Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/516

 

 

 

 

 

 

  2021             5              25                                          2021/ДШМ/516

 

 

Н.Л, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Н.Л-ын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Л, Б.Э нарт холбогдох 2005008821390 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Н-гийн Л, 1992 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 795 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн;

 

Б овгийн Б-ийн Э, 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суудаг,  /РД:/,

Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн;

 

Шүүгдэгч Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Этэй бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Түвшинжаргалын өмчлөлийн “Самсунг Жи-5” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг авахаар хүч хэрэглэн довтлон зодож, дээрэмдэн нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Лтай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Түвшинжаргалын өмчлөлийн “Самсунг Жи-5” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг авахаар хүч хэрэглэн довтлон зодож,          дээрэмдэн нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Л, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржгин овгийн Н-ийн Л, Боржигон овгийн Б-гийн Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н.Лд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, Б.Эт оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Л-ын цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоног, Б.Эийн цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Л, Б.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо: “Миний бие эх, хүү хоёрын хамт амьдардаг, эх Х.Н 60 настай тэтгэвэрт байдаг, хүү Э.Энхманлай 6 настай, 22 дугаар сургуулийн 1 дүгээр ангид сурдаг. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулан ялыг хөнгөрүүлж өгнө үүгэжээ.

Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж байсан, гэм буруугийн хувьд маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч ямар нэгэн гомдол саналгүй болохоо илэрхийлсэн, хувийн байдлын хувьд Б.Э нь бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эрэгтэй юм. Анхан шатны шүүх Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан заалтыг хэрэглээгүй байна. Иймд Б.Э нарт холбогдох хэргийг хянан үзэж, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Л-ын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх болон прокуророос шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулж, хөнгөрүүлсэн ял оногдуулсан. 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах гэмт хэрэгт заавал хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжтой” гэв.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй шалтгаан нөхцөлийг анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгч тодорхой тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болсон. Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай зүйл анги учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Этэй бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Түвшинжаргалын өмчлөлийн “Самсунг Жи-5” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг авахаар хүч хэрэглэн довтлон зодож, дээрэмдэн нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Лтай бүлэглэн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч В.Түвшинжаргалын өмчлөлийн “Самсунг Жи-5” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг авахаар хүч хэрэглэн довтлон зодож,          дээрэмдэн нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч В.Т-ын “...би 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн үед Баруун 4-н замын бие засах газраар үйлчлүүлээд гарч ирж байсан чинь гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл таних эрэгтэй хүн бие засаж байхаар нь би тухайн эрэгтэй хүнд “чи яагаад гадаа шээгээд байгаа юм бэ, бие засах газар руу орж шээ” гэж хэлсэн. Тэгээд тухайн эрэгтэй хүнтэй хэсэг ярилцсан, тэгсэн хар бараан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл бид хоёрын ярилцаж байсан газрын харалдаа төв зам дээр зогссон. ...би тухайн тээврийн хэрэгсэлд суусан. ...би машинаас буунгуут жолооч залуу миний эрүү рүү шууд цохиж намайг боож унагааж намайг хэсэг ухаан алдуулсан. Тэгээд гадаа шээж байсан үл таних залуу жолооч залууг “одоо болно боль” гэж хэлээд машин руу буцаж оруулсан. ...надаас авсан мөнгийг тоолоод нийт 216.000 төгрөг байсан, тэгээд надад 16.000 төгрөг өгөөд намайг архи аваад ир гээд явуулсан. ...миний гар утсыг халааснаас аваад машинаа хөдөлгөөд авч давхисан, Эх нялхасын 4 замын уулзварын улаан гэрэл дээр зогссон, тэгэхэд би машиныг онгойлгоод гараад зугтаасан. ...” /хх 15-18/,

“...намайг ороход Э гэх залуу нь жолоочийн суудал дээр сууж байсан, хажуу талд нь буюу баруун талд нь Л, арын жолоочийн зүүн талд нь Батбаяр гэх залуу сууж байсан, гэхдээ унтаж байсан. Жолооч залуу нь надаас мөнгө байна уу гэхээр нь бэлэн мөнгө байхгүй харин картанд мөнгө байгаа гэсэн чинь жолоочийн хажууд сууж байсан залуу Л бууж ирээд арын суудалд миний хажууд суугаад миний нүүрэн тус газар нэг удаа цохисон чинь Э нь жолоочийн урд талд сууж байсан суудлаасаа арагшаа хараад миний хоолойноос боогоод “чи муу яагаад маяглаад байгаа пизда вэ” гэж хэлээд миний халаасыг ухаад байсан ба тухайн үед миний халаасанд гар утас, түрийвч хоёр байсан. Тэгээд тухайн гурван залуу нь архиа хувааж ууж байх хойгуур машинаас нь гараад утсаар ярьж байсан чинь Э “та утсаар яриад байгаа юм уу” гэснээ “ямар овоо муу гар вэ” гээд машинаасаа бууж ирээд миний энгэрээс заамдаж боогоод нүүрэн тус газар гарааараа цохисон, энэ үед би ухаан балартсан. Тэгсэн чинь Л нь намайг буцааж машины арын суудал дээр суулгаад мөн нэг удаа цохиод миний халаасыг ухаад түрийвч гаргаж ирээд Эт өгсөн. ...” /хх 123-124/,

гэрч Н.Батбаярын “...би 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр найз болох Этэй утсаар холбогдож уулзахаар болсон юм. Тэгээд Э найз Луктай фэйсбүүкээр холбогдож төмөр замын ойролцоо уулзахаар болсон. Удалгүй бид хоёр Эрдэнээгийн хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй нь төмөр замын ойролцоо явж байхад Лук такси бариад бид хоёр дээр ирсэн. Бид гурав нэг шил архи хувааж уухаар шийдээд нэг архи авч Баянгол дүүргийн Модны 2-ын ойролцоо очиж хуваад уусан юм. ...Над руу 2020 оны 8 дугаар сард Э холбогдоод цагдаа дээр очиж уулзсан гэхээр нь юу болсон талаар нь асуухад “хэрэг болдог өдөр Лук нэг үл таних эрэгтэйг дагуулж ирээд би нөгөө залууг нь алгадсан юм, тэгээд тухайн залуугийн утсыг Лук авчихсан юм” гэж хэлсэн. ...” /хх 29/,

гэрч Л.Отгонтуулын “...2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр миний бие өөрийн ажил болох Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Арвин ундарга” нэртэй ломбарданд сууж байхад гаднаас үл таних 2 хүн орж ирээд Самсунг Жи-5 маркийн гар утас барьцаанд авах уу гэсэн. Тухайн гар утасных нь үйл ажиллагааг шалгаад 50.000 төгрөгийн зээл олгосон. ...” /хх 35/,

гэрч Т.Уянгын “...манай аав 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим гэртээ байж байгаад надад гутал, манай хүүхдэд гэдэсний эм авахаар Бөмбөгөр худалдааны төв рүү гарсан. 18 цагийн орчим над руу залгаад “аав нь сая хүнд эд зүйлсээ дээрэмдүүлчихлээ, одоо зугтаагаад явж байна” гэж утсаар ярьсан. Удалгүй такси бариад гэртээ орч ирэхдээ малгайгүй хамарнаас нь цус гойжсон байдалтай байсан. ...” /хх 37/ гэх мэдүүлгүүд,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 40/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 45/, “Арвин ундарга файнанс 1” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /хх 52/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Н.Л, Б.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар үгээр болон үйлдлээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэн зодож хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Н.Л, Б.Э нарын үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Л, Б.Э нарт тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын гэм буруу, хэрэгт оролцсон болон хувийн байдалд тус тус тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Эийн “...миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Б.Э нь гэрчээр /хх 31/, яллагдагчаар /хх 100/ мэдүүлэг өгөхдөө өөрийн хувийн байдлын талаар ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг гэсэн байх боловч 6 настай Э.Энхманлай шүүгдэгчийн хүүхэд мөн эсэх нь тодорхойгүй, хүүхдийн төрсний гэрчилгээн /хх 184/ дээр хүүхдийн эцгийн нэр бичигдээгүй, эргэлзээтэй байх тул түүнийг өрх толгойлсон эцэг гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл шүүгдэгч Б.Эт хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Эийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан үзэж 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэв.

Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч О.Баяраагийн “...анхан шатны шүүх Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан заалтыг хэрэглээгүй байна. Б.Э нарт холбогдох хэргийг хянан үзэж, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу шүүгдэгч Б.Э гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий ч яллагдагчаар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль зүйн үндэслэлүүдээр түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. Мөн шүүгдэгч Б.Эийг өрх толгойлсон эцэг гэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/2285 дугаартай шүүгчийн захирамж /хх 178/-д шүүх хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр явуулахаар товлосон байх боловч шүүх хуралдааныг товлосон өдрөөс өөр өдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр явуулсан байх бөгөөд энэ талаар шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Цаашид энэ төрлийн алдааг гаргахгүй ажиллахыг анхааруулж магадлалд тэмдэглэж байна.

Шүүгдэгч Н.Л, Б.Э нарын энэ хэрэгтээ 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 103 /зуун гурав/ хоног цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л, Б.Э нар нь энэ хэрэгт нийт 103 /зуун гурав/ хоног тус тус цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ