Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 416

 

М.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, Б.Оюунбилэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 641 дүгээр магадлалтай, М.Т-д холбогдох 201525020496 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жавзандулам, Д.Алтантуяа, Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1958 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ын Т нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч М.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч М.Т-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 01 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад М.Т-д ял шийтгэсэн, мөн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хаана, яаж, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Шүүх М.Т-ийг согтуугаар төрсөн дүү М.Э-ыг хоёр удаа хутгалж санаатай алсан гэж үзсэн ч хэргийн материалтай танилцахад шүүгдэгч талийгаач дүүгээ хэдийд, хаана, яаж алсан, гэмт хэрэг гарах гол нөхцөл болох сэдэлт, гэм буруугийн хэлбэр нотлогдоогүй байна. Шүүх гэрч Б.Х, Ж.Б, Т.Г, Н.О, Б.Ч нарын мэдүүлгээр М.Т-ийн үйлдэл тогтоогдсон гэж үзсэн. Гэтэл дээрх мэдүүлгүүдэд М.Т-ийг энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолсон ямар ч зүйл байхгүй, харин ч хамт архи ууж байхад ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Б.Ч “М.Т-ийн биед ил харагдах шарх гэмтэл, хувцас нь цус болсон зүйл харагдаагүй” гэж мэдүүлсэн байдаг. М.Т-ийн биед үзлэг хийхэд тухайн хэрэг болдог өдөр өмссөн хувцастайгаа байсан ба түүний хувцсанд ямар ч цусны толбо илрээгүй бөгөөд гар, биед нь ч цусны толбо байхгүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүнчлэн гэрч Ж.Б-ын “талийгаач бид хоёр архи уусны дараа хамт гараад надаас гутал авсан” гэх мэдүүлэг шүүгдэгч М.Т-ийн “архи уусны дараа тэр гурав гэрээс гараад явсан” гэх мэдүүлэгтэй тохирч байгаа бөгөөд талийгаач гэрээс гараад Ж.Б-аас гутал аваад дараа нь хаагуур явсан, хэзээ гэртээ ирсэн, тэр авсан гутал хаана байсан зэргийг шалгаж тогтоогоогүй байна. Мөн шүүх туршилт хийсэн тухай тэмдэглэлийг энэ хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлсэн нь учир дутагдалтай юм. Учир нь гэрийн үүдний амбаарын доод тал тоосгон дээр байрлаж байсан ба туршилт хийхдээ үүнийг хийлгүй, амбаарыг шууд газар байрлуулсан. Үүнээс үүдэн амбаар хөдлөөгүй, энэ тухай М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно. Хэрэгт цугларсан баримтаар М.Т, М.Э нар хамт байсан нь нотлогдсоноос бус түүнийг өөрийн дүүгийнхээ амь насыг хөнөөсөн гэдгийг нотолсон баримт байхгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, М.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жавзандулам гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх хуралдаан болох өдрийн өмнөх өдрийн 16 цагийн үед шүүх дээр ирж гэрээгээ үзүүлээд хэрэгтэй танилцья, гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хуралдааныг хойшлуулна гэдгээ хэлсэн боловч шүүгчийн туслах нь шүүгч та нарыг хавтаст хэрэгтэй шөнөжингөө танилц, маргаашийн хуралдааныг хойшлуулахгүй гэж хэлж байна гэж шахсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3-т заасан өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон бол шүүх хуралдааныг хойшлуулна гэсэн хуулиар тогтоосон журмыг давж заалдах шатны шүүх зөрчсөн. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглээгүй мөртлөө хэрэглэсэн мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэрч Б.Х-ийн мэдүүлгийг бичихдээ зөвхөн М.Т-ийг буруутгах зорилготойгоор мэдүүлгийг дутуу болон буруу бичсэн. Мөн хашааны хаалга хэн тайлж өгсөн, онгорхой байсан эсэх, хашааны тог хэн тасалсан, гэрт байсан хүүхдүүд кино үзэхээр өөр айл руу орсон эсэх талаар ажиллагаа огт хийгдээгүй байдаг. Магадлалд нотлох баримтаар тооцож дурдсан гэрчүүдийн хэн нь ч М.Т талийгаач М.Э-ыг хутгалж алсан талаар огт мэдэхгүй, хараагүй байдаг. М.Т-ийн хувцас огт цус болоогүй, шинжээчийн дүгнэлтүүдээр ч дээрх байдал тогтоогдоогүй байхад ямар нотлох баримт үндэслэн шүүгдэгчийг хүн алсан хэрэгт холбогдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг огт тогтоож чадаагүй буюу дээрх зүйл, заалтыг хэрэглэхдээ нотолсон мэтээр хуулийг буруу тайлбарласан. Хавтаст хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээс гэрч Ж.Б, Д.М, Б.Ч нарын мэдүүлэг анхны мэдүүлгээс зөрдөг, мөн бусад гэрчүүдийн мэдүүлгээс зөрүүтэй байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсний дагуу дээрх хүмүүсийн мэдүүлэг нотлох баримт болохгүй байхад шүүх Ж.Б, Б.Ч нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, тогтоол, магадлалд дурдсан байдаг. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ”, 2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн заалтуудыг хэрэглээгүй учир давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит үнэнд нийцээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, М.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч М.Т нь уг гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байхад тогтоол, магадлал гаргасан. Хэрэгт эргэлзээтэй, заавал шалгах ёстой дараах нөхцөл байдлууд байгаа. Хохирогч М.Э-ын амь насыг Солонгос кино гарах үеэр тааруулж бүрэлгэсэн нь кино гарах үеэр бүгд гэртээ ордог, гадагшаа гардаггүй цаг хугацааг ашиглаж гэрчгүйгээр алах зорилготой, урьдчилан төлөвлөсөн аллага байсан нь шинжээч эмч М.Э, гэрч Б.Х, Д.М нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Талийгаач хоёр удаа хутгалуулж нас барсан боловч хаана, ямар байдалтай, ямар хувцастай байсан, ямар зэвсгээр уг гэмтлийг учруулсныг нарийвчлан тогтоож чадаагүй байна. Хэргийн газрын үзлэг болон хэрэгт авагдсан зургаас харахад гэр дотор цус маш бага байгаа нь аллага М.Т-ийн гэрт болсон эсэхэд эргэлзээ төрүүлдэг. Шинжээчийн 788 дугаартай дүгнэлтээс үзэхэд цээжний хамгийн гүн хэсэгт нэвтэрсэн шарх нь 2,7х0,3 см байгаа нь цээжний гүнд нэвтэрч орсон иртэй зүйлийн өргөний хэмжээг зааж байна. Гэтэл шинжилгээнд өгсөн М.Т-ийн гэрт байсан цорын ганц хутганы хэмжээтэй огт тохирохгүй байгаа. Талийгаачийн биед учирсан хоёр шархны чиглэлийг шинжээчийн дүгнэлтэд дээрээс доош чиглэлтэй гэж бичсэн байгаа нь хутгалсан хүн нь талийгаачтай тун ойрхон зайд буюу тулсан байдалтай, талийгаачаас бага зэрэг өндөр хүн хутгалсан болохыг баталж байна. Талийгаач хутгалуулсны дараа идэвхтэй хөдөлгөөн хийх боломж муутай гэж шинжээч эмч мэдүүлсэн байхад хоёр гутлаа орны өмнө зэрэгцүүлж тавих, өөрөө орон дээр унтсан мэт гарч хэвтэх, хоёр гараа огт өвдөөгүй мэт цээжин тус газар алгаа доош харуулж зөрүүлж тавих, хоёр хөлөө ачих зэрэг үйлдлүүдийг өөрөө хийх боломжгүй байсан. Эдгээр байдал нь түүнийг гэрийн үүд хэсгээс, эсхүл гадаа хашаанаас оруулж, зөөвөрлөж ирснийг баталж байгаа бөгөөд хэрвээ шүүгдэгч М.Т алсан бол цогцсыг зөөх, цогцос болон гэрийг цэвэрлэх зэрэг үйлдлүүдийг ганцаараа яагаад ч хийж чадахгүй гэдгийг тогтоогоогүй. М.Э-ыг санаатай урьдчилан төлөвлөж амь насыг нь бүрэлгэсэн тод нотолгоо бол хашааны тог тасалсан явдал бөгөөд үүнийг шалгаж тогтоох шаардлагатай байсан. Шүүгдэгч М.Т хэрэг болсон өдөр гэртээ орсноос хойш гэрээс огт гараагүйг гэрчүүд бүгд мэдүүлдэг. Яагаад гэрээс гарахгүй байгаа учир шалтгааныг шалгаагүй. Мөрдөгчид туршилт хийгээд гэр амбаар хоёрын завсраар хүн орох боломжгүй гэх хэргийн бодит үнэнээс зөрсөн хачирхалтай, хариуцлагагүй дүгнэлт гаргасан. Гэр амбаар хоёрын завсраар орсон хүн нь өөрөө гэрчлээд байгаа бодит үнэнийг яах вэ. Хэргийн газраас авсан гэх дрожны хэсэгт цус илэрсэн, бүлгийн харьяалал, ДНК-ийн бүтцийг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн 4135 дугаартай дүгнэлт байдаг. Энэ нь аллага гэрт болоогүйг нотолж байгаа бөгөөд хэрвээ гэрт болон дрожин дээр цус асгарсан бол цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжтой байсан. Учир нь М.Э-ын хувцас, хөнжил дээрх цусны бүлгийг тогтоосон байдаг. Мөн шинжээчийн 4160 дугаартай дүгнэлтээр М.Т-ийн өмсөж байсан хувцас гэх цэнхэр өнгийн бэлтгэлийн цамцны зүүн ханцуй хэсэгт бүдэг хүрэн өнгийн толбо цус байна, бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй, цамцан дээр шүлс илрээгүй нь тогтоогдсон бөгөөд энэ нь М.Т уг гэмт хэргийг үйлдээгүй болохыг нотолж байгаа болно. Хавтаст хэрэгт цугласан гэрчүүдийн мэдүүлгээс гэрч Ж.Б, Д.М, Б.Ч нарын мэдүүлэг зөрүүтэй, өөрсдийгөө хэргийн газар байгаагүй мэт харагдуулахыг хичээсэн, М.Т-ийг дүүгээ алсан мэт харагдуулах сонирхолтой, сэжиг бүхий мэдүүлгүүд өгсөн нь талийгаачийг энэ гурван хүн бүлэглэж алчихаад гэрийг цэвэрлэж, ул мөрийг балласан байна гэх үндэслэл бүхий сэжиг таамаг төрөх нөхцөл байдал үүссэн байхад шүүх анхааралгүй орхигдуулсан. Энэ хэрэгт дараах нөхцөл байдлуудыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Үүнд, Ж.Б-ын өгсөн гэх гутал, хохирогчийн өмсөж байсан өмд гэх цэнхэр джинсэн өмд хаана байгааг тогтоох, талийгаачийг хутгалсан гэх хутганы өргөн, нимгэн зузааныг тогтоох, хэргийн газрын үзлэгээр илэрсэн 2 ширхэг тамхины ишнээс илэрсэн ВIII бүлгийн цустай хүн Ж.Б, Б.Ч, Д.М нарынх байж болзошгүйг тогтоох, гэрч Д.Б, Д.Б нарыг дахин байцаах, гэрч Б.Х-аар таниулах ажиллагааг хийлгэх, түүний мэдүүлсэн шар футболктай хүн нь Ж.Б, Д.М, Б.Ч нар байсан байж болзошгүйг шалгаж тогтоох, тухайн үед гарч байсан Дуулиант он жил гэх кино хэдэн цагт гарч байсныг холбогдох телевизийн байгууллагаас тодруулах, талийгаачийг нас барсны дараа орон дээр зөөж тавьсан үйлдэл хийсэн эсэхийг тогтоох, гудамжны камерын бичлэгийг гаргуулах тухай мөрдөгчийн хүсэлт яагаад биелэгдээгүй болох талаар баримт байхгүй байгааг тодруулах, тог хэзээ, хэдэн цагийн хооронд тасарсан болохыг Цахилгаан хэрэглэгчийн төвөөс тодруулах, тухайн үед байсан хүмүүс болох Ж.Б, Б.Ч, Д.М нарын өмсөж явсан хувцас, мөн гутлын улыг шалгах, хэрвээ М.Т дүүгээ алж, цусанд будагдсан хувцсаа шатаасан бол хэрэг болсон өдөр тухайн цаг хугацаанд тэдний зууханд гал түлсэн эсэхийг тогтоох зэрэг болно. Шүүгдэгч М.Т-ийг нотлох баримтгүйгээр, зөвхөн хамт байсан гэх үндэслэлээр түүнийг гэмт хэрэгт холбогдуулсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Өмгөөлөгч нарын гомдолд дурдсан асуудлыг 3 жилийн хугацаанд шалгасан. Гэрт хийсэн үзлэгээр хураагдсан хутганаас шүүгдэгчийн цус буюу 2 дугаар бүлгийн цус илэрсэн. Шүүгдэгч нь эхний мэдүүлгүүддээ би дүүтэйгээ гахайн толгойг угаана, угаахгүй гэснээс болж маргасан гэж мэдүүлж байгаад сүүлдээ юм санахгүй байна гэж мэдүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Т нь 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-16б тоотод согтуугаар төрсөн дүү М.Э-ын цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт хоёр удаа хутгалж санаатай алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

М.Т-ийн дээрх үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Гэвч хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас илүү хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч М.Т-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “...зарим асуудлыг шалгаж тогтоогоогүй, мөн М.Т төрсөн дүүгээ санаатай алсан нь нотлох баримтуудаар нотлогдоогүй” гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг үгүйсгэсэн агуулгатай гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...эрхгүй” хэмээн тодорхой зааж хуульчилсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр тогтоосон үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жавзандулам, Д.Алтантуяа, Б.Оюунбилэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 641 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жавзандулам, Д.Алтантуяа, Б.Оюунбилэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                   ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН