| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/04777/И |
| Дугаар | 102/ШШ2023/00664 |
| Огноо | 2023-02-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2023/00664
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, .... байр, регистр ..., Э... НҮТББ,
Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., Э... овогт Б...ийн Г...,
Хариуцагч:Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., З... овогт Б...гийн М...,
Нэхэмжлэлийн шаардлага:Сургалтын төлбөр 13 700 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С..., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т..., гэрч Ц.Ж..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э... НҮТББ нь хариуцагч Б.Г..., Б.М... нарт холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр 13 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Нийслэлийн ерөнхий боловсролын Э... сургуулийн захиргаа Б.М...тай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр СГ/136/21, СГ/137/21, СГ/138/21 дугаартай гэрээ байгуулж Г...ын Н..., Г...ын Г..., Г...ын Б... нарыг тус сургуульд элсүүлэн суралцуулсан.Дээрх гэрээнд зааснаар сурагчдын сургалтын жилийн төлбөр нь 4,900,000 төгрөг байсан бөгөөд сургуулиас Б.М...г тус сургуульд эмчээр ажиллаж байгааг үндэслэж хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хөнгөлсөн ба Г.Н...гийн сургалтын төлбөрийг 30 хувь, Г.Г...гийн сургалтын төлбөрийг 30 хувь, Г.Б... сургалтын төлбөрийг 100 хувь тус тус хөнгөлсөн. Эдгээр хөнгөлөлт нь Б.М...гийн Э... сургуулийн эмчээр ажиллаж байсантай холбоотойгоор, багшийн хөнгөлөлт гэж олгогдсон.
Гэтэл Б.М... нь сахилгын ноцтой зөрчил гаргаж, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр халагдаж, хүүхдүүдээ мөн өөр сургуульд шилжүүлэн суралцуулсан. Гэрээний 6.5-д сургалтын гэрээг цуцалсан тохиолдолд өмнө олгосон хөнгөлөлт, тэтгэлэг, урамшууллыг хүчингүй болгож үндсэн төлбөрөөс тооцоог хийхээр заасан.Үүний дагуу Б.М... нь тус сургуульд ажиллахаа больсон тул сурагч Г.Н..., Г.Г..., Г.Б... нарын сургалтын төлбөрийг үндсэн үнийн дүнгээр буюу 4 900 000 төгрөгөөр тооцож нийт 14 700 000 төгрөг болсон.Иймд Б.М..., Б.Г... нараас Г.Н..., Г.Г..., Г.Б... нарын 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 13 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэгч Э... НҮТББ-ын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдагдсан Г...ын Н..., Г...ын Г..., Г...ын Б... нарын 2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 13 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тухайд-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг Э... НҮТББ-ын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С... гаргажээ.Нийслэлийн ерөнхий боловсролын Э... сургууль НҮТББ-ын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 30/22 тоот Итгэмжлэл олгох тухай албан бичигт захирал Г.Б... гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна.Хэргийн материалд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн захирал тушаалд Г.Б...ийг томилжээ, тухайн 17 дугаартай Удирдах зөвлөлийн даргын тушаалын баталгаажуулах хэсэгт удирдах зөвлөлийн дарга Э.Д... гарын үсэг зурж баталгаажуулсан гэж байгаа боловч тухайн тушаал дээрх Э.Д... гэсэн нэрийн ард “-г” гэсэн байдлаар бичиглэл хийгдсэн байна.Энэхүү бичиглэлийн агуулга нь тухайн албан бичигт Удирдах зөвлөлийн дарга Э.Д... нь гарын үсэг зураагүй харин төлөөлж өөр этгээд зурсан гэдгийг илэрхийлж байгаа болно. Иймээс хууль ёсны дагуу гарын үсэг зурах эрхтэй этгээд гарын үсэг зураагүй гэж үзэж байна.Мөн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай тушаалд Г.Б...ийг гүйцэтгэх захирлаар томилоогүй харин захирлаар томилжээ.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх” эрхтэй, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Гүйцэтгэх захирлын эдлэх эрх...зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна” гэж тус тус зохицуулжээ.Үүнээс харахад Нийслэлийн ерөнхий боловсролын Э... сургууль НҮТББ-ын гүйцэтгэх захирлаар Г.Б...ийг албан ёсоор томилоогүй байна.Хоёрдугаарт 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай Удирдах зөвлөлийн даргын тушаалд Удирдах зөвлөлийн дарга Э.Д...гийн гарын үсгийг өөр этгээд төлөөлөн зурсан байх тул хүчингүй байна; гуравдугаарт, төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т “Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, ... удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна гэж заасныг зөрчсөн.Өөрөөр тайлбарлавал, 17 дугаартай удирдах зөвлөлийн даргын тушаалын үндэслэх хэсэгт удирдах зөвлөлийн хурлаар гүйцэтгэх захирлаар Г.Б...ийг сонгосон талаарх хуралдааны шийдвэрийг үндэслээгүй.Мөн төлөөлөх эрхээ дур мэдэн шилжүүлсэн байна, дөрөвдүгээрт, 17 дугаартай тушаалд Г.Б...т бусдад итгэмжлэл олгох эрхийг олгоогүй байна.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг НҮТББ-ыг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд олгосон байх тул тус итгэмжлэл нь хүчингүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино’’, мөн зүйлийн 64.2.1-т “...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэж заасныг зөрчсөн тул тус итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байна. ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын opendata.burtgel.gov.mn сайтад нэвтрэн орж үзэхэд “Э...” сургууль НҮТББ-ын гүйцэтгэх захирлаар хэн нэгнийг томилсон тухай мэдээлэл алга байна.Мөн хэргийн материалд авагдсан нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдээгүй.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл бүрдэж байх тул тус хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.Сургалтын гэрээ нэхэмжлэгчийн санаачилгаар цуцлагдсан тухайд-Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлдээ “М... нь сахилгын ноцтой зөрчил гаргаж 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр халагдаж, хүүхдүүдээ мөн өөр сургуульд шилжүүлэн суралцуулсан.Гэрээний 6.5-д сургалтын гэрээг цуцалсан тохиолдолд өмнө олгосон хөнгөлөлт, тэтгэлэг, урамшууллыг хүчингүй болгож үндсэн төлбөрөөс тооцоог хийхээр заасан.Үүний дагуу Б.М... нь тус сургуульд ажиллахаа больсон тул сурагч Г.Н..., Г.Г..., Г.Б... нарын сургалтын төлбөрийг үндсэн үнийн дүнгээр буюу 4 900 000 төгрөгөөр тооцож нийт 14 700 000 төгрөг болсон” гэж дурджээ.Энэхүү нэхэмжлэлийн үндэслэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч Б.М... нь Нийслэлийн ерөнхий боловсролын Э... сургууль НҮТББ-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллаж эхэлсэн.Анх ажилд ороход, сургуульд багшилж байгаа багш болон эмч, ажилчдын хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлж, суралцуулдаг тухай хэлж байсан.Тухайлбал:Сургалтын төлбөрөөс эхний хүүхэд 100 хувь, хоёр дахь болон гурав дахь хүүхэд 30 хувь хөнгөлөгдөж, чөлөөлөгдөнө гэж тохиролцож, гэрээ байгуулагдсан.Хариуцагч Б.М..., Н.Г... нарын хүүхдүүд нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн суралцаж эхэлсэн.Тус үйл баримт нь хэрэгт авагдсан сургалтын гэрээний огноо хэсгээр нотлогддог. Иймээс 2021 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчтай байгуулсан сургалтын гэрээ болох 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн СГ/136/21, СГ/137/21, СГ/138/21 тоот гэрээг өөрсдийн санаачилгаар цуцалсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “М... нь сахилгын ноцтой зөрчил гаргаж 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр халагдаж, хүүхдүүдээ мөн өөр сургуульд шилжүүлэн суралцуулсан” гэж бичсэн нь огт үндэслэлгүй, худал тайлбар байна.Харин нэхэмжлэгч нь Б.М...г 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халсантай холбогдуулан хүүхдүүдийг сургуулиас хөөж, гэрээг цуцалсан. Гэтэл Сургалтын гэрээнд хариуцагч Б.М... нь багш бус харин эцэг, эхийн өмнөөс төлөөлж оролцсон.Өөрөөр хэлбэл, багшаар гэрээ байгуулах, эцэг, эхийн үүрэг, хариуцлага, төлөөллийн журмаар гэрээ байгуулах нь эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай.Гэтэл багш хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, доромжилж сургуулиас хөөсөн нь тус сургуулийг ёс зүйгүй, хууль болон дүрэм журам баримталдаггүй, хүүхдийн хүмүүжил, сургалтад анхаардаггүй, зөвхөн хувийн зан суртахуун, өш хонзон, субьектив байдлаар харьцдаг гэдгийг харуулж байна.Сургалтын гэрээний 6.3-т “Тэрээ цуцлах тохиолдолд талууд хуанлийн 30 хоногийн өмнө бичгээр урьдчилан мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.Энэхүү мэдэгдлийг огт өгөөгүй.Хүүхдүүдийн сургалтын гэрээг гэрээ болон хуульд заасан ямар үндэслэлээр цуцалж байгаа тухай мэдэгдээгүй байдаг.Иймд гэрээг эцэг, эхийн санаачилгаар цуцалсан гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй.Мөн ямар ч үндэслэлгүйгээр хүүхдүүдийг сургуулиас хөөсөн тул 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших төлбөрийг төлөх үндэслэл байхгүй юм.
Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн тухайд-Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ сургалтын төлбөрийн хөнгөлөлтгүй үнээр тооцож нэхэмжилжээ.Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн СГ/136/21 тоот гэрээний 2.8-д “Сурагч Г... овогтой Н... нь тус сургуулийн За ангид элсэж 2021-2022 оны хичээлийн жилд энэхүү гэрээний 2.1, 2.2 дахь заалтын дагуу 3 430 000 төгрөгийн сургалтын төлбөрийг ...тушаана, тус гэрээний хавсралт 1-т тусгагдсан хүснэгтийн 7 дахь хэсэгт “бусад хөнгөлөлт: Багшийн хөнгөлөлт 30 хувь”, 9 дэх хэсэгт “3,430,000” гэж, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн СГ/137/21 тоот гэрээний 2.8-д “Сурагч Г... овогтой Г... нь тус сургуулийн 5а ангид элсэж 2021-2022 оны хичээлийн жилд энэхүү гэрээний 2.1, 2.2 дахь заалтын дагуу 3 430 000 төгрөгийн сургалтын төлбөрийг ...тушаана” тус гэрээний хавсралт 1-т тусгагдсан хүснэгтийн 7 дахь хэсэгт “бусад хөнгөлөлт: Багшийн хөнгөлөлт 30 хувь”, 9 дэх хэсэгт “3 430 000” гэж, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн СГ/138/21 тоот гэрээний хавсралт 1-т тусгагдсан хүснэгтийн 7 дахь хэсэгт “багшийн хүүхэд 100 хувь” гэж тусгаж, гэрээг байгуулсан.Энэ гэрээний дагуу багшийн хүүхдүүдэд хөнгөлөлт олгож, эхний хүүхэд 100 хувь, хоёр дахь хүүхэд 30 хувь, гурав дахь хүүхэд 30 хувь хөнгөлөхөөр тохирсон.Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б.М...г Хөдөлмөрийн тухай хуульд заасан тодорхой бус үндэслэлээр ажлаас халсан, ажлаас халахдаа хүүхдийн асуудлыг ярихгүйгээр, хүүхдүүдийг сургуулиас хөөж, гэрээг цуцалсан.Энэ тохиолдолд гэрээний 6.5 дахь заалт хэрэглэгдэхгүй.Учир нь 6.2.4-т “Эцэг, эхийн зүгээс гаргасан ёс зүйн алдаа нь сургууль, багш нарын хэвийн уйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн” гэсэн урьдчилсан нөхцөлийг заажээ.Харин энэ хэргийн материалд эцэг, эх нь ёс зүйн алдаа гаргаж, сургууль багш нарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэснийг нотолсон баримт байхгүй.Мөн хариуцагчийн зүгээс ёс зүйн алдаа гаргаагүй юм.Мөн сургалтын гэрээ болон багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь тусдаа бие даасан гэрээ.Багшийн гэрээ цуцлагдсан нь сургалтын гэрээг цуцлах үндэслэл биш.
Тус сургалтын гэрээний 6.5-д “Энэхүү гэрээний 6.2.1-6.2.4-т заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан тохиолдолд өмнө олгосон хөнгөлөлт, тэтгэлэг, хүчингүй болгож үндсэн төлбөрөөс тооцоог зохих журмын дагуу хийнэ” гэж заасан. Заалтын агуулгаас харахад, өмнө олгосон хөнгөлөлтийг хүчингүй болгосноор төлөх ёстой байсан дөрвөн сая есөн зуун мянга төгрөгийг цаашид сургалтын гэрээг хэрэгжүүлэх тохиолдолд төлөх тухай тусгагдсан байна.Харин нэхэмжлэгчийн дурдаж байгаатай адилаар хөнгөлөлт хүчингүй болсон тул өмнөх хөнгөлөлтүүдийг эдлэхгүй байсан гэж үзэж, хөнгөлөлтгүй төлөх талаар зохицуулаагүй.Иймээс хариуцагчийн зүгээс хөнгөлөлтгүйгээр төлбөрийг төлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна.Мөн хариуцагчийн зүгээс сургалтын төлбөрөөс 1 000 000 төгрөгийг төлсөн, үлдсэн 3 572 000 төгрөгийг төлнө, бусдыг зөвшөөрөхгүй.
Хариуцагч Н.Г... нь жинхэнэ хариуцагч биш болох тухайд-Нэхэмжлэгч нь Б.М..., Н.Г...ыг хамтран хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэлээ гаргажээ.Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн СГ/136/21, СГ/13 7/21, СГ/13 8/21 тоот сургалтын гэрээнүүдийн талуудыг тодорхойлох хэсэгт “Г...ын Н..., Г...ын Г..., Г...ын Б... нарын эх /эх гэж тодорхойлсон хэсгийн доогуур зураас татаж тодорхойлсон/ болох Б... овогтой М...” гэж тусгасан.Үүнээс харахад, хариуцагч Н.Г... нь гэрээний нэг тал болж оролцоогүй байна.Иймээс жинхэнэ хариуцагч биш болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, удирдах зөвлөлийн даргын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар тушаал, сургалтын гэрээнүүд, захирлын 2021 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 04/21 дугаар, 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 23 тушаал, сургалтын менежерийн тодорхойлолтууд, шилжиж явсан тэмдэглэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/...дүгээр шийдвэр /хх 4, 6, 7-15, 39-40, 41-43, 44, 45-47/
Хариуцагчаас:Хөдөлмөрийн гэрээ, Ирээдүй цогцолбор сургуулийн тодорхойлолтууд, хүүхдүүдийн хувийн хэрэг, Б.М...гаас Ерөнхий боловсролын лаборатори Ирээдүй цогцолбор 86 дугаар бага сургуульд гаргасан хүсэлтүүдийг шүүхэд өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э... НҮТББ-ын нэхэмжлэлээс 4 145 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэн 9 555 000 төгрөг болон хариуцагч Б.Г...т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Б.М...г Э... сургуульд эмчээр ажиллаж байсантай холбоотойгоор, багшийн хөнгөлөлт гэж Г.Н...гийн сургалтын төлбөрийг 30 хувь, Г.Г...гийн сургалтын төлбөрийг 30 хувь, Г.Б... сургалтын төлбөрийг 100 хувь тус тус хөнгөлсөн.
Б.М... нь сахилгын ноцтой зөрчил гаргаж, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халагдаж, хүүхдүүдээ өөр сургуульд шилжүүлэн суралцуулсан тул гэрээний 6.5-д зааснаар Г.Н..., Г.Г..., Г.Б... нарын сургалтын төлбөрийг үндсэн үнийн дүнгээр буюу 4 900 000 төгрөгөөр тооцож нийт 14 700 000 төгрөг болсон, 1 000 000 төгрөгийг төлсөн тул Г.Н..., Г.Г..., Г.Б... нарын 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 13 700 000 төгрөгийг Б.М..., Н.Г... нараас гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд: Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, сургалтын гэрээ нэхэмжлэгчийн санаачилгаар цуцлагдсан, Б.М...н хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан нь сургалтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй, Н.Г... хариуцагч биш, хүүхдүүдийн сургалтын төлбөрөөс 3 572 000 төгрөг төлнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдүүдийн сургалтын гэрээнүүд, захирлын 2021 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 04/21 дугаар, 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 23 тушаал, сургалтын менежерийн тодорхойлолтууд, хүүхдийн сургуулиас шилжиж явсан тэмдэглэл, Хөдөлмөрийн гэрээ, Ирээдүй цогцолбор сургуулийн тодорхойлолтууд, хүүхдүүдийн хувийн хэрэг, Б.М...гаас Ерөнхий боловсролын лаборатори Ирээдүй цогцолбор ... дугаар бага сургуульд гаргасан хүсэлтүүд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Э... НҮТББ нь Б.М...тай 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын СГ/136/21, СГ/13 7/21, СГ/13 8/21 дугаар бүхий гэрээг байгуулж, Г.Н...гийн сургалтын төлбөрийг 30 хувь хөнгөлж 3 430 000 төгрөг, Г.Г...гийн сургалтын төлбөрийг 30 хувь хөнгөлж 3 430 000 төгрөг, Г.Б...гийн сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлөхөөр тохиролцсон байна.
Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-т “Энэхүү гэрээний 6.2.1-6.2.4-т заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсан тохиолдолд өмнө олгосон хөнгөлөлт, урамшууллыг хүчингүй болгож үндсэн төлбөрөөс тооцоог зохих журмын дагуу хийнэ”, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т “Сурагч шилжих болон бусад шалтгаанаар эцэг эх, асран хамгаалагчийн санаачилгаар” бол гэрээг цуцлахаар заасан байна.
Б.М... нь сахилгын зөрчил гаргаж, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа халагдсан тухай үйл баримт нь хүүхдүүдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг хүчингүй болгох үндэслэлгүй болохгүй бөгөөд энэ талаар зохигчид гэрээгээр тохиролцоогүй байна.
Харин эцэг эх, асран хамгаалагчийн санаачилгаар хүүхдээ өөр сургуульд шилжүүлэн суралцуулснаар гэрээ цуцлагдаж, хөнгөлөлт хүчингүй болох талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зохицуулалтад нийцэхгүй байна.
Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгөөр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй” гэж заасан байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах, хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, хүүхдийн эрхийг хангахад үндэсний уламжлалт зан заншил, ёс суртахууны үнэт зүйлд тулгуурлах, хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах гэж хүүхдийн эрхийн үндсэн зарчмыг тодорхойлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэж заасан байна.
Г.Н...г Г.Г..., Г.Б... нар 2022 оны 4 дүгээр сараас хойш Э... сургуульд суралцаагүй болох нь суралцагчийн хувийн хэрэгт хийгдсэн тэмдэглэл, Б.М...н Ирээдүй Цогцолбор ... дугаар сургуульд гаргасан хүсэлт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Э... сургуульд суралцсан хугацааны, гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үндэслэлтэй байна.
Иймд талуудын гэрээгээр тохирсон сургалтын нэг жилийн төлбөр 3 430 000 төгрөг байх бөгөөд хоёр хүүхдийн Э... сургуульд суралцсан хугацааны төлбөр 5 145 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1 000 000 төгрөг хасагдаж, үлдсэн 4 145 000 төгрөгийг хариуцагч Б.М...гаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Харин нэхэмжлэгч байгууллага нь Б.Г...той гэрээ байгуулаагүй байх бөгөөд Б.М...тай байгуулсан гэрээний үүргийг гэрээний харилцаанд оролцоогүй Б.Г...оос шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М...гаас 81 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан Б.М...гаас 4 145 000 /дөрвөн сая нэг зуун дөчин таван мянган/ төгрөг гаргуулан Э... НҮТББ-д олгож, үлдсэн 9 555 000 /есөн сая таван зуун тавин таван мянган/ төгрөг, хариуцагч Б.Г...т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М...гаас 81 270 төгрөг гаргуулан Э... НҮТББ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН