| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2023/00103/И |
| Дугаар | 102/ШШ2023/00688 |
| Огноо | 2023-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/00688
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, ... өөрийн байранд байрлах, регистр ..., Г... банк ХХК,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., О... овогт Ү...ын Б...,
Нэхэмжлэлийн шаардлага:10 764 931 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О..., хариуцагч Ү.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г... банк ХХК нь хариуцагч Ү.Б...д холбогдуулан гэрээний үүрэгт 10 764 931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Ү.Б... нь 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Г... банктай ЗГ/... тоот кредит картын гэрээ байгуулж 4 000 000 төгрөг зээлийн эрхтэй картыг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан.Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 17 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4 198 955 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 807 454.87 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 1 651 538.19 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 1 106 983.08 төгрөг нийт 10 764 931.14 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г... банктай ... тоот кредит картын гэрээ байгуулж 4 000 000 төгрөг авсан. Тухайн үед Г... банкны эдийн засагч миний нэр дээр 1 400 000 төгрөг гаргуулан авсан.Би авсан 4 000 000 төгрөгийг, хүүгийн хамт төлнө, бусдыг нь зөвшөөрөхгүй, би 2021, 2022 онд жил дараалан хүүхэд төрүүлсэн, ажил хийх боломжгүй болсон гэв.
Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кредит картын гэрээ, хариуцагчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хүсэлт, кредит картын тооцооллын хүснэгтийг шүүхэд өгсөн, хариуцагчаас Хаан банкны дансны хуулгыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ү.Б...аас 9 657 948 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г... банк ХХК-д олгож, үлдсэн 1 106 983 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 4 198 955 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 807 454.87 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 1 651 538.19 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 1 106 983.08 төгрөг, нийт 10 764 931.14 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч Ү.Б... нь үндсэн зээлийн 4 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлнө, бусад төлбөрийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн кредит картын гэрээ, хариуцагчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хүсэлт, кредит картын тооцооллын хүснэгт, хариуцагчийн Х... банкны дансны хуулга, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ү.Б... нь Г... банк ХХК-аас 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Г... банктай ЗГ/... тоот кредит картын гэрээ байгуулж, 4 000 000 төгрөг зээлийн эрхтэй картыг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Талуудын маргааны зүйл нь зээлийн эрх хэтрүүлсний төлбөр болон зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр байна, үндсэн зээл, үндсэн хүүгийн талаар хариуцагч маргахгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь кредит картыг эзэмшсэнээр зээлийн эрх үүссэн байх бөгөөд бэлэн бус гүйлгээнд 2 хувийн, бэлэн гүйлгээнд 3,5 хувийн хүүг сард тооцохоор тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасан үндэслэлд нийцсэн байна.
Зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийг бэлэн болон бэлэн бусаар ашигласны хүүг, үндсэн зээлийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн үндсэн төлбөр 4 198 955 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 807 454 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Зээлийн картын тооцооллын хүснэгтээс үзэхэд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул зээлийн хугацаа хэтрүүлсний хүү болох 1 651 538 төгрөгийг төлөх үндэстэй байна.
Харин зээлийн эрх хэтрүүлсэн хүүг аль дүнгээс тооцсон, мөн дээрх хүүгийн төлбөрүүдтэй давхардсан эсэх нь тодорхой бус байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иймд Ү.Б...аас 9 657 948 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, үлдсэн 1 106 983 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 189 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 169 477 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Ү...ын Б...аас 9 657 948 /есөн сая зургаан зуун тавин долоон мянга есөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулан Г... банк ХХК-д олгож, үлдсэн 1 106 983 /нэг сая нэг зуун зургаан мянга есөн зуун наян гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 189 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 169 477 төгрөгийг гаргуулан Г... бан ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН