Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/00574

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн ... байрлах, регистр ...1, Х... банк ХХК,

Хариуцагч:Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., Х... овогт Т...гийн Г...,

Хариуцагч:Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., З... овогт Г...ын Д...,

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээг цуцалж, 10 376 582 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О..., хариуцагч Г.Д..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Т.Г...ийн эзгүйд хэргийг шийдвэрлэв/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  Х... банк ХХК нь Т.Г..., Г.Д... нарт холбогдуулан Зээлийн гэрээг цуцалж, 10 376 582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Зээлдэгч Т.Г..., Г.Д... нар нь Х... банк ХХК-ийн Орхон аймгийн Эрдэнэт салбараас гэрийн эд хогшил болон ирээдүйд олох цалингийн орлогоо барьцаалж 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ... тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,250,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Цалингийн зээл зориулалтаар авсан.

Мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Байшин бариулах зориулалтаар ЗГ... тоот Зээлийн гэрээ болон БГ.. тоот Барьцааны гэрээг байгуулж зээлийн үлдэгдэл 1,326,665.88 төгрөг дээр нэмж 5,673,334.12 төгрөг олгож нийт зээлийн хэмжээ 7,000,000 төгрөг болсон, зээлийн хүү жилийн 19,2 хувь, зээлийн хугацаа 24 сар болсон.

Үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өрхийн хэрэгцээнд зориулалтаар ЭГ... тоот Зээлийн гэрээ болон БГХ... тоот Барьцааны гэрээ тус тус байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 5,690,420.67 төгрөг дээр нэмж 3,809,579.33 төгрөг олгож, нийт зээлийн хэмжээ 9,500,000 төгрөг болж өөрчлөгдсөн.

Мөн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/... тоот Зээлийн гэрээ, БГХ... тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж зээлийн үлдэгдэл 8,507,165.97 төгрөг дээр нэмж 4,000,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 12,507,165.97 төгрөг, зээлийн хүү жилийн 19,2 хувь, зээлийг ашиглах хугацаа 36 сар болсон.

Хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/... тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгагдсан.Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 8,519,314.9 төгрөг, хүүгийн төлбөрт 4,760,214.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,565.2 төгрөг, нийт 13,292,094.4 төгрөгийг төлсөн байна.Харин зээлийн гэрээний хавсралтад заасан “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээний 2.4.1, 2.4.4, 4.2.2, 4.3, 5.1.1, 5.1.5, 5.1.7, 5.1.9, 5.1.10, 7.1.1, 7.4, 7.5, 8.1 дэх заалтууд, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ 201743148796 тоот Зээлийн гэрээний 2.4.1, 2.4.3.2, 2.4.4, 4.2.2, 4.3, 5.1.1, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.1.1, 6.1.8, 6.4, 6.5,  7.1 дэх заалтууд, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ200143288853 тоот Зээлийн гэрээний 2.4.1, 2.4.4, 4.2.2, 4.3, 5.1.1, 5.1.5, 5.1.17, 5.1.10, 6.1.1, 6.4, 6.5, 7.1 дэх заалтууд, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЭГ/201843683985 тоот Зээлийн гэрээний 2.4.1,2.4.4, 4.2.2,4.3, 5.1.5, 5.1.7, 5.1.9, 5.1.10, 6.1.1, 6.4, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Т.Г..., Г.Д... нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд:

-2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/...-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

-2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... тоот Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ... тоот Зээлийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ... тоот Зээлийн гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/... тоот Зээлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/...-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний төлбөрт 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,213,598.5 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,138,025.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,958.9 төгрөг, нийт 10,376,582.6 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Д... хариу тайлбартаа:Би Т.Г...той 2010 оноос хойш гэр бүл болж 2012 онд Г.Э..., 2014 онд Г.Э..., 2018 онд Г.Б... нар төрсөн.Т.Г... нь гэр бүлээс гадуурх харилцаатай болж 2020 оноос тусдаа амьдрах болсон.Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай шүүхийн шийдвэрээр гэр бүл цуцлахад дундын хөрөнгө, байрны зээл, цалингийн зээлийн талаар хоорондоо ярилцаж зөвшилцөлд хүрсэн.Би Орхон аймгийн Баян-Өндөр суманд байдаг 2 өрөө байраа Х... банкнаас авсан 8 хувийн зээлийн өөрөө төлж барагдуулна, Т.Г... цалингийн зээлээ төлж барагдуулна гэж тохирсон.Шүүхийн шийдвэр дээр 8 хувийн зээлийг тодорхой дурдсан боловч цалингийн зээлийг оруулж бичээгүй байсан.Би өнөөдөр 9-3 насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон ээж, Т.Г... цалингийн зээлээ төлнө гээд нь шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байгаа.Миний Х... банкны данс хаагдаж цалингаа авч чадахгүй, 3 хүүхдээ хүнс, ахуйн хэрэгцээний зүйлээр хангаж чадахгүй байдалд хүрээд байна.Тиймээс Т.Г...ийн цалингийн зээл болох 10 376 582 төгрөгийг Т.Г... төлнө гэв.

Хариуцагч Т.Г... шүүхэд тайлбар өгөөгүй.

Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн барьцааны гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Т.Г...ийн нийгмийн даатгалын ... дугаар дэвтэр, Баян-Өндөр сумын ... багийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны хуулга, зээл төлөх мэдэгдлүүд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэр, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаануудын шүүхэд өгсөн./хх 7, 8-11, 12-14, 15-17, 18-19, 20-22, 23-24, 25-27, 28-29, 30-31, 32-35, 36-38, 39, 40-42, 43-44, 45-47, 50-51, 68-70/

Хариуцагч Г.Д...гээс:Г.Э..., Г.Б... нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэрийг шүүхэд өгсөн.

Хариуцагч Т.Г...оос нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй.                                                     

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Т.Г...ийн Х... банк ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ/201843683985-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг цуцалж, хариуцагч Т.Г...оос 10 376 582 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, хариуцагч Г.Д...д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ/...-1 тоот гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 7 213 598 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 138 025 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24 958 төгрөг нийт 10 376 582 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч Г.Д... нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

Би Т.Г...оос гэрлэлтээ 2021 оны 5 дугаар сарын 28-ны цуцлуулж, гурван хүүхдээ өөрийнхөө асрамжид авсан, би Х... банканд орон сууцны зээлийг төлж байгаа, Т.Г... нь цалингийн зээлээ төлж гээд шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байгаа, Т.Г... цалингийн зээлээ өөрөө төлнө гэж тайлбарласан.

Т.Г..., Г.Д... нар нь Х... банк ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, Т.Г... нь 2 250 000 төгрөгийн цалингийн зээл, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ... тоот зээлийн гэрээ байгуулж нэмж 5 673 334 төгрөгийн цалингийн зээл, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ... тоот зээлийн гэрээ байгуулж нэмж 3 809 579 төгрөгийн цалингийн зээл, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/... тоот зээлийн гэрээ байгуулж нэмж 4 000 000 төгрөгийн цалингийн зээл авч, Т.Г... 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/...-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан байна./хх 12-31/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зээлдэгч нь гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь зээл, зээлийн хүүгийн тооцооллоор нотлогдож байна./хх 25/

Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн жилийн хүү 18 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасан үндэслэлд нийцэж байна.

Зээлийн гэрээний 2.1.6-т нэмэгдүүлсэн хүү нь зээл, хүүгийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20,0 хувьтай тэнцүү байна гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Зээлийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, зээлийн хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн тухай үйл баримт, дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,213,598 төгрөг, зээлийн хүүгийн  3,138,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,958 төгрөг нийт 10,376,582.6 төгрөг гаргуулах тухай зээл, хүүгийн  тооцооллын дүнд хариуцагч маргахгүй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан байна.

Хариуцагч Т.Г... нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийн эргэн төлөлтийг хийгээгүй нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон гэж үзэх үндэстэй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан байна.

Иймд Х... банк ХХК-ийн Т.Г...той 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ/201843683985-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг үндэстэй гэж дүгнэв.

Харин хариуцагч Т.Г... нь анхнаасаа өөрийнхөө цалинг барьцаалж зээл авсан, улмаар зээлийн дүнг нэмэгдүүлэн давтан зээл авч байсан бөгөөд Х... банк ХХК-ийн Т.Г...той 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ/...-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд Г.Д... оролцоогүй байна.

Т.Г..., Г.Д... нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан, Г.Д... гурван хүүхдээ өөрийнхөө асрамжид авсан, мөн Х... банк ХХК-аас авсан орон сууцны 8 хувийн зээлийн өөрөө төлдөг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Г.Д...д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Мөн хариуцагч Т.Г... нь 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр шүүхээс нэхэмжлэлийг гардан авч, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариу тайлбараа шүүхэд өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г...оос 180 975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Х... банк Т.Г... нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ/...-1 тоот гэрээг цуцалж, хариуцагч Т.Г...оос 10 376 582 төгрөг /арван сая гурван зуун далан зургаан мянга таван зуун наян хоёр/ гаргуулан нэхэмжлэгч Х... банк ХХК-д олгож, хариуцагч Г.Д...д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г...оос 180 975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН