Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 19

 

Э.А нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00126 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт оршин суух Шинэчүүл овгийн Э. А /РД: ДП83031315/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нэхэмжлэлтэй

Хариуцагч: Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.А нь Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид 2015 оны 6 сард Шарга сумын Эрчим хүчний салбарын цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр байцаагчаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б/137 тоот тушаалыг гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн нь хууль бус үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тухайн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй учир ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шарга сум дахь салбарын цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр байцаагч Э.А нь удирдлагууд болон холбогдох инженер техникийн ажилтнуудын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, дэд станцад ээлжинд үүрэг гүйцэтгэх хугацаанд ажилдаа хайнга хандаж, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж явсан /2018 оны 6 дугаар сард 5 хоног тасалсан/, дотоод хяналтын албанаас 12 дугаар сард хийгдсэн III шатны үзлэгийн өдрүүдэд 3 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. АУЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар сумдын салбарын ажилчдыг аттестатчлах шалгалтанд хүндэтгэх шалтгаангүй хамрагдаагүй, Эрчим хүчний сайдын тушаалын дагуу 35 кВ хүртэлх хүчдэлийн түвшинд үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нараас авсан мэргэжлийн шалгалтад хангалтгүй үнэлгээ үзүүлсэн зэрэг ажлын хариуцлагагүй байдлыг давтан гаргасан тул хариуцлага тооцож, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Э.А ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал гаргасан. Энэ хүн нь хөдөлмөрийн гэрээнд сахилгын зөрчлийг шууд оногдуулахаар заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан гурав ба түүнээс дээш удаа шалтгаангүйгээр ажил тасалсан үед хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлдөг. Хоёрдугаарт тухайн зөрчилийг давтан гаргасан гэж үзэж байгаа. 2018 оны 6 дугаар сард хамт ажилладаг хүмүүстэй ээлжийн амралтаа авсан, хүүхдийн бие өвдсөн гэж хэлээд явсан. Тухайн үед би ажлын хэсгийг ахлаад захирлын тушаалаар сумдын ажилтнуудыг аттестатчлаад газар дээр нь очиход байхгүй байсан. Ингээд аттестатчилалд хамрагдаагүй. Ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол чөлөө зөвшөөрөл аваад явдаг журамтай. Бид энэ асуудал дээр хатуурхаад байдаггүй, чөлөө зөвшөөрөл өгөөд явуулдаг. Гэтэл энэ хүн дур мэдээд ажил таслаад явсан. Цалингийн цэс, цагийн бүртгэл болон холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Энэ зөрчлийг 12 дугаар сард давтан гаргасан учир ноцтой зөрчлийг давтан гаргасан гээд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж байгаа. Иймээс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дотоодын хэлтэс хариуцсан даргын ажлыг гүйцэтгэдэг. Хөдөлмөрийн дотоод журам болон дотоод хяналт шалгалт болон гуравдугаар шатны үзлэгүүдийг сум болон салбар нэгж хэлтэс агентлаг гаргасан удирдамжийг тодорхой хугацаанд гүйцэтгэдэг. 3 дугаар шатны үзлэг болон бусад үзлэг шалгалтад зарим үед хангалтгүй биелүүлдэг. Шарга сумын Засаг дарга Тунгалагтамираас ирсэн албан бичигт Шарга сумын албан хаагчид ажлаа хангалтгүй биелүүлж байна. Энэ талаар анхаарч хариуцлага тооцож өгнө үү гэсэн албан тоотын дагуу шуурхай удирдлагын систем болон бусад ажилд үзлэг шалгалт хийхэд 12 дугаар сарын 01-06 өдрүүдэд Э.Алтанцоож ажлаа хийгээгүй. Тухайн үед Эрчим хүчний сайдын шалгалт болох гэж байсан. 2 удаа хойшлогдоод 12 дугаар сарын дундуур зарлагдсан байсан. Тухайн шалгалтыг мэдэгдээд дуудсан боловч ирээгүй. Шалгалтад хамрах хугацаанд Улаанбаатар хот явсан байсан гэж зарим гэрч нар мэдүүлдэг. Илтгэх хуудсыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Удаа дараа ажил үүрэгтэй хангалтгүй хандаж байна гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Яамны шалгалтад Шарга сумаас биш Улаанбаатар хотоос ирж оролцсон байдаг. Зэрэг нөхцөл байдлуудыг үндэслээд шуурхай үйлчилгээний мониторинг хариуцсан ажилтан гэдэг албан тушаалд тохирохгүй гэж үзэн тухайн шийдвэрийг гаргасан байгаа гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шинэчүүл овгийн Э. А Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн Шарга сумын эрчим хүчний салбарт цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаниас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.166.792 /хоёр сая нэг зуун жаран зургаан мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Э. А олгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.А нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2.166.792 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49.619 төгрөг, нийт 119.819 төгрөгийг хариуцагч Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шарга сум дахь салбарын цахилгаан шугам сүлжээний шуурай үйлчилгээний монтёр, байцаагч Э.А нь удирлдагууд болон холбогдох инженер техникийн ажилтнуудын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, дэд станцад ээлжийнд үүрэг гүйцэтгэх хугацаанд ажилдаа хайнга хандаж чөлөө зөвшөөрөлгүй ажлын байр орхиж явсан /6 сард 12 сард/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж хөдөлмөрийн гэрээгээр хүлээнсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ажлаас чөлөөлсөн байгаа.

Анхан шатны шүүх нь хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрхгүй байна. 2018 оны 12 дугаар сард Э.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа дур мэдэн орхиж явсан нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан байгааг уг шийдвэрт огт дурдалгүйгээр орхигдуулан нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэсэн. Мөн удаа дараа ажлын байрыг хүдэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж явсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг  биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргаж байсан нь хавтаст хэргийн материалд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудаас тодорхой харагдаж байгаа тул Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00126 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарчээ.

Хариуцагч Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани нь Э.А Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, 10.3.14-ийн 12 дахь заалтуудыг үндэслэн түүнийг тус Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн Шарга сум дахь салбарын цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагчийн ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Э.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж  үзэн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хариуцагч байгууллага нь ажлаас чөлөөлсөн тушаалынхаа үндэслэлийг “Э.А нь Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчиж ажлын байрыг дур мэдэн орхиж, байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас  чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 Хэрэгт авагдсан баримтуудаар Э.А нь Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн Шарга сум дахь салбарын цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагч ажилтай бөгөөд түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байна.

  Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 6, 12 дугаар саруудын цагийн тооцооны хүснэгтэд ажиллавал зохих өдөр, цагийг тодорхойлсон боловч тухайн сарын ямар өдрүүдэд ажиллах ёстой, үүнээс хэд хоногт нь ажиллаагүй болохыг тусгаж харуулаагүй...мөн шуурхай ажиллагааны журналд хийсэн үзлэгээр Э.А ажилдаа байгаагүй гэх өдрүүдийн уг журналын бичилтэд ажил хүлээлгэж өгсөн болон хүлээж авсан хүний гарын үсэг зарим нь зурагдсан, зарим нь зурагдаагүй, нэрийн тайлал бичигдээгүй, гэрч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр Э.А нь 2018 оны ээлжийн амралтаа хэдэн сард хэд хоног амарсан нь тодорхойгүй,

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “.Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасан бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.

Мөн хариуцагч Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани нь Э.А 2018 оны 6 дугаар сард ажлын байран дээр байхгүй байсан болохыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн бөгөөд илрүүлснээс хойш сахилгын шийтгэл ногдуулаагүй, дараагийн зөрчил гаргасан гэх 2018 оны 12 дугаар сар хүртэл 6 сараас илүү хугацаа өнгөрсөн байх тул давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Э.А Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаний Шарга сумын эрчим хүчний салбарт цахилгаан шугам сүлжээний шуурхай үйлчилгээний монтёр, байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг,  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож, олгохоор тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119.819 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.БАТТОГТОХ

 

                                           ШҮҮГЧИД                               Б.НАМХАЙДОРЖ

 

                                                                             Т.ЖАРГАЛСАЙХАН