын мөгөөрсөн яс нь хугарсан гэх мэт асуудал үүссэн. Үүнээс эм, тариа авсан, Өлгийд удаа дараа ирж, буцсан зардал, мөн хар, бор ажил хийж сард 1-1,5 сая төгрөгийн орлого олдог байсан. Хариуцагч надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй.

1.3.Иймд миний авсан эм тариа, цагдаа шүүхэд ирэх зэрэгт нийт 2,820,000 төгрөгөөр хохирсон тул надад гэм хор учруулсан К.Жгээс 2,820,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч К.Ж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Б сумын 9 дүгээр багийн иргэн  нь тус шүүхэд “гэм хорын төлбөрт 2,820,000 төгрөг гаргуулах тухай” гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч миний бие дараах хариу тайлбар гаргаж байна.

2.1.Өнгөрсөн оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэн У.Н нь согтуугаар надтай зодолдох үед биедээ хөнгөн гэмтэл авсан тул би гэм буруутайд тооцогдож, шүүхээр шийтгүүлж байсан нь үнэн юм. Тухайн үед У.Н-нүд нь хөхөрсөн байсан ба өөр ямар нэгэн эрхтэндээ гэмтэл аваагүй, эмчилгээ хийлгээгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Ингэхээр би түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2.Уг хэрэг шүүхэд шилжихээс өмнө би түүнд хохиролтой холбоотой нотлох баримт байвал гаргаж өгөөрэй, төлж өгье гэж хэлж байсан боловч ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй юм. Гэтэл олон сарын дараа гэм хорын төлбөр нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна. Харин У.Н нь унааны зардалд болохоор 2 хүн аймгийн төв рүү 8 удаа ирж буцсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Н хувьд надаас өмгөөлөгчийн хөлсийг бас нэхэмжилсэн байна гэж ойлгож байна. Өмгөөлөгч хөлсөлж авах эсэх нь өөрт нь хамаатай болохоос биш, өмгөөлөгчийн хөлсийг би хариуцан төлөх ёсгүй гэж үзэж байна.

2.3.Харин У.Н нь 2 удаа ирж буцсан гэхээр 60,000 төгрөг гарсан байх ёстой, түүнийг би төлнө. Түүнээс гадна 2 удаа ирэхэд идсэн гэх хоолны мөнгө 40,000 төгрөг гарсан гэж ойлгож байна. Тэгэхээр би 100,000 төгрөгийг нь төлж өгье. Харин эмийн мөнгө гэж ямар ч эмчийн жоргүй, падаангүй, тамга тэмдэггүй баримт өгснийг би хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

3.Иргэдийн төлөөлөгч Б.Е-ийн бичгээр гаргасан дүгнэлтэд: Нэхэмжлэгч У.Н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь үндэслэлтэй гэсэн байна.

4.Нэхэмжлэгч У.Н Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №2022/ШЦТ/100 дугаартай шийтгэл тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн А.Е бичсэн тодорхойлолт, мөн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн Е.Ш-ы бичсэн тодорхойлолт, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “У” ХХК-ний тамга дарагдсан баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

5.Хариуцагч К.Ж-гээс бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч У.Н-н нэхэмжлэлийн шаардлага гэм хорын хохирол 2,820,000 төгрөгөөс гэм хорын хохиролд 100,000 төгрөгийг хариуцагч К.Ж-гээс гаргуулан, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,720,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч У.Н дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...К.Ж намайг зодсон гэм буруутай үйлдлийн улмаас 1 сар хөдөлмөр эрхэлж чадаагүй, гэмтлийн улмаас тархи маань хөдөлж, олон эм, тариа авч хэрэглэсэн. Хараа муудаж, хамрын мөгөөрсөн яс нь хугарсан гэх мэт асуудал үүссэн. Үүнээс эм, тариа авсан, Өлгийд удаа дараа ирж, буцсан зардал, мөн хар, бор ажил хийж сард 1-1,5 сая төгрөгийн орлого олдог байсан. Иймд миний авсан эм тариа, цагдаа шүүхэд ирэх зэрэгт нийт 2,820,000 төгрөгөөр хохирсон тул уг мөнгөө гаргуулахаар шүүхэд хандсан.

3.Хариуцагч К.Ж нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... гэмт хэргийн улмаас У.Н-нүд нь хөхөрсөн байсан ба өөр ямар нэгэн эрхтэндээ гэмтэл аваагүй, эмчилгээ хийлгээгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Уг хэрэг шүүхэд шилжихээс өмнө би түүнд хохиролтой холбоотой нотлох баримт байвал гаргаж өгөөрэй, төлж өгье гэж хэлж байсан боловч ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй юм. Ингэхээр би түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

4.1.Хариуцагч К.Ж нь Д аймгийн Б сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд  У.Н-г “замаар явж байсан хүнийг дууддаг хэн вэ” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь  Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2022\ШЦТ\100 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Энэ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч У.Н нь гэмт хэргийн улмаас өөрт нь хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй” болохыг дурдсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч У.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэх эрхтэй болно.

4.2.Нэхэмжлэгч У.Н хариуцагч К.Ж-д зодуулснаас болж хараа муудсан, нуруу хугарсан, хамар мурийсан гэж тайлбарладаг боловч энэ нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн гэмт хэргийн улмаас У.Н хөдөлмөрлөх чадвар алдагдсан гэдгийг нотлох баримт байхгүй тул өвс хадаж чадаагүй, ажил хийж чадаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна.

4.3.Нэхэмжлэгч У.Н нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “У” ХХК-ийн тамга дарагдсан тус компанийн эмийн сангаас эм авсан гэх баримтад бичигдсэн эмүүд нь эмчийн жоргүй олгогдсон, нэхэмжлэгч У.Н тухай эмүүдийг эмчийн бичгээр авсан эсэх нь, өвчний түүхэд бичигдсэн эсэх нь тодорхой бус, тухайн эмүүд нь нэхэмжлэгчийн биед учирсан хөнгөн гэмтэлд ямар нэгэн байдлаар хамааралтай болох нь нотлогдохгүй байгаа тул энэхүү баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

4.4.2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн А.Е бичсэн тодорхойлолтод: Миний бие А.Е фургон машинаар Өлгий-Б сумын хооронд хүн тээвэрлэдэг такси хийдэг. Тус сумын иргэн У.Н, А, У нар нь 2022 оны 5 дугаар сарын 5, 6, 7, 23, 28, 10; 7 дугаар сарын 8, 16-ны өдрүүдэд цагдаа, шүүхэд очно гэж надад нэг талдаа нэг хүн 15,000 төгрөг, хоёр хүн 30,000 төгрөг бүгд нийлээд Өлгийд ирээд  буцахад 60,000 төгрөгөөр 8 удаа ирж буцсан нь үнэн.

Мөн Өлгий сумын “Т” барааны зах дотор ажиллаж байгаа гуанзны эзэн гэх Е.Ш 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн бичсэн тодорхойлолтод: ... У болон түүний хүү У.Н нар 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн бусдад зодуулсан, эмнэлэгт үзүүлэхээр ирсэн, цагдаад ирсэн гэж хэлж миний ажиллуулдаг гуанзнаас 20000 төгрөгийн хоол идэж, дараа нь 5 дугаар сарын 6,7,23,28,10-нд болон 7 дугаар сарын 8, 16-ны өдрүүдэд ирж 20,000 төгрөгийн хоол идэж байсан. Хоёр хүн нийтдээ 320000 төгрөгийн хоол идсэн болно...” гэсэн байна.

Дээрх хүмүүсийн тодорхойлолтод дурдсан хугацаанд нэхэмжлэгч У.Н шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаас дуудсан тухай нотлох баримт байхгүй байна.

Мөн Е.Ш тодорхойлолтод “...2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Өлгийд ирж, гуанзнаас хоол авч идсэн...” гэж дурдсан боловч 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч (хохирогч У.Н) шүүх хуралдаанд оролцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан тус аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 222/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

5.Иймд хариуцагч К.Ж-гийн гэм буруу болон нэхэмжлэгч (хохирогч) У.Н нэхэмжилсэн 2,820,000 төгрөгийн гэм хорын хохирол хоёрын  хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Гэвч хариуцагч К.Ж нэхэмжлэгч У.Н-д “2 удаа ирж буцсан зардал 60,000 төгрөг, мөн 2 удаа ирэхэд идсэн хоолны мөнгө 40,000 төгрөг нийтдээ 100,000 төгрөгийг сайн дурын үндсэн дээр төлж өгье гэсэн тул, мөн иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч У.Н-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг тус тус үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-ийг баримтлан хариуцагч К.Ж-гээс гэм хорын хохирол 100,000 (нэг зуун мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Н-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,720,000 (хоёр сая долоон зуун хорин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гэм хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг хариуцагч К.Ж-гээс гаргуулан улсын орлого болох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К овогт К-Ж-ээс гэм хорын хохирол 100,000 (нэг зуун мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш овогт У-Н-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,720,000 (хоёр сая долоон зуун хорин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг хариуцагч К.Ж-гээс гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.МЕЙРАМБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                      А.ЖАРХЫНГҮЛ

 

        Б.МАНГИЛИК