| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0190/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/212 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000230 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 20 цаг 00 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 8 дугаар багт 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20 цаг 00 минутын үед улаан өнгийн Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг 3,31 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай хүүхдийн найзын аав ээж хоёр нь манай гэрт ирээд тэгээд бид нар 0.75, 0.5 граммын архи уучихаад амарсан тэгээд маргааш нь манай эхнэрийн бие нь өвдөөд бригад дээр ирсэн чинь эхнэрийн уудаг эм бригад дээр байхгүй байхаар нь унаа айгаад унаа олдоогүй тэгээд би дэлгүүр дээрээс нэг машин аймаг явна гэхээр нь тухайн машинтай уулзах гээд дэлгүүрийн гадаа байж байсан чинь цагдаа ирээд намайг шалгаад миний согтолтыг шалгасан чинь миний согтолт 3.31% байсан тэгээд би гэр рүүгээ явсан. Би зүрх муутай хааяа ухаан алдаж унадаг, эхнэр маань хэрх гээд үе мөчний өвчинтэй эхнэрийг маань даруйхан хот явж эмчлүүлэх
ёстой манайх бага насны 3 хүүхэдтэй, би тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсоноо хүлээн зөвшөөрч байна надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү....гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хариуцсан нутаг дэвсгэр буюу Баянхонгор сумын ******* 8 дугаар багт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд оройн 20 цагийн үед бригадын төв болох Энх сондор нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд ******* гэх хүн улаан өнгийн Мустанг 5 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд зогсохоор нь очоод шалгатал тухайн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул цагдаагийн байран дээр авч ирж мотоциклийг нь журамлаад тухайн ******* гэх хүнээс драгер багаж үлээлгэхэд 3,31 хувийн согтолттой байна гэж гарсан юм. Тэгээд тухайн хүнийг шалгаж үзэхэд 2024 оны 12 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож шүүхээр орж 01 жилийн хугацаагаар эрхээ хасуулж, 7 хоног баривчилгаанд явж байсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 16/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/2323 дугаартай шийтгэвэр /хх-ийн 38-42/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2323 дугаартай шийтгэвэр 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20 цаг 00 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,31 хувийн промильтой үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 8 дугаар багт Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон нь гэрч *******ийн өгсөн “...Би 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хариуцсан нутаг дэвсгэр буюу Баянхонгор сумын ******* 8 дугаар багт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд оройн 20 цагийн үед бригадын төв болох Энх сондор нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд ******* гэх хүн улаан өнгийн “Мустанг 5” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд зогсохоор нь очоод шалгатал тухайн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул цагдаагийн байран дээр авч ирж мотоциклийг нь журамлаад тухайн ******* гэх хүнээс драгер багаж үлээлгэхэд 3,31 хувийн согтолттой байна гэж гарсан юм. Тэгээд тухайн хүнийг шалгаж үзэхэд 2024 оны 12 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож шүүхээр орж 01 жилийн хугацаагаар эрхээ хасуулж, 7 хоног баривчилгаанд явж байсан юм...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ний 2323 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20 цаг 00 минутын үед 3,31 хувийн промильтой үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 8 дугаар багт “Мустанг-5” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Харин Шүүх шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил долоон сарын / 02 жил 07 сар / хугацаагаар хасаж, гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил долоон сар / 02 жил 07 сар / сарын хугацаагаар хассан ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ