| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0191/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/214 |
| Огноо | 2025-07-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: М.Золбоот,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514003770232 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 5 дугаар сарын 09-ний шөнийн 03 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2275 БНР улсын дугаартай Тоёота марк Экс загварын тээврийн хэрэгслийг 1,05 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хасагт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ удаа мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 05 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагаас Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар тухайн шөнө хяналт шалгалтаар гудамж талбайд үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу "Элбэг" дэлгүүрийн харалдаа урд гудамжны баруун талын үзүүрт 03 цагийн орчимд тухайн үед замын хөдөлгөөнд оролцож байсан 22-75 БНР улсын дугаартай Тоёота марк экс маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* гэгчийг согтуурал шалгах Драгер багаж үлээлгэхэд 1.05 хувийн бүхэлтэй архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд мөн тухайн жолооч нь 2024 оны 05 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул Цагдаагийн газрын гэмт хэргийн бүртгэлд оруулан, тухайн тээврийн хэрэгслийг нь түр саатуулах хашаанд байрлуулсан. ...Тухайн жолооч нь нэг лаазтай пиво уусан гэж байсан. Тухайн үед гурвуулаа явсан, 2 зорчигчтой, нэг эмэгтэй урд суудалд, нэг эрэгтэй хойд суудалд тус тус зорчиж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би *******г танина. Бид хоёр найзын харилцаа хамааралтай. 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *******, *******н найз охин мөн ажлынх нь хүмүүстэй Баянхонгор сумын баруун талын шатахуун түгээх станцын хажууд байх "Арвай" караокед сууж байгаад 05 дугаар сарын 09-ний шөнийн 02 цагийн үед хаагаад гарсан. Тэгээд тэндээс гараад ******* өөрийн марк экс маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хөх толгойд байх 4 замын хойно байх айлд нэг хүн хүргэж өгөөд бид гурав тэндээсээ хойшоо арван мянгат руу ордог нэг овгорын тэнд зогсоод байж байтал цагдаа нар ирсэн юм. Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд журмын хашаанд очсон. Тээврийн хэрэгслийг түр саатуулсан ба *******г драгер багаж үлээлгээд бүхэлтэй гарсан. Хэд гарсныг нь мэдэхгүй байна. ******* нэг лааз 0,5 литрийн пиво уусан. Өөр юм уугаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 12/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЗШ/550 дугаартай шийтгэвэр /хх-ийн 49-52/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 550 дугаартай шийтгэвэр 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 400.000 төгрөгөөр торгуулсан хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 09-ний шөнийн 03 цагийн орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1,05 хувийн промильтой үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2275 БНР улсын дугаартай Тоёота марк Экс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон нь гэрч *******ийн өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагаас Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар тухайн шөнө хяналт шалгалтаар гудамж талбайд үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу "Элбэг" дэлгүүрийн харалдаа урд гудамжны баруун талын үзүүрт 03 цагийн орчимд тухайн үед замын хөдөлгөөнд оролцож байсан 22-75 БНР улсын дугаартай Тоёота марк экс маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* гэгчийг согтуурал шалгах Драгер багаж үлээлгэхэд 1.05 хувийн бүхэлтэй архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд мөн тухайн жолооч нь 2024 оны 05 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул Цагдаагийн газрын гэмт хэргийн бүртгэлд оруулан, тухайн тээврийн хэрэгслийг нь түр саатуулах хашаанд байрлуулсан. Тухайн жолооч нь нэг лаазтай пиво уусан гэж байсан. Тухайн үед гурвуулаа явсан, 2 зорчигчтой, нэг эмэгтэй урд суудалд, нэг эрэгтэй хойд суудалд тус тус зорчиж явсан...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* 2024 оны 05 дугаар сарын 19-ний шөнө согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ний 550 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2024 оны 05 дугаар сарын 09-ний шөнийн 03 цагийн үед 1,05 хувийн промильтой үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2275 БНР улсын дугаартай Тоёота марк Экс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Харин Шүүх шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ