| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2022/00556/И |
| Дугаар | 133/ШШ2023/00022 |
| Огноо | 2023-01-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 133/ШШ2023/00022
| 2023 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 133/ШШ2023/00022 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ж.Х-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ........ сумын Эрүүл мэндийн төвд холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Х, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Б, гэрч Д.М, Л.Б, Д.Д, Д.Л, Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Би ... онд төрсөн. ... настай. Хүний их эмч мэргэжилтэй. Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын шийдвэрээр 2015 онд ..... сумын Эрүүл мэндийн төвд эмчлэгч эмчээр очиж ажилласан цагаас хойш тогтвортой ажиллаж байлаа. Энэ хугацаанд 7 эрхлэгч эмчтэй хамтран ажилласан. Биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас зайлшгүй эмчлүүлэх шаардлага гарсан. Иймээс энэ оны ээлжийн амралтаа авах тухай байгууллагын эрхлэгчээр түр ажиллаж байсан 7 дахь эрхлэгч болох Д.М-д удаа дараа хэлж, эцэст нь өргөдөл бичиж өгсөн. Тус өргөдлийн доод талд чөлөөлж өгөх агуулгатай үг бичүүлж авч (ууц нуруугаар хатгах, хөл өвдөж, доголж биеийн зовуурь их байсан учир аргагүйн эрхэнд бичсэн, манай сувилагч, асрагч, бусад ажилчид мэдэж байгаа) амралтыг маань өгсөн. Эмч байхгүй бол өөрөө ажлаас гарах боломжгүй болно гээд амралт өгөхгүй байсан юм билээ. Биеэ үзүүлж, шинжилгээнүүд өгч, эмч нарын яаралтай эмчлүүл гэж зөвлөснөөр аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцөд учир байдлаа ярихад чөлөө авахад ямар нэг асуудал байхгүй, байгууллагадаа өргөдлөө бичиж өг гэсэн тул үргэлжлүүлэн дотоод журамд заасны дагуу цалинтай болон цалингүй чөлөө авч эмчлүүлэхээр хүсэлтээ бичиж хүргүүлсэн. Шинжилгээнүүд өгч цаашлаад хагалгаанд орох хугацаа товлогдон хүлээж байх хугацаанд намайг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гаргасан байсан. Миний хувьд бие өвдөөд УБ хотод байсан учир энэ асуудлын талаар хөөцөлдөх ямар ч боломж байгаагүй. Д.М нь ...... сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад ....... сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн орон тоо байгааг мэдээд ирсэн боловч удалгүй ажлаа өгсөн. Энэ түр бөгөөд тогтворгүй ажиллах хугацаандаа намайг дуудлаганд явсан хойгуур хурал хийж, өөрийнхөө хийх ёстой дутуу ажлыг нь гүйцээх талаар зааварласны улмаас намайг буруутгасан, ховын шинжтэй асуудал хүртэл ярьж хамт олны дунд таагүй байдал үүсгэж байсан. Байгууллагын үйл ажиллагааг тогтворгүйжүүлж, эмч, тэр тусмаа удирдагч хүнд байж болохгүй ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Би өдөр шөнийг ялгахгүйгээр сумын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тухай бүр нь хүргэн ажиллаж байсан. Жич: шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй. Шийдвэрийг гардаж аваагүй. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл өгөхөд тушаалаа авч ир гэснээр ня-бо Л.О-той утсаар ярьж, хүнээр авахуулсан болно. Гэтэл одоо ажилгүй болсон, том хүү ...-ын оюутан, бага хүү ерөнхий боловсролын сургуулийн ... дугаар ангид сурдаг тул хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, хувцас байрны түрээс, хүнс зэрэг бүхий л хэрэгцээг нь хангах, хэрэглэж байгаа эм тариагаа авах, улмаар банкны зээл төлөхөд хүндрэлтэй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.4, 43.2.4, 43.3, 46.2 дахь заалтыг зөрчиж, намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж хохироосон төдийгүй нэр хүндэд халдсан асуудал тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг үндэслэн холбогдох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч, гомдол гаргаж байна. 2018-2020 онд дотрын мэргэжлээр үндсэн мэргэжил эзэмшээд буцаж тус байгууллагад эргэн очиж ажилласан. Ажиллах хугацаандаа тус байгууллагын эрхлэгч эмч нар солигдох бүрд тэр ажлыг түр орлон гүйцэтгэх мөн ковидын нөхцөл байдалтай үед ард иргэдэд өөрийнхөө биеийг хайрлахгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Том хүүхэд оюутан, бага хүүхэд сургуульд байдаг. Хамгийн гол нь би өвчтэй байсан удаа дараа чөлөө өгөөч гэж танилцуулж байсан. Тэгэхэд чөлөө өгөхгүй байсан. Сүүлд ажилчдын хурал дээр чөлөө авъя гэхэд чөлөө өгөхгүй гэсэн, хууль ёсны амралтаа авъя гэхэд амралт өгөхгүй чи байгууллагаа бодооч гэж хэлсэн. Би хариуд нь өдийг хүртэл ажиллаад ажиллахад хүндрэл бэрхшээлтэй байна гэж хэлээд албан ёсоор амралт авах хүсэлтээ бичиж өгсөн. Энэ хугацаанд эрхлэгч эмчээр ажиллаж байсан хүн ажлаа хийж чадахгүй байна, өргөдлөө бичиж өгч чадахгүй байна гэж хэлсэн. Хамт олны дунд харилцаа хандлагын талаар асуудалтай байна гэж хэлэлцсэн байсан. Ажиллаж чадахгүй байна ажлаа өг гэж дахин дахин дарамталж байсан. Бие өвчтэй байсан учир өргөдөл бичиж өгөөд өргөдлийн дагуу бичүүлж авсан гэв.
3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.Х-н нэхэмжлэлттэй танилцаж, өмнө нь Эрүүл мэндийн төвийн дарга байсан М-тай болсон явдлын талаар асууж тодруулан ярилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. М эмчийг Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхад эмчлэгч эмч хийж байсан Ж.Х эмч нь чөлөө авъя, үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авна гэж амаар хэлсэн байдаг. Хоёр. М дарга нь би ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байгаа тул чөлөө өгөхгүй, ээлжийн амралтаа авч болно гэсэн хариу өгсөн тул Х эмч нь 2022 оны 6-р сарын 08-ны өдрөөс 7-р сарын 5-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа авсан байна. Гурав. Ж.Х эмч нь ээлжийн амралт нь дуусчихаад байхад ажилдаа ирэхгүй байсан тул М дарга нь ярихад би ажилдаа орохгүй ажлаасаа гарна гэсэн мессежийг илгээсэн байна. Тус мессежийг М дарга нь уншчихаад ирж ажилдаа ороо би ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул би үргэлжүүлж ажиллахгүй та ажилдаа ороо гэхэд миний бие өвдөөд байна эмнэлгийн магадлагаа явуулъя гэж хэлсэн байна. Дөрөв. Улмаар Ж.Х эмч нь 2022 оны 7-р сарын 05-ны өдрөөс 09-ний өдөр хүртэл магадлагаа явуулсан бөгөөд 2022 оны 7-р сарын 18-ны өдөр хүртэл ажилдаа ирэхгүй ажлаа тасалсан тул М дарга нь 2022 оны 31 тоот албан бичгээр сум орон нутагт ажиллах эмч дутагдалтай байгаа мөн М миний бие нь ажлаас гарах өргөдлөө өгсөн тул чөлөө өгөх боломжгүй 2022 оны 7-р сарын 20- ны өдөр ажилдаа орохыг мэдэгдсэн байна. Тав. Ж.Х эмч нь албан тоотыг аваад утсаар ярьж би ажилдаа орохгүй ажпаасаа гарна гэж ярьсан бичлэг нь М даргын утсанд бичигдсэн байдаг. Зургаа. Ж.Х эмч нь ажилдаа ирж ороогүй тул 2022 оны 08-р сарын 01-ний өдрөөс ажлаас нь халсан тушаал гарсан байна. Иймд Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан М эмчийг шүүх хуралдаанд оролцуулж, Х эмчээс ажпаасаа гарна гэж ирүүлсэн мессеж болон ажлаасаа гарна гэж хэлсэн бичлэгийг нотлох баримтаар авч Эрүүл мэндийн төвийн дарга байсан М, эмчлэгч эмч байсан Х нарын хооронд үүссэн тус маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би энэ байгууллагад ороод 3 сар болж байна. Энэ хугацаанд Ж.Х эмчтэй ярилцаж үзээгүй. Өмнө нь өөрөө байгаагүй учир юу болсон талаар мэдэхгүй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн ...... сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаар тушаал /хуулбар хувь/,
-Говь-Алтай аймгийн ....... сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаал,
-Эмчлэгч эмчийн албан тушаалын тодорхойлолт /2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр/,
-Ж.Х-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
-2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн нягтлан бодогч Л.О-н гарын үсэг бүхий Эмчлэгч эмч Ж.Х-н цалингийн тооцоо,
-Ж.Х-н цалингийн карт,
-Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эмнэлгийн магадлагаа,
-Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношлогооны лавлагаа төвийн 2022 оны 07 дугаар сарын 18-19-ний өдрийн дүгнэлт,
-ЭХЭМҮТ-ийн амбулаторийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хэт авиан шинжилгээний /эхо/ зургууд, дүгнэлт,
-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шинжилгээний хариу
-Mobio эмнэлэг лабораторийн 2022 оны 08 дугаар сарын 23, 25, 26-ны өдрүүдийн шинжилгээний хариу,
-Mobio эмнэлэг лабораторийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн рентген оношлогооны дүгнэлт,
-2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зүрхний цахилгаан бичлэг,
-эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжилгээний хариу,
-Ж.Х-н амбулаториор эмчлүүлэгчдийн карт.
-MRI болон компьютер оношлогоо бүхий 2 ш сиди.
5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн ............сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/28 дугаар захирамж /хуулбар хувь/,
-Говь-Алтай аймгийн ........сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/21 дүгээр тушаал /хуулбар хувь/,
-Говь-Алтай аймгийн ........ сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаал,
-2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэл хяналтын карт, Б.М-н өргөдөл,
-Говь-Алтай аймгийн .......сумын Эрүүл мэндийн төвийн ёс зүйн багийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл,
-Говь-Алтай аймгийн .......сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл,
-2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэл хяналтын карт, Ж.Х-н өргөдөл,
-Говь-Алтай аймгийн ....... сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаал, уг тушаалын хавсралт,
-ээлжийн амралтын мэдэгдэх хуудас, амралтын цалин бодолт /хуулбар хувь/,
-2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэл хяналтын карт, Ж.Х-н өргөдөл,
-Говь-Алтай аймгийн ....... сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаар албан бичиг,
-Говь-Алтай аймгийн ....... сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 06, 07 дугаар саруудын ажлын цагийн тооцоо,
-мөн Эрүүл мэндийн төвийн цалин олгох хүснэгт,
-Говь-Алтай аймгийн ........сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/15 дугаар тушаал, уг тушаалын хавсралт,
-Ж.Х-н цалин тооцооны хүснэгт,
-Говь-Алтай аймгийн ....... сумын Эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн дотоод журам /2018 он/.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
7.1. Нэхэмжлэгч Ж.Х нь Говь-Алтай аймгийн ....... сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
8. Нэхэмжлэгч Ж.Х нь Говь-Алтай аймгийн ...... сумын Эрүүл мэндийн төвд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эмчлэгч эмчээр томилогдон ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаар тушаал, Ж.Х-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
9. Улмаар Говь-Алтай аймгийн ......сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг үндэслэн Ж.Х-г 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
10. Нэхэмжлэгч Ж.Х нь ...Биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас зайлшгүй эмчлүүлэх шаардлага гарсан. Иймээс энэ оны ээлжийн амралтаа авах тухай байгууллагын эрхлэгчээр түр ажиллаж байсан 7 дахь эрхлэгч болох Д.М-д удаа дараа хэлж, эцэст нь өргөдөл бичиж өгсөн. Тус өргөдлийн доод талд чөлөөлж өгөх агуулгатай үг бичүүлж авч (ууц нуруугаар хатгах, хөл өвдөж, доголж биеийн зовуурь их байсан учир аргагүйн эрхэнд бичсэн, манай сувилагч, асрагч, бусад ажилчид мэдэж байгаа) амралтыг маань өгсөн. Үргэлжлүүлэн дотоод журамд заасны дагуу цалинтай болон цалингүй чөлөө авч эмчлүүлэхээр хүсэлтээ бичиж хүргүүлсэн. Шинжилгээнүүд өгч цаашлаад хагалгаанд орох хугацаа товлогдон хүлээж байх хугацаанд намайг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гаргасан байсан тул ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж мэтгэлцэж байна.
11. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Б нь ...: Ж.Х-н нэхэмжлэлттэй танилцаж, өмнө нь Эрүүл мэндийн төвийн дарга байсан М-тай болсон явдлын талаар асууж тодруулан ярилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ж.Х эмч нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдөр хүртэл магадлагаа явуулсан бөгөөд 2022 оны 7-р сарын 18-ны өдөр хүртэл ажилдаа ирэхгүй ажлаа тасалсан тул М дарга нь 2022 оны 31 тоот албан бичгээр сум орон нутагт ажиллах эмч дутагдалтай байгаа мөн М миний бие нь ажлаас гарах өргөдлөө өгсөн тул чөлөө өгөх боломжгүй 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орохыг мэдэгдсэн байна. Ж.Х эмч нь албан тоотыг аваад утсаар ярьж би ажилдаа орохгүй ажлаасаа гарна гэж ярьсан бичлэг нь М даргын утсанд бичигдсэн байдаг. Ж.Х эмч нь ажилдаа ирж ороогүй тул 2022 оны 08-р сарын 01-ний өдрөөс ажлаас нь халсан тушаал гарсан байна. Би энэ байгууллагад ороод 3 сар болж байна. Энэ хугацаанд Ж.Х эмчтэй ярилцаж үзээгүй. Өмнө нь өөрөө байгаагүй учир юу болсон талаар мэдэхгүй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэж тайлбарлаж байна.
12. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Х нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс Говь-Алтай аймгийн ....... сумын Эрүүл мэндийн төвд эмчлэгч эмчээр томилогдон ажиллаж эхэлснээр зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогчид харилцан маргадаггүй болно.
13. Говь-Алтай аймгийн ........ сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг үндэслэн Ж.Х-г 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
14. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэгч Ж.Х-н 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчид бичсэн өргөдөлд ...Өөрийн эрүүл мэндийн шалтгаанаас цаг алдалгүй яаралтай үзүүлж оношлуулах шаардлагатай тул ээлжийн амралтыг шийдвэрлэж өгнө үү. Мөн ажлаас гарах тухай мэдэгдэж байна... гэжээ.
15. Дээрх хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Ж.Х-д 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралтыг олгосон болох нь Говь-Алтай аймгийн .....сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар 2022 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, уг тушаалын хавсралтаар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргадаггүй болно.
Улмаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч Ж.Х нь эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байсан, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1 сарын чөлөө хүссэн гэх үйл баримт нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, Ж.Х-н өргөдөл, бүртгэл хяналтын карт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Харин энэхүү чөлөө хүссэн өргөдөлд тус Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай албан бичгээр 1. ЭМТ-ийн дарга Д.М миний бие нь ажлаас гарах өргөдлөө өгсөн учраас чөлөө өгөх боломжгүй. Сум орон нутагт ажиллах эмч дутагдалтай байгаа тул, 2. Таны өвчинг нотлох бичиг баримт хангалтгүй байна. Иймд таныг 2022 оны 07 дугаар сарын 20- ны өдрийн 08:30 минутаас ажилдаа орохыг мэдэгдье гэх хариуг хүргүүлсэн, нэхэмжлэгч Ж.Х нь уг хугацаанд ажилдаа эргэн ороогүй тул тус Эрүүл мэндийн төвийн дарга нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар Ж.Х-г 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ...Би энэ хугацаанд хотод үзүүлж байсан... гэж тайлбарлаж байна.
16. Энэхүү ажлаас чөлөөлсөн Говь-Алтай аймгийн ........ сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг нэхэмжлэгч Ж.Х нь эс зөвшөөрч, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
17. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж заажээ.
Иймд Ж.Х-н ажлаас үндэслэлгүй халагдсан гэх агуулга бүхий нэхэмжлэлийг шүүх харьяалан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,
154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргана гэж заажээ.
Нэхэмжлэгч Ж.Х нь түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдэж, шийдвэрийн хуулбарыг хүлээн авсан болох нь гэрч Л.О-н ...эрхлэгч эмч тушаалыг 08 сарын 03-нд өгсөн, би Ж.Х-д 08 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд өгсөн байх. Тухайн үед Ж.Х эмч хотод байсан. Өөрт нь хэлчихээд чатаар зургийг нь явуулсан... гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Х нь шүүх хуралдаанд тухайн шийдвэрийг хэзээ, хэрхэн хүлээж авсан талаар маргадаггүй болно.
19. Нэхэмжлэгч Ж.Х нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан тул нэхэмжлэл гаргаж чадаагүй гэж тайлбарлаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Ж.Х 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, үзлэг шинжилгээ хийлгэж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношлогооны лавлагаа төвийн 2022 оны 07 дугаар сарын 18-19-ний өдрийн дүгнэлт, ЭХЭМҮТ-ийн амбулаторийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хэт авиан шинжилгээний /эхо/ зургууд, дүгнэлт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шинжилгээний хариу, Mobio эмнэлэг лабораторийн 2022 оны 08 дугаар сарын 23, 25, 26-ны өдрүүдийн шинжилгээний хариу, Mobio эмнэлэг лабораторийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн рентген оношлогооны дүгнэлт, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зүрхний цахилгаан бичлэг, эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжилгээний хариу, Ж.Х-н амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ...08 дугаар сарын 25-нд .... хагалгаанд орсон... гэж тайлбарлаж байх бөгөөд Ж.Х-н амбулаториор эмчлүүлэгчдийн картны 24-25 дугаар хуудсанд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ...IX/02-IX/09-ний хооронд 7 хоног хэвтэн эмчлүүлж, мэс засал болон эмийн эмчилгээ хийж биеийн байдал сайжирсан тул зөвлөгөө өгч гаргав... Цаашид харьяа аймгийн эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд үзүүлэх гэх бичилт хийгдэж, дурдсан эмийн эмчилгээний бичилтийг хавсаргасан байна.
Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Ж.Х нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
20. Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-т Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
Ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар зохигч маргаж буй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Учир нь ажлаас буруу халсан тухай гомдол гаргах нь ажил олгогчоос үл хамаарах ажилтны эрх юм.
Нэхэмжлэгч Ж.Х нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар ямар нэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.
"Хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гаргана. Энэхүү хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэдэг.
21. Хэдийгээр нэхэмжлэгч Ж.Х нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй боловч шүүх түүнийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд эмчилгээ, шинжилгээ хийлгэж байсан тул дээрх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж дүгнэсэн болно.
22. Харин 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон өөр бусад хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд шүүх 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн гомдол гаргах хугацааг тоолоход 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргах хугацаа дууссан байна.
23. Гэтэл нэхэмжлэгч Ж.Х нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэл гаргах үед гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна.
24. Шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзсэн учир ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй, уг хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй байх бөгөөд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрт хамааралтай гэх зохигчдоос гаргасан бичмэл нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
25. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Х-н Говь-Алтай аймгийн .......... сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
26. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Ж.Х-д буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Х-н Говь-Алтай аймгийн ........... сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Ж.Х-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ