Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2023/00038

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2023/00038

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч:Т.Б-н нэхэмжлэлтэй

хариуцагч: Д.Д-д холбогдох

өвсний үнэ 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б /цахимаар/, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: өвсний үнэ 3,600,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 2021 оны 01 сарын 06-нд Д.Д нь Говь-Алтай аймгийн өвсний фондын өвсийг цуглуулж байна гэж хэлээд 600 прессийг норд бенз маркийн ... ГАО улсын дугаартай машинд ачиж авч явсан. 1 пресс өвсийг 6,000 төгрөгөөр бодож 3,600,000 төгрөг болсон. Мөнгийг нь 7-10 хоногийн дараа дансаар шилжүүлэг хийнэ гэж хэлээд авч явсан. Өвс авч яваад 1 жил гаруй хугацаа болж байхад өвсний үнийг өгөөгүй, мөн энэ өвс одоо энд муудаж өмхийрөөд байж байна, ав гэж хэлдэг. Одоо нийт 600 пресс өвсний үнэ 3,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Говь-Алтай аймгийн фондод өвс тушаана гэж авсан. Тэгээд жил гаруй болж байхад өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан юм гэв.

3. Хариуцагчийн тайлбар: Иргэн Д.Д би 2021 оны 12 сард Говь-Алтай аймгийн аюулгүйн нөөцийн 100 тонн нарийн ногоон өвсний тендерт оролцож ялан өвс нийлүүлэхээр болсон. Ингээд Төв аймгийн Цээл сум, Ховд аймгийн Мянгад сумаас өвс татахаар болж, Төв аймгаас 2 шланз 1400 боодол нарийн ногоон өвс ирсэн. Гэвч уг тендер нь өвөл өнтэй болж байна гэж Засаг дарга тендерийг цуцалсан учир Төв аймгаас ирсэн өвсийг Эрдэнэ сумын аюулгүйн нөөцөд өгч борлуулсан. Ховд аймгийн ...  сумаас Т.Б-той утсаар ярьж нарийн ногоон өвс авъя гэж тохирсон байсан тул Б нь 600 боодол өвс ачуулсан гэж ярьсан. Өвс ирэхэд би эмнэлэгт хэвтэж байсан тул өвсийг үзэж чадалгүй хашаанд буулгуулсан. Эмнэлгээс гарч ирээд хартал нарийн ногоон өвс биш, дэрс, зэгс, бүдүүн өвс ачуулсан байсан. Тэгээд би утсаар ярьж авахгүй гэж хэлсэн. Нарийн ногоон өвсний гэрээ хийсэн, энэ тэнцэхгүй гэтэл өмнөөс манай энд зарагдаад байгаа өвс, зараад өгөөч гэж хэлсэн. Хариуд нь би борлуулахыг бодъё гэж хэлээд Говь-Алтай аймгийн зар дээр удаа дараа зар тавьж зарах гэсэн боловч ирж үзсэн хүмүүс голоод аваагүй. Энэ өвс зарагдахгүй байна гэж би удаа дараа утсаар ярьж ав гэж хэлсэн. Мөн аймгийн Онцгой байдлын газраас гал түймэр гарч болзошгүй гэж иргэдээс гомдол ирж байна гэж ярин өвсөө склад саванд хийдэг юмуу ав гэж удаа дараа ярьж байсан. Ирсэн 600 боодол өвснөөс ачиж ирсэн жолооч нь тээврийн зардалдаа 80 боодол өвсийг суутган авч 520 боодол өвс манайд буулгасан байсан. 2022 оны 12 сарын эхээр Ховдоос явж байна, Ховдоос ирсэн өвсийг авах гэсэн юм гэж хүн яриад ирж үзсэн боловч энэ маш муу өвс байна, ачиж яваад ч хэрэггүй гэж орхиж явсан. Тэгээд муу өвс өгөөд явуулсан байсан учраас зарагдахгүй одоог хүртэл байж байгаа Иймд 520 боодол өвсөө хүлээж авна уу гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 308 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хуулбар/.

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 308 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,

-Говь-Алтай аймгийн орон нутгийн өмчийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/415 дугаар албан бичиг /хуулбар/,

-гэрэл зургууд,

-ярианы бичлэг бүхий сиди.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Д.Д-д холбогдуулан өвсний үнэ 3,600,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Т.Б нь 600 боодол өвсийг 6,000 төгрөгөөр тооцож, 3,600,000 төгрөг болсон. Өвсийг Говь-Алтай аймаг руу ачуулсан. Мөнгийг нь 7-10 хоногийн дараа дансаар шилжүүлэг хийнэ гэж хэлээд авч явсан. Өвс авч яваад 1 жил гаруй хугацаа болж байхад өвсний үнийг өгөөгүй тул өвсний үнэ 3,600,000 төгрөг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч Д.Д нь ...2021 оны 12 сард Говь-Алтай аймгийн аюулгүйн нөөцийн 100 тонн нарийн ногоон өвсний тендерт оролцож ялан өвс нийлүүлэхээр болсон. Гэвч уг тендер нь өвөл өнтэй болж байна гэж Засаг дарга тендерийг цуцалсан. Ховд аймгийн ... сумаас Т.Б-той утсаар ярьж нарийн ногоон өвс авъя гэж тохирсон байсан тул Б нь 600 боодол өвс ачуулсан гэж ярьсан. Өвс ирэхэд би эмнэлэгт хэвтэж байсан тул өвсийг үзэж чадалгүй хашаанд буулгуулсан. Эмнэлгээс гарч ирээд хартал нарийн ногоон өвс биш, дэрс, зэгс, бүдүүн өвс ачуулсан байсан. Тэгээд би утсаар ярьж авахгүй гэж хэлсэн. Ирсэн 600 боодол өвснөөс ачиж ирсэн жолооч нь тээврийн зардалдаа 80 боодол өвсийг суутган авч 520 боодол өвс манайд буулгасан байсан. Тэгээд муу өвс өгөөд явуулсан байсан учраас зарагдахгүй одоог хүртэл байж байгаа Иймд 520 боодол өвсийг хүлээлгэж өгнө, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

4. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

5. Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Д.Д нар нь 2022 оны 01 дүгээр сард 600 боодол өвсийг нэг боодлыг нь 6,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож нийт 3,600,000 төгрөгийн үнэ бүхий өвсийг Ховд аймгийн ... сумаас Говь-Алтай аймаг руу ачуулсан болохыг талууд хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

6. Харин хариуцагч Д.Д нь нарийн ногоон өвс авахаар тохирсон боловч дэрс, зэгс, бүдүүн өвс ачуулсан байсан тул дээрх өвсийг зарах боломжгүй байсан, мөн ачиж ирсэн жолооч нь тээврийн зардалдаа 80 боодол өвсийг суутган авч 520 боодол өвс манайд буулгасан. Мөнгийг төлөх боломжгүй, харин 520 боодол өвсийг буцаан өгнө гэж маргажээ.

7. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Мөн хуулийн 214 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. гэж заажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б нь ...Аман хэлэлцээр хийгдсэн. Миний өвс Ховд аймагт зарагдаж байсан өвс учраас ачуулж явуулсан... гэж,

Хариуцагч Д.Д нь ...Ноднин нарийн ногоон өвс явуулаарай гэхэд бүдүүн өвс өгөөд явуулсан. Тэрнээс болоод өвс нь зарагдахгүй байгаа. Тендер дээрээ Нарийн ногоон өвс гэж байсан... гэж тайлбарлаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар талууд эд хөрөнгийн чанарын талаар буюу нарийн ногоон өвс худалдан авахаар тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Говь-Алтай аймгийн орон нутгийн өмчийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/415 дугаар албан бичгийн хуулбарт М ХХК-ийн захирал З.Э танаа гэж хаягласан байх бөгөөд уг албан бичигт өвсний шинж чанарын талаар тухайлан заагаагүй, мөн М ХХК нь хариуцагчтай ямар холбоотой болох нь тодорхойгүй, хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул дээрх албан бичгийг нотлох баримтаагүй үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд талууд худалдах худалдан авах гэрээгээр өвсний чанар буюу шинж байдлын талаар харилцан тохиролцоогүй байх тул ердийн зориулалт, ашиглалтад нийцэх, дундаас доошгүй чанартай эд зүйл нийлүүлэх үүрэгтэй байна.

8. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж,

247.2-т Худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагчийн хүсэлтээр өвсийг Говь-Алтай аймаг руу ачуулснаар үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжсэн байна.

Өөрөөр хэлбэл, өвсийг хүлээн авснаас хойш үүссэн хадгалалт, хамгаалалт болон цаашид худалдан борлуулахтай холбоотой эрсдэлийг хариуцагч Д.Д нь хариуцах үүрэгтэй.

9. Хариуцагч нь шүүх хуралдаанд ...Т.Б нь 600 боодол өвс ачуулсан гэж ярьсан. Өвс ирэхэд би эмнэлэгт хэвтэж байсан тул өвсийг үзэж чадалгүй хашаанд буулгуулсан. Эмнэлгээс гарч ирээд хартал нарийн ногоон өвс биш, дэрс, зэгс, бүдүүн өвс ачуулсан байсан. Тэгээд би утсаар ярьж авахгүй гэж хэлсэн. Нарийн ногоон өвсний гэрээ хийсэн, энэ тэнцэхгүй гэтэл өмнөөс манай энд зарагдаад байгаа өвс, зараад өгөөч гэж хэлсэн. Хариуд нь би борлуулахыг бодъё гэж хэлээд Говь-Алтай аймгийн зар дээр удаа дараа зар тавьж зарах гэсэн боловч ирж үзсэн хүмүүс голоод аваагүй. Энэ өвс зарагдахгүй байна гэж би удаа дараа утсаар ярьж ав гэж хэлсэн... гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж,

254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

Талууд анх гэрээг байгуулахдаа нарийн ногоон өвс авахаар тохиролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхгүй байна.

10. Харин хариуцагчийн өвсийг хүлээн авснаас хойш нарийн ногоон өвс биш, дэрс, зэгс, бүдүүн өвс ачуулсан байсан. Тэгээд би утсаар ярьж авахгүй гэж хэлсэн. Нарийн ногоон өвсний гэрээ хийсэн, энэ тэнцэхгүй гэж хэлсэн гэх үйлдэл нь гэрээнээс татгалзах санал байж болох бөгөөд энэ тохиолдолд хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж,

204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч Д.Д нь гэрээнээс татгалзах саналыг хуульд заасан зохих журмын гаргасан болох нь тогтоогдохгүй, түүнчлэн хэзээ хэрхэн татгалзах санал хүргүүлсэн, худалдагч тал гэрээнээс татгалзах хугацааг тогтоосон эсэх нь тогтоогдохгүй байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж зааснаар хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн сидинд /CD/ бичигдсэн утасны ярианы бичлэг нь хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Хариуцагч Д.Д нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Ирсэн 600 боодол өвснөөс ачиж ирсэн жолооч нь тээврийн зардалдаа 80 боодол өвсийг суутган авч 520 боодол өвс манайд буулгасан байсан. Иймд 520 боодол өвсийг хүлээлгэж өгнө... гэжээ.

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж заасан байх бөгөөд талууд тээвэрлэлтийн зардлын талаар тусгайлан тохиролцоогүй байх тул Ховд аймгийн ... сумаас Говь-Алтай аймаг руу өвс ачуулсан тээврийн зардлыг худалдан авагч буюу хариуцагч Д.Д нь хариуцах үүрэгтэй байна.

Тодруулбал, өвс ачиж ирсэн жолоочийн тээврийн зардалдаа суутган авсан гэх 80 боодол өвсний үнийг Д.Д нь төлөх үүрэгтэй байна.

13. Иймд нэхэмжлэгч Т.Б нь 600 боодол өвсийг худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, нийлүүлсэн өвснийхөө үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д-с 600 боодол өвсний үнэ 3,600,000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-с 72,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д-с 600 боодол өвсний үнэ 3,600,000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-с 72,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ