| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0170/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/209 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: М.Золбоот,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000187 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Борхондой овогт *******ын ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2505 УНЗ улсын дугаартай тоёота приус 30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг 4,32 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм бурууг хүлээж байна гэв.
3. Иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би аймгийн хэмжээнд гэрлийн шон бүрэн бүтэн ажиллагааг хариуцдаг тул манай байгууллагын дарга миний биеийг хариуцаад энэ хэрэгт оролцох үүрэг өгсөн тэрний дагуу ирж мэдүүлэг өгч байна. Тухайн гэрэл нь манай харьяалалд байдаг тухайн гэрлийн шонг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр машин мөргөөд сууринаас нь эргүүлж хазайлгасан тухайн гэрлийн монтажны утсыг гэмтээсэн байсан. Тэгээд тухайн шонг мөргөсөн машины жолооч ******* гэх залуу манай байгууллага дээр ирж уулзаад холбогдох хүмүүстэй хамтраад тухайн шонгийн суурийг цутгаж засвар хийж хэвийн ажиллагаанд нь оруулсан. Одоо тухайн гэрлийн шон нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
4. Гэрч *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Баянхонгор аймгийн амьчуулын тойргоос уруудаад төв засмал замаар явж байхад хар өнгийн приус маркийн машин Номгон 2 дугаар сургуулийн харалдаа зам дээр шон мөргөсөн байдалтай зам дээр хөндлөн байдалтай байсан. Жолооч нь машинаасаа буугаад мөргөсөн хэсгээ хараад сууж байгаа бололтой алхаад явж байсан. Тэгэхэд согтуу байсан юм шиг байсан. Машинаа жолоодоод явахдаа дайвалзаад явахаар нь согтуу жолооч байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгч машины улсын дугаар маркийг хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 07/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13-4/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 823 дугаартай шийтгэвэр /хх-ийн 29-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 823 дугаартай шийтгэврээр 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 4,32 хувийн промильтой үедээ 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2505 УНЗ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд гэх үйл баримт болсон нь гэрч *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Баянхонгор аймгийн амьчуулын тойргоос уруудаад төв засмал замаар явж байхад хар өнгийн приус маркийн машин Номгон 2 дугаар сургуулийн харалдаа зам дээр шон мөргөсөн байдалтай зам дээр хөндлөн байдалтай байсан. Жолооч нь машинаасаа буугаад мөргөсөн хэсгээ хараад сууж байгаа бололтой алхаад явж байсан. Тэгэхэд согтуу байсан юм шиг байсан. Машинаа жолоодоод явахдаа дайвалзаад явахаар нь согтуу жолооч байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгч машины улсын дугаар маркийг хэлсэн...гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 25-05 УНЗ улсын дугаартай “тоёота приус” 30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг 4,32 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг торгох ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, гурван мянга таван зуун / 3500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая таван зуун мянган / 3.500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван мянга таван зуун / 3500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая таван зуун мянган / 3.500.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ