Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 17

 

Д.Л нэхэмжлэлтэй

                                     иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00135 дугаар шийдвэртэй,

  Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багт оршин суух Д. Л хүсэлттэй

  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс

  Цагаатгалын нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б /онлайнаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э /онлайнаар/, прокурор Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Л шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний аав Д. Д нь 1938 онд хувьсгалын эсэргүү байгууллагад элсэж, бусдыг элсүүлж, Ёндон хамбатай холбоотой байж мэдээ дамжуулж сумын төвийг шатаах, тагнуул хийх зэрэг хэргээр буудан алах, хөрөнгийг нь хураах ялаар 1938 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43-45 дугаар зүйлээр, хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Хэргийг хянаад Дээд Шүүхийн цэргийн коллегийн 1984 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар магадлалаар цагаатгасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу нөхөх олговор 80.000.000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай буурай өвөө Д. Д нь 1938 онд хувьсгалын эсэргүүнд элсэж Ёнзон хамбатантай холбоотой мэдээлэл дамжуулсан, сумын төвийг шатаах тагнуул хийсэн гэж 1938 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 42 дугаар тогтоолоор цаазлагдсан. 1989 оны 04 дүгээр сарын 27-нд цагаатгаж байсан. Буудан алах ял, хөрөнгийг хураах ялаар шийтгэгдсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Д. Д нөхөн олговрын 1.000.000 төгрөгийг 1999 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 54 дүгээр шүүхийн шийдвэрээр Д. Л олгосон байдаг. Д. Д нь Завхан аймгийн Жаргалан сумын харьяат, нэхэмжлэгч Д.Л 1999 онд 1.000.000 төгрөгийн нөхөх олговор олгож байсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 2018 оны 01 дүгээр сарын 12-нд Улсын Их Хурлаар хэлэлцэн батлагдсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн 13.2.1 дэх заалтад хамрагдаж 80.000.000 төгрөгийн нөхөх олговор олгуулахаар манайд нотлох баримтаа бүрдүүлээд бүртгэл хийгдэж 2019 оны 01 дүгээр сарын 27-нд Зууны мэдээ сонины дугаарт нийтлэгдсэн. Өдөр тутмын сонинд нийтэлсэн учир нь хэлмэгдэгчийн нөхөх олговор нэхэмжлэх этгээд байгаа эсэхийг тодруулах зорилготой. Нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжлэгч Зууны мэдээ сонинд нийтлэгддэг байгаа гэжээ.

Прокурор Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийг төлөөлж оролцож байна. Нэхэмжлэгч Д.Л гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д. Д гэдэг хүнийг 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн магадлалаар холбогдох хэргийг хүчингүй болгож цагаатган хэрэгсэхгүй болгосон. 1956 оны лавлагаан дээр Дагвуу гэж тодорхой гарч ирж байхад энэ нэр солигдсон тохиолдолд үүнийг залруулах ёстой. Залруулж байж цагаатгалын нөхөх олговортой холбоотой нэхэмжлэлийг гаргах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эд хөрөнгө хурааж буудан алах ял шийтгүүлсэн гэж бичсэн. Хэрэгт орон сууц авсан, аваагүй талаар баримт байхгүй. Иймээс орон сууц авсан байх магадлалтай учир улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2 дугаар зүйлд орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч дараах нөхөх олговрыг авна гэж заасан. Тус хуулийн 13.2.1 дэх хэсэгт улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгохоор заасан байгаа. Тэгэхээр орон сууц авсан, аваагүй талаар тодруулах шаардлагатай. Хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй. Тэгэхээр хэрэгт лавлагаа байх ёстой гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Л хүсэлттэй цагаатгалын нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар хүсэлт гаргагч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: Нэхэмжлэлийг ямар үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй хэсэг нь чухам юу болохыг бид ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 05/3060 дугаартай архивын лавлагаа, 1988 оны 4 сарын 27-ны өдрийн 33 дугаар магадлалын хуулбараар  Доржийн Дагвыг Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн гэж, ЦАУЗБУКомиссын баримтад Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлд зааснаар буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэжээ... гэж зөрүүтэй бичсэн байх бөгөөд гэжээ. Үүний зөрүүтэй бичсэн гэсэн нь Шүүх цаазын бичгийн 43, 45 болон 43, 44, 47 гэсэн нь зөрүүтэй гэсэн үг үү аль эсхүл ...хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн... буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэжээ... гэсэн нь зөрүүтэй гэж үзэж байгаа юм уу. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэж энэ хуулиар тооцох хүн гэсэн хэсэгт 1934 оны Шүүх цаазын бичгийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйл гэсэн байгаад дээрх ...43, 45 болон 43, 44, 47 бүгд багтаж байх юм.

Магадгүй дээрх байгууллагуудаас гаргасан баримт лавлагаа нь буруу зөрүүтэй байгаа тохиолдолд, энэ нь нэхэмжлэлийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай зүйл, нотлох баримт гэж үзэж байвал шүүх хуалдааныг  нэг удаа хойшлуулж энэ асуудлаар тухайн байгууллагаас нэмэлт лавлагаа, нотлох баримт авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж болох байсан.

Түүнд холбогдох эрүүгийн хэргийг Дээд шүүхийн хуралдаанаар хянан хэлэлцээд 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Д цагаатгасан болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 05/3060 дугаартай лавлагаа, УДШ-ийн 1989 оны 33 дугаар магадлал, цагаатгалын үнэмлэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Мөн түүнчлэн Үндэслэх хэсэгт ...хэдийгээр хөрөнгө хураах ялаар шийтгэсэн гэх боловч ямар хөрөнгийг, тухайлбал гэр, хашаа зэргийг хураасан эсэх нь тодорхойгүй байна ... гэжээ.

Бид хэлмэгдэгчийн хөрөнгөө хураалгасан эсэх асуудлаар өөрөөр хэлбэл хураагдсан хөрөнгийн хэмжээ, хэлбэр зэргийг нь нөхөх олговор олгоход тооцож үзэх үү гэж ЦАУЗБУКомиссоос тодруулж асуухад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3 дугаар бүлэг, 9 дүгээр зүйлийн 9.1-д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тогтоогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө, 1998 онд энэ хууль батлагдсанаар эрх зүйн хувьд нэг мөр шийдэгдсэн асуудал гэж хариу өгсөн.

Өмнө нь хэлмэгдэгчийн төрсөн хүүхдийн хувиар нэхэмжлэл гаргаж хуульд заасан 1 сая төгрөгийн нөхөх олговорыг 1999 онд авч байсан. Өмнө нь болон энэ удаа ч нэхэмжлэгчийн зүгээс хураагдсан хөрөнгийн асуудлаар нэхэмжлэл огт гаргаагүй 2018 оны 01 дүгээр сарын 12-нд УИХ-аар батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн 13.2.1 дэх хэсгийн дагуу ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн төрсөн хүүхдийн хувиар нөхөх олговорын мөнгийг нэхэмжилсэн билээ.

Түүнчлэн ...итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь Д.Л орон сууцны дэмжлэг авч байгаагүй гэх боловч хэрэгт Д. Л нь орон сууц авсан эсэх талаар лавлагаа, нотлох баримт байхгүй байгааг дурдах нь зүйтэй... гэсний тухайд ЦАУЗБУ Комиссын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуулбар үнэн гэсэн баримтад ... байр орон сууцны дэмжлэг авч байгаагүй ... гэсэн тэмдэглэл байгааг шүүгч анзаарч үнэлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх үед гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбарыг гүйцэд нухацтай авч сонсоогүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон прокурор ч гэсэн энэ асуудлаар туйлын хайхрамжгүй хандаж хэргийн материалыг бүрэн гүйцэт судлаагүйгээр шүүхэд тайлбар хийсэн юм.

Цаашлаад ... Үндэслэх хэсэгт... Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Л хүсэлттэй цагаатгалын нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна... гээд улмаар ТОГТООХ хэгсийн 1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Л хүсэлттэй цагаатгалын нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг ханаагүй алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтын дагуу, улс төрийн хилс хэрэгт цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн төрсөн хүүхдэд олгох 80 сая төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэгч Д.Л шаардах эрхтэйг нотолж, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хүсэлт гаргагч Д. Л нь хэлмэгдэгч Д. Д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн цагаатгалын нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Д. Д нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 05/3060 дугаартай архивын лавлагаа зэргээр тогтоогджээ.

 

Д.Л нь хэлмэгдэгч Д.Д охин болох нь Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 114/003589 дугаартай “...ДЖ39030506 Хүртэн овгийн Дагвуугийн Лайхан, эцгийн овог нэр Дагвуу, эхийн овог нэр Чойндонгийн Лхамхүү...” гэх 1 дүгээр маягтын лавлагаа, Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03-6/5133 дугаартай “...Завхан аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 29 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Доржийн Дагвуу, 39 настай, эхнэр Чойндонгийн Лхамхүү, 25 настай гэж бүртгэгдсэн...” архивын лавлагаа,

 

Үндэсний төв архивын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 03-1472 дугаартай “...Завхан аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 72 дугаар хуудсанд өрхийн тэргүүн  Д. М эрэгтэй 11 настай, Д. П эрэгтэй 10 настай, Дагуугийн Лайханжав эмэгтэй 4 настай, Ч. Л эмэгтэй 36 настай гэж бүртгэгдсэн...”гэх архивын лавлагаануудаар Д. Д, Д, Д гэж зарим ялгаатай

бүртгэсэн байх боловч оршин сууж байсан газар, эхнэр Чойндонгийн Лхамхүүгийн нэр зөрүүгүй байгаа зэргээс Дагвуугийн Лайхан нь хэлмэгдэгч Доржийн Дагвуугийн хүүхэд мөн бөгөөд 1999 онд түүний паспорт, тухайн орон нутгийн захиргааны тодорхойлолт, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс олгосон лавлагаа, 1944 оны хүн амын тооллогын бүртгэл зэргээр төрсөн хүүхэд нь нөхөх олговор авах хууль ёсны эрхтэй байна гэж дүгнэн Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаар шийдвэрээр 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг авч байсан байна.

Анхан шатны шүүхээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг дор дурдсанаар олгоно” гэж 13.2.1-д “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр, /нөхөр/, эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг” гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж тус тус заажээ.

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Улсын Дээд шүүхийн 1989 оны 33 дугаар магадлалаар  хэлмэгдэгч Доржийн Дагвыг Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн гэж,

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2019 оны 02 дугаар сарын 22.ны өдрийн баримтад хэлмэгдэгч Доржийн Дагвыг “Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлд зааснаар буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэжээ...” гэж зөрүүтэй бичсэн байх бөгөөд хэдийгээр хөрөнгийг хураах ялаар шийтгэсэн гэх боловч ямар хөрөнгийг, тухайлбал гэр, хашаа зэргийг хураасан эсэх нь тодорхойгүй байна.

Мөн Хүсэлт гаргагч Д.Лайхан нь орон сууц авсан эсэх талаарх лавлагаа, нотлох баримт хэрэгт байхгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “..Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй..” гэж зохицуулсан байна.

Дээрх заалтын дагуу шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр суурь баримтлах ерөнхий шаардлага тавигдаж байгаа боловч маргааны зүйл, бодит байдал, талуудын мэтгэлцээнээр тогтоогдохгүй байна гэж шүүх үзвэл хэрхэхийг хуульд зохицуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “...Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захриамж гаргана...” гэжээ.

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргах зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бөгөөд шүүх шаардлагатай нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх боломжийг зохигчдод олгохын тулд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болдгийг дурдах нь зүйтэй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.БАТТОГТОХ

 

                                               ШҮҮГЧИД                              Б.НАМХАЙДОРЖ

 

                                                                                              Т.ЖАРГАЛСАЙХАН