Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/00807

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, ... оффист байрлах, регистр ..., Х... банк ХХК,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Ж... овогт С...ын И...,

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээг цуцалж, 38 795 377 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Х... банк ХХК нь хариуцагч С.И...д холбогдуулан зээлийн гэрээ цуцалж, 38 795 377 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

С.И... нь Х... банктай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/201844200239 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ201844200239 тоот Барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, Бизнесийн шуурхай бичил зээлийн зориулалтаар зээлж авсан.Улмаар 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201844200239-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 5 004 359.18 төгрөг, зээлийн хүүгээс 5 898 722.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15 068.11 төгрөг нийт 10 918 150.02 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчигдсөн байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч С.И...гаас үндсэн зээлийн үлдэгдэл 24 995 640.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13 187 837.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 606 899.84 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 38 795 377.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би Х... банкны нэхэмжилсэн цалингийн зээлийн 38 795 377 төгрөг, хүү болох 13 187 837 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээл болон хүүг нийтдээ 36 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр төлөх хүсэлт гаргасан ч хүлээн зөвшөөрсөнгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдлүүд, хариуцагчаас Х... банканд гаргаж байсан хүсэлтүүд, зээл хүсэгчийн анкетыг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Зээлийн гэрээг цуцалж, С.И...гаас үндсэн зээлийн үлдэгдэл 24 995 640.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13 187 837.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 606 899.84 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 38 795 377.72 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Цалингийн зээлийн 38 795 377 төгрөг, хүү болох 13 187 837 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн зээл болон хүүг 36 сарын хугацаанд төлөх хүсэлт гаргасан ч хүлээн зөвшөөрсөнгүй гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдлүүд, хариуцагчаас Х... банканд гаргаж байсан хүсэлтүүд, зээл хүсэгчийн анкет, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

С.И... нь Х... банк ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөг, жилийн 19,2 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай зээлснээр талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан үндэслэлд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Зохигчид 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. 

Талууд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн үндэслэлд нийцэж байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан байна.

Хариуцагч С.И... нь 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон гэж үзэх үндэстэй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан байна.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч байгууллага нь зээлдэгчид 2020 оны 9 дүгээр сарын 25, 2021 оны 9 дүгээр сарын 14, 2020 оны 9 дүгээр сарын 11, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.8-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь гэрээг цуцлах эрхтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр нотариатын зардалд 5000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул энэхүү зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд Х... банк ХХК-ийн С.И...тай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээг цуцалж, хариуцагч С.И...гаас үндсэн зээлийн үлдэгдэл 24 995 640.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 13 187 837.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 606 899.84 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг нийт 38 795 377 төгрөг гаргуулан Х... банк ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 926 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.И...агаас 351 975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Х... банк ХХК-ийн С.И...тай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээг цуцалж, хариуцагч С.И...гаас 38 795 377 /гучин найман сая долоон зуун ерэн таван мянга гурван зуун далан долоон/ төгрөг гаргуулан Х... банк ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 926 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.И...гаас 351 926 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       З.ДОРЖНАМЖИН