| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/05285/И |
| Дугаар | 102/ШШ2023/00666 |
| Огноо | 2023-02-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2023/00666
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, регистр ..., Бо... овогт Д...ын Г...,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ...өөрийн байранд байрлах, регистр ..., У ХНН,
Нэхэмжлэлийн шаардлага:Ажилд эргүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 1 057 475 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н..., Б.Э..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Г... нь У ХННд холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, 1 057 475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны харьяа ... тасагт ажилладаг, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-15 дугаар тушаалаар надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулж, үүнд би Улаанбаатар төмөр замын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гомдол гарган 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн комиссын хурлаар УБТЗ ХНН-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрээр гомдол гаргагч Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны ... тасгийн харуул Д.Г...ийн гомдлыг хэлэлцээд Ц... албаны даргын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-15 тоот тушаалаар албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байх тул тушаалыг хүчингүй болгов.Ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн бөгөөд тэмдэглэлийг 2022 оны 8 дугаар сарын 22-нд гардан авсан юм.Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх талаар удаа дараа ажил олгогч Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албанд хандсан боловч дарга амарсан байгаа гэсэн бөгөөд дарга өөрөө ирж шийдвэрлэнэ гэсэн юм.
Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны дарга нь тухайн маргаан таслах комиссын шийдвэрт гомдол гаргана хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч гомдлоо гаргаагүй шийдвэр хүчин төгөлдөр болсон юм.
Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус байгууллагын шинээр томилогдсон дарга Ц.А... даргатай уулзахад би шийдвэрт зааснаар таны асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байна гэсэн.Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэр хүчин төгөлдөр болсон тул шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-д шийдвэрийг биелүүлээгүй талаарх гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.Улаанбаатар төмөр замын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэлийг хэрэгжилтийг хангуулан, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны харьяа ... тасагт Харуулын даргын ажилдаа эгүүлэн тогтоолгоно, цалингийн зөрүү 1 057 475 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Д.Г... нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ гүйцэтгэх явцад гаргасан алдаа дутагдлыг цаг тухай бүрд нь замын даргын үзлэг, замын ерөнхий инженерийн үзлэг, бусад хяналт шалгалтаар ажилласан шат, шатны удирдах болон инженер техникийн ажилтан нарын илрүүлсэн дутагдлыг арилгах, дахин давтан гаргахгүй байх чиглэл өгч ажилласан боловч удаа дараа дутагдал гаргаж удирдах ажилтны манлайлал, ёс зүйгүй ажилласан тул албаны орлогч дарга ахалсан шуурхай хурлыг Салхит Ц... харьяа ... тасагт 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр очиж Д.Г...ийн болон тасгийн хэмжээнд гарсан дутагдлын чиглэлээр хийж хурлын шийдвэр гарган хуралд оролцогч нарт танилцуулсан.
Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, албаны орлогч даргын удирдаж хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-15 тоот тушаалаар Д.Г...ийн албан тушаалыг бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан.Албан тушаал бууруулсан тухай тушаалыг Д.Г... хүлээн авч УБТЗ ХНН-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасныг хүлээн авч тус комисс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэх шийдвэрийг гаргаж 15 дугаар тэмдэглэлийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай албаны хүний нөөцийн тасгийн даргад ирүүлсэн.
УБТЗ ХНН-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 15 дугаар тэмдэглэлийг хүлээн авч 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 19/498 тоот албан бичгээр УБТЗ ХНН-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийг хянаж шийдвэрлэх хүсэлтийг гаргасан.
Баянгол дүүргийн засаг дарга Ө.С... 2022 оны 9 дүгээр сарын 08-ний өдрийн 09/1739 тоот албан бичгээр Үндэсний хороо нь Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүнийг батлаагүй байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн.
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 19/554 тоот албан бичгээр нөхцөл байдлыг судлан шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргаж хүний нөөцийн тасгийн дарга Л.Б... болон албаны бичээч мөнгөний нярав С.М... нараар хүргүүлсэн боловч хүлээн аваагүй.Комиссын 15 тоот шийдвэрийг хэрэгжүүл гэсэн аман шийд өгсөн тухай манай албаны хүний нөөцийн тасгийн дарга Л.Б... мэдэгдсэн албан тоотоор хүсэлт гаргасан тул албан тоотоор хариуг авах тухай үүрэг өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд албан тоот ирээгүй болно.Мөн бичээч, нярав С.М... нь явуулсан бичиг бүртгэх дэвтэрт тэмдэглэл хийн холбогдох ажилтанд хүлээлгэн өгөх гэсэн боловч хүлээн аваагүй байна.
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 7 дугаар сарын 07-ний өдрийн 15 дугаар тэмдэглэлтэй танилцаж хурлын шийдвэрийг зөвшөөрсөн хуралд оролцсон гишүүдээс тээвэр зохион байгуулалтын албаны тээврийн болон салбар замын гэрээ, тариф хариуцсан мэргэжилтэн С.Б..., Төлөвлөлт эдийн засгийн албаны хөдөлмөр цалин хөлсний хэлтсийн эдийн засагч Г.У..., Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер Э.Э... нар нь ажил олгогчийг төлөөлөн хуралд оролцсон боловч хурлын тэмдэглэл, шийдвэртэй танилцаагүй тэмдэглэл ирүүлсэн.
Д.Г... нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурал дээр хяналт шалгалтаар ажилласан албан тушаалтан газар дээр нь илрүүлсэн зөрчил, дутагдлыг баримт нотолгоогүйгээр үгүйсгэсэн, харуулын даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээний 1.2-т заасан үүргийг бүрэн биелүүлж ажиллаагүй ээлжид гарч байгаа паркийн харуулуудад ХАБЭА-ны зааварчилгаа өгч, галт зэвсэг, тусгай хэрэгслийг журмын дагуу биечлэн хүлээлцээгүй дутагдлыг хяналт, шалгалтын явцад илрүүлэн үүрэг чиглэл өгсөн боловч давтан гаргасан.Ээлжийн ажлын хуваарьт албаны диспетчерт утсаар мэдэгдсэн гэх боловч өөрчлөлт оруулж ажилтнаас хүсэлтийг хүлээн авч холбогдох удирдлагад танилцуулаагүй чөлөө олгож явуулсан.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7 ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх үүргээ хангаагүй, хариуцсан ажлын чиглэлээр илэрсэн дутагдлыг өнөөдрийг хүртэл хугацаанд ухамсарлан ойлгоогүй, гаргасан гомдол эцэслэн шийдэгдээгүй байхад хамт олны дунд шийдвэрлэгдсэн байдлаар яриа ухуулга хийж байгаа зэргээр холбогдох хуулийн шаардлагыг хангахгүй удирдах ажилтны манлайлалгүй байгааг хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагчаас:УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 15 дугаар тэмдэглэл, Баянгол дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан хүсэлт, Баянгол дүүргийн Засаг даргаас Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргад ирүүлсэн баримт, УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан хүсэлт, Шуурхай хурлын тэмдэглэл, актууд, Дархан Ц... тасагт гэнэтийн эргүүл шалгалт хийсэн тухай тэмдэглэл, Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны мэдэгдэл, акт, тодорхойлолт, Цэрэгжүүлсэн хамгаалах тасгийн 2021 оны зуны хувцасны жагсаалт, ажлын байрны тодорхойлолт, рапортуудыг шүүхэд өгсөн. /хх 24-30, 31-32, 33, 34, 36-40, 41-43, 44, 45-48, 49, 50, 51, 84-85, 86-97/
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-15 тоот тушаалаар Салхит Ц... ангийн Дархан тасгийн харуулын дарга Д.Г...эд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, паркийн харуулын албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөөгүй.
Д.Г...ийн гомдлыг УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хэлэлцээд Ц... албаны даргын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-15 тоот тушаалаар албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байх тул тушаалыг хүчингүй болгосон тул Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны харьяа ... тасагт Харуулын даргын ажилдаа эгүүлэн тогтоолгоно, цалингийн зөрүү 1 057 475 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Д.Г... нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа алдаа дутагдал давтан гаргаж байсан тул 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-15 тоот тушаалаар Д.Г...ийн албан тушаалыг бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан, Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны дарга Д.Г...ийг Дархан тасгийн харуулын даргын албан тушаалд томилохыг зөвшөөрөхгүй байгаа гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн УБТЗ-ын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдол, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-15 дугаар тушаал, УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 15 дугаар тэмдэглэл, цалингийн зөрүүгийн тооцоолол, цалингийн түүвэр, УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 15 дугаар тэмдэглэл, Баянгол дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан хүсэлт, Баянгол дүүргийн Засаг даргаас Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргад ирүүлсэн баримт, УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан хүсэлт, Шуурхай хурлын тэмдэглэл, актууд, Дархан Ц... тасагт гэнэтийн эргүүл шалгалт хийсэн тухай тэмдэглэл, Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны мэдэгдэл, акт, тодорхойлолт, Цэрэгжүүлсэн хамгаалах тасгийн 2021 оны зуны хувцасны жагсаалт, ажлын байрны тодорхойлолт, рапортууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-15 тоот тушаалаар Салхит Ц... ангийн Дархан тасгийн харуулын дарга Д.Г...эд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, паркийн харуулын албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна./хх-4/
Ажил олгогчийн энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар гаргасан гомдлыг УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хэлэлцэж Ц... албаны даргын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-15 тоот тушаалаар албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй байх тул тушаалыг хүчингүй болгож, ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн болох нь УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна./хх 5-11/
Уг тэмдэглэлээс үзэхэд УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгч болон тухайн байгууллагын эрх бүхий төлөөллийг оролцуулан ажилтны гаргасан зөрчил болон ажил олгогч байгууллагын шийдвэрийн үндэслэлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч байгууллага нь УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуралдааны шийдвэрийг биелүүлэхгүй, Д.Г...ийг Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны харьяа ... тасагт харуулын даргын албан тушаалд нь эргүүлэн томилохгүй байгаа үндэслэлээ Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны дарга Д.Г...ийг Дархан тасгийн харуулын даргын албан тушаалд томилохыг зөвшөөрөхгүй байгаа гэх тайлбар нь тодорхойгүй байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Г... харуулын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг биелүүлж ажиллаагүй, ээлжид гарч байгаа паркийн харуулуудад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хүлээлцээгүй дутагдлыг давтан гаргасан, ажилтны хүсэлтийг удирдлагад танилцуулахгүй чөлөө олгосон, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7-д заасан үүргээ биелүүлээгүй, дутагдлыг ойлгоогүй, удирдах ажилтны манлайлалгүй гэж ажил олгогч байгууллагын даргын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б-II-15 дугаар тушаал гарахаас өмнөх хугацааны үйл баримтуудыг тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь УБТЗ ХНН-ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуралдааны шийдвэр үндэслэлгүй, энэхүү шийдвэрийг биелүүлэх боломжгүй тухайгаа баримтаар нотолж, тайлбарлахгүй байна.
Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүнийг батлагдаагүй, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст нөхцөл байдлыг судлан шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасныг хүлээж аваагүй, албан тоот ирүүлээгүй, бичиг хүлээж аваагүй гэх хуулийн үндэслэлгүй шалтгаанаар ажилтны эрх зөрчигдөж байгааг зөвтгөх боломжгүй байна.
Иймд Д.Г...ийг Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны харьяа ... тасагт Харуулын даргын ажилд нь эргүүлэн тогтоож, цалингийн зөрүү 1 057 475 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан Д.Г...эд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.2-т заасныг баримтлан Д.Г...ийг Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны харьяа ... тасагт Харуулын даргын ажилд нь эргүүлэн тогтоож, У ХННаас 1 057 475 /нэг сая тавин долоон мянга дөрвөн зуун далан таван/ төгрөг гаргуулан Д.Г...эд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН