Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/127

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтөлж, улсын яллагч А.Эрдэнэдэлгэр, шүүгдэгч М.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****У холбогдох эрүүгийн 2531001270120 дугаартай, 316/2025/0108/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, баяжуулахын оператор мэргэжилтэй, “***” ХХК-д барилгын туслах ажилтан, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, /4, 2 настай/ Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ****тоотод оршин суух хаягтай,

урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ****, (РД:М****);

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч М.******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн *** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Toyota prius-20” маркийн **** дугаартай тээврийн хэрэгслийг 2.52 хувийн согтолттой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг дахин үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.******* нь жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн *******  сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт  ******* улсын дугаартай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 2.52 хувийн согтолтын зэрэгтэйгээр жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг дахин үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.*******ыг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй. Сарын цалин 2,400,000, тэтгэмж 689,000 төгрөг болно. Сэтгэл санаа тиймхэн байсан юм. Бид хоёр жоохон муудалцах болгонд аав, ээж гэрийнхэн нь ирээд аваад явчихдаг юм. Баруун талын нүд хараагүй болсон 70 хувьтай группт байдаг. Ажил хөдөлмөр хийдэг залуу хүн тул 50 хувиар тогтоогоод өгөөч гэж эмчээс гуйсан тул 50 хувиар тогтоосон” гэжээ[1],

2.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сумын төвийн баруун хорооллын уулзварын  дэргэд тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцад ******* улсын дугаартай цагаан өнгийн “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгсэл урд замд хөдөлгөөнд оролцоод явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь сумын эрүүл мэндийн уулзвараар зүүн эргээд “Жаргалант” дэлгүүрийн хажууд зогссон. Би хажуугаар нь зөрж өнгөрөх явцдаа хартал машины дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой хүн зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгслийн ойролцоо зогсоод ажиглаад зогсож байтал “***” дэлгүүрээс согтуурсан шинжтэй 2 хүн дахин гарч ирсэн. Цагаан цамцтай, нүдний шилтэй 30 орчим насны насны хүн буугаад дэлгүүр орсон. Удалгүй хоёр хүн гарч ирээд цагаан цамцтай, нүдний шилтэй 30 орчим насны залуу ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны ард суухад нь би очиж шалгасан. Илт согтуурсан байсан учир хэсгийн төлөөлөгчийг дуудаж, тухайн тээврийн хэрэгслийг хэсгийн төлөөлөгч дуудаж хэсэг дээр авчирсан. Жолооны ард суусан нүдний шилтэй, цагаан цамц өмссөн залууг согтуурал шалгах багажаар шалгахад 2.52 хувийн согтолттой гэж заасан. Ингээд тээврийн хэрэгслийг нь  цагдаагийн хэсгийн гадна цоожилж үлдээгээд тэдгээр хүмүүсийг явуулсан. Согтуурлаа шалгуулсан залуугийн регистрийн дугаарыг нь  асууж тээврийн  хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг нь шалгахад Мэнд-Амар овогтой *******, ******* регистрийн дугаартай, Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 21-159 тоотод оршин суух хаягтай, тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2 жил хасагдсан гэсэн мэдээлэл гарч ирсэн” гэх мэдүүлэг[2];

3.Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумаас ******* сум руу тээврийн хэрэгсэл жолоодоод явахдаа дэлгүүрээс 2 ширхэг лаазтай пиво аваад явсан. ******* сум руу явахдаа 1 лааз пиво уусан. ******* суманд ирээд дэлгүүрээс ус, ундаа авч гарч ирээд буцаад ******* сум руу явах гэж байхад цагдаа намайг зогсоож шалгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа гэдгийг маань мэдсэн. Би Өмнөговь аймагт жолоо барьж яваад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн үндэслэлээр жолоодох эрхээ 1 жилийн хугацаанд хасуулсан. Эрхгүй байх хугацаандаа дахин Дархан-Уул аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж, 6 сарын хугацаанд зорчих эрхээ хязгаарлуулж гав зүүсэн. Үүний дараагаар ******* суманд цагдаад баригдсан юм” гэх мэдүүлэг[3];

4.Согтуурал шалгасан тэмдэглэл[4], 5.Физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар[5], 6.Лавлагаа авсан тухай тэмдэглэл[6], 7.Жолоочийн лавлагаа[7], 8.Иргэний үнэмлэхийн хуулбар[8], 9.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар[9], 10.Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол[10], 11.Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол[11], 12.Хувийн баталгаа[12], 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Иргэний үнэмлэхийн лавлагаа[14], 15.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[15], 16.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[16], 17.Шийтгэх тогтоолын хуулбар[17], 18.Урьд зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл[19], 20.Жолоочийн лавлагаа[20] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хүн, хуулийн этгээдэд хохирол, хор уршиг учраагүй. Бага насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, нүдний хараа 50 хувийн группт байдаг байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 зааснаар 385 хоног дээр 397 хоногийг нэмж нэгтгэн эрх хасах ялыг тогтоож өгнө үү” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эхнэр салаад хаяаад явсан, 4, 2 настай хоёр хүүхдийн хамт амьдардаг, хүүхдүүд одоо аав, ээж дээр байдаг, нүдний хараа 50 хувийн группт байдаг” гэсэн мэдүүлгийг өгсөн боловч хавтаст хэрэгт өрх толгойлсон ганц бие эцэг болохыг тодорхойлсон тухайн сум, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комиссын групп тогтоосон нотлох баримт авагдаагүй, шүүх гагцхүү нотлох баримтад үндэслэн шийдвэрийг гаргадаг тул түүний хувийн нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шийтгэлээс эдлээгүй үлдсэн 397 хоног эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял 2 жилийг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2 жил, 397 хоногоор тооцож, хасч, энэ талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 397 хоногийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй. Шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шийтгэлээс эдлээгүй үлдсэн 397 хоног эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял 2 жилийг нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2 жил, 397 хоногоор тооцож, хасч, энэ талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 397 хоногийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 622-23дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 12 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 28 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[13]  Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас

[18] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас

[20] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас