Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2023/00114

 

 

 

 

 

 

2023 02 15 153/ШШ2023/00114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатарын нэрэмжит талбай 5, ******* *******ны төв байранд байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн төлбөр нийт 5,068,306.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.******* /цахимаар/,

Хариуцагч: Р.******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******гийн ******* нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* *******тай дугаарт зээлийн гэрээ байгуулан 800,000.00 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан болно.

Зээлдэгч Р.******* нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн өр 1,934,061.91 төгрөг, үндсэн хүү 2,737,614.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 396,629.87 төгрөг, нийт 5,068,306.07 төгрөг.

Иймд бүгд 5,068,306.07 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 96,042.91 төгрөгийн хамт ******* овогтой *******ос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч *******гийн ******* нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* *******тай дугаарт зээлийн гэрээ байгуулан 800,000.00 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл олгосон. Харилцагч нь тус зээлийг төлж яваад 2017 онд нэмэлт зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлийн төлбөрт 1,934,061.91 төгрөг, үндсэн хүү 2,737,614.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 396,629.87 төгрөг, нийт 5,068,306.07 төгрөг. Иймд бүгд 5,068,306.07 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 96,042.91 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, үндсэн зээлийн төлбөрийг барагдуулахаар ******* *******наас 2019, 2022 онуудад гаргаж байсан нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс эрэн сурвалжилахаар гарч байсан захирамж, цагдаагийн газрын баримтууд, зээлдэгч ******* *******ны ажилтантай харьцаж байсан зурвас зэрэг нотлох баримтыг бүрдүүлж өгсөн байгаа... 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 24 сарын хугацаатай зээл сунгасан... 453,000 төгрөгийг үлдэгдэлтэй байсан бөгөөд дээрээс нь 2,000,000 төгрөгийн зээл нэмж аваад нийт зээлийн хэмжээ 2,453,000 болсон... Хамгийн сүүлд 07 дугаар сарын 27-ны өдөр 65,000 төгрөг төлсөн. Үндсэн төлбөртөө 41,065 төгрөг, хүүний төлбөрт 21,400 төгрөг байгаа... 80085797 гэдэг утсаар байнга сануулж байсан. Зурвасаар ч хүргүүлж байсан... 2019 оны 04 сараас хойш шүүхэд хандаж байсан... Зээлийн гэрээ цуцлагдаагүй... 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дууссан... Зээлийн гэрээнд тусгагдсан байгаа зээлийн төлбөр төлж дуустал хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдоно.... Харилцагчтай харилцан тохиролцоод гэрээг цуцлаж болно гэхдээ энэ хүнийг дуудаад ирэхгүй байгаа учраас шүүхийн шугамаар гэрээг цуцлах гэж байна....гэв.

3. Хариуцагч Р.******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2016 онд 800,000 төгрөг, 2017 онд 2,000,000 төгрөгийн цалингийн зээлийг Баянгол дүүргийн 73 дугаар сургуульд багшаар ажиллаж байхдаа цалингийн орлогоо барьцаалж зээл авсан. Банканд үдсэн зээл 865,938 төгрөг, хүү 350,000 төгрөг, нийт 1,216,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 08 дугаар сараас *******ны шаардах эрх үүссэн ба уг эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 08 дугаар сард дууссан гэж үзэж байна. Миний бие 2017 оноос ажилгүй буюу барьцаанд тавьсан орлогогүй болсон.

...Би нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна. 2017 оноос хойш би ажилгүй болсон. Банк надтай 2021 оны 02 дугаар сард холбоо барьсан, бүтэн 4 жил чимээгүй явж байсан. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажлаасаа эрүүл мэндийн шалтгаанаар гарсан. Хэсэгтээ цалингийн орлогогүй болж одоо хүртэл ажил хийгээгүй учраас зээлээ төлж чадахгүй явсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай 2021 онд л надтай уулзсан. 2019 оноос уулзаж байсан гэдэг нь худлаа ... гэжээ.

4. Нэхэмжлэгчээс ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* ХХК-ийн захиралын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 434 дугаартай Эрх олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18/08/1505 дугаартай итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэсийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28з3-3/4139 дугаартай албан бичиг, ******* *******, Р.******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* *******, Р.******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2022/16835 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2022/04693 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/01507 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэсийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 26з3-3/3301 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ20198/01197 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэл, утсаар харилцсан зурвас зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлээс хариуцагч Р.*******ос үндсэн зээл 1,934,061.91 төгрөг, хүүгийн төлбөр 2,737,614.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 396,629.87 төгрөг, нийт 5,068,307.07 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч байгууллага анх шүүхэд хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 1,934,061.91 төгрөг, хүүгийн төлбөр 2,737,614.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 396,629.87 төгрөг, нийт 5,068,307.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Р.******* нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* *******тай дугаарт зээлийн гэрээ байгуулан 800,000.00 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл олгосон. Харилцагч нь тус зээлийг төлж яваад 2017 онд нэмэлт зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийн зээл авсан. Хамгийн сүүлд 07 дугаар сарын 27-ны өдөр 65,000 төгрөг төлсөн. 2019 оны 09 дүгээр сараас эхлэн зээлээ төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 1,934,061.91 төгрөг, үндсэн хүү 2,737,614.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 396,629.87 төгрөг, нийт 5,068,306.07 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Би 2016 онд 800,000 төгрөг, 2017 онд 2,000,000 төгрөгийн цалингийн зээлийг Баянгол дүүргийн 73 дугаар сургуульд багшаар ажиллаж байхдаа цалингийн орлогоо барьцаалж зээл авсан. Банканд үдсэн зээл 865,938 төгрөг, хүү 350,000 төгрөг, нийт 1,216,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 08 дугаар сараас *******ны шаардах эрх үүссэн ба уг эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 08 дугаар сард дууссан гэж үзэж байна. Миний бие 2017 оноос ажилгүй буюу барьцаанд тавьсан орлогогүй болсон... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч Р.******* нь ******* ******* ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээ байгуулж, цалингийн орлого барьцаалж, 12 сарын хугацаатай, жилийн 27,60 хувийн хүүтэйгээр 800,000 төгрөгийг, мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, цалингийн орлого барьцаалж, 48 сарын хугацаатай, жилийн 26,40 хувийн хүүтэйгээр 2,000,000 төгрөгийг тус тус хүлээн авсан байна.

5. Талуудын маргааны зүйл нь ...нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нь зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул зээлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлүүлэх... гэж, хариуцагч талаас ...зээлийн гэрээтэй холбогдуулан шаардах эрхийн хугацаа дууссан, мөн цалингийн орлогоо барьцаалж зээл авсан байсан бөгөөд одоо ажилгүй болсон тул зээлээ төлөх боломжгүй, үндсэн зээлийг төлнө, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй... гэжээ. Харин зохигчид зээлийн үндсэн төлбөр 1,934,061.91 төгрөг гэдэгт маргаагүй болно.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

6.1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч нараас зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байх учир Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд зааснаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй байна.

6.2. Хариуцагч Р.******* нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 1,934,061.91 төгрөг, зээлийн хүү 2,737,614.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 396,629.87 төгрөгийг ******* ******* ХХК-д төлөх ёстой болох нь хэрэгт авагдсан дугаартай зээлийн гэрээ, тус гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн график, ******* *******ны 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх зээлдэгч Р.Гомбын зээлийн дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

7. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний тухайд:

7.1. Дээрх зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

7.2. Хариуцагч Р.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.4-т зээлдэгч нь энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч талын буюу *******ны санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгох буюу түүнийг цуцлахаар заажээ.

Хариуцагч Р.******* нь дугаартай зээлийн гэрээний үүргийн төлбөрт 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 865,938.09 төгрөг, үндсэн хүү 372,935.95 төгрөг, торгуулийн хүү буюу нэмэгдүүлсэн хүү 3,368.78 төгрөгийг төлж, үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан зээлдэгч Р.Гомбын нэр дээрх 1905111264 тоот зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Улмаар зээлдэгч тал буюу ******* ******* ХХК нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 заасныг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан дугаартай зээлийн гэрээтэй холбогдолтой маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.

нэхэмжлэгч тал нь шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ20198/01197 дугаартай шийдвэрээр хариуцагчаар оролцвол зохих этгээд Р.Гомбыг эрэн сурвалжлуулж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.*******ос 1,934,061.91 төгрөг, хүүгийн төлбөр 2,737,614.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 396,629.87 төгрөг, нийт 5,068,307.07 төгрөгийг гаргуулан ******* *******инд олгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,042.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас 96,042.01 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Р.*******ос үндсэн зээлийн төлбөрт 1,934,061.91 төгрөг, үндсэн хүү 2,737,614.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 396,629.87 төгрөг, нийт 5,068,306.07 төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,042.91 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 96,042.91 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН