Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

              Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

             Шүүгдэгч А.Ж**********ил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10  дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Ж**********илд холбогдох эрүүгийн 2538000000337 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн, Зүүн Хариад овогт А.Ж**********ил, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Х****л аймгийн Ши*******эр суманд төрсөн, ** настай, э****й, б****гүй, мэргэжилгүй, ма***н ажилтай, ам бүл ** э****йн хамт Х***л аймгийн М***н сумын ** дүгээр баг ** дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай, одоо Х****л аймгийн Т***эл сумын “Ү***т” гэх газар  түр оршин суудаг, улсаас явсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,  хэрэг хариуцах чадвартай, регистрийн /************/ дугаартай.

              Холбогдсон хэргийн талаар 

             Шүүгдэгч А.Ж**********ил нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1369 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн М****н сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар улсын дугааргүй М****нг загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн  2538000000337  дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.Ж**********ил нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/1369 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн М****н сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт   М*****нг улсын дугааргүй тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.Ж**********илын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 15 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14 тал/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/1369 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 16-18 тал/,

Шүүгдэгч  мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Ж**********илын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 20** оны ** дугаар сарын***-ний өдөр  О***ны ****гэх газарт хүмүүстэй баяр наадам болж байна гээд нэг архи  хувааж уусан юм. тэгээд тэндээсээ би гэртээ харих гээд ганцаараа явж байсан чинь  манай 9 дүгээр хорооны арын уулзвар дээр цагдаа зогсоогоод  намайг шалгах үед 0.47 хувь байсан. Миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ: “...Шүүгдэгч А.Ж**********ил нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1369 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн М***н сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй М***нг загварын тээврийн хэрэгслийг 0.47 хувийг согтолттой согтуугаар жолоодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   А.Ж**********илд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10  дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх санал дүгнэлтийг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт  өмгөөлөгч Н.Баттөмөр: “...А.Ж**********ил нь 2025 оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн М****н сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй М****г загварын тээврийн хэрэгслийг 0.47 хувийг согтолттой согтуугаар жолоодсон гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Миний үйлчлүүлэгч 3 хундага архи татсан. Хонийг нь хардаг хүнээ төв рүү оруулж өгөх гэж байгаад баригдсан гэсэн асуудал дурдаж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тусгай багажаар шалгахад 0.47 хувь буюу маш бага хэмжээтэй хэрэглэсэн байна. Миний үйлчлүүлэгч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэсэн боловч өөрөө хаана байсан нь тодорхойгүй алга болсон учир хаягаар нь хайж очсон байхгүй байсан. Сар гаран хугацаа алга болсон. Өчигдөр шүүх рүү шилжсэн асуудлыг мэдсэн.  Сарын өмнө хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан боловч өнөөдөр бие биеэ харж байна. Миний үйлчлүүлэгч оршин суух хаяг нь тодорхой бус тогтоогдохгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа...” гэр санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Ж**********ил болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/1369 шийтгэврийн хуулбар, жолоочийн лавлагаа мэдээлэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ж**********илын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч  А.Ж**********ил нь  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/1369 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн М****н сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт М****нг улсын дугааргүй тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  жолоодсон гэм буруутай нь нотлогдож байна.  

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

           Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.  

           Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч А.Ж**********илын үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илэрдэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.

           Тодруулбал: шүүгдэгч А.Ж**********ил нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодож замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тээврийн хэрэгсэл  жолоодох эрхээ хасуулсан хүн  гэж согтуурсан, мансуурсан  үедээ  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ  хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

           Шүүгдэгч А.Ж**********ил нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ түүний амьсгал дахь спиртийн агууламж (0.47) хувийн промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас драгер багажаар шалган тогтоож, шүүгдэгчийн  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/1369 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хассан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна.

             Шүүгдэгч А.Ж**********ил нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан “тээврийн хэрэгсэл  жолоодох эрхгүй хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  А.Ж**********илыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч А.Ж**********илын гэм буруутай үйлдлийн улмаас хэн нэгэнд хохирол учраагүй байх тул шүүгдэгч  А.Ж**********илыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч А.Ж**********илын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Ж**********илыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдаад,  А.Ж**********илд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10  дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Сар гаран хугацаа алга болсон. Өчигдөр шүүх рүү шилжсэн асуудлыг мэдсэн.  Сарын өмнө хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан боловч өнөөдөр бие биеэ харж байна. Миний үйлчлүүлэгч оршин суух хаяг нь тодорхой бус тогтоогдохгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10  дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сараас 3 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэсэнтэй дүйцүүлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх хүсэлттэй байна. Энэ хүний хувьд бичиг үсэг мэдэхгүй. Хуулийн шийдвэрийг ойлгохгүй хэмжээнд байдаг. Зорчих эрх хязгаарлах ялыг зөрчих юм бол энэ хүний хувьд эрх зүйн байдал дордох болж байгаа учир хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү...” гэв.

              Шүүгдэгч А.Ж**********илын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Ж**********илд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Ж**********илыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авах нь зүйтэй гэж дүгнэв. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж**********ил нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.

  Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.Ж**********илд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Ж**********илд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч А.Ж**********ил нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                           ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Зүүн Хариад овогт А.Ж**********илыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Шүүгдэгч А.Ж**********илыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д заасныг  баримтлан шүүгдэгч  А.Ж**********илыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.   

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч  А.Ж**********илд тайлбарласугай.

   5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.Ж**********илд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Ж**********илын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн  тоолсугай.

   7. Энэ хэрэгт шүүгдэгч А.Ж**********ил нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ж**********илд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН