| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2016/00664/и |
| Дугаар | 001/ХТ2016/00664 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2016/00664
Ү.Нарантуяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01207 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 714 дүгээр магадлалтай,
Ү.Нарантуяагийн нэхэмжлэлтэй,
Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагчийн төлөөлөгч П.Амаржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуяг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Би 2004 оны 8 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүрэгт байрлах 117 дугаар цэцэрлэгт туслах багшаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажилд орсон. Тус цэцэрлэгт ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй, байгууллагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан бөгөөд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад өдгөө 17 дахь жилдээ ажиллаж байна. 2014 оны 9 дүгээр сард 67 дугаар сургуулийн үйлчлэгч эмэгтэй над дээр ирж уулзаад хүүхэд цэцэрлэгт оруулж өгөөч гэж гуйхаар нь “би мэдэхгүй ээ, надад ийм эрх мэдэл байхгүй учир чадахгүй” гэж хэлээд буцаасан. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын үед нөгөө ангийн багш н.Рэнцэнханд надтай ярилцан сууж “манай ангид хүүхдийн орон тоо байгаа” гэж хэлэхээр нь би 9 сарын үед 67 дугаар сургуулийн үйлчлэгч эмэгтэй цэцэрлэгт оруулах гэсэн юм гээд хандаж байсныг нь хэлээд, тэр эмэгтэйг н.Рэгзэнханд багштай уулзаарай гэж хэлсэн. Маргааш нь нөгөө эмэгтэй н.Рэгзэнханд багштай уулзчихлаа, болчихлоо гээд хэлээд нөгөө хүүхэд тухайн үедээ цэцэрлэгт хамрагдаад явсан бөгөөд эх нь баярласан сэтгэлээ илэрхийлээд 300 000 төгрөг өгснөөс багш нь 200 000 төгрөгийг аваад надад 100 000 төгрөгийг өгсөн. Би ч баярласан сэтгэлээ илэрхийлсэн гэж бодоод авсан болохоос мөнгө төгрөг шаардаагүй. Гэтэл 2015 оны 9 дүгээр сард нөгөө хүүхдийг ангид нь аваагүй. Учир нь н.Рэгзэнханд багш Солонгос руу явсан бөгөөд өнөөдрийг хүртэл ирээгүй. Тухайн хүүхдийг ангийн бүртгэлдээ бүртгэлгүй, дур мэдэж авсан байсныг мэдээгүй. Тэгээд нөгөө хүүхдийн эхтэй уулзаад н.Рэгзэнханд багштай холбогдтол даргатай ярьж байж асуудлыг шийдвэрлэнэ гэхээр нь тэр хугацаанд эхний ээлжинд хувийн цэцэрлэгт сардаа ч болов явуулчих гээд санаа зовсондоо хүүхдийг Бөмбөөлэй хувийн цэцэрлэгт хамруулж төлбөр 130 000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээний 6.4.5, 6.4.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг баримтлан ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 6.4.5-д “байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн”, 6.4.6 дахь хэсэгт “ямар нэг бүртгэл судалгаа баримт бичгийн үндэслэлгүйгээр дур мэдэж хүүхэд ангидаа элсүүлсэн нь тогтоогдвол” гэж тус тус заасан бөгөөд Ү.Нарантуяа нь ангидаа М.Намуунаа гэдэг хүүхдийг аваагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон байхыг шаарддаг. Гэтэл ийм тогтоогдсон баримт байхгүй. Өмнө сахилгын шийтгэл авсан гэх баримт хэрэгт ирсэн боловч ийм шийтгэл оногдуулж байгаагүй. Дараа нь нөхөж хийсэн байна. Мөн хөдөлмөрийн дотоод журмыг тухай бүрд ажилчдад танилцуулсан гэж тайлбарлаж байх боловч ийнхүү танилцуулж байгаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 1 550 442 төгрөгөөр тооцож гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэх шаардлагаа дэмжиж байна” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч П.Амаржаргалын гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм. Бүртгэл судалгаагүй хүүхэд өвчтэй, чөлөөтэй хүүхдийн оронд авсан тухай эцэг, эхээс ирүүлсэн өргөдлийг үндэслэж түүнийг ажлаас халсан. Энэ өргөдөлтэй түүнийг танилцуулахад буруутай үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас халах тухай мэдэгдлийг 1 сарын өмнө нэхэмжлэгчид өгсөн. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн дагуу цэцэрлэгт хүүхэд элсүүлэх эрх мэдэл зөвхөн цэцэрлэгийн эрхлэгчид байдаг. Гэтэл 2013, 2014 онд Ү.Нарантуяа багш зуучилж, М.Амгаланбаатарыг 17 сар өөрийнхөө ангид, П.Наранбаатарыг н.Дэлгэрзаяа багшийн ангид 15 сар явуулж байсан. Хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 1 650 төгрөг буюу нэг сард 34 650 төгрөг болох бөгөөд үүнийг 32 сараар үржүүлвэл 1 108 800 төгрөг болно. Ү.Нарантуяа багш ийм хэмжээний мөнгөөр улсад хохирол учруулж, бусдаас авилгал авсан авлигын хэрэг байгаа юм. Гэхдээ байгууллагын зүгээс Авилгатай тэмцэх газарт өгч шалгуулалгүй, зүгээр ажлаас нь халсан. Өмнө нь П.Наранбаатар, М.Амгаланбаатар нарыг өвчтэй чөлөөтэй хүүхдийн оронд дур мэдэж цэцэрлэгт авсан үйлдэлд нь 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр сахилгын арга хэмжээ авсан боловч дахин Б.Рэгзэнханд багштай хуйвалдаж, н.Намуунаа гэх охиныг бүртгэл судалгаагүйгээр, өвчтэй чөлөөтэй хүүхдийн оронд явуулахаар дур мэдэн авч, үүнийхээ шанд 300 000 төгрөг охины эцэг, эхээс авч, Б.Рэгзэнханд багшт 200 000 төгрөгийг, Ү.Нарантуяа багш 100 000 төгрөгийг авсан тухай өөрөө ч хүлээн зөвшөөрдөг бөгөөд бусад гэрчүүд ч нотолдог. Нөгөө талаас ингэж дур мэдэж хүүхэд авч байгаа нь өөрөө аюултай үйлдэл юм. Хүүхдүүд цэцэрлэгт орохдоо шээс, цагаан хорхойны шинжилгээ өгдөг. Гэтэл эдгээр 3 хүүхэд шинжилгээ өгсөн эсэх нь хэрэгт нотлогдоогүй. Энэ нь бусад хүүхдүүдэд гэм хор учруулах магадлалтай. Бас эдгээр хүүхдүүд нь өдөр болгон ирээгүй хүүхдийн ор дэр, цагаан хэрэгслийг хэрэглэж байгаа нь халдварт өвчин дамжих эрсдэл дагуулж байгаа юм. Түүний гаргасан зөрчлийн талаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хамт олны хурлаар хэлэлцэж, өмнө нь сануулсаар байтал дахин ийм зөрчил гаргасан учир Ү.Нарантуяаг сахилгын зөрчил удаа дараа гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээний 6.1.5-д заасан “байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн”, 6.1.6-д заасан “ямар нэгэн бүртгэл судалгаа баримт бичгийг үндэслэлгүйгээр дур мэдэж хүүхэд ангидаа элсүүлсэн нь тогтоогдвол ноцтой зөрчилд тооцно” гэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн, сахилгын зөрчил удаа дараа гаргасан, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан. Улсын Дээд шүүхийн тайлбарт сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг нь уг зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргах бөгөөд зөрчил тус бүр тусдаа тогтоогдсон байхыг шаарддаг боловч зөрчил бүрт сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаарддаггүй. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийн 6.1.6-г “ангидаа” гэж заасан учир гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Ангидаа гэдэг нь цэцэрлэгт гэсэн утга давхар байгаа. Мөн байгууллагын дотоод журмын 10.4.9-д захиргааны зөвшөөрөлгүй хүүхэд элсүүлэх, ангид оруулах, шинжилгээгүй хүүхдийг хүлээн авах, өөрийн хүүхэд, ач зээг ангидаа авахыг хориглосон. Гэтэл энэ хүн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан цэцэрлэгийн эрхлэгчийн эрх мэдлийг эдлээд бүртгэл судалгаагүй хүүхэд аваад байгаа учир ажлаас халсан тушаал үндэслэлтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулийг батлуулж, шударга шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн. Тэгэхээр энэ хэргээс шударга шүүх мөн эсэх нь харагдана. Ү.Нарантуяаг ажилд нь эгүүлэн тогтоовол түүнийг урамшуулсан хэрэг болох ба хууль зөрчөөгүй гэж үзвэл түүнийг шагнасан шийдвэрийг гаргах нь зүйтэй байх” гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01207 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ү.Нарантуяаг 117 дугаар цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 467 515 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид 222 950 төгрөг хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 714 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ү.Нарантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Өмгөөлөгч Б.Өлзийбаяр миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 714 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч тал Ү.Нарантуяаг ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.5, 6.4.6 дахь заалтуудыг үндэслэл болгосон байдаг атлаа хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа тушаалд огт дурдаагүй, тушаалын үндэслэл болоогүй маш олон асуудлыг ярьдаг. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шатанд энэ талаар тодорхой дурдаж зөвхөн тушаалд дурдсан үндэслэл, шалтгаан болсон асуудлаар нэхэмжлэлийнхээ шаардлага үндэслэлийн хүрээнд тайлбар нотлох баримтаа гаргаж мэтгэлцсэн. Ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг барьж ажлаас халсныг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Ү.Нарантуяа давтан зөрчил болон ноцтой зөрчил гаргаагүй. Нэгдүгээрт Ү.Нарантуяа сахилгын зөрчил давтан гаргаагүй, хариуцагчийн зүгээс Ү.Нарантуяад өмнө нь огт сахилгын арга хэмжээ авч байгаагүй атлаа ажлаас халсан асуудлаа зөвтгөх үүднээс 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/22 гэх огноо дугаартай тушаалыг нөхөж хуурамчаар үйлдэж шүүхэд гаргаж өгсөн. Ийм тушаалыг ажил олгогчийн зүгээс өмнө нь Ү.Нарантуяад өгөөгүй, танилцуулж ч байгаагүй. Ү.Нарантуяагийн хувьд ийм шийтгэл авах зөрчил дутагдал гаргаж байгаагүй гэдгээ нэхэмжлэлдээ дурддаг. Хоёрдугаар, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд /6.1.6/ “Ямар нэгэн бүртгэл судалгаа баримт бичгийн үндэслэлгүйгээр дур мэдэж хүүхэд ангидаа элсүүлсэн нь тогтоогдвол” гэсэн байгаа. “Ангидаа” гэсэн үг нь тухайн багш нь өөрийн хариуцан ажилладаг анги, бүлэгт гэсэн шууд утгыг агуулж байгааг үл тоож давж заалдах шатны шүүх хариуцагчид ашигтайгаар гуйвуулан тайлбарласныг зөвшөөрөхгүй байна. Гэтэл тушаалд дурдсан н.Намуунаа гэх хүүхэд нь Ү.Нарантуяа багшийн ангид биш н.Рэгзэнханд багшийн ангид явж байсан гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Түүнчлэн гэрчээр оролцсон н.Намуунаагийн эх, эгч Г.Гэрэлсүрэн, С.Гэрэлмаа нараас таны хүүхдийг ангидаа авъя гэдэг эцсийн шийдвэрийг хэн танд өгсөн юм бэ гэсэн өмгөөлөгч миний асуултанд н.Рэгзэнханд багштай уулзахад өөрийн ангидаа авъя гэж шийд өгсөн гэж хариулсан./гэрчийн мэдүүлгээр нотлогдоно/ Түүнчлэн туслах багш өөрийн ангид хүүхэд аваад, эрх мэдлээ хэтрүүлээд байх бодит боломж ч байхгүй юм. Учир нь тухайн анги, бүлгийг хариуцсан үндсэн багш ажиллаж байгаа бөгөөд магадгүй туслах багш эрхээ хэтрүүлээд хүүхэд авах тохиолдолд энэ нь үндсэн багшийн үйлдлээр хязгаарлагдана. Иймд Ү.Нарантуяа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргаагүй гэдэг нь тодорхой байна. Гуравдугаарт ажлаас халсан тушаалын бас нэгэн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 бөгөөд миний зүгээс ийм зөрчил гаргаагүй, эд хөрөнгө хариуцсан ажилтан биш, энэхүү зөрчил гаргасан гэж үзэж халах тохиолдолд хууль хяналтын болон санхүүгийн эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон байхыг хуульчилсан байгаа юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 714 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ү.Нарантуяа нь Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ү.Нарантуяа нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, өмнөх зөрчилд нь сануулах арга хэмжээ авч байсан, ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/45 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, хөдөлмөрийн гэрээний 6.4.5, 6.4.6 дахь заалтуудыг үндэслэн Ү.Нарантуяаг туслах багшийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийг гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.
Ажилтан Ү.Нарантуяагийн гаргасан өвчтэй, чөлөөтэй хүүхдийн нэр дээр 2 хүүхдийг бүртгэл, судалгаагүйгээр цэцэрлэгт элсүүлсэн зөрчилд ажил олгогч нь 2015 оны 06 сарын 04-ний өдрийн Б/22 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 10.4.9-д заасан сануулах арга хэмжээ авсан нь нийт багш ажилтны хурлын протоколд тусгагдсан байх бөгөөд ажилтан энэ талаар гомдол гаргаж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул “...өмнө нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. /хх-19-21/
Ажил олгогч нь туслах багш Ү.Нарантуяагийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/45 тоот тушаалд н.Намуунаа гэх охиныг бүртгэл судалгаагүйгээр, чөлөөтэй хүүхдийн нэр дээр цэцэрлэгт элсүүлж, охины эцэг эхээс 300 000 төгрөг авч, 100 000 төгрөгийг өөртөө авсан үйлдлийг “гэрээнд заасан ноцтой зөрчил” гэж тодорхойлсон бөгөөд Ү.Нарантуяагийн гаргасан энэ үйлдэл гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчээс цэцэрлэгийн захиргаа болон үйлдвэрчний эвлэлд гаргасан өргөдөл зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, зохигчид энэ талаар маргаагүй байна. /хх-26-30,62-81/
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.4.5-д “...ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн”, 6.4.6-д “ямар нэг бүртгэл, судалгаа баримт бичгийн үндэслэлгүйгээр дур мэдэж хүүхэд ангидаа элсүүлсэн нь тогтоогдвол” гэсэн зөрчлийг ноцтойд тооцохоор тохиролцсон ба н.Намуунаа гэх хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхдээ гаргасан ажилтан Ү.Нарантуяагийн үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчил мөн гэж үзэх тул ажил олгогчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/45 тоот тушаалын үндэслэлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Түүнчлэн цэцэрлэгийн үйл ажиллагааны харилцааг шууд зохицуулсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь заалтыг ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалд үндэслэсэн нь хуульд нийцжээ.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.4.6-д заасан “...ямар нэг бүртгэл, судалгаа баримт бичгийн үндэслэлгүйгээр дур мэдэж хүүхэд ангидаа элсүүлсэн нь тогтоогдвол” гэсэн нөхцлийн “...ангидаа...” гэснийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын чиг үүрэг, онцлогийг харгалзалгүйгээр хэт явцууруулан тайлбарлаж, н.Намуунаа гэх хүүхдийг туслах багш Ү.Нарантуяа нь өөрийн ангидаа элсүүлээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн тул шийдвэрийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ү.Нарантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хууль болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс магадлалыг хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 714 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч Ү.Нарантуяа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН