Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/MA2017/0288

 

 

 

 

 

 

 

 

Б.Гэрэлцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хишигбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхнасан нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 145 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Гэрэлцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Э.Болормаад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Болормаагийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг илт хууль болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалыг болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан "Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Болормаагийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Б.Гэрэлцэцэгийг төрийн албанаас чөлөөлөх тухай" Б/158 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Иргэн Б.Гэрэлцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.22-ны өдрийн 145 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэг нь 2014.05.19-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэст статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Болормаа нь 2016.10.28-ны өдрийн Б/159 дугаар тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн байдаг.

Дээрх тушаал гарах үед нь нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэг нь 3 гаруй сартай жирэмсэн байсан. Үүнийг тухайн үед захиргааны актын сонсгох ажиллагааг хийх үеэр хэлсэн байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна" гэсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно" гэсэн хуулийн зүйл заалтад хамаарсан, хуулиар эрх нь хамгаалагдсан, ийм нөхцөл байдалд байсан. Гэтэл Төрийн албан тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалтуудыг ноцтойгоор зөрчиж тушаал гаргаад байгааг хуульд нийцээгүй, илт хууль бус тушаалыг гаргаагүй байна гэж, үзээд энэ хүрээнд хэргийг хянаж, нотлох баримт цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдал бодит байдал дээр байхад үндэслэлгүй хуульд нийцээгүй тушаал гаргасныг эс зөвшөөрсөн, нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хуульд нийцсэнгүй.

Шүүх нэхэмжлэл, түүний шаардлагыг шийдвэрлэхэд хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж хэргийн тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, дүгнэн хэргийн шийдвэрлэхээр хуульд заасан байна.

Гэтэл хэргийг шийдвэрлэх явцад хэрэгт хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад тэдгээр нотлох баримтуудыг хэрэгт авалгүйгээр, хэргийг хэлэлцүүлж, хэлэлцэх ажиллагааны явцад гарч ирсэн нотлох баримтуудыг авахаар шийдвэрлэлгүйгээр, эвлэрэх саналыг удаа дараалан тавьж, эвлэрэх боломжгүй болохоор шууд завсарлаж хэргийг шийдвэрлээд байгаа нь учир дутагдалтай, процесс ажиллагааг зөрчсөн шийдвэрийг гаргасан байна.

Учир нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Болормаа нь шийдвэр гаргах эрх хэмжээгүй, зөвхөн ажил хариуцаж байсан этгээд тушаал гаргасан талаар маргасан. Мөн Төрийн албан зөвлөлөөс маргаан бүхий актыг хянаж үзээд "...удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж, хуулийн хүрээнд томилогдоогүй, Нийслэлийн салбар зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилогдсон. Тийм учраас байгууллагын хүний нөөц, боловсон хүчний хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр гаргах эрх хэмжээгүй байна..." гэж дүгнэсэн.

Энэ хүрээнд маргахад Төрийн албаны зөвлөлөөс тодруулга авах, түүнчлэн УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоол "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ыг, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоол зэргийг эх сурвалжаа болгож, үнэлж дүгнэлгүйгээр томилгоотой холбоотой асуудал нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх асуудалд хамаарахгүй тул дүгнэлт хийхээс татгалзах нь зүйтэй..." гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хүрээнд УИХ-ын 13 тогтоол, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолуудыг хянаж, эх сурвалжаа болгож шийдвэр гаргах нь ач холбогдолтой. Дээрээс нь дээд шатны байгууллагын гаргасан дүгнэлтийг тодруулж нь энэ хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8-р сарын 05-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар Э.Болормааг томилсон тухай захирамжийг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулах авч, илт хууль бус захиргааны акт байна гэж маргасан үндэслэлийн хүрээнд хянах нь чухал ач холбогдолтой байтал, энэ нотлох баримтуудыг авалгүй, Үндэслэх хэсэгтэй баримтлалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Дээрх нотлох баримтуудыг нэг өдөр Э.Болормаа даргын тушаалаар халагдсан иргэдийн маргаантай холбогдох хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан УДШ-ийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д "... "орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой албан тушаалын байр үгүй болсныг ойлговол зохионо" гэж тайлбарласан байна. Эндээс үзвэл нэхэмжлэгчийн ажлын байр үгүй болсон гэж үзэх үндэслэлтэй, чиг үүрэг нь өөрчлөн зохион байгуулагдсан байна гэж дүгнэсэн.

Гэтэл Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар "...нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэгийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэст статистик мэдээ, тайлан хариуцсан ажлыг 2 албан тушаалтны ажлын чиг үүрэгт нь хамааруулсан байгаа. Статистик мэдээ тайлан одоо ч гаргаж байгаа, гэдэг..." тайлбарын хүрээнд тухайн хариуцан ажиллаж байгаа албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт авах шаардлагатай байсан. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт цуглуулах боломжоор хангаач гэхэд хангалгүй, эвлэрүүлэх асуудлыг ярьж, хэргийг иргэний маргаантай адилтган авч үзээд байгаа нь үндэслэлгүй шийдвэр гарах болсон.

Мөн энэ хүрээнд дүгнэлт хийхдээ чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзээд байгаа нь нотлох баримтыг цуглуулалгүйгээр дүгнэлт өгч, ойлгомжгүй дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрээс нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт мөрдөгдөг дотоод журмаар зохицуулсан харилцааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь огт байхгүй болсон мэтээр яриад байгааг тодруулах нь зүйтэй. Энэ хүрээнд хавтаст хэрэгт байгууллагын дотоод журмыг авч, түүнийг хянаж, зохицуулалтыг нь үнэлж дүгнэх нь мөн л чухал ач холбогдолтой байна. Байгууллагын дотоод журмаар ажилтан, албан хаагчийн хөдөлмөрлөх харилцааг зохицуулсан хамгийн чухал, Төрийн албаны маргаанд хамаатай нотлох баримт.

Нэхэмжлэгч анхан шатны шүүх дээр Захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явагдсан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуулийн дагуу хийгдсэн эсэх дээр маргаагүй байхад маргасан болгож ҮНДЭСЛЭХ хэсгийн 1 дэх үндэслэл дээр бичээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч нь актыг сонсгох ажиллагааг хийсэн. Энэ үед жирэмсэн гэдгээ хэлсэн болох нь сонсгох ажиллагааны тэмдэглэл дээр байхад, энэ хүрээнд маргах шаардлагагүй.

Хариуцагч нэхэмжпэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, өөр газар /Аудитын газар/-т ажил санал болгосон үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд энэ нь Төрийн албан тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн. Дээрээс нь уг ажлын байрыг санал болгохоор дуудахдаа нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэгийг "...төрийн албан хаагчийн анкет бөглөж ир гэсэн утга агуулгатай зүйл хэлж, удирдлагын төвшинд уулзалдаагүй, нэг ч удаа дарга Э.Болормаатай уулзаагүй гээд байхад шүүх "...удирдлагын түвшинд ярилцаж, санал тавьсан..." мэтээр дүгнээд байгаа нь хэт өрөөсгөл бодит нөхцөл байдлыг нотлох баримтгүйгээр үнэлж дүгнэсэн байна.

Дээрээс нь 2017.01.18-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Захиргаа санхүүгийн хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний тушаалыг шүүхэд ирүүлж, уг албан тушаалд томилох саналыг өмнө нь огт тавиагүй атлаа тавьж байсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарлан ярьсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотолгоогүй үгийг үндэслэл болгосон. Мөн уг албан тушаалыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр маргаж байгаа н.Насанжаргалд бэлдсэн ажлын байр, түүнд санал болгосон байгаа. Б.Гэрэлцэцэгт тохирох ажлыг бид өөр газарт олж, санал тавьсан.." гээд тайлбарласныг өөр байдлаар бичээд байгаа нь мөн л шүүхийн шийдвэр хуульд нийцсэнгүй, үндэслэлтэй байх зарчимд нийцсэнгүй.

Төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагчийг баталгаагаар нь огт хангалгүйгээр шийдвэр гаргасан байдлыг зөвтгөх нь хууль баримтлахгүй шийдвэр гаргадаг албан тушаалтнуудыг зөвтгөсөн нь хуульд нийцэхгүй байна.

ТАТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" гэж заасан.

Дээрх хуулийн шаардлагын хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс өөрчлөгдсөн бол тус газрын статистик мэдээ, тайлан хариуцсан чиг үүрэг бүхий 2 ажилтанг авахдаа сонгон шалгаруулалтыг явуулсан эсэх, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

Иймд ЗХШХШТ хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах процесс ажиллагааны хүрээнд шүүх хуралдааныг хийлгүйгээр эвлэрлийн асуудлыг урьтач болгож, утсаар нэхэмжлэгчтэй уулзалдаагүй удирдлагуудтайгаа утсаар төлөөлөгчдийг яриулан, нэг сарын цалинг өгөхгүй гэсэн нөхцлийг зөвшөөрөхгүй гэсэн нэхэмжлэгчийг буруутган, ажлын байраар хангасан, эвлэрэх боломжоор хангаад байхад хүлээн аваагүй гэж үнэлж, дүгнээд байгаа нь анхан шатны шүүх хэргийг талаас бүрээс бүрэн бодитой нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргаж чадаагүйн зэрэгцээ хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.22-ны өдрийн 145 дугаар шийдвэрийг ЗХШХШТх-ийн 121 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, үндэслэлтэй шийдвэр гаргах боломжоор хангаж өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Гэрэлцэцэг нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс Статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд түүнийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/158 дугаар тушаалаар байгууллагын бүтэц орон тооны өөрчлөлтийн улмаас эрхэлж байсан ажлын байр хасагдсан гэх шалтгаанаар чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар Б.Гэрэлцэцэгийн өмнө эрхэлж байсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс өөрчлөгдсөн бол тус хэлтсийн статистик мэдээ, тайлан хариуцсан ажлын байр хасагдсан гэх боловч тухайн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” хэмээн маргах бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг чиг үүрэг өөр албан тушаалтнуудад шилжсэн хэмээн тайлбар гаргасан байна.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Тиймээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар батлагдсан бүтцийн нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг шилжсэн гэх Төлөвлөгөө, тайлан, хариуцсан мэргэжилтэн, Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн зэрэг ажлын байрнуудын тодорхойлолт болон байгууллагын дотоод журмыг нотлох баримтаар авснаар нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг хадгалагдан үлдсэн эсэхийг тогтоох нотолгооны ач холбогдолтой байна.

Мөн түүнчлэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын шинэ бүтэц орон тоо батлагдснаас хойш тус байгууллагад шинээр ямар албан тушаалд хэдэн хүн томилогдсон талаарх нотлох баримтуудыг хэрэгт авахуулах нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаж буй үндэслэл болох “... шинээр 20 хүн ажилд авахдаа ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалт явуулаагүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ... гэж заасан” гэснийг тодруулах, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т нийцсэн эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой байна.

Харин Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авах шаардлагагүй байна.

Түүнчлэн, хариуцагчийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох боломжтой гэсэн тайлбартай холбогдуулан хэргийн оролцогчийн санал, тайлбарыг тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эрхийг оролцогчдод тайлбарлах шаардлагатайг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 145 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                      Ц.ЦОГТ