| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/05654/И |
| Дугаар | 102/ШШ2023/00551 |
| Огноо | 2023-02-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2023/00551
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ... байр, ... давхарт байрлах, регистр ..., И...ББСБ, ХХК,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., О...ын Б...,
Нэхэмжлэлийн шаардлага:1 269 533 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И...ББСБ, ХХК нь хариуцагч О.Б...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 269 533 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд О.Б... нь манай компанитай 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ... дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан цахим зээл гэж-Зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг мөн 1.3.12 дахь хэсэгт заасан цахим покет гэж-Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу О.Б...ий цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /.../ аппликейшний ... дугаартай зээлийн дансанд 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 751 000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн.
Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг.Зээлдэгч О.Б... нь 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 751 000 төгрөгийн зээлийн хугацааг 60 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан.
Одоо 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.Үүнд 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 751 000 зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 750 997.43 төгрөг, шимтгэл 47 500 төгрөг, үндсэн хүү 424 303.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39 232.93 төгрөг нийт 1 262 033.64, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 7500 төгрөг үүнд нотариатын зардал болно.Иймд хариуцагч О.Б...ээс нийт 1 269 533.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Би И...ББСБ, ХХК-д 1 269 533 төгрөгийн өр төлбөртэй болохыг хүлээн зөвшөөрч байна.Уг төлбөрийг 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 3 хувааж төлөх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга, төлбөрийн баримтыг шүүхэд өгсөн.
Хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И...ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлээс 1 269 533 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 55 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга, төлбөрийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Талуудын хооронд хийгдсэн цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу хариуцагч О.Б... нь хэрэглээний зориулалтаар нэхэмжлэгч байгууллагаас 750 997 төгрөгийг, хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.
Хариуцагч нь үндсэн зээлийн 750 997 төгрөг, үндсэн хүүгийн 424 303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 39 232 төгрөгийн үлдэгдлийн тооцоололд хариуцагч маргаагүй байна.
Иймд хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 750 997 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд гэрээгээр хүүгийн хэмжээг талууд тохиролцсон байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хүүгийн төлбөрт 424 303 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасны дагуу аливаа гэрээг байгуулж байгаа этгээдүүд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.
Талуудын хооронд хийгдсэн гэрээнд зээлийн шимтгэлийн төлбөр нь Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндэслэлд нийцэхгүй байна.
Мөн нэхэмжлэгч байгууллага нь нотариатын зардлын 7500 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн төлбөрийн баримтаар шаардаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нотариатчаар гэрчлүүлсэн байх тул энэхүү төлбөрийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 750 997 төгрөг, хүүгийн төлбөр 424 303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 39 232 төгрөг нийт 1 214 533 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлээс үлдсэн зээлийн шимтгэл болон нотариатын зардал гэх 55 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33 699 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч О...ын Б...ээс 1 214 533 /нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга таван зуун гучин гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И... ББСБ, ХХК-д олгож, үлдсэн 55 000 /тавин таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33 699 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН