Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 91

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 

нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн

ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Х.Батсүрэн

                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:         П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0748 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0881 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0748 дугаар шийдвэрээр: Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн  Засаг даргын “Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0881 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

3. Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б-ын гомдлын агуулгад: Нэхэмжлэгчийн маргаж буй 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болгон өөрчилсөн бүртгэлд Нийслэлийн Засаг даргын А/832 тоот захирамжийн 2 дугаар хавсралтаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрэм гэх ямар ч тамга тэмдэггүй, хэн хэзээ, ямар албан тушаалтан хэрхэн баталсан нь тодорхойгүй дүрмийг үндэслэн бүртгэл хийсэн байдаг. Энэ дүрэм нь өөрөө Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 тоот захирамжаар батлагдсан жинхэнэ хавсралт биш, хуурамч гэдгийг хариуцагч байгууллага болон гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг асуудлыг огт анхаарч үзсэнгүй.

4. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт” зэргийг бүрдүүлж өгөх ёстой. Мөн Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримт бичгийг хувийн хэрэг дэх нотлох баримттай тулган хянасны үндсэн дээр бүртгэх чиг үүргээ улсын бүртгэгч болон улсын бүртгэлийн байгууллага хэрэгжүүлж ажиллаагүй. Гэтэл төвийн үүсгэн байгуулагч буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс байгууллагын дүрэм батлах, өөрчлөн байгуулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад байгууллагын өөрчлөлттэй огт хамаагүй, үүсгэн байгуулсан 2013 оны А/109 дүгээр захирамжийг үндэслэн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, гэрчилгээ, тамга шинэчлэн олгосон нь хууль тогтоомжийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, нотлох баримтад үндэслэж, хууль журмын дагуу хөтлөгдсөн байх учиртай. Гэтэл уг маргааны хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дээрх зарчмууд бүхэлдээ алдагдаж, Улсын бүртгэлийн байгууллага бүртгэх явцдаа алдаа, дутагдал гаргасан гэдгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрсөн хэрнээ уг алдаа, дутагдлыг засч, хуулийн хэрэгжилтийг хангах, анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шийдвэр гаргаагүйд гомдолтой.

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй. Шүүх магадлалын хянавал хэсэгтээ “Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх бус харин дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах агентлаг байна, нөгөө талаас нь авч үзвэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар сайд нь зөвхөн өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга, /эрхлэгч, захирал/-ыг томилж чөлөөлөх эрхтэй бөгөөд Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлаг биш байна” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийг зөвхөн тухайн хэлтсийн даргыг чөлөөлөх, томилох асуудлаар маргаж байна гэж дүгнэж, энэ хүрээнд л дүгнэлт хийж буй нь маргаан бүхий харилцааг хэт явцуу байдлаар дүгнэж, нэхэмжлэгчийн хүсэл зоригийг буруу тодорхойлж буйг хяналтын шатны шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Дүүргийн Засаг дарга Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв /хуучнаар/-ийг байгуулж, өөрийн дүүргийн Төрийн сангаас санхүүжүүлж, үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг тул дүрмийн дагуу тухайн төвийн даргыг томилох, чөлөөлөх, байгууллагын бүтэц, орон тоог батлах нь зүй ёсны хэрэг ба нэхэмжлэгчийн уг субъектив эрх зөрчигдсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж буй нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

8. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээх зарчимтай, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв болон орон нутгийн төсөв... зэргээс бүрдэх төсвийн шатлалтай байна. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд халдаж, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамааралгүй агентлаг болох дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргыг томилж, улмаар хууль бус баримт бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь төсвийн шатлалыг зөрчсөн, тус хэлтэст санхүүжилт олгогдохгүй байх нөхцөлийг үүсгэсэн. Дүүргийн Засаг даргын зүгээс тухайн хэлтэст үйл ажиллагааны зардал, санхүүжилтийг шийдвэрлэх тохиолдолд аудитын байгууллагаас Засаг даргын харьяаллын бус байгууллагад төсвийн хөрөнгийг зарцуулсан үндэслэлээр акт, албан шаардлага тавигдах бодит нөхцөл байдал бий болж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн. Сайдын зүгээс байгууллагын бүтэц, орон тоо, санхүүжилтийг батлаагүйн улмаас үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэр, магадлалдаа дурдаж, хуулийг нэг мөр хэрэглэж үндэслэл бүхий дүгнэлт өгөх ёстой байсан.

9. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т тухайн салбарын сайдын бүрэн эрхийг заасан байна. Дээрх зохицуулалтын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь тухайн хэлтсийн даргыг томилж, чөлөөлөхөөс гадна тухайн байгууллагын бүтэц, дүрмийг мөн адил батлах ёстой байхаар хуульчилсан байна. Гэтэл салбарын асуудал хариуцсан сайд зөвхөн тухайн хэлтсийн даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлж, байгууллагын бүтэц, орон тоог батлаагүй нь хуулиар олгогдсон дээрх чиг үүргээ салбарын  яамны зүгээс бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

10. Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс гэж хариуцагчийг буруу тодорхойлсон байгааг хяналтын шатны шүүх залруулж өгнө үү.

11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нэрээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу” захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4 дэх хэсэгт “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн болохоо нэхэмжлэлийн үндэслэлд тусгах” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан үзэхэд нэхэмжлэгч дүүргийн Засаг даргад маргаан бүхий улсын бүртгэлээс шалтгаалан нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй гэж үзлээ.

15. Учир нь хуулийн дээрх шаардлагад зааснаар нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий бүртгэл ямар хууль зөрчсөн талаар нэхэмжлэлийн үндэслэлд заасан боловч Засаг даргаас нийтийн эрх зүйн хүрээнд ямар чиг үүрэг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хэрхэн хүрсэн, энэ байдал нь холбогдох хуультай хэрхэн уялдсан талаар хууль зүйн тодорхой үндэслэл дурдаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс “Сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамааралгүй хэлтсийн даргыг томилж, төсвийн шатлалыг зөрчиж, тус хэлтэст санхүүжилт олгогдохгүй байх нөхцөлийг үүсгэсэн” гэж маргаж байгаа боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдохгүй буюу маргаан бүхий улсын бүртгэлтэй шууд хамааралгүй, төрийн байгууллагын нэр өөрчлөгдсөн байдал, улмаар уг өөрчлөлтийг улсын бүртгэл бүртгэсэн үйлдлээс шалтгаалан тухайн байгууллагын төсөв, санхүүжилт хаагдах хуулийн үндэслэл болохгүй.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь хоёр захиргааны байгууллага хоорондын маргааныг хянан шийдвэрлэхдээ тодорхой хязгаартайгаар буюу нийтийн эрх зүйн чиг үүрэг хэрэгжих боломжгүй үйл баримттай холбогдуулан маргааныг шийдвэрлэх болохоос гүйцэтгэх эрх мэдлийн хүрээний захирах, захирагдах харилцаатай захиргааны байгууллага хоорондын маргааныг хянан шийдвэрлэхгүй тул энэхүү тогтоолын “тодорхойлох” хэсэгт заасан 6-9-д заасан “Сайдын эрхлэх хүрээнд хамааралгүй, байгууллагын бүтэц, орон тоог батлах эрх бүхий этгээд байгууллагын даргыг томилох” тухай агуулгатай гомдол үндэслэлгүй байна.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.9 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох байна. Хуулийн энэхүү заалтад захиргааны байгууллагын нэхэмжлэлийг хангаж болох хоёр урьдчилсан нөхцөлийг заасан, дээр дурдсанаар нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүсээгүй, төсвийн асуудал нь маргаан бүхий улсын бүртгэлтэй шалтгаант холбоогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл зөв болжээ.

18. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо “улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” гэсэн атлаа нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “харьяа байгууллагын даргыг томилох, бүтэц, орон тоог тогтоох, төсөв батлах” зэргээр нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар үндэслэлээ тайлбарлан маргасан, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болгож, нэр өөрчилсөн байдал нь Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг үгүйсгээгүй, хэлтсийн дүрмийг төвийн дүрэмтэй адилтгаж, “Засаг дарга батлах” агуулгаар маргах нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь өөрийн байгууллагын дүрмийг батлах эрхтэй тул Засаг даргын бүрэн эрхэд халдсан гэж үзэхгүй.

19. Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0748 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0881 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                               М.БАТСУУРЬ      

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ