Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2023/00051

 

 

 

 

 

 

 

 

2023 01 13

130/ШШ2023/00051

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Х. Хаяг: Б аймаг, Т сум 4 дүгээр багт оршин суух

Хариуцагч: Х банкны Б салбар. Хаяг: Б аймаг, Ө  сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг

Нэхэмжлэлийн шаардлага: Х банкны Б салбарын Т тооцооны төвийн эрхлэгчтэй 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 00 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Х ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Е ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Р ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /цахимаар/,

Орчуулагч Б.Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч М.Х  нь хариуцагч Х банкны Б салбарт холбогдуулан тус салбарын Т тооцооны төвийн эрхлэгчтэй 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 00 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсэж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлсон байна.

1.1 Миний бие Х банкны Б салбарын Т тооцооны төвөөс 3 хүүтэй Ажлын байрыг дэмжих хөнгөлөлтэй зээл авахыг хүсэж материалаа бүрдүүлж өгсөн боловч таны зээл бүтсэнгүй, танд зээл олгох боломжгүй байна гэж хариу өгсөн.

1.2 Би тухайн жилийг зун буюу 8 дугаар сард Д  сумын Ч  рашаан сувилалд очин 14 хоног амраад ирэхэд миний дансанд байсан 1 сая төгрөг алга болсон байхаар тус сумын Тооцооны төвд очиход төвийн эрхлэгч Т.А нь М.Х  эгч уучлаарай би таны нэр дээр зээл гаргаад авсан байгаа таны дансанд буй мөнгийг тийшээ татсан байх юм би төлөх ёстойгоо өөрөө төлөөд өгөх болно гэсэн.

1.3 Харин танд малчны зээл гарах боломжтой түүнийг гаргаж өгье гэж надад хэлснээр би зөвшөөрч, 10 сая төгрөгийн малчны зээл гаргаад зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Тэгэхдээ 35 сая төгрөгийн зээлийн гэрээнд давхар гарын үсэг зуруулж авсан байгаа  болов уу гэж бодсон. Уг зээл хугацаа хэтрэлтэд орж Х банкны зүгээс надад төлөхийг шаардаж, төлөхгүй бол орон байрыг маань хурааж зарна гэж байх юм. Сүүлд хүүхдүүд маань малаа худалдаж зээлийн талыг нь төлж өгсөн. Цаашид төлөх ямар ч боломжгүй. Нөхөр маань нас барсан. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Зээлээ төлөх боломжгүй болсон тул үлдсэн 14 сая төгрөгийн зээлийг төлж чадахгүй.

1.4 Би тухайн зээл болох 35,000,0000 төгрөгийг огт аваагүй тул тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлттэй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба би энэхүү 35,000,000 төгрөгийг огт аваагүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна гэв.

2.Хариуцагч Х банкны Б салбарын захирал С.Өнөржаргалын хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч М.Х гийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна”, 27.2-т “Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна”, 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй”, 27.5-д “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ” гэж заасан. Мөн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна” гэж, хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Компани оноосон нэртэй байх бөгөөд түүнийг хэрэглэх тохиолдол бүрд уг нэрийн ард компанийн хэлбэрийг тодорхойлсон хувьцаат компани буюу "ХК", хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу "ХХК" гэсэн ялгах тэмдэглэгээ заасан байна”, 10.2-т “Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно” гэж тус тус заасны дагуу хариуцагч өөрийн оноосон нэрээ “Х банк ХХК” гэж нэрлэсэн бөгөөд уг оноосон нэрийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээнд энэ нэр бичигдэж, нэрийг хэрэглэх онцгой эрхийг гардаж авсан.

2.2 Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлохдоо “Х банк” гэж заасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.3-т заасан заалттай нийцэхгүй байх бөгөөд уг хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

2.3 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байх тул би энэхүү 35,000,000 төгрөгийг огт аваагүй тул тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ. Иймд Х банк болон миний хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 00 дугаар бүхий зээлийг гэрээг хүчингүй гээнд тооцож өгөхийг хүсье” гэжээ.

2.4 Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд арилжааны банкнаас зээл олгох үйл ажиллагаа нь уг нэхэмжлэлд дурдсанчлан Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар бус энэ хуулийн 451-453 дугаар зүйл /Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээ/-д заасан хуулийн тусгайлсан зохицуулалтын хүрээнд банкны зээл олгох үйл ажиллагаа нь хамаарч зохицуулагддаг. Мөн үүнээс гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасан байдаг.

2.5 Банкны процессын хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд Х банк ХХК-ийн Б салбарын Т тооцооны төвтэй 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч М.Х  нь 00 дугаартай Зээлийн гэрээ, БГҮ00 дугаартай Барьцааны гэрээг байгуулан 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийн зээлийг зээлж авсан бөгөөд Зээлийн гэрээ байгуулсан тэр өдрөөр 35,000,000 төгрөг нь зээлдэгч М.Х гийн нэр дээрх зээлийн 51.....76 дугаартай дансанд шилжин орж зээлийн олголт хийгдсэн байгаагаас үзэхэд банк Хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн мөнгийг зээлдэгчийн зээлийн дансанд нь шилжүүлэн олгосон, харин зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгийг зээлдэгч нь өөрийн дансаар дамжуулан хүлээн авсан болох нь нотлогдож байна. Зээлдэгч нь зээлийн мөнгийг хүлээж аваад цаашаа хэнд (аав, ээж, ах дүүс, танил тал, найз нөхдөдөө) өгөх, хэрхэн захиран зарцуулах зэрэгт банк хөндлөнгөөс хяналт тавьдаггүй болно.

2.6 Дээрх 35 сая төгрөгийн зээлийг тухайн үед Т тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Т.А авч өгсөн гэсэн тул тус банкны ажилтнууд М.Х тай очиж биечлэн уулзахад тэрээр “Т тооцооны төвийн эрхлэгч Т.А нь та 35 сая төгрөгийн бизнесийн зээл аваад өгчих, би өөрөө төлнө гэхээр Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, нөхөрт маань хэлж болохгүй, цус харвасан байгаа, та нар нөхөрт маань мэдэгдвэл дахиж цус харваж магадгүй” гэж хэлж байсан байдаг.

2.6 Өнөөгийн байдлаар /2022.11.09-ний өдрийн байдлаар/ харилцагч М.Х  нь үндсэн зээлд 21,300,305 төгрөг, зээлийн хуримталсан хүү 84,035 төгрөг, нийт 21,384,339 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, зээл авах үед зээл олгох үйлчилгээний шимтгэл болох 350,000 төгрөгийн баримт, зээлийн өргөдлийн хураамж 10,000 төгрөгийн гүйлгээний баримт, мөн Х банктай байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээнд зээлдэгч М.Х  нь өөрөө гарын үсэг зурсан болно.

2.7 Х банкны Б салбараас тус салбарын Т тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Төлегений Т.А тай холбоотой эрүүгийн гэмт хэргийг шалгуулахаар Б аймаг дахь Цагдаагийн газарт өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдөлтэй хамт зээлдэгч М.Х гийн зээлийг хамтад нь шалгуулахаар өгч, тус банкны аудиторын зүгээс зээлдэгч М.Х г өөрийг нь Т тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Т.А ын хувийн гуйлтаар 35 сая төгрөгийн зээл авч, өгсөн асуудал байгаа бол шалгуулахаар Цагдаагийн газарт хандаж өргөдөл гаргахыг мөн зөвлөсөн.

2.8 Гэтэл тэрээр уг эрүүгийн хэрэгт хохирсон талаараа Цагдаагийн байгууллагад ямар нэгэн өргөдөл, гомдол гаргасан нь тодорхойгүй, мөн Т.А ын үйлдлийн улмаас хохирсон бусад нэр бүхий олон иргэдийн нэгэн адил хохирогчоор хэрэгт байцаалт өгөлгүй, зөвхөн гэрчийн мэдүүлэг өгсөн мөөртлөө өнөөдөр болохоор гэнэт “2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 00 дугаартай Зээлийн гэрээ надад огт байхгүй харж байгаагүй, уг зээлийг би огт аваагүй, малчны зээл олгохоос өмнө нь надад 35 сая төгрөгийн зээл олгосон байх” гэх мэтээр нэхэмжлэлдээ дурджээ.

2.9 Гэтэл тэрээр Т.А холбогдох эрүүгийн 2213001300125 дугаартай хэрэгт 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулж тайлбарлуулаад гэрчийн мэдүүлэг өгөхдөө Т.А ын гуйлтаар нэр дээр зээл аваад өгөөч би сарын дараа буцааж өгнө гэсний дагуу зөвшөөрөөд банкин дээр өөрөө очиж 35,000,000 төгрөгийн бизнесийн Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би банканд очиж, гэрээнд гарын үсэг зурж, сайн дураараа зөвшөөрч зээл авч өгсөн. Тэрнээс Т.А нь надад мэдэгдэхгүйгээр зээл гаргаж авсан асуудал болоогүй хэмээн мэдүүлсэн байгаа нь өнөө хүртэл уг эрүүгийн хавтаст хэрэгт хавсрагдсан хэвээр байгаа болно.

2.10 Эцэст нь хэлэхэд зээлдэгч М.Х гийн хувьд банктай нэгэнт Зээл болон Барьцааны гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурж 35,000,000 төгрөгийн зээлийг өөрийн биеэр авсан болохоор уг зээлийг банканд эргүүлэн төлж барагдуулах нь зүйн хэрэг юм. Харин гэрээний дагуу банкнаас зээлж авсан мөнгөө төлж барагдуулсны дараа бусдад буюу Т.А ын гуйлтаар түүнд өгсөн байдал бол мөнгийг авсан Т.А аас өөрөөс нь нэгэнт эрүүгийн журмаар шалгуулж хохирлоо гаргуулж авч чадаагүй тохиолдолд иргэний журмаар жич нэхэмжлэл гаргаж буцаан гаргуулан авах бүрэн эрх нь нээлттэй хэвээр байгаа гэж үзэж байна.

2.11 Нэхэмжлэгч М.Х гийн нэхэмжлэлийн тухайд “Зээлийн гэрээг хүчингүй гэрээнд тооцуулах тухай” шаардлагыг шүүхэд гаргажээ. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд харин зээлдэгчийн хувьд  хүлээн авсан мөнгөн хөрөнгийг Зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд хүүгийн хамт буцааж төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нэмэлт үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа мөөртлөө Зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг шүүхэд гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Тэгээд ч нэхэмжлэгч М.Х гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд банктай байгуулсан Зээлийн гэрээг чухам ямар хуулийн заалт, үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа нь өөрөө тодорхойгүй байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Иймд нэхэмжлэгч М.Х гийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Х банкны Б салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Р  болон Д.Н нарын хариу тайлбар, татгалзал:

3.1Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийн ерөнхий шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч М.Х  болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Х банкны Б салбарын Т тооцооны төвөөс жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар, 35 сая төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй.

3.2 Нэгэнт зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Хууль зүйн үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ”, мөн хуулийн 43.2.1-т “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хэлцлийг хийсэнд тооцно”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж тус тус заасан. Уг заалтаас үзэхэд талууд зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Мөн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу М.Х  нь өнөөдрийг хүртэл зээлээ хэвийн төлөөд явж байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 13.678.904.85 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 33628 төгрөг байгаа. Зээлийг хугацаанд нь төлөхөөс гадна зээлдэгчийн зүгээс хугацаанаас өмнө 5.423.135.55 төгрөгийг илүү төлсөн. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлээ илүү төлөөд яваад байгаа атлаа зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргаж байгаа нь бодит үйлдэлтэй нь нийцэхгүй байна.

3.3 Анхнаасаа зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол зээлийг төлөхгүй байх байсан. Өнөөдрийн байдлаар 35 сая төгрөгийн зээлээс 21.321.096 төгрөгийг төлсөн байгаа. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээг хүлээн зөвшөөрсөн гэдгээ зээлээ хэвийн төлөх байдлаар харуулж байгаа тул зээлийн гэрээг хүчингүйд тооцох ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

3.4 Иргэний хуулийн 196 дугаар зүйлд гэрээг хэрхэн байгуулсанд тооцох талаар зохицуулсан. Үүнд:Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Зээлдүүлэгчийн зүгээс тухайн 35 сая төгрөгийг зээлдэгчийн данс руу шилжүүлсэн. Шилжүүлсэн данс нь М.Х гийн данс болох нь тогтоогдсон. Нэгэнт банкны зүгээс зээлийн мөнгийг шилжүүлсэн, зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлээ төлж явж байгаа тул зээлийн гэрээг хүчингүйд тооцох үндэслэл байхгүй.

3.4 Иргэний эрх зүйн харилцаа гэдэг нь аль нэг талын эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд тухайн асуудлаар иргэний шүүхэд хандана. Зээлээ хэвийн төлөөд явж байгаа энэ байдалд нь дүгнэлт хийхэд М.Х гийн эрх ашиг ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан. М.Х гийн зүгээс зээлийн гэрээний үүргээ сар болгоны төлөлтийг хугацаанд нь төлөөд, биелүүлээд явж байгаа нь үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм.

3.5 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 451.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан. Банкны зүгээс зээлдэгч нартай хугацаа, хүү бусад нөхцөлийг тохирч зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөд явж байгаа.

3.6 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн “Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан. Өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд хэвийн төлөгдөөд явж байгаа. Банкнаас гаргаж байгаа зээлтэй холбоотой харилцаа нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар зохицуулагдаад явах ёстой. Иргэн хоорондын зээлийн харилцаа 282 дугаар зүйлд зааснаар зохицуулагддаг. Нэгэнт банк зээлийн гэрээний дагуу 35 сая төгрөгийг шилжүүлсэн тул аваагүй гэж маргах боломж байхгүй.

3.6 Мөн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зээлдэгч өөрөө хариуцан төлж барагдуулна” гэж заасан. Харилцагч гарыг үсэг зурсан нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн үед эдийн засагч нь байсаар байхад Т.А зээл судалсан байна гэх асуудлыг хөндсөн. Тухайн үед харилцааны менежер Нурболат ээлжийн амралттай байсан. Тухайн тооцооны төв нь 3 орон тоотой. Харилцааны менежер нь байхгүй тохиолдолд эрхлэгч нь тухайн ажлыг хавсарган гүйцэтгэх үүрэгтэй. Тэгэхээр Т.А зээл судлах бүрэн эрхтэй байсан.

3.7 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар Х банкны Б салбарын Т тооцооны төвийн эрхлэгчтэй 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 00 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн гэрээний буцаан төлөх хуваарь,нэхэмжлэгч М.Х гийн Х банкны 00  дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийн хуулбар,  өмгөөлөгч К.Е тай байгуулсан өмгөөллийн гэрээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2022.12.15-ны өдрийн 145 дугаар албан бичгээр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

5.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5180/630 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар,  Х банкны Б салбарын захирлын 2022.11.18-ны өдрийн 5180/629 дугаар албан бичгээр А.Р д олгосон итгэмжлэл, мөн захирлын 2022.12.05-ны өдрийн 5180/658 дугаар албан бичгээр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, хариуцагч байгууллагын захирлын 2023.01.12-ны өдрийн 5180/19 дугаар албан бичгээр Д.Н д олгосон итгэмжлэл, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦ/154 дугаар шийтгэх тогтоол, 2021.07.08-ны өдрийн зээл олголтын шимтгэл татаж авсан мөн өдрийн зээлийн өргөдлийн хураамж авсан Х банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2022.05.31-ний өдрийн Х банкны Мэдээлэл технологийн аудитын газрын хэсэгчилсэн аудитын тайлан зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

6.Шүүхээс  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талаас Х банкны Б салбарын Т тооцооны төвийн эрхлэгчийн зээлдэгч М.Х тай 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 00 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ, Тооцооны төв хариуцсан менежерийн ажлын байрны тодорхойлолт, Т тооцооны төвийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, харилцааны менежер ажлын байрны тодорхойлолт, борлуулалт үйлчилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолт, Х банкны зээлийн үйл ажиллагааны журам, бизнесийн зээлийн бүтээгдэхүүний журам, Х банкны хөдөлмөрийн дотоод журам зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч талын хүсэлтээр Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦ/154 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн Т.А холбогдох 2213001300125 дугаартай эрүүгийн хэргийн 4 дүгээр хавсны 80-81 дүгээр хуудаст авагдсан гэрч М.Х гийн мэдүүлгийн хуулбар зэргийг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

7.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Х банкны Б салбарын Т тооцооны төвөөс 3 %-ийн хүүтэй Ажлын байрыг дэмжих хөнгөлөлтэй зээл авахыг хүсэж материалаа бүрдүүлж өгсөн боловч таны зээл бүтсэнгүй, танд олгох боломжгүй гэж хариу өгсөн. Би тухайн жилийн зун буюу 8 дугаар сард Д  сумын Ч  рашаан сувилалд очин 14 хоног амраад ирэхэд миний дансанд байсан 1.0 сая төгрөг алга болсон байхаар тус сумын Тооцооны төвд очиход төвийн эрхлэгч Т.А нь М.Х  эгч уучлаарай би таны нэр дээр зээл гаргаад авсан байсан таны дансанд буй мөнгийг тийшээ татсан байх юм. Би төлөх ёстойгоо өөрөө төлөөд өгөх болно гэсэн. Харин танд малчны зээл гарах боломжтой түүнийг гаргаж өгье гэж надад хэлснээр би зөвшөөрч 10 сая төгрөгийн малчны зээл гаргаад зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Тэгэхдээ 35 сая төгрөгийн зээлийн гэрээнд давхар гарын үсэг зуруулж авсан байгаа болов уу гэж бодсон. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба би энэхүү 35,000,000 төгрөгийг огт аваагүй тул тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна гэж тайлбарлажээ.

9.Хариуцагч Х банкны Б салбарын захирал Л.Ө , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н , А.Р  нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байх тул би энэхүү 35,000,000 төгрөгийг огт аваагүй, тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байгаа боловч энэ хуулийн 451-453 дугаар зүйлүүдэд заасан хуулийн тусгайлсан зохицуулалтын хүрээнд банкны зээл олгох үйл ажиллагаа нь хамаарч зохицуулагддаг. Мөн үүнээс гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу Х банк ХХК-ийн Б салбарын Т тооцооны төвтэй 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч М.Х  нь 00 дугаартай Зээлийн гэрээ, БГҮ00 дугаартай Барьцааны гэрээг байгуулан 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийн зээлийг зээлж авсан бөгөөд Зээлийн гэрээ байгуулсан тэр өдрөөр 35,000,000 төгрөг нь зээлдэгч М.Х гийн нэр дээрх зээлийн 51.....76 дугаартай дансанд шилжин орж зээлийн олголт хийгдсэн байгаагаас үзэхэд банк Хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн мөнгийг зээлдэгчийн зээлийн дансанд нь шилжүүлэн олгосон, харин зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгийг зээлдэгч нь өөрийн дансаар дамжуулан хүлээн авсан болох нь нотлогдож байна. Зээлдэгч нь зээлийн мөнгийг хүлээж аваад цаашаа хэнд (аав, ээж, ах дүүс, танил тал, найз нөхдөдөө)-ээ өгөх, хэрхэн захиран зарцуулах зэрэгт банк хөндлөнгөөс хяналт тавьдаггүй болно. Тэгээд ч 35 сая төгрөгийн зээлийг тухайн үед Т тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Т.А авч өгсөн гэсэн тул тус банкны ажилтнууд М.Х тай очиж биечлэн уулзахад тэрээр “Т тооцооны төвийн эрхлэгч Т.А нь та 35 сая төгрөгийн бизнесийн зээл аваад өгчих, би өөрөө төлнө гэхээр Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, нөхөрт маань хэлж болохгүй, цус харвасан байгаа, та нар нөхөрт маань мэдэгдвэл дахиж цус харваж магадгүй” гэж хэлж байсан байдаг. Мөн тэрээр зээлийн гэрээ, барьцааны гэрээ,,зээл авах үед зээл олгох үйлчилгээний шимтгэл болох 350,000 төгрөгийн баримт, зээлийн өргөдлийн хураамж 10,000 төгрөгийн гүйлгээний баримт зэрэгт зээлдэгч М.Х  нь өөрөө гарын үсэг зурсан болно. Мөн тэрээр Т тооцооны төвийн эрхлэгч Т.А ын холбогдох эрүүгийн хэрэгт хохирсон талаараа байцаалт өгөлгүй, зөвхөн гэрчийн мэдүүлэг  өгөхдөө Т.А ын гуйлтаар нэр дээр зээл аваад өгөөч би сарын дараа буцааж өгнө гэсний дагуу зөвшөөрөөд банкин дээр өөрөө очиж 35,000,000 төгрөгийн бизнесийн Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би банканд очиж, гэрээнд гарын үсэг зурж, сайн дураараа зөвшөөрч зээл авч өгсөн.Тэрнээс Т.А нь надад мэдэгдэхгүйгээр зээл гаргаж авсан асуудал болоогүй хэмээн мэдүүлсэн атлаа өнөөдөр уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

10. Нэхэмжлэгчээс би тухайн жилийн зун буюу 8 дугаар сард Д  сумын Ч  рашаан сувилалд очин 14 хоног амраад ирэхэд миний дансанд байсан 1сая төгрөг алга болсон байхаар тус сумын Тооцооны төвд очиход төвийн эрхлэгч Т.А нь М.Х  эгч уучлаарай би таны нэр дээр зээл гаргаад авсан байсан таны дансанд буй мөнгийг тийшээ татсан байх юм би төлөх ёстойгоо өөрөө төлөөд өгөх болно гэсэн. Харин танд малчны зээл гарах боломжтой түүнийг гаргаж өгье гэж надад хэлснээр би зөвшөөрч 10 сая төгрөгийн малчны зээл гаргаад зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Тэгэхдээ 35 сая төгрөгийн зээлийн гэрээнд давхар гарын үсэг зуруулж авсан байгаа  болов уу гэж бодсон гэж маргадаг боловч тэрээр Х банкны Б салбарын Т тооцооны төвөөс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 35,000,000 төгрөгийг, бараа бүтээгдэхүүн худалдан авах зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй 36 сараар авахдаа тус тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан асан Т.А ын гуйлтаар түүнд авч өгсөн болох нь:

10.1 Нэхэмжлэгч М.Х гийн Б аймаг дахь Цагдаагийн газарт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... өнгөрсөн жил буюу 2021 оны 7 дугаар сарын эхээр байсан, 7 дугаар сарын 08-ны өдөр байсан санагдаж байна. Тус сумын Х банкны тооцооны төвийн эхлэгч ажилтан Т.А  нь над руу залгаад “та надад тус болоод нэр дээрээ зээл аваад өгөөч би сарын дараа буцааж өгөх болно” гэж хэлээд дахин дахин залгаад гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд Х банканд очсон. Тэгээд Т.А  надад 35,000,000 төгрөгийн бизнесийн зээлийн гэрээ гаргаж өгөөд би түүнд нь гарын үсэг зурж өгөөд яваад өгсөн. Т.А  эхлээд надтай утсаар яриад намайг Х банканд дуудаж аваад танд бизнесийн зээл гарах боломжтой, надад 35,0 сая төгрөгийн зээл гаргаад өгөөч гэхээр нь би сайн дураараа зөвшөөрч, түүнд зээлийн гэрээнд гарын үсгээ зурж өгөөд явсан гэх мэдүүлэг,

 10.2 Мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд “... миний бие 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр рашаан сувиллын газарт байхад Т.А миний нэр дээр зээл гаргаж аваад, ирсний дараа гарын үсэг зурж өгөөрэй гэхээр нь зөвшөөрч гарын үсэг зурж өгсөн. Уг 35  сая төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй. Зээлийг хугацаанд нь төлж байсан боловч сүүлд нь зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Тухайн үед зээлийг нэг сарын дотор төлж өгнө гэж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж авсан. Гэтэл өөрөө хэрэгт холбогдож төлж өгч чадаагүй” гэх мэдүүлэг болон маргаан бүхий зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл олголтын шимтгэлийн мөнгөн шилжүүлэг, зээлийн өргөдлийн хураамжийн мөнгөн шилжүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

11.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “ мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба энэхүү банкнаас шинжлүүлсэн 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч огт аваагүй тул тухайн зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

12.Гэвч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа бус хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа  эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

13.Учир нь, талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан  00 дугаартай Зээлийн гэрээний 2.1.3 дахь заалтад зээлдэгчийн Х банк дахь 00  дугаартай дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно гэсэн ба нэхэмжлэгчийн тус банк дахь 00  дугаартай дансанд тухайн өдөр 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн түүний Х банкны депозит дансны хуулгаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар зохигч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзнэ.

14.Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсгийн дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох тул нэхэмжлэгч М.Х  нь Х банкны Б салбарын Т тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Т.А ын гуйлтаар өөрийнхөө нэр дээр түүнд 35,0 сая төгрөгийн хэрэглээний зээл гаргаж өгөхийг зөвшөөрч, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан маргаан бүхий зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл олголтын шимтгэл болон зээлийн өргөдлийн хураамж зэргийн мөнгөн шилжүүлэг баримт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

15.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдах үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч М.Х  өөрөө зөвшөөрч Х банкны Б салбарын Т тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Т.А д өөрийн нэр дээр хэрэглээний зориулалтаар 35,0 сая төгрөг гаргаж өгсөн асуудалд хариуцагч Х банкны Б салбар нь нэхэмжлэгчийн субьектив эрхийг зөрчсөн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

16.Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлсэн хэлцэл” гэдэг нь гэрээний талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийдэг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан “үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл“ нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн нэг төрөл бөгөөд харин энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч М.Х  нь Х банкны Б салбарын Т тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Т.А ын гуйлтыг зөвшөөрч өөрийн нэр дээр түүнд хэрэглээний зориулалтаар 35,0 сая төгрөг гаргаж өгсөн нь тогтоогдсон тул тухайн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна гэж дүгнэх үндэслэлгүй болно.

17.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий зээлийн гэрээнд гарын үсэг зурсны хувьд маргаагүй ба харин хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн зээлийн мөнгийг хэнд ямар зориулалтаар шилжүүлсэн эсэхэд хяналт тавих үүрэгтэй гэж тайлбарладаг боловч талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зээлдэгч өөрөө хариуцан төлж барагдуулна” гэж харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн хэн нэгэн этгээдэд тухайн зээлийг авч өгсөнд хариуцагч Х банкны Б салбар нь хариуцлага хүлээх үүрэг хүлээгүй юм байна.

18.Мөн нэхэмжлэгч М.Х гийн Х банк дахь 00  дугаар дансанд зээлийн гэрээний дагуу орсон 35,000,000 төгрөгийг хэн нэгэн этгээд интернэт банкаар энэ тэнд шилжүүлсэн байх ба нэхэмжлэгчээс интернэт банк нээлгэж байгаагүй, интернэт банк ашиглаж байгаагүй гэж маргадаг боловч нэхэмжлэгчийн Х банк дахь 00  дугаар дансанд зээлийн гэрээний дагуу орсон 35,000,000 төгрөгийг интернэт банкаар энэ тэнд шилжүүлсэн талаарх мэдээлэл нэхэмжлэгчийн утсанд ирдэг байсныг мөн уг мөнгийг Х банкны Б салбарын Т тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Т.А нь энэ тэнд шилжүүлж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч М.Х  нь тус тус мэдэж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон, үгүйсгэгдэж байна.

19.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 56.1.2, 56.1.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Х гийн Х банкны Б салбарын Т тооцооны төвийн эрхлэгчтэй 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 00 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж