Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/00557

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Б.Азбаяр, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Х.. овогт Б....н Б...,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ..., өөрийн байранд байрлах, регистр ..., Б... ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 650 000 төгрөг гаргуулах, нэр төр сэргээлгэх, хохиролд 11 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Б..., өмгөөлөгч Ш.О..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х..., иргэдийн төлөөлөгч Г.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б... нь хариуцагч Б... ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 650 000 төгрөг гаргуулах, нэр төр сэргээлгэх, 11 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би Б... ХХК-д 2013 оны 2 дугаар сарын 02-ны өдөр анх ажилд орж, өнөөдрийг хүртэл алдаа дутагдалгүй ажиллаж байгаа үүний үр дүнд 780 000 төгрөгийн цалингаас 3 000 000 төгрөгийн цалин автлаа, өсөж дэвшиж ажилласан. Ажиллаж байх хугацаанд удаа алдаа гаргаж байгаагүй, Хөдөлмөрийн сахилга бат давтан зөрчөөгүй, ноцтой зөрчил гаргаагүй, өөрсдөө л өөрөө сайн дураараа ажлаас халагдах өргөдлөө өг гээд ажил хийлгэхгүй байсан.Би тухайн компанид маш сайн ажиллаж байсан гэж үзэж байна.

Гэтэл тус компани нь өөрсдөө дэлгүүрийн цахилгаан барааг үнэ буруулж зарах худалдааны удирдамж гаргачхаад, үүний дагуу худалдаа хийсэн байтал тус компани нь намайг алдаа дутагдал гаргасан, компанийг 11 000 000 төгрөгөөр хохироосон гэж Б... ХХК-ийн захиргаа Б... Групп ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.1.3, Сайшаал шийтгэлийн журмын 6.2.2. заалт зөрчсөн гэж үзэж 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн УЗХ-ын шийдвэрийг тус тус үндэслэн Б... ЭКСПО 2022 оны худалдааны цагийн хямдралтай барааг нэг худалдан авагчид 1 нэр төрлөөс 1 ширхэг зарна гэсэн заалтыг зөрчиж, С... ХХК-д 8 төрлийн 38 ширхэг барааг онцгой хямдралтай үнээр илүү олгож, үүнд дэлгүүрийн ажилтнуудыг татан оролцуулж компанид 11 035 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж ажил гүйцэтгэх чадваргүй гэж үзэж хохирлын 50 хувийг нөхөн төлүүлж албан тушаалаас чөлөөлсөн, анх миний тус компанид өөрийн хүсэл сонирхлоор сайн ажиллах зорилго тавин ажиллаж, 3 сая гаруй төгрөг хүртэл цалин авч ажиллаж байсан нь ажлаа сайн хийж байсны баримт гэж ойлгож байна.

Би тухайн үед зарсан бараанаас хувьдаа авч, ашиглаж алдаа дутагдал гаргаагүй, тухайн байгууллагын санаачилга зөвлөмжөөр, 2022 оны 8 дугаар сарын 06-ны Б... ХХК-ийн худалдааны удирдамжийн дагуу барааг зарсан байхад алдаа гаргасан байгууллага хохироосон гэж үзэж болохгүй гэж ойлгож байна.Мөн 11 035 000 төгрөгийн хохирол байгууллагад огт учруулаагүй.Өглөө бүр ажилдаа очиж ажлаа хийх гэсэн боловч чамайг ажлаас чөлөөлөх тушаал гарсан, чамайг ажил хийлгэхгүй гээд байсан арга тасрахдаа бүртгүүлчхээд байж байдаг байсан.Сайн дураараа ажил хийхгүй байсан зүйл байхгүй.Ийм байдлаар намайг хохироож байгаа.Миний бодлоор миний ажлын байран дээр өөр танил тал хүмүүс оруулах гэсэн санаа гэж ойлгож байна, гомдолтой байна.

 Иймд 2022 оны 8 дугаар сарын 23-ны КМ/016 тоот ажлаас халах тушаалыг хууль бус гэж үзэж, дэлгүүрийн менежерийн үүрэг гүйцэтгэх ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 3 000 000 төгрөгт тооцож, 3 сарын цалин 9 000 000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, компанид учруулсан хохирол гэж төлүүлсэн 650 000 төгрөгийг буцаан авах, нэр төрөө сэргээлгэж, өөрийн нэр төрийг 11 000 000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:Тус компанийн Интернэт дэлгүүрийн менежерийн орон тоон дээр үүрэг гүйцэтгэж байсан Б.Б... нь ажлаас үндэслэлгүй халагдсан тул буцаан томилуулах, энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин 9 000 000 төгрөг, нэр төр гутаасан тул 11 000 000 төгрөг, хохиролд төлүүлсэн 650 000 төгрөгийг үндэслэлгүй гэж нэхэмжлэл гаргасан байна.

Б.Б... нь 2013 оноос хорооллын компьютерын дэлгүүрийн худалдааны зөвлөхөөр анх ажилд орж, дараа нь интернэт дэлгүүрийн компьютерын барааны мэргэжилтэн хийж байгаад 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Б... Интернэт дэлгүүрийн менежерийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан.Харин 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс зарлагдсан Б... Экспо худалдааны үеэр цагийн хямдралтай барааг нэг худалдан авагчид нэг гэсэн удирдамж, анхааруулгыг үл тоож өөрийн удирдлага дор байдаг ажилтнуудыг зохион байгуулж оролцуулан нэг худалдан авагчид 8 нэр төрлийн 38 ширхэг барааг өндөр хямдралтай үнээр санаатайгаар /зарим барааны төлбөр нь орж ирээгүй байхад бүртгэсэн/ зарж компанид 11 035 000 төгрөгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан.Энэ талаар компанийн хяналт шалгалтын нэгжээс шалгалт хийж тогтоосныг Б.Б... хүлээн зөвшөөрсөн байдаг.Энэ дүнг Компанийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд Б.Б...г удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатай зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан байна гэж үзэж олон жил ажиллаж байгааг нь бодолцож албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэж, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн км/011 дүгээр тушаалаар албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шитгэл ногдуулсан.Тушаалаар түүнд Б... дэлгүүрийн худалдааны зөвлөхийн ажлын байр санал болгосон боловч татгалзсан.Харин Б... Интернет дэлгүүрт мэргэжилтэн болж болох тухай хэлсэн.Гэхдээ 2022 оны ээлжийн амралтаа авъя орж ирээд сонголтоо хийе гэсэн тул ээлжийн амралтыг нь олгосон.Харин ээлжийн амралтаас орж ирэхэд нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн км/015 дугаар тушаалаар Б... Интернэт дэлгүүрийн Электрон бараа, компьютерын борлуулалтын мэргэжилтнээр томилсон.

Гэвч Б.Б... нь тухайн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, 2 өдөр өглөө оройд цагаа бүртгүүлчхээд явсан байсан тул хөдөлмөрийн гэрээгээ хийж программын эрхээ нээлгүүлээд ажлаа хий гэдэг шаардлага тавьсан. Түүнээс хойш дахиж ирээгүй ажиллах ажиллахгүй талаар огт хэлээгүй тул түүнийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн км/016 дугаартай тушаалаар ажил тасалсан үндэслэлээр ажлаас халсан.Б.Б... нэхэмжлэлд дурдахдаа экспо худалдааны заавар, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар зөрчөөгүй гэсэн байна. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд албаны имэйлд нь ирүүлсэн удирдамж, заавар, анхааруулгыг бүгдийг нь уншиж танилцсан, мөн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарч байгаа талаарх албан захидлыг компанийн нийт ажилтнууд руу явуулсан байдаг.Компанийн зүгээс ажилтнуудыг ажиллах боломжтой, тааламжтай нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг зорьдог бөгөөд ажилтнуудаас үнэнч, шударга, идэвх зүтгэлтэй, хариуцлагатай ажиллахыг л хүсдэг,

Б.Б... нь дүрэм журам, тушаал заавар зөрчсөн үйлдэл гаргасан нь тодорхой, өөрөө мэдэж хүлээн зөвшөөрч байгаа боловч хариуцлага хүлээж чадахгүй, яах гээд байгаа нь тодорхойгүй нөхцөлийг бүрдүүлж ажилд хүндрэл учруулсан.

Компани Б.Б...д менежер бол өөрийн дор байгаа хүмүүсийг зөв үүрэг даалгавар, удирдамжаар хангаж, сургаж, хөгжүүлэх, урамшуулах үедээ урамшуулдаг, хариуцлага тооцох бол тооцдог хүн байх ёстой байтал удирдлага дор байгаа ажилтнуудаа удирдан компанийн бодлого журам, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохион байгуулалтай зөрчүүлдэг, үүнээс болж ажилтнууд дээрээ сахилгын арга хэмжээ авхуулж, төлбөр тавиулж хохироодог байж таарахгүй талаар олон удаа тайлбарласан.Гэвч Б.Б... үүнийг ойлгоогүй, ойлгохыг хүсээгүй, өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж байгаа.Компани нэгэнт шийдвэрээ гаргаж зохих ажлын байранд томилсон, харин Б.Б... нь хүндэтгэх шалтгаангүйгээр 11 хоног тасалсан тул түүнийг ажлаас халсан.Иймд Б.Б...г ажлаас халсан Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, бүх ажилчдад хуурамч мэдээлэл тарааж  нэр төрд нь халдаагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б... 2022 худалдааны удирдамж, Б... ХХК-ийн захирлын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн КМ/011 тоот тушаал, 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн КМ/022 тоот тушаал, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн КМ/016 тоот тушаалыг шүүхэд өгсөн.

            Хариуцагчаас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б... Групп компанийн хөдөлмөрийн дотоод журам, Сайшаал, шийтгэлийн журам, хөдөлмөрийн гэрээ,  хөдөлмөрийн гэрээнд оруулсан өөрчлөлт, Интернэт дэлгүүрийн менежер Б.Б... 2022 оны 4 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын дүгнэлт, Б... ХХК-ийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн КМ/022 тоот тушаал, 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн КМ/011 тоот тушаал, 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн КМ/015 тоот тушаал, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн КМ/016 тоот тушаал, Б... Сервис ХХК-ийн удирдах зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, Б... интернэт дэлгүүрээс Экспо худалдааны үеэр /2022 оны 6.08-6.14-ны хугацаанд/ цагийн хямдралаар С... ХХК-д хийсэн зөрчилтэй борлуулалтад хийсэн хяналт шалгалтын мэдээлэл, зөрчилтэй борлуулалтаас буцаж ирсэн 36 ширхэг барааг хассанаар гаргасан тооцоо, цагийн хямдрал үзүүлсэн борлуулалтыг шалгасан байдал, сахилгын шийтгэл ногдуулах хуудас, зөрчилтэй борлуулалтаас суутгасан тооцоо, Б.Б..., Б.Х..., Д.Ш.., Б.М.. нарын 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гаргасан өргөдөл, Б.Б...гийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гаргасан өргөдлийг шүүхэд өгсөн./хх 18-19, 29-35, 36-38, 39-41, 42, 43-44, 45, 46, 47, 48, 49-50, 51, 52, 53, 54, 55, 56, 57/

            Хариуцагчийн хүсэлтээр цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн./хх 73-86/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Б... Интернэт дэлгүүрийн менежерийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, хохирол гэж төлүүлсэн 650 000 төгрөг гаргуулна.

Мөн Сайшаал, шийтгэлийн журамд ажилтныг сайшаан урамшуулсан болон сахилгын шийтгэл ногдуулсан Ерөнхий захирлын тушаалыг бүх ажилтнуудад имэйлээр танилцуулахдаа захиргааны арга хэмжээ шийтгэл хүлээсэн ажилтны нэр, харьяаллыг нууцална гэж заасан байхад надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг бүх ажилчдад имэйлээр явуулахдаа миний нэрийг гаргаж явуулсан тул нэр төр сэргээлгэх, өөрийн нэр төрийг 11 000 000 төгрөгөөр үнэлж гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Б.Б... нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б... Экспо худалдааны үеэр удирдамж, анхааруулгыг үл тоож ажилтнуудыг зохион байгуулж оролцуулан нэг худалдан авагчид 8 нэр төрлийн 38 ширхэг барааг өндөр хямдралтай үнээр зарж компанид 11 035 000 төгрөгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан.

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн км/011 дүгээр тушаалаар албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шитгэл ногдуулж, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн км/015 дугаар тушаалаар Б... Интернэт дэлгүүрийн Электрон бараа, компьютерын борлуулалтын мэргэжилтнээр томилсон.

Б.Б... нь тухайн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, 2 өдөр өглөө оройд цагаа бүртгүүлчхээд явсан, ажил хийгээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр 15 хоног тасалсан тул 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн км/016 дугаартай тушаалаар ажил тасалсан үндэслэлээр ажлаас халсан.

Б.Б...д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг журмын дагуу бүх ажилчдад имэйлээр явуулсан, хуурамч мэдээлэл тараагаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б... EXPO 2022 худалдааны удирдамж, Б... ХХК-ийн захирлын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн КМ/011 тоот тушаал, 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн КМ/022 тоот тушаал, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн КМ/016 тоот тушаал,Б... Групп компанийн хөдөлмөрийн дотоод журам, Сайшаал, шийтгэлийн журам, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд оруулсан өөрчлөлт, Интернэт дэлгүүрийн менежер Б.Б... 2022 оны 4 дүгээр сард гүйцэтгэсэн ажлын дүгнэлт, Б... ХХК-ийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн КМ/022 тоот тушаал, 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн КМ/011 тоот тушаал, 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн КМ/015 тоот тушаал, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн КМ/016 тоот тушаал, Б... Сервис ХХК-ийн удирдах зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, Б... интернэт дэлгүүрээс Экспо худалдааны үеэр /2022 оны 6.08-6.14-ны хугацаанд/ цагийн хямдралаар С... ХХК-д хийсэн зөрчилтэй борлуулалтад хийсэн хяналт шалгалтын мэдээлэл, зөрчилтэй борлуулалтаас буцаж ирсэн 36 ширхэг барааг хассанаар гаргасан тооцоо, цагийн хямдрал үзүүлсэн борлуулалтыг шалгасан байдал, сахилгын шийтгэл ногдуулах хуудас, зөрчилтэй борлуулалтаас суутгасан тооцоо, Б.Б..., Б.Х.., Д.Ш.., Б.М... нарын 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гаргасан өргөдөл, Б.Б...гийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гаргасан өргөдөл, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Б... ХХК-ийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Дэвшүүлэн томилох тухай” км/022 дугаар тушаалаар Б.Б...г Б... Интернэт дэлгүүрийн менежерийн үүрэг гүйцэтгэгчээр 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн томилж, 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна./хх 11, 39-42/

Б... ХХК-ийн захирлын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” км/011 дүгээр тушаалаар Б... Интернэт дэлгүүрийн менежерийн үүрэг гүйцэтгэгч Б.Б...д албан тушаал бууруулах шийтгэл ногдуулж, компанид учирсан хохирлын 50 хувийг Б.Б...гээр төлүүлэх, Б.Б...д Б... М...ын компьютерын дэлгүүрийн худалдааны зөвлөхийн ажлын байрыг санал болгож шийдвэрлэсэн байна./хх 10/

Б... ХХК-ийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн ”Ажилд томилох тухай” км/015 дугаар тушаалаар Б... Интернэт дэлгүүрийн менежерийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Б...г албан тушаал бууруулж, тус дэлгүүрийн Электрон бараа, компьютерын борлуулалтын мэргэжилтний албан тушаалд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс томилсон байна./хх 47/

Б... ХХК-ийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Ажлаас халах тухай” км/016 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, дотоод журмын 12.14.14-т заасныг үндэслэн Б.Б... нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 22-ны өдрийн дуусталх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй тул 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон захиргааны санаачилгаар ажлаас халсан байна./хх 12/

Б.Б..., Б.Х..., Д.Ш.., Б.М... нар 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Б... Сервес компанийн захиргаанд гаргасан өргөдөлдөө: “Б.Б... би 2013 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Интернэт дэлгүүрийн менежерийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллах хугацаандаа төлөвлөгөөг давуулан биелүүлж ажилласан. Интернэт дэлгүүрийн ажилчид шинээр бүрдээд удаагүй байгаа бөгөөд 2022 оны 6 сард Б... Expo худалдаагаар компанидаа хохиролтой гэдгийг мэдэлгүй хэт борлуулалт хийх гэж 11 сая төгрөгийн хохиролтой борлуулалт хийж удирдлагуудын итгэлийг алдсандаа харамсаж, уучлал гуйж байна. С... ХХК-ийн худалдан авсан 11 сая төгрөгийн хохиролтой 46 ширхэг бараа Баян-Өлгий аймагт тухайн байгууллагын агуулахад бүрэн бүтэн, тээврийн зардлаа шийдээд буцааж авч болно гэсэн хариу өгсөн.Интернэт дэлгүүрийн ажилчид 11 сая төгрөг маш их мөнгө өөрсдөө барагдуулахад их хугацаа орох бөгөөд 46 ширхэг барааг буцаан авах боломж байгаа тул Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хүртэл тээвэрлэх зардлыг Интернэт дэлгүүрийн ажилчид бүрэн хариуцан Б... компаниа хохиролгүй болгон алдаагаа засах хүсэлтэй байна” гэжээ./хх 56/

Б.Б... 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Б... компанийн Захиргаа, хүний нөөцийн газарт гаргасан өргөдөлдөө:”Би 2013 оны 2 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл алдаа дутагдалгүй үнэнч шударга ажиллаж байна, 2022 оны 7 дугаар сарын 1-нд Б... Сервес компанийн Захиргаа, хүний нөөцийн газрын даргын санал болгосон Б... М...ын компьютерын дэлгүүрийн худалдааны зөвлөхийн ажлын саналыг би хүлээн авах боломжгүй байна.Биеэр эдлэх ээлжийн амралтаа тушаалын дагуу 7 сарын 18-ны өдрөөс эдлэх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ./хх 57/

Б.Б... 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б... Сервес компанийн захиргаанд гаргасан өргөдөлдөө:”Би 11 сая төгрөгийн хохиролтой барааг бүрэн бүтэн буцаан авч, тээврийн зардал 1 700 000 төгрөгийг өөрөө төлөн Б... компанийг хохиролгүй болгосон.Иймд тушаал бууруулах шийдвэр хэт хүнд тусаж байгаа тул 10 жил үнэнч ажилласныг минь бодож тушаал бууруулахгүйгээр зохих сахилгын шийтгэл оноож шийдвэрлэж өгнө үү” гэжээ./хх 47/

Дээрх нэхэмжлэгчийн байгууллагадаа гаргаж байсан өргөдлүүд, Сахилгын шийтгэл ногдуулах хуудас зэрэг баримтуудаас үзэхэд Б.Б... нь 2022 оны 6 сард болсон Expo худалдаагаар 11 сая төгрөгийн хохиролтой борлуулалт хийсэн, улмаар хохирлыг барагдуулах тухайгаа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү үйлдэлд хариуцагч байгууллага нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч нь Б... ХХК-ийн захирлын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” км/011 дүгээр тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй, мөн ажил олгогчийн санал болгосон Б... Мегасторын компьютерийн дэлгүүрийн худалдааны зөвлөхийн ажлыг хийгээгүй болох талуудын тайлбараар нотлогдож байна.

Зохигч талуудын хооронд хийгдсэн Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, эсхүл ажил олгогчоос урьдчилан бичгээр болон цахим хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байна./хх 39-41/

Б... Групп Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.14.14-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, эсхүл ажил олгогчоос урьдчилан бичгээр болон цахим хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас хална гэж заасан байна./хх 27-35/

Иймд Б.Б...гийн Б... Интернэт дэлгүүрийн менежерийн үүрэг гүйцэтгэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, хохирол гэж төлүүлсэн 650 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах шаардлага нь үндэслэлгүй байна.

Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, уг мэдээ нь бодит байдалд нийцэж байгааг тараасан этгээд нь нотолж чадахгүй бол эдийн бус гэм хорын хариуцлага хүлээдэг байна.

Гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэнийг хууль болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг дордуулсан байхыг ойлгодог.

Ажил олгогч нь ажилтныг сайшаан урамшуулсан болон сахилгын шийтгэл ногдуулсан Ерөнхий захирлын тушаалыг бүх ажилтнуудад имэйлээр танилцуулахдаа захиргааны арга хэмжээ шийтгэл хүлээсэн ажилтны нэр, харьяаллыг нууцална гэж заасан байхад миний нэртэй тушаалыг ажилтнуудад имэйлээр танилцуулж, нэр төрийг гутаасан мэдээ тараасан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.

Хариуцагч байгууллага нь Б... ХХК-ийн захирлын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б... Интернэт дэлгүүрийн менежерийн үүрэг гүйцэтгэгч Б.Б...д албан тушаал бууруулах шийтгэл ногдуулж, компанид учирсан хохирлын 50 хувийг Б.Б...гээр төлүүлэх, Б.Б...д Б... М...ын компьютерийн дэлгүүрийн худалдааны зөвлөхийн ажлын байрыг санал болгож шийдвэрлэсэн км/011 дүгээр тушаалыг ажилтнуудад имэйлээр танилцуулсныг нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэр төр сэргээлгэх, нэр төрийг гутаасан хохиролд 11 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Б...гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн шаардлага зөв” гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлгүй тул Б... Интернэт дэлгүүрийн менежерийн үүрэг гүйцэтгэх ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 9 000 000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, компанид учруулсан хохирол гэж төлүүлсэн 650 000 төгрөгийг буцаан гаргуулах, нэр төрөө сэргээлгэж, хохиролд 11 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Б...гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        З.ДОРЖНАМЖИН

 

                      ШҮҮГЧИД                                         Б.АЗБАЯР

 

                                                                                Ж.КУЛЬДАНА