Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/035

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

орчуулагч А.Е,

улсын яллагч Х.Ө, 

хохирогч С.Ж, 

шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.К,

шүүгдэгчид А.Е, Ж.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Е, Ж.Г нарт холбогдох 201704000055 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч А.Е: Монгол Улсын иргэн, Б овогт Агийн Е, *******регистрийн дугаартай, 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийнхээ хамт Сагсай сумын *** дугаар багт хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.  

Шүүгдэгч Ж.Г: Монгол Улсын иргэн, У овогт Жийн Г, *******регистрийн дугаартай, 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, Монгол-Англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, аав, ээж, эгч, гурван дүүгийн хамт Сагсай сумын**дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. 

Шүүгдэгч А.Е, Ж.Г нарын холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч А.Е, Ж.Г нар нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед Сагсай сумын төв, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах бильярдны газрын хажууд А.Е, С.Ж нарын хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж С.Жийг А.Е, Ж.Г нар бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.Е шүүхийн хэлэлцүүлэгт: “... Буруу зүйл хийсэн” гэв. 

- Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “... Уучлалт гуйсан. ...10 жилд нэг ангид сурсан учир хохирогчид тоглож юм хэлсэн маань миний буруу. Дахин тийм асуудал гаргахгүй” гэв. 

- Мөн шүүх хуралдаанд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, хохирогч С.Жийг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 

Шүүгдэгч А.Е, Ж.Г нарын гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч А.Е, Ж.Г нар нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед Сагсай сумын төв, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах бильярдны газрын хажууд А.Е, С.Ж нарын хооронд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж С.Жийг А.Е, Ж.Г нар бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы 64 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/, 

- 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 112-113 дугаар хуудас/,

- Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгч Б.Т, А.З нарын 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн 15, 16 тоот дүгнэлтүүд /хх-ийн 40-46 дугаар хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 88-93 дугаар хуудас/,

- Хохирогч С.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр өдөр орой 23 цагийн үед байх Аийн бильярдын газраас гараад А.Е бид хоёр түрүүлээд явж байхад А.Е надад “чи гар утаснаас болж үхэх гээд байна уу” гэж хэлээд намайг гэдэс рүү гараар нэг удаа чанга цохихоор нь би А.Ег барьж байгаад дэгээдэж газар унагаасан юм. Тэгэхэд А.Е надад чиний утсыг барьцаанд тавиагүй, чамд тоглоод худлаа хэлсэн гэсэн юм. Тэгж байхад бид хоёрын хойноос ирж байсан Г гүйж ирээд миний утсыг гаргаж өгсөн, тэгэхэд би А.Ед миний гар утсыг барьцаанд тавьчихсан байна гэж буруугаар бодлоо намайг уучлаарай гэж газраас босгоод түүний хувцсыг гөвж өгч байхад А.Е надад хоёулхнаа үзчих үү гэж гадна курткагаа тайлаад над руу дайрахад би А.Ед “би зодолдохгүй, сая миний гар утсыг барьцаанд тавьсан байна гэж бодсон юм, би зодолдохгүй, бүгдээрээ гэр гэрлүүгээ явъя” гэж хэлсэн юм. Тэгэхэд А.Е надад би гэрлүүгээ явахгүй, хоёулхнаа үзчих үү гэж дахин дахин хэлээд над руу дайраад намайг барьж авахад миний өмсөж явж байсан куртикны баруун талын ханцуй хэсэг нь урагдчихсан юм. Тэр үед би А.Ег дэгээдэж газар унагаах үед Ж.Г хажуунаас хүрч ирээд надад чи ямар хүчтэй атаман юм бэ гэж хэлээд намайг хоолойноос минь заамдаж аваад байж байхад А.Е  газраас  босч  ирээд  гартаа  утас барьж аваад би  Цагдаагийн байгууллагад мэдэгдээд чамаас мөнгө нэхэж авна гэж утсаар ярьж байгаад нэг мэдэхэд миний нүүрний тус газарт гараар нударгаар хэд хэдэн удаа цохиод авсан юм. Тэгэхэд миний хамарнаас цус гарчихсан ба тэр хоёр миний хоёр талаас барьж аваад тавьж явуулахгүй байсан юм. Тэр хоёр намайг барьж аваад зогсож байхад би тэр хоёрын гарнаас бултаж гараад зугтаагаад явж байтал миний араас А.Е газраас чулуу аваад над руу чиглэж 2 удаа чулуу шидэхэд нэг чулуу миний баруун хөлний өвдөг рүү оносон юм. Тухайн үед Ж.Г нь намайг нэг гараар заамдаж барьж байгаад нөгөө гараар миний хэвлийн тус газарт 2, 3 удаа цохиод авсан ба яг аль гараараа цохисныг би сайн анзаараагүй. ...Миний хохирлыг барагдуулж өгөөгүй ба би Ж.Г, А.Егаас ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, би ахлах хэрэг бүртгэгч Т.Ердост байцаалт өгөхдөө 65 литрийн шатахууны үнэ болох 100750 төгрөгийг нэхэмжилсэн ба одоо уг бензиний үнэ болох 100750 төгрөгийг ч гэсэн нэхэмжлэхгүй. Би Ж.Г, А.Е хоёроос ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, тэр хоёрт хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсье. Тэр хоёр одоо хүртэл надад ирж уучлалт гуйгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/, 

- Гэрч М.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх сумын төвөөс 15 орчим км зайтай “Битүү” гэх газар оршин суудаг юм. Гаднаас сайн таньдаг гэр нь манай гэрийн хажууд байдаг С.Ж бид хоёр 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр миний мотоциклээр сумын төвд ирсэн юм. Бид хоёр сумын төвд орж ирээд тус өдөр орой 23 цагийн үед гэр гэрлүүгээ харих гэтэл миний мотоцикл асахгүй эвдэрч явахгүй байхаар нь бид хоёр мотоциклыг сумын төвд гэр нь байдаг миний ахын гэрт орхиод гэрлүүгээ явган харихаар болж бид хоёр сумын төвийн гудамжаар явж байхад Х.А гэдэг залуу бильярдны өрөөндөө гал түлчихээд гараад явж байхаар нь бид хоёр түүнийг дуудаж бильярдны өрөөг нь нээлгүүлж бильярд тоглож байхад гаднаас сайн таньдаг Г орж ирсэн юм. Ж.Г орж ирээд бид хоёртой мэндэлсний дараа миний хажууд байсан С.Жийн гар утсыг асууж аваад тэнд суугаад нэг хүнтэй ярьж байсан ба чухам хэнтэй юуны тухай ярьсан талаар мэдэхгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа гаднаас сайн таньдаг А.Е гэдэг залуу орж ирсэн ба А.Е, Ж.Г хоёр бильярдны өрөөнд байж байгаад тэндээс гарах гээд явж байхад Ж нь Ж.Гээс миний утсыг өгчих гэж асуухад буцаж орж ирнэ, удахгүй гэж хэлээд гараад явсан юм. Тэр хоёр гараад явсны дараа А, Ж бид гурав бильярд тоглож байгаад А.Е, Ж.Г хоёр орж ирэхгүй байхаар нь бид гурав уг газраас гараад явах гэж байтал А.Е, Ж.Г хоёр буцаад ирсэн ба Ж Гээс утсаа асуухад А.Е Жт чиний утсыг сая бильярд тоглож байгаад Хаука /хоч нэр нь/ гэдэг залууд 10000 төгрөгний барьцаанд тавьчихсан гэж хэлсэн. Тэгэхэд Ж нь Ж.Г, А.Е хоёрт хандаж та хоёр миний утсыг яагаад барьцаанд тавьдаг юм вэ, яваад аваад өг гэсэн. Ингээд бид бүгд бильярдны газраас гараад явж байсан ба тэндээс гарахдаа А.Е, Ж хоёр түрүүлж гараад явж байсан. Бид хоёр хойноос нь очиход А.Е, С.Ж хоёр нэг нэгийгээ заамдаж авсан байдалтай зогсож байсан юм. Тэр хоёр явж байхад А.Е нь Жийн хэвлийн тус газарт гараар нэг удаа цохиход Ж эргүүлээд түүнийг дэгээдэж газар унагаасан талаар Г бид хоёр хойноос нь гүйж очиход хэлсэн юм. А.Е Жийн хэвлийн тус газарт гараар нэг удаа цохиход Ж Ег дэгээдэж газар унагаасныг би хараагүй болно. А.Е, Ж хоёр нэг нэгнийгээ заамдаж барьж байхад Г Жт гар утсыг нь гаргаж өгөөд, чиний гар утсыг барьцаанд тавьсан гэж худлаа тоглоод хэлсэн юм гэж хэлээд утсыг нь гаргаж өгсөн юм. Тэгэхэд би А.Егийн өмсөж явж байсан хувцсыг нь гөвж өгч, та нар одоо боль найзууд байж яагаад зодолдоод байгаа юм бэ гэхэд С.Ж А.Ед уучлаарай, миний буруу болсон байна, миний гар утсыг барьцаанд тавиагүй юм байна, би барьцаанд тавьсан гэж ойлгосон байна гэхэд А.Е уурлаад С.Ж хоёулхнаа үзчих үү гэж хэлээд гаднах өмсөж явж байсан курткагаа тайлсан. Тэр хоёр хоорондоо зодолдохоор болоод гадуур хувцсаа тайлж нэг нэгийгээ заамдаж авахад С.Ж А.Ег дэгээдэж газар унагаасан ба тэр үед Ж.Г хүрч ирээд С.Жт чи ямар хүчтэй атаман юм бэ гэж хэлээд С.Жийг хоолойноос нь баруун гараар заамдаад барьж байгаад түүний хэвлийн тус газарт зүүн гараар хэд хэдэн удаа цохих үед хажуунаас нь А.Е газраас босч ирээд Жийн нүүрэн тус газарт гараар хэд хэдэн удаа цохисон юм. Тухайн үед би тэд нарыг салгах гэтэл миний хүч хүрээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/,

- Гэрч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Надад 3 хүүхэд байдаг ба А.Е хамгийн бага нь буюу отгон нь юм. Миний хүү А.Е 2016 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн. А.Е 2016 оны 11 дүгээр сарын үед байх хажуудаа тус сумын иргэн Хгын хамт Шохан гэгчийг зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад аймгийн Прокурорын газраас миний хүү А.Ед холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Хүү А.Ег урьд өмнө архи уудаг байсныг мэддэггүй байсан. А.Е нь цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг, төлөв томоотой даруухан залуу юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

- Гэрч С.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү Ж.Г нь бид нартай хамт тус сумын 5 дугаар багт оршин суудаг ба одоохондоо гэр бүл болоогүй. Хүү Ж.Г нь 2016 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос “Газарчин” дээд сургуулийг Монгол-Англи хэлний багш мэргэжлээр төгсөж ирсэн ба төгсөж ирээд ямар нэгэн байгууллагад ажилд ороогүй. Миний хүү Ж.Г нь урьд өмнө хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Ж.Г нь архи дарс хэрэглэж байсныг би өөрөө харж байгаагүй. Тэр цайлган сэтгэлтэй, хүнд тусархаг залуу юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

- Гэрч С.Хгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр орой 22 цаг 30 минутын үе байх ганцаараа сумын төвд Аийн бильярдны газрын урдаас явж байхад найз болох А.Е, Ж.Г хоёртой тааралдсан ба тэр хоёртой мэндлээд би шууд гэрлүүгээ явчихсан юм. Тэр хоёрын амнаас архины үнэр гарч байсан ба тэд жаахан халамцуу явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн ЗЗ дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ж.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр орой 22 цагийн үед байх ганцаараа гэрээс гараад сумын төвд байдаг Х.Аийн бильярдны газарт очиход тэнд 10 дугаар ангийг нэг ангиас сурч төгссөн найз болох С.Ж, түүний хажууд гаднаас нь сайн таньдаг М.Н, бильярдны газрын эзэн болох сайн таньдаг Х.А гурав хоорондоо бильярд тоглоод зогсож байсан юм. Тухайн үед миний гар утас цэнэггүй байхаар нь эхлээд Аптынбекээс утас байна уу, байвал өгөөч нэг дугаар луу ярьж байгаад өгье, миний гар утасны цэнэг нь дууссан байна гэж асуухад А надад миний утсанд нэгж байхгүй гэж хэлсэн ба дараа нь би Жээс гар утсыг нь асуухад Ж надад Мобиком дугаар луу үнэгүй ярьдаг гэж хэлээд утсаа өгсөн. Би түүний утсыг аваад дунд сургуульд байхад нэг ангид хамт сурч байсан найз Егийн утас руу залгаад би Аийн бильярдны газарт байна хүрээд ир, миний утас цэнэггүй байгаа гэж дуудсан юм. Нэг их удалгүй 5-10 минутын дараа бид тэнд тоглож байхад Е гаднаас орж ирсэн юм. Гаднаас орж ирээд бугдээрээ хоорондоо мэнд усыг асуугаад ярилцаж байгаад  би  А, Ж, Н нарт Е бид  хоёр хажуугийн бильярдны газарт очоод ирье гэж гараад явж байхад Ж надад миний утсыг өгөхгүй юм уу гэхээр нь би түүнд бид хоёр эргэж ирээд өгье, хажуугийн бильярдны газарт очоод ирнэ гэж хэлээд гараад явчихсан юм. Бид хоёр Аийн бильярдны газраас гараад хажуугийн бильярдны газарт очиход хаалттай байхаар нь бид хоёр буцаад тэнд очсон юм. Е бид хоёр буцаад Аийн бильярдны газар луу явж байхад бид хоёр хоорондоо ярилцаж тохироод одоо тэнд очиход Ж надаас утсаа асуувал бид хоёр бильярд тоглоод хожигдож барьцаанд тавьчихсан гэж хэлье гэж хэлэхээр болоод очсон юм. Бид орж ирэхэд Ж надаас утсаа авъя хаана байгаа юм бэ гэж асуухад би түүнд чиний утсыг сая бильярд тоглож байгаад барьцаанд тавьчихлаа гэж хэлсэн юм. Тэгэхэд Ж бид хоёрт хандаж миний утсыг хэн гэдэг хүнд барьцаанд тавьсан бэ гэж асуухад бид хоёр түүнд /хоч нэр нь Хаука/ Х гэдэг залууд 10000 төгрөгт барьцаанд тавьсан гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ Аийн бильярдны газрыг хаагаад Хаука гэгчийн гэрт нь очно гээд тийшээ чиглэж хамгийн түрүүнд Е, Ж хоёр явж байсан, тэр хоёрын араас Н бид хоёр хоорондоо юм яриад явж байсан, харин А бильярдын газрыг хаагаад хамгийн сүүлд бид нарын араас ирж байсан юм. Явж байхад Ж хөлөөрөө дэгээдэж Ег газарт унагааж байхаар нь би гүйж очоод Жийн түрүү нь бид хоёр тоглоод худлаа хэлсэн юмаа, утсыг чинь барьцаанд тавиагүй гэж хэлээд би утсыг нь гаргаж өгсөн юм. Тухайн үед А.Е, С.Ж хоёр нэг нэгэндээ зодолдох уу гэж гаднах куртикнүүдийг тайлаад нэг нэгийгээ заамдаж авахад С.Ж түрүүлээд Ег хөлөөрөө дэгээдэж дахиад газар унагаасан ба тэр үед С.Жийг салгаж аваад та хоёр боль, С.Жт хандаж чи тийм чадалтай юм уу гэж хэлээд Жийн хэвлийн тус газарт нударгаар нэг удаа цохиход Ж намайг бариад авсан, тэгэхэд би түүний хоолойноос заамдаж барьж байхад Е хүрч ирээд түүний нүүрний тус газарт гараар нударгаар хоёр удаа цохиод авсан. Тэр үед Жийн хамарнаас цус гарчихсан юм. Дараа нь би Жийг заамдаж байгаад тавьж явуулахад Ж, Е хоёр дахиад нэг нэгийгээ заамдаж аваад байж байтал Е түрүүлээд цагдаа дуудна гэж нэг гараар утсаа авч байхад С.Ж түүний цээж тус газарт гараар нэг удаа цохиход Е эргүүлээд Жийн нүүрний тус газарт дахиад нэг удаа гараар цохих үед Ж зугтаагаад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 59-62 дугаар хуудас/, 

- Шүүгдэгч А.Ен мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би урьд өмнө сэжигтнээр байцаалт өгөхдөө энэ талаар эхнээсээ дэлгэрэнгүй ярьсан. Г бид хоёр Жийг утсыг 10000 төгрөгний барьцаанд тавьсан гэж тоглоод хэлье гэж хоорондоо тохиролцсон юм. Тэгээд бид нар тус сумын төвд байрлах Аийн бильярд тоглуулдаг газраас гараад Ж бид хоёр түрүүлээд явж байхад Ж надаас та хоёр миний утсыг барьцаанд тавьсан үнэн үү, худлаа хэлж байна уу гэж асуухад би түүнд чиний утсыг барьцаанд тавьсан нь үнэн гэж хэлэхэд Ж намайг араас минь дэгээдэж газар унагаасан юм. Тэгэхэд бид хоёрын хойноос ирж байсан Г гүйж ирээд бид хоёр тоглоод хэлсэн юм гэж хэлээд Жийн утсыг гаргаж өгсөн ба Ж намайг газраас босгож аваад, та хоёр тоглоод хэлсэн байсныг би мэдээгүй гэж надад уучлаарай гэж хэлсэн. Би Жт хандаж миний куртик тоос шороо болчихлоо цэвэрлэж өг гэтэл Н, Ж хоёр миний куртикийг гөвж байхад Ж бид хоёр дахиад хоорондоо муудалцаж хоёулхнаа зодолдохоор болоод бид хоёр нэг нэгийгээ заамдаж авахад тэр намайг нүүрний тус газарт хоёр удаа мөргөж, түлхэх үед би хойшоо ухарч явж байгаад газарт унасан юм. Би газарт унах үед Г хажуунаас хүрч ирээд Жт ямар хүчтэй атаман юм бэ гэж хэлээд Жийн хоолойноос нь заамдаж аваад нэг гараар түүний хэвлийн тус газарт нэг удаа цохисон ба би газраас босч ирэхэд миний хамарнаас цус гарчихсан юм. Тэгэхэд би Жт яагаад намайг мөргөж байгаа юм бэ, би цагдаа дуудна гэж хэлэхэд Ж надад цагдаа дуудвал сайн байна гэж хэлэхэд би түүний нүүр лүү гараар 3 удаа цохиод авсан юм. Тэгээд би Жийг гараар барьж байхад тэр бултаж зугтаагаад явчихсан юм. Би Жийн нүүр лүү цохих үед Г Жийн хоолойноос нь заамдаж барьж байсан юм. Бид нар хоорондоо зодолдоод дуусаж байхад А бид нарын хойноос билляръдны газраа хаагаад ирсэн юм. А зодооны талаар сайн хараагүй юм. Тухайн үед Г бид хоёр дэлгүүрээс Нийслэл нэртэй 0.5 гр пивоноос нэг нэг ширхэг авч уусан ба өөр ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас А.Е, Ж.Г нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд тэдний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч А.Е, Ж.Г нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч А.Е, Ж.Г нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг /эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 556.1.10/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

 Шүүгдэгч А.Е, Ж.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгч А.Егийн 1 үхэр, шүүгдэгч Ж.Гийн “Dell” маркийн зөөврийн компьютерийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тэдэнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Хэргийн хамт шүүгдэгч А.Егийн 00930335 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр, шүүгдэгч Ж.Гийн 00930336 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон иргэний цахим үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Агийн Е, У овогт Жийн Г нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Агийн Ег 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

- Мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт Жийн Гийг 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч А.Е, Ж.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

4. Шүүгдэгч А.Е, Ж.Г нар нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч А.Егийн 1 үхэр, шүүгдэгч Ж.Гийн “Dell” маркийн зөөврийн компьютер зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Е, Ж.Г нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шүүгдэгч А.Егийн 00930335 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр, шүүгдэгч Ж.Гийн 00930336 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон иргэний цахим үнэмлэх зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Е, Ж.Г нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК