| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/02834/И |
| Дугаар | 102/ШШ2023/00687 |
| Огноо | 2023-02-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/00687
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., К... ХХК,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ... байрлах, регистр ..., Д... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага:64 101 554 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг шаардлага:41 961 268 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З.., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К... ХХК нь Д... ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 64 101 554 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Д... ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... байрлах аж ахуйн хашаанд 2 байшин, 2 гүний худаг, 4 хяналтын камер ажиллуулахад 10 квт хүчин чадалтай, 380 вольтын тог гаргах нарны энергийн үүсгүүр болон хяналтын камерын төхөөрөмжүүд суурилуулах ажлыг 2 сарын хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр 38 000 000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.Гэрээний дагуу санхүүжилтийн 50 хувь 19 000 000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 14-нд шилжүүлсэн, Д.Г... нь нарны энергийн систем байрлуулж, аюулгүй ажиллахад таны зүгээс гэрээнд заагдсан дараах ажлуудыг өөрийн хөрөнгөө гаргаж хийх шаардлагатай гэсэн.Үүнд:
Аккумлятор болон тоног төхөөрөмжүүдийг хөлдөөхгүй хадгалах байрыг барихад /газрын түвшнээс 6 метр гүнд 5x5 харьцаатай, 3 метр өндөртэй, 9 метр урт 1,40 метр өргөн 2 метр өндөр шаттай, бетон бүрэн цутгамал пункер, гадна дотор талдаа нано хөөсөнцөр дулаалгатай, газар ухан шороо зөөх болон булах техникүүд, материалын үнэ, техник багаж тоног төхөөрөмж, хэв хашмалууд, хашаа, УБ хотоос тээвэрлэх болон ажил гүйцэтгэх хөлс/ нийт 60 000 000 төгрөг, газраас 50 см гүнд цахилгааны утас хамгаалах сувагчлалын ягаан Р\/С хоолой 400 метр х 6000 төгрөг = 2 400 000 төгрөг, хяналтын худгийн бетон кольцо 7 ширхэг х 90 000 төгрөг=630 000 төгрөг, хяналтын монтажны төмөр хайрцаг 5 ширхэг х 40 000 төгрөг = 200 000 төгрөг, цахилгааны утас 3,2 радиустай 350 метр х 6500 төгрөг=2 275 000 төгрөг, камерын шон 9 метр урттай 3 ширхэг х 1 100 000 төгрөг=3 300 000 төгрөг, краны хөлс 500 000 төгрөг бүгд 69 305 000 төгрөгийг компаниас гаргаж хийсэн боловч ашиглалтгүй хөрөнгө болсон.
Гэвч надад мөнгөний хэрэгцээ байна, та түр туслаач гээд 2019.10.11-нд 5 000 000 төгрөг, 2019.12.02-нд 1 000 000 төгрөг бүгд 25 000 000 төгрөг авсан. Үүнээс хойш утсаа огт авахгүй зугтааж би Өмнөговь аймаг, Төв аймаг, БХБ Яамнаас олон зуун сая төгрөгийн тендер авсан зав байхгүй байна, хэд хоногоос очоод хийж өгнө гэж мессеж бичдэг болсон.Утсаа авахгүй зугтаад байхаар нь хөөцөлдөж байж 2020.07.22-нд ажил дээр нь уулзаж, учрыг асуухад хятадууд надад 380 квт инвертер хийж өгнө гээд хуурчихлаа тантай байгуулсан гэрээний дагуу ажлаа хийж чадахгүй боллоо, таныг удаа дараа чирэгдүүлж, олон сая төгрөгийн ажил хийлгэж хохироосон тул суурилуулсан 36 ширхэг нарны панел, 4 ширхэг камерыг гадаа угсраад удлаа, мараалын элэгдэлд орлоо танд өгье, та өөр компаниар хийлгэ, харин танаас авсан 25 000 000 төгрөгийг 1 сарын дотор буцааж өгье гэж баталгааны бичиг үйлдэж өгсөн.
Гэрээний үүргээ биелүүлж, цахилгаанаар хангаагүйн улмаас 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 1 дугаар сарын 14-ний өдөр хүртэл гарсан зардалд:Худгийн мотор 2 ширхэг х 1 650 000 төгрөг =3 300 000 төгрөг нийт 820 хоног хэрэглээний ус болон мал услахад зориулж худгийн мотор ажиллуулахад өдөр бүр 4 литр бензин зарцуулж, нийт 3280 литр бензин х 1820 төгрөг=5 969 600 төгрөг, худгийн мотор ажиллуулахад бензин 20 литрийн канистераар зөөхөд 164 удаа х 1 удаа явахад 40 000 төгрөг = 6 560 000 төгрөг болсон.
Тодруулбал хариуцагч Д... ХХК нь гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч компанид шилжүүлсэн 19 000 000 төгрөг, мөн хэрэгтэй байна гэх гуйлтаар шилжүүлсэн 6 000 000 төгрөг нийт 25 000 000 төгрөг, К... ХХК болон Д... ХХК нарын 2019.08.14-ний өдрийн 32 тоот Ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 төлнө гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцсон алдангид 19 000 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлж цахилгаанаар хангаагүйн улмаас 4 ширхэг моторыг 7 865 000 төгрөгөөр худалдан авсан мөн уг моторыг ажиллуулахын тулд 2019 оны 10 сараас 2023 оны 01 сар хүртэл шатахууны 12 236 554 төгрөгийг нэмж нийт 64 101 554 төгрөгийг Д... ХХК-аас гаргуулна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.К... ХХК-ийн захирал нь 2019 оны 5 сард Д... ХХК-ийн оффист ирж, өөрийн эдлэнд 10 квт нарны эрчим хүчний үүсвэр суурилуулах талаар санал солилцон хамтран ажиллахаар болж, 2019.08.08-нд 38 000 000 төгрөгийн үнэтэй 10 квт нарны үүсвэр, камерын системийн хамт хийх, урьдчилгаа 19 000 000 байхаар тохиролцон гэрээ байгуулсан.Энэ үед газарт батарей суурилуулах нүх ухах, камераа байрлуулан, агаарын кабель татах замаар ажлыг хийх саналыг амаар ярьж тохиролцсон, гэрээний хийх ажлыг хавсралтад заагаагүй.
Д... ХХК нь 2019.08.18-нд Д.До...ын багтай хамт К... ХХК-ийн талбайд 1х1х1м хэмжээтэй 6 ширхэг нүх, анкер боолт, газардуулгын шит байрлуулах газар ухах ажлыг эхлүүлж, 2019.09.05-нд ажлыг дуусгасан.
Улмаар 2019.08.18-09.15-нд 6 ширхэг нарны хавтан байрлуулах боломжтой эргэдэг төмөр нарны хавтангийн суурийг Соронзонд захиалж хийлгэсэн.Нийт 6 ширхэг суурь хийсэн бөгөөд 36 нарны хавтан багтахаар тооцоог хийж угсардаг байдлаар гүйцэтгэсэн, 2019.09.30-нд 36 ширхэг нарны хавтангуудыг бусад эд ангийг К... ХХК-ийн эдлэнд буулган, 2 өдрийн турш угсарч суурилуулсан, 2019.10.09-нд К... ХХК-ийн захирал нь кабелийг агаараар татахгүй, газар доогуур кабель сүвэгчлэх хоолой татна, танайх нүх ух, хоолой болон худгийн цооногийг суурилуулж өг хэмээн гэнэтийн шийдвэр гарган шаардаж төлөвлөгөөт ажлыг дур мэдэн өөрчилсөн бөгөөд түүний хүсэлтийн дагуу 500 000 төгрөгөөр техник хөлсөлж 2 хүн ажиллуулж ухсан нүхэд хоолойг суурилуулсан, 2019.10.15-20-ны өдрүүдэд хоолойд кабелийг сүвэгчилсэн, энэ үед К... ХХК-ийн захирал нь маш том зоорь ухаж бетон зутгаж, газар доор зоорийн ажил хийж байсан.Мөн 380в кабелийг зоориноос байшин хүртэл 120 метр урттай хэсэгт татсан, 4 шонд байрлах камеруудын кабель утас буюу 500 метр орчим кабелийг татсан.Зоориноос байшин, байшингаас доод харуулын байр, түүний цаана байрлах гарааш хүртэл газар доогуур хоолойд хийж татсан.Байшингаас худаг, харуулын гэрийн хажуугийн худаг хүртэл 400 метр газарт газар доогуурх хоолой дотуур 400 метр цахилгааны кабель /2х4 голчтой/ татсан.Энэ үед харуулын гэрт 4 ширхэг PTZ камер, 4 ширхэг POE свич, бичдэг хадгалах төхөөрөмж 1 ширхэг, хард диск 1 ширхэг 48В 100 АН багтаамжтай 3 ширхэг литиум батарей, 10 квт инвертер зэргийг хадгалуулсан, 3ш батарейг эсгийд хийж хадгалсан байсан, 2019 оны 11 сард хийсэн ажлууд:К... ХХК-ийн ухсан зоорийн нүхэнд маш их чийгтэй байсан тул гал түлэх замаар чийгийг арилгаж, хойд хананд 48В 60А чадалтай 3 ширхэг улаан контроллер төхөөрөмжийг цахилгааны 1x0,8 метр хэмжээтэй том хайрцагт суурилуулан, батарей хийх зориулалтын 120 метр өндөртэй 90 см өргөнтэй хар өнгийн шкафанд З ширхэг литиум батарейг суурилуулан хойд хананы хэсэгт тавьсан.Хайрцаг нь хөлтэй тул хөдөлгөж болдог.Батарейнуудыг хооронд нь холбож, З ширхэг контроллер бүрээс кабелийг холбосон.Нарны хавтангаас ирэх кабелийг зоорийн гаднаас нүх оруулан хоолойгоор сүвлэж З ширхэг контроллер төхөөрөмжид холбосон.380В-ийн шитийг хойд хананд угсарсан, 10 квт чадалтай хөх өнгийн Соsuрег брэндийн инвертерийг батарей агуулсан хар хайрцаг дээр суурилуулсан.Учир нь хананд ус чийг их тул тэнд байрлуулахад тог цохих аюултай гэж үзсэн.К...ийн захирал нь гал их түлэхээр чийг арилна хэмээн хэлдэг байсан ч чийгшил ихтэй хэвээр байсан.Байшин дотор гараашийн өрөөний хананд 380В-ийн шитийг мөн угсарсан.Тус шитээс 220В гаргахаар бүрх автоматуудыг байрлуулж угсарсан.Энэ шитээс байшин, худаг гэх мэтийг хангах 220в хүчдэл гарах юм.Эдгээр бүх холболтуудыг хийсэн, 2019 оны 12 сард зоорийн хэсэгт ширээ байрлуулж ширээн дээр бичлэг хадгалах төхөөрөмж, 32 инч дэлгэцийг ширээний хананд бэхэлж тогтоосон.Гэвч тухайн зоорийн чийгшил буурахгүй байсан бөгөөд харуулыг байлцуулан төхөөрөмжүүдийг асааж, батарейг хэрхэн цэнэглэж байгааг харуулж, зооринд 220в чийдэн асааж харуулсан.Үүгээр Д... ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажлаа дуусгавар болгосон юм.
Энэ өдрөөс хойш хийгдсэн бүхий л ажлууд нь гэрээнээс гадуурх буюу гүйцэтгэгч компаниас үл хамаарах, захиалагчийн дураараа авирласнаас /кабелийг агаараар татахгүй, газар доогуур татна гэснээс/ болж үүссэн хүчин зүйлсийн /байгалийн, ус чийг, үер/ нөлөөлөл, эрсдэл, мөн захиалагч байгууллага нь тоног төхөөрөмжтэй зүй бусаар харьцсанаас болж үүссэн эвдрэл, гэмтэл зэргийг арилгах К... ХХК-ийн гуйлт, хүсэлтийн дагуу хийгдэж байсан ажлууд юм.
Учир нь анх Д... ХХК нь шонгууд босгоод камераа байрлуулан, агаарын кабель татах замаар ажлыг хийх санал тавьж ажлаа эхлүүлсэн ч 2019 оны 10 сарын 09-ний өдөр К... ХХК-ийн захирал нь газар доогуур кабель сүвэгчлэх хоолой татна хэмээн үүрэг өгснөөр дээрх бүх эрсдэл үүсэх эх үүсвэр тавигдсан юм.
Гэрээт ажлыг дуусган, хүлээлгэж өгсний дараа захиалагч талд зоорийг үе үе ойрхон шалгаж, төхөөрөмжүүд дуугарах, алдаа өгөх зэргийг хянахыг зөвлөсөн.Оны сүүлч үед харуул Д.Г...ын ... дугаарт залгаж, зооринд орох, хананд хүрэх үед тог цохиж байгааг дуулгасан тул шууд өдөртөө очиж инвертерийг унтраасан. Учир нь хананд чийгшил их байсан тул 380В хүчдэл цохих аюултай нөхцөл үүссэн. Харин батарейг цэнэглэж байхаар асаалттай үлдээж, ногоон гэрэл нь асаж байгаа эсэхийг шалгаж байхыг харуулд зөвлөсөн, 2020 оны 1 сарын сүүлчээр өвөл Карсберг ХХК-ийн захирал нь камеруудыг 9 метр өндөр 4 ширхэг шонд суурилуулахыг тушаасан ч шатгүй, хүмүүс халтирч унаж бэртэх магадлал их байсан тул больсон.Харин Ганцог нь хийж чадахгүй байна, бид хийдэг гэх мэтээр загнасан ч бидний хувьд хөдөлмөрийн нөхцөл аюултай байсан тул камеруудыг 9 метр өндөр 4 ширхэг шонд суурилуулаагүй, 2020 оны 3 сард Д.Ганцог нь ажил дээр ирж уулзаад бид өөр хүнээр хийлгэх боллоо, танайх суурилуулсан бүх төхөөрөмжөө авч, манай өгсөн 25 сая төгрөгийг өг хэмээсэн тул Д.Г... нь одоо өгөх боломжгүй ээ.Бид 25 сая бус 30 гаран сая зарцуулсан.Танайд намраас өгье хэмээсэн тул бичиг хийж өгөхийг шаардсаны дагуу 25 саяыг өгөх бичгийг хийж өгсөн, 2020 оны 3 дугаар сард Эрчим Электрик ХХК-ийн инженер Чулуунбаатар нь Д.Г... руу залгаад танайх хойно 10 квт нарны үүсвэр суурилуулжээ.Эзэн нь манайхыг үзээд хийгээд өг гэсэн тул үзлээ.Энэ зооринд маш их ус алдсан байна.Танай батарей, төхөөрөмжүүд шатах нь байна шүү гэж хэлсний дагуу бид маргааш нь очиж батарейгаа бусад төхөөрөмжүүдийг байшинд нүүлгэсэн ба энэ үед 48В 100Аh чадалтай 2 ширхэг батарей нь өөрчлөлттэй болсон, 48В 60А чадалтай нэг улаан өнгөтэй контроллёр ажиллахгүй байсныг бид мэдээгүй, үүнийг намар нь мэдсэн, 2020 оны 8 сард К... ХХК-ийн захирал нь эхнэрийн хамт оффист ирээд танайх гүйцээгээд өгчих.Хоёулаа тохиролцсон юм чинь дуусгая гэсэн тул бид нэгэнт хийсэн зүйлийг дуусгаж өгөхөөр тохиролцсон, 2020 оны 9 сард тусгай эрчим хүчний дөрөөтэй хүнийг өдрийн 200,000 хөлсөлж шонд 4 камерыг суурилуулсан, 2020 оны 10 сард элдэнд очиход Ганцог нь Германы хөөсөөр зоорийн дотор ханыг 20 см зузаан хөөсдөж ус орохгүй болгохоор ажиллаж байна гэж хэлсэн.Удалгүй зоорийг битүү хөөсөдсөн байсан, 2021 оны 10 сард БНХАУ-ын bluesun компанид 12в 150Аh багтаамжтай 4 ширхэг батарейг дахин захиалж, 11 сард ирсэн боловч 2022 оны 11-12 сард хөл хорио тогтоосны улмаас очиж суурилуулж чадаагүй.Гэвч Д.Ганцог нь биднийг "ажлыг хий, хийхгүй бол гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ" хэмээн мессеж бичин дарамталдаг байсан, 2021 оны 1 сард хөл хориотой байсан ч Г...гийн яв гэж шаардсаны дагуу Д.Ө..., дараа нь Д.Б...гийн хамт Г...ийн эдлэнд очиж, зоорийг битүү хөөсөдсөн тул зоорийн хананд бус баганын 4 талд төхөөрөмжөө суурилуул гэж Г...гийн хэлсний дагуу зоорийн голын багана дээр 10 квт инвертер, контроллёртой шитний хайрцаг, 380В шитийн хайрцаг, батарейны шит гэх мэтийг суурилуулсан.Баганын 4 талд 4 ширхэг төхөөрөмжөө холбож төхөөрөмжүүдийг асаасан, байшин гэрэлтэй болсон бөгөөд бүх чийдэн асаж байсныг манаач залууд харуулсан.Худгийг 220В хүчдэлд залгасан бөгөөд манаачийн хамт худгийн насосыг асаахад нэг ус гоожоод дахин гоожоогүй.Тиймээс кабелийг шалгах шаардлагатай гэж үзээд өвлийн хүйтэн цастай тул боломжгүй хавар больё гээд явсан, 2021 оны 3 сард манаач байшин болон бусад газарт маш их ус орж ирж байгаа тухай хэлсэн тул очиж шалгахад кабель сүвлэсэн хоолойгоор маш их ус орж урссан байсан.Ганцогтод энэ талаар хэлэхэд дээд талын шонгийн шороог дутуу манасан байх, би манана гэсэн.Гэхдээ бид энэ ус газрын гадаргуугийн ус, цас хайлахаар шууд хоолойгоор урсаж байгааг хэлсэн гэвч тэр хүлээн аваагүй.Энэ их ус хоолойгоор явж байгаа болохоор 220В кабель утас гэмтсэн байсан тул 220В кабелийг солихыг зөвлөсөн.Учир нь бид үлдэгдэл мөнгөө аваагүй тул дахин маш их зардал гаргахгүй гэсэн.
Мөн 2 жил энэ байрлалд 50 шахам удаа ирсэн бөгөөд тээврийн, шатахууны маш их зардал гаргасан, 2021 оны 7 сард Г...ийн хүсэлтийн дагуу эдлэнд очиж, түүнд болон түүний эхнэрт нарны эрчим хүчний тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулахыг зааж өгсөн.Учир нь 10квт дээш хүчтэй хэрэглээ, тоног төхөөрөмж залгахад 10 квт инвертер болон хамгаалалтын автоматууд хаагдаж байгааг хэлээд хэрхэн дахин нээж, төхөөрөмжүүдийг ажиллуулахыг зааж өгсөн.Энэ үед камерын төхөөрөмж болох РОЕ свич, бичлэг хадгалах төхөөрөмжүүд нь усанд норсон тул хатаах шаардлагатай, магадгүй тэдгээрийн боардыг солих шаардлага үүсэхийг хэлсэн. Үүнийг шон дээрх камерын боардыг солих гэж ойлгосон байсан, 2021 оны 8 сард К... ХХК-ийн оффист Г...той уулзаж, түүнд 220В кабель сонгоход тусалсан, хэд хоногийн дараа тус кабелийг суурилуулсан тухай Ганцог утсаар мэдэгдсэн.Биднийг очиж холболтууд хийж, худгийг холбох, бусад гэрийг холбож өгөхийг шаардсан.Гэвч бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, корона туссан, мөн үлдэгдэл мөнгөө Ганцог нь өгөөгүй тул асар их зардал гарч байгаа зэргээс холболтыг хийж өгөөгүй.
Захиалагчийн хүссэн ажлууд бүрэн хийгдэж, асаахад хэвийн ажиллаж байгаа боловч захиалагч талын шаардлага хангаагүй ажлаас болж /газар доогуур кабель татсан, К... ХХК-ийн ухсан зоорийн нүхнүүд маш их чийгтэй, газрын хөрсний ус ордог г.м/ их хэмжээний усанд автаж, төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа тасалдаад байгааг К... ХХК-ний захирал маш сайн ойлгож байсан.
Энэхүү эдлэнд нарны эх үүсвэр суурилуулахад оролцсон хүмүүс:А.С.. /Д... ХХК-ийн ажилчин/ кабель сүвэгчилсэн, Ц.М... /Д... ХХК-ийн ажилчин/ нарны хавтан суурилуулахад оролцсон, Баясгалан /Д... ХХК-ийн ажилчин/ зооринд ажилласан.Мөн байшинд гэрэл асаах, худгийн насос ажиллуулахад хамт байлцсан.К... ХХК-ийн 2 манаач, 2019 онд нэг нь ажиллаж байсан, нөгөө нь 2020 оноос ажилласан.Д.. /хамтарч ажилласан/ нүх ухаж бетондсон, камерын кабелийг татсан.Д.Г.. /хамтарч ажилласан/ камерыг суурилуулахад өвөл очиж оролцож байсан.Д.Ө.. /хамтарч ажилласан/ зооринд төхөөрөмж суурилуулахад ажиллаж байсан. Ч... /Э... ХХК-ийн инженер/
Дээрх бүх үйл баримтууд нь бүгд гэрчлэх хүнтэй, нотлох баримтуудтай бөгөөд К... ХХК нь гэрээний үүргээ дутуу биелүүлж, төлбөрийн үлдэгдлийг шилжүүлэхгүй биднийг хохироосон.К... ХХК нь гэрээнээс татгалзаж гэрээний урьдчилгаанд төлсөн 25 000 000 төгрөгөө нэхэмжилж байгаа тул Д... ХХК нь иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хэсэгт "хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй" хэмээн заасны дагуу К... ХХК-аас гэрээний дагуу болон нэмэлтээр суурилуулсан тоног төхөөрөмж, зардлын үнийг шаардаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах болно.
К... ХХК нь анхнаасаа газарт батарей суурилуулах нүх ухах ажлыг өөрсдөө гүйцэтгэх, зардлаа хариуцахаар тохиролцсон, энэ талаар талуудын хооронд байгуулсан 2019/08/14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.3, 2.4 дэх хэсэгт маш тодорхой заасан тул компанид шууд учирсан гэх ямар ч баримт нотолгоогүй 23 429 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
К... ХХК нь 2019/08/14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.3, 2.4 дэх хэсэгт заасан үүргээ дутуу биелүүлсэн, тоног төхөөрөмжүүд байрлах газар доорх байр, газар доогуур татсан кабел нь ус чийг, үер орсноос болж эвдрэл гэмтэл үүссэн, Д... ХХК-аас нийлүүлсэн, угсарсан тоног төхөөрөмж нь ямар ч асуудалгүй ажиллаж байсан гэв.
Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 41 961 268 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ К... ХХК болон Д... ХХК нар нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан.
Захиалагч К... ХХК нь төлөвлөгөөт ажлыг өөрчилсөн болон захиалагч талын ашиглалтын алдаа, түүнээс улбаалсан байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан эрсдэлүүдийг гүйцэтгэгч талд тохож, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.Д... ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийх ёстой бүхий л ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн, гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглалтад оруулан захиалагч талд хүлээлгэн өгсөн.
Мөн батарей хадгалах зооринд ус орсны улмаас 48В 100 ah багтаамжтай анх тавигдсан батарей нь ажиллахгүй болсны улмаас БНХАУ-аас 12В 150ah багтаамжтай 4 ширхэг батарей нэмэлтээр авчирч суурилуулсан ба энэ нь гэрээнд ороогүй ажил юм.Энэхүү батарейн үнэ 650 000*4=2 600 000 төгрөг.
Хамтран ажиллах гэрээ нэг талын санаачилгаар цуцлагдаж буй тул талууд гэрээний зүйлээ харилцан буцаах шаардлага зүй ёсоор гарсан, суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь анхны байдлаараа буцаж ирэх боломжгүй тул гэрээнд заасан үнээр буцааж төлөхийг К... ХХК-аас шаардаж байна.
Дахин ашиглах боломжгүй хохирлуудад газар доорх хоолойд суурилуулсан 380в кабель /зоориноос барилга хүртэл 120м/, UРТ сүлжээний кабель /камерт зориулсан/ мөн 220в хүчлийн кабелиуд нь 3 жилийн хавар бүр ус хоолойгоор урссаны улмаас дахин ашиглах ямар ч боломжгүй болсон байгаа.Зооринд байрлуулсан камерын бичлэг хадгалах төхөөрөмж мөн норсны улмаас ажиллахгүй болсон байгаа.Мөн нарны хавтангууд нь 3 жил гадаа ашигласан түл шинэ нарны хавтангийн үнээр тооцох огт боломжгүй.Инвертер тоног төхөөрөмжүүд ч мөн элэгдсэн тул шинэ төхөөрөмжийн үнээр тооцох боломжгүй байгаа.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 223.2-т заасны дагуу К... ХХК-аас үндсэн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн төхөөрөмж, ажлын хөлс 38,427,400 төгрөг, нэмэлтээр захиалан авч суурилуулсан 12В 150 ah багтаамжтай 4ш батарейны үнэ 650,000*4=2,600,000 төгрөг, нийт 41 961 268 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд:2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 4.1, 5.3-т заасны дагуу тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн ажиллуулж хүлээлгэн өгсөн нэг ширхэг ч акт байхгүй, цахилгаанаар хангаагүй, камерууд огт ажиллаагүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй утсаа авахгүй зугтаагаад байхаар нь шүүхээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан.
Сүхбаатар дүүргийн ...хаягт байрлах Д... ХХК-ийн захирлын өрөөнд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр К... ХХК-ийн захирал, менежер нар 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний дагуу ажил хийгдэж цахилгаанаар хангаагүй нэг жил боллоо, цаашид хамтран ажиллах боломжгүйг ярилцаж, К... ХХК-ийг хохиролгүй болгохоор тохиолцсон.
2019 оны 8 дугаар сарын 14-ны өдөр гэрээ байгуулаад 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ гэсэн боловч ажил гүйцэтгээгүй нэг жил болсон тул 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр уулзан ярилцаж, бүх тоног төхөөрөмжөө буцаан ав, манайд ажиллахгүй төхөөрөмж шаардлагагүй гэхэд К... ХХК-д олон сая төгрөгийн хохирол учирсан байна, хохирлыг барагдуулахын тулд байрлуулсан 36 ширхэг нарны толь, 4 ширхэг камераа та нарт өгье, үлдсэн тоног төхөөрөмжөө манай 25 000 000 төгрөгийг буцааж өгөөд авъя гэсэн.Түүнээс хойш 2 жил зугтааж байна.Захирал Д.Г... өөрөө уучлал гуйж буруугаа хүлээн хохирол барагдуулахаа амласан өөрийн гараар бичсэн баримт байгаа, 6 ширхэг суурин дээр 36 толь бэхэлснээс 12 толь газрын гүн дэх пункерт холбогдсон бусад толийг нь анхнаасаа огт монтажлаагүй, 2-оос дээш аккумлятор холбоход хөргөлтийн систем шаардлагатай, түүнийг нь хятад руу захиалаад бүтээгүй, танай 380 вт гаргах нарны систем хийх боломжгүй тул манай компанийг хохиролгүй болгоё гэж ярьж тохирсон.
Гэрээний хавсралт 1, 2 хүснэгтэд заагдсан 38 427 400 төгрөгийн тоног төхөөрөмж нь 380 квт нарны эрчим хүч гаргах боломжгүй тоног төхөөрөмжөөр хууран мэхэлж, удаа дараалан залилан мөнгө авсан бөгөөд цахилгаанаар хангагдаагүй учир камер, гэрэл, худаг, гагнуур гэх мэт тоног төхөөрөмжүүд ганц удаа ажиллаагүй.Ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад бичигдсэн 2 ширхэг батарей нь ажиллаагүй, сүүлд авч ирсэн 4 ширхэг батарейн 1 ширхэг нь хагархай, 3 ширхэг нь ажиллаагүй, аккумлятор хөргөх систем захиалсан ирээгүй гэсэн.Гэрээний үүргээ биелүүлж цахилгаанаар хангаагүй, хууран мэхэлж хагас дутуу орхин зугтаасан, эрэн сурвалжлуулсан, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, хяналтын камерын систем,10 квт хүчин чадалтай нарны энергийн системээр тэжээгдэх объектын схем зураг, хяналтын камерын схем зураг, ХААН банкны дансны хуулгууд, Д.Г...ын 2020 оны 7 сарын 22 гэсэн огноотой гараар бичсэн баримт, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, зураг, шатахууны жагсаалт, баримтуудыг шүүхэд өгсөн./хх 3, 4-5, 6-7, 8-10, 11, 152-155, 156-157, 158-209/
Хариуцагчаас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны мемориалын баримтууд, гадаад төлбөрийн даалгавар, дансны хуулга, мөнгөн гуйвуулгын баримт, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, зураг, Сайн ББСБ-ын мөнгөн гуйвуулгын баримт, тоног төхөөрөмжийн жагсаалт, мемориалын баримтуудыг шүүхэд өгсөн./хх 16, 101-117, 119-129, 140, 143-148/
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан баримтыг шүүх бүрдүүлсэн./хх 70-97/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 25 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэн 39 101 554 төгрөгийг нэхэмжлэлийг, хариуцагч байгууллагын 41 961 268 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн 19 000 000 төгрөг, гуйлтаар шилжүүлсэн 6 000 000 төгрөг, алданги 19 000 000 төгрөг, 4 ширхэг моторын үнэ 7 865 000 төгрөг, шатахууны үнэ 12 236 554 төгрөг нийт 64 101 554 төгрөгийг Д... ХХК-аас гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нь манайх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, захиалагч гэрээнд заагаагүй ажил хийлгэсэн, 25 000 000 төгрөгийг өгнө, алдангийг зөвшөөрөхгүй, туршилт хийхэд алдаа гараагүй, мотор болон шатахууны үнийг төлөхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн төхөөрөмж, ажлын хөлс 38,427,400 төгрөг, нэмэлтээр захиалан авч суурилуулсан 12В 150ah багтаамжтай 4 ширхэг батарейны үнэ 650 000*4=2 600 000 төгрөг, нийт 41 961 268 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хариуцагч байгууллагын захиралтай 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр уулзаж ярилцахад нарын толь болох камерыг авахгүй гэсэн, суурилуулсан тоног төхөөрөмж нь 380 квт нарны эрчим хүч гаргах боломжгүй байсан, камер худаг ажиллаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр няцааж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, хяналтын камерын систем,10 квт хүчин чадалтай нарны энергийн системээр тэжээгдэх объектын схем зураг, хяналтын камерын схем зураг, ХААН банкны дансны хуулгууд, Д.Г...ын 2020 оны 7 сарын 22 гэсэн огноотой гараар бичсэн баримт, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, зураг, шатахууны жагсаалт болон баримтууд, Голомт банкны мемориалын баримтууд, гадаад төлбөрийн даалгавар, дансны хуулга, мөнгөн гуйвуулгын баримт, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, зураг, Сайн ББСБ-ын мөнгөн гуйвуулгын баримт, тоног төхөөрөмжийн жагсаалт, мемориалын баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулагдаж, Д... ХХК нь 10 квт хүчин чадалтай нарын энергийн систем болон хяналтын камерын төхөөрөмжүүдийг суурилуулж, ажиллуулан К... ХХК-д хүлээлгэн өгөх, К... ХХК нь гэрээний төлбөрт 38 000 000 төгрөгийг Д... ХХК-д төлөх үүргийг тус тус хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Гэрээний 6.1-т зааснаар Д... ХХК нь дээрх ажлыг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирсон байх бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан байна.
Ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “Захиалагч нь 10 квт хүчин чадалтай нарын энергийн систем болон хяналтын камерын төхөөрөмжүүдийг тус бүр дээр нь ажиллуулан акт үйлдэн ашиглалтад хүлээн авах эрхтэй” гэж талууд тохиролцсон байх боловч Д... ХХК нь ажлын гүйцэтгэлийг захиалагчид актаар хүлээлгэн өгсөн баримтгүй байх бөгөөд Д... ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн дуусгаж нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан байна.
Захиалагч болон гүйцэтгэгч талын удирдлагууд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр уулзаж ярилцсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч байгууллагын захирал Д.Г...ын бичсэн 2020 оны 7 сарын 22 гэсэн огноотой баримт зэргээс үзэхэд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь гэрээнээс татгалзах болсон тухайгаа нөгөө талдаа мэдэгдсэн гэж үзэхээр байна.
Захиалагч нь гэрээнээс татгалзаж байхад талууд гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч нь алданги шаардах боломжгүй байна.
Нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн Хаан банкны 2022 оны 7 дугаар сарны 8, 2020 оны 7 дугаар сарын 8, 2019 оны 8 дугаар сарын 23, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдийн шилжүүлгийн мэдээллийн баримтууд, 65 ширхэг шатахууны баримтаар 7 865 000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг мотор худалдсан авсан, уг моторыг 12 236 554 төгрөгийн шатахуунаар ажиллуулсан болох нь нотлогдохгүй байх бөгөөд зарим баримтууд нь гэрээний хугацаанд хамаарахгүй байна.
Иймд хариуцагч байгууллагаас 25 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 39 101 554 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.
Хариуцагч байгууллагын гүйцэтгэсэн төхөөрөмж, ажлын хөлс 38 427 400 төгрөг, нэмэлтээр суурилуулсан 12В 150ah багтаамжтай 4 ширхэг батарейны үнэ 2 600 000 төгрөг нийт 41 961 268 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдоогүй байна.
Хариуцагч байгууллага нь шинжээчийн дүгнэлтэд дурсан тоног төхөөрөмжийг суурилуулсан байх боловч нарын панелыг бүрэн холбож, зүгшрүүлэх ажлыг хийгээгүйгээс тоног төхөөрөмжийг ажиллагаа доголдолтой, хяналтын камерын тоног төхөөрөмж дутуу, холболт хийгээгүй гэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан байна.
Тухайлбал хариуцагч байгууллагаас хэрэгт ирүүлсэн Голомт банкны мемориалын баримтууд, гадаад төлбөрийн даалгаврууд, хариуцагч байгууллагын Голомт банкин дах дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтуудын зарим нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, зарим баримтад ямар ажил үйлчилгээний мөнгө шилжүүлсэн болох нь тодорхойгүй, тухайн баримтад бичигдсэн мөнгөн дүнтэй ажил, үйлчилгээ нь гэрээнд заасан 10 квт хүчин чадалтай нарын энергийн систем болон хяналтын камерын төхөөрөмжүүдийг суурилуулахад зарцуулагдсан байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөө талаар суурилуулсан тоног төхөөрөмж гэх 380в кабель, UРТ сүлжээний кабель, 220в хүчлийн кабель, камерын бичлэг хадгалах төхөөрөмжүүдийн нэг бүрийн үнэ өртөг тодорхой бус, мөн ажил үйлчилгээний хөлсийг ямар журмаар тооцсон нь баримтаар нотлогдоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв./хх 101-116/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 636 410 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 390 050 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д... ХХК-аас 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан ба шинжээчийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-т зааснаар зохигчдоор нөхөн төлүүлдэг бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч К... ХХК-аас 1 220 000 төгрөг, хариуцагч Д... ХХК-аас 780 000 төгрөг тус тус гаргуулж, Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-д 2 000 000 төгрөгийг олгох нь зүйтэй байна./хх-70/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-т заасныг баримтлан хариуцагч Д... ХХК-аас 25 000 000 /хорин таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч К... ХХК-д олгож, үлдсэн 39 101 554 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч К... ХХК-аас 41 961 268 төгрөг гаргуулах тухай Д... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 636 410 төгрөг, хариуцагч байгууллагаас төлсөн 390 050 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д... ХХК-аас 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч К... ХХК-аас 1 220 000 төгрөг, хариуцагч Д... ХХК-аас 780 000 төгрөг тус тус гаргуулж, Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-д 2 000 000 төгрөгийг олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН