Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 18

 

                                                      Ц.С нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Б.Намхайдорж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2019/00137 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг, Сутай хороо 6 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, Жалайр овогтой Ц. С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг шүүгч Ш.Баттогохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.З  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.С би 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Манай байгууллагын дарга нь намайг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бус харьцаж танхайрсан гэж худал үндэслэлгүй зүйлээр ажилаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир гомдол гаргаж байна. Иймд Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаал үндэслэлгүй болохыг тогтоож намайг урьд эрхэлж байсан Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар удаа дараа согтуугаар ажлын байранд ирж удирдлагатай зүй бусаар харьцаж танхайрсан  гэдэг үндэслэлээр ажилаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн удаа дараа зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ц.С зүгээс удаа дараа ийм асуудал гаргаагүй. Дарга бид хоёрын хооронд таарамжгүй харилцаа байсан. Энэ харилцаанаас болоод бид хоёр хэрэлдэж муудалцах зүйл бол байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл бол байхгүй байсан. Ажлын байран дээр  цагдаа ирээд чи  эрүүл  юм байна. Яагаад ингээд асуудал гаргаад байгаа юм гэж байсан. Тэр үед нь дарга бид хоёр хэрэлдээд, дарга намайг хэл амаар доромжлоод  байдаг байсан. Түүнтэй нь холбоотой ганц, хоёр үг хэлсэн чинь цагдаа дуудсан гэдэг талаар нь хэлж байсан. Тухайн өдөр нь эрүүл байсан учраас  цагдаа авч яваагүй, эрүүлжүүлээгүй. Удаа дараа гэдэг асуудал бол байхгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд хэргийн материалтай танилцаж байх үед 03 дугаар сарын 7-нд сануулах арга хэмжээ авсан тушаал гарч ирсэн. Энэ тушаалтай холбоотой Ц.С асуухад ийм тушаал над дээр гарч  байгаагүй. Урьд нь надад танилцуулж байгаагүй. Ямар учраас энэ тушаалыг гаргасан юм. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг байдлаар хандсан. Энэ тушаал нь тухайн зөрчлийг нотлоогүй байсан учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тухайн тушаалыг нотолж чадаагүй  учраас хэлэлцэхгүй орхиж байна. Энэ тушаалыг нөхөж гаргасан байх боломжтой. Тухайн тушаалтай холбоотой тайлбарыг хавсаргасан байгаа. Энэ тайлбарыг харуулахад миний бичиг, гарын үсэг  бол биш гэдэг тайлбар хэлсэн. Нэхэмжлэл болон хөдөлмөрийн гэрээн дээр байгаа гарын үсэгтэй тулгаад үзэхэд  Ц.С гарын үсэг тайлбар хоёр нь тэс өөр байна. Баримтууд бол иймэрхүү байдлаар ирж байна гэдгийг хэлэхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Худлаа ярьж байна, нотлох баримттай гэрчтэй байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 03 дугаар сарын 7-ны өдөр арга хэмжээ авагдахад  н.Ганхүрэл гуай хамт байсан. Энэ хүнийг захиргааны 3 дугаар байранд жижүүрт гарч байхад нь Ц.С нь архи авч ирээд хувааж уугаад н.Г гуай өөрөө хүсэлтээ өгөөд ажлаасаа халагдаад явсан. Энэ талаар тэр хүн бол  сайн мэднэ.  Гар бичмэлийг  бол Ч.Б, Ш.М, Ц.С нар нь Ерөнхий сайдыг ирсэн байхад талбай дээр орилж авир гаргасан. Энэ дээр бол би энэ гурваар гар бичмэлийг бичүүлж аваад  хэрэгт өгсөн. Нөгөө хоёр хүнийг нь дуудаад асуухад хөдөлшгүй нотлох баримт болно. Энэ гар бичмэлийг бичихдээ манай нягтлан, нярав нарын өрөөнд сууж байгаад бичсэн. 10 сард бол ажлын бус цагаар засвар үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл хийгээд манай ажилчид бүгд байсан. Тэр үед  Ц.С нь гаднаас согтуу орж ирээд юм цохиж авч байгаа нь бичлэг дээр байгаа, миний гарыг хөхрүүлж хувцас урсан байсан. Би хүн чанар гаргаад шүүх цагдаа гэж яваагүй. Бичлэг дээр бүх зүйл нь тодорхой бичигдсэн. Энэ хүнд бол итгэл үзүүлж байсан. Аймгийн Засаг даргын тамгын газар шинэ машин авах гэж байна. Чи наад архи, дарсаа боль, жолоочоор ажиллах боломжтой. Мэргэжилээ дээшлүүл гэж  зөвлөж байсан. Улаанбаатар хотоос хадмууд ирсэн байна. Унаа хэрэгтэй байна гэхэд нь 71-71 дугаартай авто машиныг унуулж байсан. Тэр өдөр Ц.С нь согтуу ирсэн. Хүнийг ганцхан муу талаас нь яриад байхгүй. Ц.С бол ажилд бол сайн. Нэг гэм нь архи уухаараа хэд хоногоор уудаг. Сая халагдсаны дараа 8 хоног архи уусан. Би тушаалыг нь гаргахгүй 7 хоносон. Газрын албаны ажлыг санал болгосон. Манай ажилчид бүгд мэдэж байгаа, би хэр зэрэг засрах бол гэж хараад байж байтал дахиад л асуудал гаргасан. Өмнө бол надтай согтуу маргалдах үед эхнэр нь ирж авсан. Би энэ хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх зүйл, дотоод журам, хөдөлмөрийн

гэрээ, Монгол улсын Ерөнхий сайдын албан даалгавар зэргийг үндэслэл болгон ажилаас халсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга харуулын ажлыг сайжруулах талаар хурал дээр  үүрэг даалгавар надад өгсөн. Нэхэмжлэгчийн удаа дараа архидан согтуурч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж худал ярьж байна. Энэ хүн бол удаа дараа ийм үйлдэл гаргасан. Ц.С бол хамт олны дунд нэр хүнд бол сайн биш, дээрэнгүй зантай. Ц.С нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Жалайр овогтой Ц. С урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулын ажилд эгүүлэн тогтоож. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.649.280 /хоёр сая зургаан зуун дөчин ёсөн мянга хоёр зуун наян/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цэрэнпилийн Сансарт олгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.Сансарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт даалгаж. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 2.649.280 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 57.338 төгрөг нийт 127.538 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Ц.С холбогдох хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх нь тогтоогдохгүй гэсэн үнэлэлт өгч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэт үнэнээс гуйвуулан Ц.С ажилд эгүүлэн томилсон нь ойлгомжгүй байна. Ц.С нь 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажлын байранд согтуугаар ирж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчин сахилгын арга хэмжээ авсан. Гэтэл анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлага дээр дурдаагүй тушаал дээр үнэлэлт өгч хэт нэг талыг барьсанд гомдолтой байна. Ц.С 2018 оны 10 сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар мөн ажлын байранд согтуу ирж хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын заалтыг удаа дараа зөрчиж, хуулийн дагуу сахилгын шийтгэл оногдуулсан юм. Анхан шатны шүүх хуралдааны баримтаар хангалттай тодруулсан байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ул  Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2019/00137 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Ц.С Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Жалайр овогтой Ц. С урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.649.280 /хоёр сая зургаан зуун дөчин ёсөн мянга хоёр зуун наян/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.С олгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.С нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч анхан шатны шүүх нотлох баримтаар хангалттай тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлэлгүй, хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэмээн маргажээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №Б/20 дугаар тушаалаар Ц.С Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалт, Дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.23 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.2.4 б дэх заалтуудыг үндэслэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа ажлын байран дээр ирж, удирдлагатай зүй бус харьцаж танхайрсан хэмээн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажилаас халжээ.

Хариуцагч тушаалынхаа хууль зүйн үндэслэлийг “ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;

Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын Дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалт /хэргийн 45 дахь тал/

Ажлын байранд эсхүл албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байран дээр ирсэн нөхцөлд ажилаас халах хүртэл арга хэмжээ авна.

 Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.23 дахь заалт /хэргийн 7 дахь тал/   Ажлын цагаар болон ажлын бус цагаар архи согтууруулах ундаа уун ажил дээр ирэхийг хориглож, хөдөлмөрийн хууль болон гэрээнд заасны дагуу хариуцлага тооцно.

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.4 б дэх заалт /хэргийн 7 дахь заалт/ Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална.

Ажлын байранд эсхүл албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ ажлын байран дээр ирсэн.” Гэх заалтуудыг үндэслэжээ.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №258 дугаар тогтоол буюу хэм, хэмжээ тогтоосон захиргааны акт нь хууль зүйн хүчин төгөлдөр үйлчилж байх бөгөөд энэхүү тогтоолын 1.7 төрийн албан хаагч томилолтын болон ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох,төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцохыг үүрэг болгож хэм хэмжээ тогтоожээ.

 Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.4 б дэх заалт /хэргийн 7 дахь заалт/ Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална.

Ажлын байранд эсхүл албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн... үедээ ажлын байран дээр ирсэн.” зөрчлийг засгийн газраас хэм, хэмжээ тогтоосон захиргааны актын хүрээнд, ажилтан, ажил олгогч талууд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байна.

        Ноцтой зөрчил нотлогдон тогтоогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт /2018 оны 08 дугаар сарын 10-ны  21 цагт бичлэг дэх он сар, цаг бичигдсэн /тус аймгийн Засаг даргын тамгын газрын нэгдүгээр байрны үүдэн хэсэгт болсон үйл явдалд /харуул/ Ц.С, /ажил олгогч/ М.З нарын бичлэг байгаа нь тогтоогдсон талаар дүгнэжээ. Шинжлэн судлагдаж, хэрэгт нотлох баримтаар авагдсан уг бичлэгт согтуугаар хариуцагч байгууллагын төлөөлөгч М.З маргалдаж буй нэхэмжлэгч Ц.С үйлдэл бичигдсэн, бусад ажилчид нь түүний үйлдлийг хориглож буй байдал хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бичлэгт бэхжигдсэн байна. Энэ тухай тайлбарласан хариуцагчийн төлөөлөгч  М.З тайлбар cd бичлэгээр давхар нотлогдож байна. Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, дүрс бичлэгээр бэхжигдсэн, нөхцөл байдлыг дуудлага өгч ирсэн цагдаагийн ажилтан Дашнямын Батхишиг гэрчийн мэдүүлэг шүүхэд өгөхдөө бодит үйл явцаас эрс зөрүүтэй мэдүүлсэн нь , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан “ Гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүртэй “ тухай заалтыг зөрчжээ.

Нэхэмжлэгч Ц.С хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил үйлдсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №Б/20 дугаар тушаалыг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2019/00137 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Жалайр овогт Ц. С Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2019/00137 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Жалайр овогт Ц. С Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт  зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.538 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ЖАРГАЛСАЙХАН  

 

                                           ШҮҮГЧИД                              Б.НАМХАЙДОРЖ

 

                                                                                          Ш.БАТТОГТОХ