2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2166

 

 

 

 

 

2025         09           16                                    2025/ШЦТ/2166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн

шүүгдэгч Э.Т,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т, ******* нарт холбогдох эрүүгийн 2509 00189 0136 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ........... тоотод оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 873 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 1 жилийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, Э.Т

Монгол Улсын иргэн, 2004 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг Шаамар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О бааранд хохирогч Б.Мын толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар,

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О бааранд хохирогч Э.Бтолгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах хэргийн оролцогчид оролцож, мэдүүлэг тайлбар өгснийг сонсов. Үүнд:

Шүүгдэгч *******,*******гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөсөн болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав. 

Хохирогч Б.М мэдүүлэхдээ “Би хохиролд шүүгдэгч Э.Тгээс Iphone 13 pro max маркийн гар утсыг 1.000.000 төгрөг, 1,200,000 төгрөгийг бэлэнээр хүлээж авсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав.

           Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,

Хохирогч Б.Мын “Тухайн өдөр найз Б, М бид 3 манай өөр найзууд От байна гэхээр орсон. Тэгээд бид сууж байхад манай хойд ширээн дээр сууж байсан залуучууд нилээн согтуу байсан, нэг бондгор залуу би Чингэлтэйд босоо гэх мэтээр орилоод байсан. Тэгэхэд бас нэг танил хүн өөр ширээн дээр сууж байсан ба тухайн залууг аргадаад суулгаж байгаа харагдсан тэгээд тэр үеэс 10 орчим минутын дараа тухайн согтуу залуучууд тооцоогоо хийх гээд хагалсан юмныхаа мөнгө төгрөг гээд маргаад байж байх шиг байсан, нэг мэдэхэд л хойно түчигнээд байхаар нь харахад манай нөгөө танил хүмүүстэй барьцалдсан байсан,  би очоод тухайн хүмүүсийг салгасан, Б бид 2 эрүүл байсан, тэнд явж байсан хэсэг эмэгтэйчүүд манай танил найзыг цохиж үсдээд байхаар нь болиулах гээд очиход хажуунаас гэнэт нэг юмаар цохих шиг болсон. Тэгээд би шууд унаад толгойгоо тэврээд хэвтсэн, дээрээс дэвсэх байх гэж бодоод босоод М гэх найзтайгаа гадаа гарсан, миний толгойноос их цус гараад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний “НЭ........ регистрийн дугаартай Б.М Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрүүл мэндийн даатгалаар 2024 онй 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд 1,408,160 төгрөгийн хэвтүүлэн эмчлэх, эмийн тусламж үйлчилгээ, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20,000 төгрөгийн амбулаторийн үзлэг тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн мэдээлэл “/хх-ийн 129 дэх тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15155 дугаартай “Б.Мын биед зүүн зулайг чамархай ёс, зүүн нүдний ухархайн гадна хажуу, хана,  суурь ёсны бага далавч руу үргэжилсэн шугаман хугарал, зүүн зулай хуйханд шарх, зүүн чамархай, зүүн зулайн суурийн түвшинд хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-33 дахь тал/,

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 140 дугаартай “Б.Мын сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт түр зуурынх эсхүл байнгын шинжтэй эсэх нь эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, гэр бүл, нийгэм хамт олны дэмжлэг, хувь хүний сэтгэлзүйн онцлог болон цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс шалтгаана” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-50 дахь тал/,

Хохирогч Б.М-с эрүүл мэндийн хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 57-64, 143-146 дахь тал/,

Хохирогч Э.Б “Өнөөдөр манай пабын 6 дугаар ширээнд сууцгааж байсан залуучууд гарахдаа нойлд тасраад унасан найзыгаа орхиод явах гээд байхаар нь бид хариуцаж үлдэхгүй талаар хэлэхэд маргаан болсон, мөн 2 дугаар ширээнд сууж байсан залуучууд руу эргэж хараад юундаа муухай хараад байгаа юм гэж хэлээд түрүүлж очиж цохиод зодоон эхэлсэн. Цохихоосоо өмнө хэл амаар их доромжилсон. Тэр зодоон эхлүүлсэн залуу лангууны араар ороод лангуун дээр байсан Бэлүга нэртэй архийг аваад намайг цохисон тэгээд нэг мэдэхэд би газар унасан байсан, сэрээд зодолдож байгаа хүмүүсийг салгах гэхэд миний толгой хагарсан байсан” гэв /хх-ийн 8-9 дэх тал/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний “............. регистрийн дугаартай Э.Б Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрүүл мэндийн даатгалаар 2024 онй 11 дүгээр сарын 17-ны өдөр 196,380 төгрөгийн яаралтай тусламжийн авсан байна” гэсэн мэдээлэл “/хх-ийн 131 дэх тал/,

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15172 дугаартай “Э.Б биед нь зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эррүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 дахь тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад гэмт хэргийн улмаас хохирсон Э.Б-д сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоов” гэсэн баримт /хх-ийн 71 дэх тал/,

Гэрч О.А-н “2024 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө манай Т найзын төрсөн өдөр болсон, тэгээд бид гадуур тэмдэглэж яваад 3 дугаар сургуулийн ойролцоох О гэх нэртэй газар орсон, тэндээ сууцгааж байгаад тооцоогоо хийх гээд такен дээр бөөнөөрөө зогсож байсан. Тэгэхэд өөр ширээн дээр сууж байсан залуучуудтай маргалдаад тэгээд би ярилцах гээд очиход намайг нэг цохисон тэгээд үсдсэн тэгэхэд манай найз Т, Т 2 салгах гэж маш их оролдсон, манай эхнэр хамт байсан болохоор намайг зодоонд битгий оролц явъя гэж хэлсэн. Би Т, Т нарын зодолдож байхыг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх тал/,

О баарны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 72-73 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Хар өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн биеийн тамирын өмдтэй эрэгтэй хүн текний араас архи аваад саарал өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй эрэгтэй хүний толгой руу тухайн архины шилээрээ 2-3 удаа цохиж байгаа нь харагдаж байна. Дээгүүрээ хувцасгүй, доогуураа цэнхэр жинсэн өмдтэй эрэгтэй хүн ширээн дээрээс архины шил авч саарал өнгийн цамцтай, цэнхэр өнгийн женсэн өмдтэй, шар өнгийн гуталтай, халимаг үстэй эрэгтэй хүн ардуур нь явж байхад толгой руу нь тухайн архины шилээрээ 2-3 удаа цохиж байгаа нь харагдаж байна” гэсэн тэмдэглэл /хх-ийн 74-77 дахь тал/,

Э.Тгийн яллагдагчаар өгсөн “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 92 дахь тал/,

*******ийн яллагдагчаар өгсөн “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. О баарны төлбөр тооцоо болон хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 дахь тал/,

Шүүгдэгч Э.Тгийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Э.Тгийн хувийн байдалтай холбоотой

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 95 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 дэх тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 97 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 120 дахь тал/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 121 дэх тал/,

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 122 дахь тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 123 дахь тал/ зэрэг

болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын өгсөн мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Т, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Лхагвадорж  нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

2024 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг О бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Т нь тухайн бааранд үйлчлүүлж байсан Б.Мын толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, ******* нь тус баарны ажилтан Э.Бтолгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.М, Э.Б, тэдний эрүүл мэндэд хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон баарны хяналтын камерын бичлэгт, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч О.А, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Э.Т, ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Б.М, Э.Б нар тус бүр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаанд хууль зөрчигдөөгүй, тус мэдүүлгийн эс сурвалж нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэгтэй тохирч давхар нотологдсон, эдгээр нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай байна.

Шүүгдэгч Э.Т, ******* нар тус бүр хүний эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэйг мэдсээр атлаа зориудаар хийж эрүүл мэндэд хохирол учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл хийгдсэн гэж үзнэ.

******* уг үйлдлээрээ Э.Бэрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл буюу хөнгөн хохирол, Э.Тгийн уг үйлдлээрээ Б.Мын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл буюу хүнд хохирол тус тус учруулсан бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул Э.Тг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Олон нийтийн газарт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас Э.Бэрүүл мэндэд хөнгөн хохирол, эрүүл мэндийн даатгалын санд 196,380 төгрөгийн хохирол тогтоогдсон ба ******* нь хохирогч Э.Б-д эмчилгээний зардалд 1.468.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 2,000,000 төгрөг, бусад зардалд 800,000 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын санд 196,380 төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогч Э.Баасанхүүгээс цаашид хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэнг тэмдэглэвэл зохино. 

Гэмт хэргийн улмаас Б.Мын эрүүл мэндэд хүнд хохирол, сэтгэцийн хор уршигт хоёрдугаар зэрэглэл, эрүүл мэндийн даатгалын санд 1.428.160 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд Э.Т нь эмчилгээний зардалд 2.200.000 төгрөг нөхөн төлсөн, Б.М нь цаашид эрүүл мэндийн хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн байна.

Шүүх Э.Тгээс эмчилгээний зардалд 290,454 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,960,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Мт, 1.428.160 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.Мын эцэг, эхийн зүгээс хүүхдээ эмнэлэгт сахисан, эргэж тойрсон зардал, ажлаа хийж чадаагүйн улмаас олох байсан орлого, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилсэн боловч үүнийг мөнгөн дүнгээр тооцоход хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг  хэлэлцэхгүй орхиж, Б.Мт энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.  

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Т, ******* нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч *******, Э.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй, хүнд гэмт хэрэгт хамаарна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.

Иймд шүүхээс Э.Тгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол бодитоор төлөөгүй атлаа төлсөн агуулгатай баримтыг хохирогчоор гаргуулж үнэлүүлэн шүүхийн шийдвэрийн чанар үр нөлөөг алдагдуулсан, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон харилцаа хандлага гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг согтуугаар шил ашиглан хүч хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,  

*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэх боломжтой, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо бүрэн төлсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг согтуугаар шил ашиглан хүч хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасны дагуу Э.Тгийн хувийн байдлыг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоног хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалахаар тогтов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тэмдэглэвэл зохино.

Шийтгэх тогтоол хүчин Т болох хүртэл *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай

*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Тд 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар Э.Тд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц *******т оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоног хүртэл хугацаанд төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Тгээс эрүүл мэндийн хохиролд 290,454 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,960,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мт, 1.428.160 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

7. Хохирогч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Тгээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

             10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болох хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ