Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2023/00086

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Ж овогт Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын Хотгор Эрүүл мэндийн төв /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн  Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн эмийн санчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т нь хариуцагч Б аймгийн Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвд холбогдуулан Б аймгийн Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн  Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн эмийн санчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар мөн өдрөөс тус эрүүл мэндийн төвийн эмийн санчаар томилогдож ажиллаж ирсэн.

1.2 Гэтэл тус төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар намайг орон тоо хасагдсан үндэслэлээр мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсан.

1.3 Ажил олгогчийн дээрх тушаал нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө эмийн санчийн орон тоо хасагдсан үндэслэлийг удирдлага болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/- ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж хуульчилсан.

1.4 Миний хувьд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Н-ийг төрүүлсэн бөгөөд ажил олгогч намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин маань 10 сартай байсан. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

1.5 Мөн ажил олгогч хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мөртлөө 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна. Эдгээр үндэслэлүүд нь намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоох үндэслэл болно.

1.6 Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Б аймгийн Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хотгор эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай” Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т намайг урьд эрхэлж байсан Б аймгийн Ө сумын Хотгор Эрүүл мэндийн төвийн эмийн санчийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жумагүл хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлд дараах хариу тайлбар хүргүүлж байна. Үүнд:

2.1 Урьд нь “Хотгор” эрүүл мэндийн төв 15 ажилтан албан хаагчийн орон тоогоор буюу дараах бүрэлдэхүүнээр ажиллаж, үйл ажиллагаа эрхэлж байсан юм. Тухайлбал: дарга 1, эх баригч, дүн бүртгэлийн бага эмч 1, сувилагч 3, нярав 1, нягтлан 1, вакцинатор сувилагч 1, эмийн санч 1, тогооч 1, асрагч 2, галч 2 /гэрээт/, жолооч 1 нийтдээ 15 албан хаагч байсан. Харин Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дүгээр “Сум тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаар батлах тухай” тушаал батлагдсан бөгөөд энэхүү тушаалын хүрээнд “Хотгор” эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагчдын орон тоог 7,5-аар баталж, зарим орон тоог хасаж, зарим орон тоог цөөрүүлсэн юм.

2.2 Учир нь, тухайн багийн хүн амын тоо 580, эрүүл мэндийн төвийн барилга байгууламж, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж нь хангалтгүй байгаагаас болж эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлд орж чадаагүй бөгөөд үүнээс болж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01, 02, 05 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг тохиолдолд суурилсан төлбөрийн болон сонгон шалгаруулалтаар зарим сэргээн засах өдрийн эмчилгээ оношилгоо шинжилгээ гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээний тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр санхүүжилт авах боломжгүй болсон бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас зөвхөн нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргаар санхүүжихээр болсон юм.

2.3 Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дүгээр “Сум тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаар батлах тухай” тушаалаар “Хотгор” эрүүл мэндийн төвийн орон тоог дараах байдлаар баталж өгсөн. Үүнд: дарга ерөнхий мэргэжлийн эмч 1, эх баригч, эрүүл мэндийн статистикч 1, ээлжийн сувилахуй 2, дархлаажуулалтын сувилахуй 1, жолооч 1, нягтлан бодогч 0,5 галч, үйлчлэгч 1 нийт 0,7-аар үйл ажиллагаа явуулахаар баталж өгсөн энэхүү тушаалын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

2.4 Би энэхүү байдлын талаар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийт албан хаагч нарт хурал хийж, болсон үйл явдлын талаар тайлбарлаж, орон тоо хасагдсан, цөөрсөн албан хаагчдад мэдэгдэж 1 сарын дараа хөдөлмөрийн харилцааг цуцлах болсон талаар мэдэгдсэн юм.

2.5 Нэхэмжлэгч Т надад 2022 оны 10 дугаар сарын 28-ний өдөр өргөдөл гаргаж, ажлаас чөлөөлсөн тушаал өгөхийг хүссэн тул би мөн өдөр буюу 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэл болгож ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгсөн болно. Учир нь нэхэмжлэгч Т нь эмийн санч, нийгэм эрүүл мэндийн ажилтны орон тоонд ажиллаж байсан бөгөөд тус орон тоо хасагдсан юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн Б/04 дүгээр тушаал, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэх хуудас, 01328932 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, төрийн мэдээллийн сангаас гарах нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 201401058 дугаартай бакалаврын дипломын хуулбар, 0004930 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, С.Нурилагийн төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/589 дугаартай албан бичиг, хууль зүйн туслалаа  үзүүлэх гэрээ зэргийг,

Хариуцагчаас Т-ийн гаргасан өргөдөл, С-д олгосон итгэмжлэл, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дугаар тушаал, тушаалын хавсралт, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/97 дугаар захирамж зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Т-ийн Б аймгийн Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн  Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн эмийн санчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Хотгор эрүүл мэндийн төвийн даргын  2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар тус эрүүл мэндийн төвийн эмийн санчаар томилогдож ажилласан ба 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар намайг орон тоо хасагдсан үндэслэлээр мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг болон мөн хуульд заасан хориглосон заалтыг зөрчиж байгаа болно гэжээ. 

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дугаартай Сум тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаар батлах тухай тушаалаар Хотгор эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагчдын орон тоог 7.5-аар баталж, зарим орон тоог хасаж, зарим орон тоог цөөрүүлсэн. Нэхэмжлэгч Т нь эмийн санч, нийгэм эрүүл мэндийн ажилтны орон тоонд ажиллаж байсан бөгөөд тус орон тоо хасагдсан. Орон тоо хасагдсан ажилтнуудад хөдөлмөрийн харилцааг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан болно гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд: Б аймгийн Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн эмийн санчийн орон тоо хасагдсан тул Т-г үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн харилцааг цуцалсан байна. Ажил олгогчоос ажилтан Т-д 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэх хуудсаар Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дугаар тушаалын дагуу ажлын байр хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн харилцааг цуцлах болсныг мэдэгдсэн байна. Б аймгийн Эрүүл мэндийн газрын  даргын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дугаартай тушаалаар Сум тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаарыг баталсан байх ба  энэхүү тушаалын хавсралтаас үзэхэд Хотгор эрүүл мэндийн төвийн дарга 0.5, Ерөнхий мэргэжлийн их эмч 0.5, эх баригч 0.5, эрүүл мэндийн статистикч 0.5, ээлжийн сувилахуй 2, дархлаажуулалтын сувилахуй 1, жолооч 1, нягтлан бодогч 0.5, үйлчлэгч 0.5, галч 0.5, нийт 7.5 орон тоотой байхаар баталжээ.

8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн  80.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.1 дэх хэсэгт  аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Ажил олгогч Б аймгийн Ө сумын Хотгор  эрүүл мэндийн төвийн дарга нь ажилтан Тг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар буюу ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа ажилтанд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэж мэдэгдэх хуудас хүлээлгэж өгсөн боловч тухайн мэдэгдэх хуудсанд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг мөн өдрөөс буюу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн  цуцлах тухайгаа мэдэгдэж, ажил олгогчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар мөн өдрөөс эхлэн ажилтан Т-г эмийн санчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх тул ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзлээ.

10.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заажээ. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Ө сумын бүртгэлийн ажилтнаас олгосон 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин С.Нурилагийн төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч Т нь гурав хүртэлх насны  хүүхэдтэй эх болох нь тогтоогдож байх тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна. Иймд Тг  Б аймгийн  Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн эмийн санчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, Тг урьд эрхэлж байсан Б аймгийн  Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвийн эмийн санчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Ө сумын Хотгор эрүүл мэндийн төвөөс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х