Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2023/00088

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х банк /захирал С/,

Хамтран хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж хаягт үйл ажиллагаа явуулах, Х ХХК /гүйцэтгэх захирал Ц/-д тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2019 оны 3 дугаар сард намайг Ханд өр төлбөртэй гэсэн мэдээлэл оруулсныг хасуулахыг Х-ны Б аймаг дахь салбар болон Х ХХК-д даалгах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                          

Нэхэмжлэгч Ө, түүний өмгөөлөгч Н,

Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т /цахим сүлжээгээр/, К,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С-д шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр /баримт №3/ мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч С түүний эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө нь хариуцагч Х-ны Б салбар, хамтран хариуцагч Ханд тус тус холбогдуулан Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2019 оны 3 дугаар сард намайг Ханд өр төлбөртэй гэсэн мэдээлэл оруулсныг хасуулахыг Х-ны Б аймаг дахь салбар болон Х ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн Ө сумын 3 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

1.2 Би 2008 онд Х-аас 3 сая төгрөгийн зээл авсан билээ. Зээлийн зориулалт нь тээврийн хэрэгсэл худалдан авах зорилготой байсан. Барьцаа хөрөнгө нь тухайн зээлээр худалдан авсан фургон машин байв.

1.3 Би зээлээ эргүүлэн төлж чадаагүй тул шүүхээс шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид авч өгч, гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

1.4 Гэтэл олон жилийн дараа буюу 2019 оны 3 дугаар сард Ө намайг Монгол банкны зээлийн мэдээллийн санд Ханд өр төлбөртэй хэмээн мэдээлэл оруулсан байна. Зээлийн мэдээллийн санд намайг муу зээлдэгчээр оруулахдаа надад огт мэдэгдээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш 10 жилийн дараа Зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчийн ангилалд оруулж миний эрхийг зөрчиж байна. Би шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Ханд ямар нэгэн байдлаар өр төлбөргүй юм.

1.5 Иймд 2019 оны 3 дугаар сард Ө намайг Монгол банкны зээлийн мэдээллийн санд Ханд өр төлбөртэй гэсэн мэдээлэл оруулсныг хасуулахыг Х-ны Б аймаг дахь салбар болон Ханд даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Х-ны Б салбарын захирал С хариу тайлбартаа: Ө-ийн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байна. Үүнд:

2.1 Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т заасны дагуу Х ХХК-ийн Б салбар нь банкны нэгж бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээх иргэний эрх зүйн чадваргүй.

2.2 Х ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох тохиолдолд гүйцэтгэх захирлын 2021 оны А-314 тушаалын 4 дэх хэсэгт заасны дагуу Хуулийн хэлтсээс тухайн албан тушаалтанд олгосон итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэлийг гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцох боломжтой байдаг.

2.3 Шүүх нэхэмжлэгчийг Х ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55, 36 дугаар зүйлд заасны дагуу Х ХХК-ийг төлөөлж байгаа этгээдийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичиг /бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримт/-тэй танилцсаны үндсэн дээр нэхэмжлэлийн хувийг гардуулах нь хуульд нийцэх юм. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар Х ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах нь зөв бөгөөд шүүх мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэж үзэж байна гэжээ.

 

3.Хамтран хариуцагч Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч К, Т нар хариу тайлбартаа: Ө-ний Х ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... 2008 онд Х-аас 3 сая төгрөгийн зээл авсан ... зээлээ эргүүлэн төлж чадаагүй тул шүүхээс шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид авч өгч, гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэтэл олон жилийн дараа буюу 2019 оны 3 сард X.Өмиржан намайг Монгол банкны зээлийн мэдээллийн санд Ханд өр төлбөртэй хэмээн оруулсан байна ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш 10 жилийн дараа Зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчийн ангилалд оруулж миний эрхийг зөрчиж байна... Ханд ямар нэгэн байдлаар өр төлбөргүй юм...” гэж дурдсан нь үндэслэлгүй юм.

3.2 Иргэний хуулийн 236, 240 дүгээр зүйлд тус тус үүрэг дуусгавар болох үндэслэлийг заасан бөгөөд нэхэмжлэгчийн Х банк ХХК-тай 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 42000782 дугаартай Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан Монгол банкны Б аймаг дахь салбарын Хянан шалгагч, улсын байцаагч Т-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн өргөдлийн хариунд "... Та Х-ны салбараас 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 42000782 тоот зээлийн гэрээгээр ... 3,000,000 төгрөгийн зээлийг авсан ба ... 808,505 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 507,158.00 төгрөгийг үндсэн зээлд, 301,347 төгрөгийг хүүд суутгасан байна ... Үүнээс хойш Х-ны салбараас 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд зээл болон хүү төлөх талаар 2 удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч төлбөр хийгээгүй учраас Б аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 785 дугаар бүхий шүүхийн шийдвэр гарч, хариуцагч Х овогтой Өмиржан та Х-ны салбарын нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөр 1,662,563.00 төгрөг, зээлийн хүү 177,242.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,033.00 төгрөг, нийт 2,756,117 төгрөгийг сайн дураар төлж барагдуулахаар болсон байна. Төлбөр барагдуулаагүй учир ... барьцааны машиныг ... таны бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу 1,800,000.00 төгрөгөөр худалдан борлуулж, зээлийг хаасан ба 956,000.00 төгрөгийн төлбөр үлдсэн байна. Банк Зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон тул зээл төлөхөд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах сангаас хасалт хийлгэх санал хүргүүлсний дагуу Х-ны Тусгай активын хорооны 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хасалт хийж, тэнцлийн гадуур бүртгэсэн байна. Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн багц материалд”-д Зээлийн эрсдэлийн сангаас хаасан зээлийн дүнгээр тэнцлийн гадуурх “Зээлийн эрсдэлийн сангаас хаасан зээл”-ийн дансанд бүртгэж, зээлийг эргүүлж төлүүлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж заасан байдаг. Ийм учраас та үлдсэн төлбөрөө барагдуулах учиртай. Банкны зүгээс бүртгэлийг хууль журмын хүрээнд хийсэн байна гэж үзэв ...” гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

3.3 Х ХХК нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн төлбөл зохих 956,000 төгрөгийг зээлийн эрсдэлийн сангаас хааж тэнцлийн гадуур бүртгэсэн нь нэхэмжлэгчийн үүрэг дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд 956,000 төгрөгийн өр төлбөрийг 2019 оны 3 сард Зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн нь хуульд нийцсэн.

3.4 Иймд,Ө-ны Х ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол банкны Б аймаг дахь салбарын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А-60 дугаартай албан бичиг, Монгол банкны Б аймаг дахь салбарын хянан шалгагч, улсын байцаагч Р.Тилеужаны хариу, өмгөөллийн гэрээ, 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 42000782 дугаартай барьцаат зээлийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 785 дугаартай шүүгчийн захирамж, Монгол банкны Зээлийн мэдээллийн сангийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн лавлагаа зэргийг,

Хариуцагчаас Х-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-314 дугаар итгэмжлэл олгох тухай албан бичиг, 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай “С-ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал, Х-ны хуулийн этгээдийн гэрчилгээ зэргийг,

Хамтран хариуцагчаас Т, К нарт олгосон итгэмжлэл, Х-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А-904 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг, Ө-ны 2011 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн гарын баримт зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч Ө-ны Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2019 оны 3 дугаар сард намайг Ханд өр төлбөртэй гэсэн мэдээлэл оруулсныг хасуулахыг Х-ны Б аймаг дахь салбар болон Х ХХК-д даалгах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.  Үүнд: 2008 онд Х-аас тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар 3 сая төгрөгийн зээл авсан ба уг зээлийн барьцаа нь зээлээр худалдан авсан фургон машин байсан. Тухайн үед зээлээ эргүүлэн төлж чадаагүй тул шүүхээс шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид авч өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэтэл олон жилийн дараа буюу 2019 оны 3 дугаар сард Ө намайг Монгол банкны мэдээллийн санд Ханд өр төлбөртэй гэж оруулсан нь миний эрхийг зөрчиж байгаа гэжээ.

 

7.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн Х-тай  байгуулсан 2008 оны 09  дүгээр сарын 23-ны өдрийн 42000782 дугаартай Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэгчийн Ханд төлөх төлбөргүй гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, Б аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 785 дугаартай шийдвэрээр нийт 2756117 төгрөгийг Ө нь төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн байх ба уг төлбөрийг барагдуулаагүй тул түүний барьцааны машиныг түүний бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу 1800000 төгрөгөөр худалдан борлуулж 956000 төгрөгийн төлбөр үлдсэн. Х ХХК нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн төлбөл зохих 956000 төгрөгийг зээлийн эрсдэлийн сангаас хааж тэнцлийн гадуур бүртгэсэн нь нэхэмжлэгчийн үүрэг дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд 956000 төгрөгийн өр төлбөрийг 2019 оны 3 дугаар сард Зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн нь хуульд нийцсэн гэжээ.

 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

8.1 Ө нь 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Х-аас 3000000 төгрөгийн зээлийг сарын 2.7 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан байх ба зээлдэгч Ө нь зээлээ хугацаанд төлөлгүй үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тул Х-ны Б салбар нь зээлдэгч Өд холбогдуулан зээлийн үлдэгдэл 1662563 төгрөг, зээлийн хүү 177242 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86003 төгрөг, нийт 2756117 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Б аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 785 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ө нь Х-ны Б салбарын нэхэмжилсэн зээл хүүгийн хамт нийт 2756117 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

8.2 Нэхэмжлэгч Ө-ны 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн баримтаас үзэхэд “... машиныг 1800000 төгрөгөөр худалдан борлуулахыг зөвшөөрч байна. Үлдсэн зээлийн үлдэгдлийг төлж өгнө” гэж бичигдсэн байна.

8.3 Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн лавлагаанд Зээлдэгчийн нэр: Х Өмиржан, регистрийн дугаар БЭ84030515, ... 11. Төрөл: зээл, валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 956117 төгрөг, зээлийн хүү: 0, зээл олгосон огноо: 2019-12-06, төлөгдөх огноо: 2019-12-21, үндсэн зээлийн үлдэгдэл: 356117 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага: Х, ... 12. Төрөл: зээл, Валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 30582 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон огноо: 2019-12-07, төлөгдөх огноо: 2019-12-21, үндсэн зээлийн үлдэгдэл: 30582 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага Х гэсэн мэдээллүүдийг тус тус нийлүүлсэн байна.

8.4 Нэхэмжлэгч Ө нь Монгол банкны Б аймаг дахь салбарт гомдол гаргасан ба уг гомдолтой холбоотой асуудлыг Монгол банкны Б аймаг дахь салбарын хянан шалгагч, улсын байцаагч Т-аас шалгаж  2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн хариуд “...Банк зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон тул зээл төлөхөд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах сангаас хасалт хийлгэх санал хүргүүлсний дагуу Х-ны Тусгай активын хорооны 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хасалт хийж, тэнцлийн гадуур бүртгэсэн байна. ... 2012 онд сангаас хаасан зээлийг Монгол банкны мэдээллийн санд ангиллын тэнцлийн гадуур гэж алдаатай нийлүүлсэн учраас таны нэр дээр өр төлбөр байхгүй мэт харагдаж байсан ба 2019 оны 03 дугаар сард дахиж нийлүүлсэн байна. Таны Ханд төлөх өр төлбөр Монгол банкны зээлийн мэдээллийн санд харагдаж байгаа нь ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй байна” гэжээ.

 

9.Нэхэмжлэгчээс Ханд ямар нэгэн төлбөргүй байхад миний зөвшөөрөлгүйгээр Зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчийн ангилалд оруулж бүртгэсэн гэж маргасан байх ба хариуцагч талаас түүнийг эс зөвшөөрч маргажээ.

 

10.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсэгт “мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээлэл нийлүүлэгч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгчийг ойлгоно” гэж заасан байх тул мэдээлэл нийлүүлэгч нь зээлдүүлэгч буюу Х байна. Зээлийн мэдээллийн тухай хууль нь 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагж мөрдөгдсөн байна. Үүнээс өмнө зээлийн мэдээллийн сангийн бүрдүүлэлттэй холбоотой харилцааг Монгол банкны ерөнхийлөгчийн 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 131 дүгээр тушаалаар баталсан “Зээлийн мэдээллийн сангийн журам”-аар зохицуулж байсан ба энэ журам Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдах хүртэл хэрэгжиж байсан байна.  Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан “Зээлийн мэдээллийн сангийн журам”-ын 2.1.1 дэх заалтаар банк нь шинээр зээл олгох, баталгаа гаргах, эх үүсвэргүй аккредитив нээх, кредит карт болон зээлийн мэдээллийн санд ирүүлэхээр тогтоосон, энэ тохиолдолд зээлдэгчээс зөвшөөрөл авахаар журамлаагүй байна. Нэхэмжлэгчээс Ханд төлөх өр төлбөргүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Ө нь Х-ны Б салбарт төлөх өр төлбөртэй буюу төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул Зээлийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч буюу мэдээлэл нийлүүлэгч Х-ны Б аймаг дахь салбар болон Хас бан ХХК-д Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2019 оны 3 дугаар сард Ө-ыг Х-д өр төлбөртэй гэсэн мэдээлэл оруулсныг хасуулахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ө-ны  Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2019 оны 3 дугаар сард намайг Ханд өр төлбөртэй гэсэн мэдээлэл оруулсныг хасуулахыг Х-ны Б аймаг дахь салбар болон Х ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х