Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Төгс орд капитал ХХК

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мөнхсайхан 

Хариуцагч : Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Батзориг нарын хооронд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд : Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхсайхан, хариуцагч Г.Батзориг нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

1.1. Улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 0001383 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Иргэн Э.Тунгалаг нь Төгс орд капитал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХН-22/0001 дугаар тушаалаар тус компанийн нягтлан бодогч албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад (хавтаст хэргийн 61 дэх тал), 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ажлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг Төгс орд капитал ХХК-ийн захиргаанд гаргажээ (хавтаст хэргийн 40, 82 дахь тал).

2.2. Хожим Төгс орд капитал ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ХН-0046 дугаар тушаалаар иргэн Э.Тунгалагтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тус өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байна (хавтаст хэргийн 39, 62, 81 дахь тал).

2.3. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон тул ажилгүйдлийн тэтгэмж авах болон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэх гомдлыг Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст гаргаж, тус хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Батзориг гомдлыг хүлээн авч (хавтаст хэргийн 35 дахь тал), Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, рашаан 18-3 тоотод байрлах Төгс орд капитал ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

2.4. Ийнхүү улсын байцаагч Г.Батзориг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргагч Төгс орд капитал ХХК-г Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таван зуун нэгж буюу таван зуун мянган төгрөгөөр торгожээ (хавтаст хэргийн 56, 97 дахь тал).

2.5. Дээрх улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг Төгс орд капитал ХХК эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гомдол гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагч Төгс орд капитал ХХК шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ: Иргэн Энхбаатар овогтой Тунгалаг нь гомдол гаргагч байгууллага болох Төгс орд капитал ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 7 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нягтлан бодогч албан тушаал дээр ажиллаж байсан. Тэрээр ажиллах хугацаандаа 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллаж чадахгүй болсон тул 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлт бичин өгч, тэр өдрөөс эхлэн өөрийн эрхэлсэн ажлаа хүлээлгэж өгөлгүй ажлын байраа хаяж явсан бөгөөд өнөөдрийг хүртэл холбогдохгүй байгаа болно.

3.1.1. Гэтэл Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн Э.Тунгалаг гэх хүнээс Төгс орд капитал ХХК нь 2022 оны 07 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх гомдол гаргасны дагуу шалгалт хийсэн ба гомдол гаргагчийн зүгээс тухайн сарынхаа нийгмийн даатгалын тайлангаа харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын байгууллагад илгээж баталгаажуулсан талаар холбогдох бүхий л баримт материалуудыг Мэргэжлийн хяналтын газарт гаргаж өгөхөд Нийгмийн даатгалын байгууллагатай хамтарч ажиллаагүй, татварын төлбөрийг эргэн төлөх график гарган гэрээ хийж ажиллаагүй гэх хуульд байхгүй үндэслэлээр хууль бус шийдвэр гарган гомдол гаргагчийг 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

3.2. Хариуцагч Г.Батзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Батзориг нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Э.Тунгалагаас ирүүлсэн ...Төгс орд капитал ХХК нь миний 2022 оны 6 болон 7 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс болж ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй байна гэх гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, рашаан 18-3 тоотод байрлах Төгс орд капитал ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн.

3.2.1. Шалгалтаар тус газар нь албан хаагчдынхаа 2022 оны 6, 7 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь заалтад Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу таван зуун нэгж буюу таван зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

3.2.2. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төгс орд капитал ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхсайханд дээрх шийдвэрийг танилцуулах, шийтгэлийн хуудас хүлээлгэн өгөхөөр залгасан боловч утсаа аваагүй, та хэзээ ирэх боломжтой талаар асууж зурвас үлдээхэд маргааш өглөө 10 цагт танай ажил дээр очно гэж хариу өгсөн боловч тухайн өдрөө ирээгүй. Иймд шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төгс орд капитал ХХК-ийн албан ёсны хаяг руу шуудангаар илгээсэн.

3.2.3. Төгс орд капитал ХХК-ийн танай шүүхэд гаргасан гомдолд иргэн Э.Тунгалагаас Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст өөрийн 2022 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байна гэж гомдол гаргасан байна гэдэг нь үнэнээс зөрүүтэй байх бөгөөд иргэн Э.Тунгалаг нь манай хэлтэст ирүүлсэн гомдолд 2022 оны 6, 7 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй. Үүнээс болж ажилгүйдлийн тэтгэмждээ хамрагдаж чадаагүй гэсэн байдаг. Энэ нь Төгс орд капитал ХХК-ийн 2022 оны 6, 7 дугаар саруудын нийгмийн даатгалын тайлангаар мөн батлагдаж байна. Мөн дээрх гомдолд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Батзориг нь хуульд байхгүй үндэслэлээр шийдвэр гаргаж торгох арга хэмжээ авсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт үндэслэн арга хэмжээ авч ажилласан.

3.2.4. Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтын тогтоосон хугацаанд гэдэг нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтад Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг тогтоож өгсөн байдаг.

3.2.5. Төгс орд капитал ХХК нь албан хаагчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй үйлдлээс болж гомдол гаргагч Э.Тунгалаг нь ажилгүйдлийн тэтгэмжээ одоо хүртэл авч чадаагүй давхар хохироод байна. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасны дагуу гомдол гаргагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг Төгс орд капитал ХХК-аар гаргуулахаар улсын байцаагчийн албан даалгаврыг мөн хариуцагч байгууллагад хүргүүлсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагч Төгс орд капитал ХХК-аас Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Батзоригт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           2.   Маргаан бүхий 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 0001383 дугаар шийтгэлийн хуудсаар Төгс орд капитал ХХК-г Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-д Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу таван зуун нэгж буюу таван зуун мянган төгрөгөөр торгожээ.

           3. Гомдол гаргагчаас ...Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол... гэж заасан байхад Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан ...тухайн сард... гэж заасан хугацааг дээрх эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаатай адилтган манай компанид торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг нийгмийн даатгалын байгууллага болон шимтгэл төлөгчийн хооронд байгуулагдсан гэрээгээр тогтооно. Манай компани 2022 оны 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын тайлангаа тухайн сардаа багтаан гаргасан тул улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэж, хариуцагчаас ...нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг тогтоох эрх бүхий байгууллага бус хуулийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сардаа багтааж төлнө гэж заасан тул маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

           4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 214-т ...нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заасан.

           5. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тайлбарласан тайлбарт Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ниймгийн даатгалын шимтгэл төлөх хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх ...шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тайлбарласан байна.

           6. Дээрх зохицуулалт, хуулийн тайлбарт дурдсан хуульд заасан хугацаа гэдэг нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу тухайн сараар тодорхойлогдохоор байна.

           7. Гомдол гаргагч нь 2022 оны 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн саруудад багтаан төлөөгүй болох нь эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авах тухай тэмдэглэлд тусгасан ...Байгууллага тухайн хугацаанд мөнгөгүй байсан учраас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал), Төгс орд капитал ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нийгмийн даатгалын байгууллагад төлбөр төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна (хавтаст хэргийн 102-103 дахь тал).

           8. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч Төгс орд капитал ХХК-ийн 2022 оны 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй зөрчлийг хариуцагч зөв тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

           9. Харин гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж буй Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ нь шимтгэл төлөгч нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөөгүйн улмаас хуримтлагдсан өрийг төлж барагдуулахад хугацаа тогтоосон тохиролцоо байх ба харин нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг тогтоосон гэж үзэхээргүй байна.

           10. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/1594 дүгээр Чиглэл хүргүүлэх тухай албан бичигт Монгол Улсын Засгийн газраас цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан ...аж ахуйн нэгж, байгууллагын орлого буурсан, үйл ажиллагаа нь зогссон зэрэг шалтгаанаар нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаандаа төлөөгүй ...шимтгэлийн авлагын хэмжээ нэмэгдэхийн хэрээр нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж олгох санхүүжилт дутагдах, даатгуулагчид тэтгэвэр тэтгэмж авч чадахгүй эрсдэл үүсэж...шимтгэлийн авлагыг барагдуулах чиглэлийг өгсөн бөгөөд уг чиглэлийн дагуу нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстэй 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 226/2022/014 дугаар гэрээг байгуулсан боловч энэхүү гэрээ нь маргаан бүхий шийтгэлийн хуудас гарсны дараагаар байгуулагдсан, үүссэн өр төлбөрийг хуваарь гаргаж төлөхөөр тохиролцсон агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь өмнөх 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хугацааны өрийг дээрх гэрээтэй адилаар байгуулан шийдвэрлэх боломжтой байсан боловч уг боломжоо ашиглаагүй, нийгмийн даатгалын байгууллагаас бидэнд мэдэгдэж гэрээг байгуулах ёстой байсан гэх тайлбарыг хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

           11. Дээрх чиглэл нь нэг талаас ажил олгогчийг дэмжих нөгөө талаас даатгуулагчийн эрх, ашгийг тодорхой тохиолдлуудад хамгаалахад чиглэгдсэн байх ба нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөгчийн хувьд хуульд заасан хугацаанд сар бүр төлж, нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх үүргээс чөлөөлөөгүй, хугацааг нь хойшлуулж тогтоогоогүй байна.

           12. Өөрийн байгууллагад харьяалагдаж буй даатгуулагчийн хуульд зааснаар өөрийн цалингаас суутгуулан төлсөн төлбөрийг суутган төлөгчийн хувьд үүргээ биелүүлж төлөөгүй нь өөрсдийн ажилтан, даатгуулагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эрсдэлийг бий болгосон гэж дүгнэхээр байна.

           12. Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч Төгс орд капитал ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлээ хуульд заасан хугацаанд төлөөгүй гэх зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 214, 16 дугаар зүйлийн 16.1, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн ...2022 оны 09 дүгээр сарын 14-ний Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 0001383 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ