Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0064

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Жи Эй Би Өү Ти” ХХК 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.Чойжилсүрэн

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч /хуучин нэрээр/ Д.Жаргалсайхан

Хариуцагч: Стандарт, хэмжил зүйн газрын Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах мэргэжилтэн Г.Зэсмаа нарын хоорондын “дулааны тоолуурыг ашиглах боломжгүй болохыг тогтоосон улсын байцаагчийн дүгнэлт, мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Жи Эй Би Өү Ти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, түүний өмгөөлөгч Ө.Золбоо, хариуцагч Д.Жаргалсайхан, хариуцагч Г.Зэсмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.

1.1 “Жи Эй Би Өү Ти” ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайханд холбогдуулан “Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/107 тоот дүгнэлт”-ийг,

1.2 Стандарт, хэмжил зүйн газрын Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах мэргэжилтэн Г.Зэсмаад холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газрын 000017162 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд

2.1. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээний дагуу дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч “Жи Эй Би Өү Ти” ХХК-ийн хариуцсан хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний хэрэглээ, шугам тоноглолын ашиглалтын байдалд үзлэг хийхэд ... Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах 250, 251 дүгээр байрны 78241416 дугаартай дулааны тоолуур... дээр сүлжээний усны температур 0 утгыг заах, зарцуулалт эрс өөрчлөгдөж савлах, дулааны энергийн бодолт хийгдээгүй зэрэг өөрчлөлтүүд гарч байна..., Иймд дээрх тоолууруудын ажиллагаа хэвийн бус, зөрчилтэй байна гэж үзэж байгаа тул энэхүү зөрчлийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хамтран ажиллаж, дүгнэлт  гаргаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий 01/52 дугаартай “Дулааны тоолуурын зөрчлийн тухай” албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газарт хүргүүлжээ.

2.2. Дээрх албан бичгийг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01/20 дугаартай төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай хяналт шалгалтын удирдамжийг баталсан байдаг.

2.3. Мөн хяналт шалгалтын явцад Стандарт, хэмжил зүйн газраас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Жи Эй Би Өү Ти” ХХК-д ашиглагдаж байгаа ULTRAFLOW®54 загварын 100м³/цаг хэмжих хязгаартай 78241416 дугаартай зарцуулалтын хувиргагч нь шалгалтын үр дүнгээр MNS OIML R75-1:2007 стандартын шаардлага хангахгүй байгаа тул хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамаарах үйл ажиллагаанд ашиглах боломжгүйг тогтоож мэдэгдэл олгов” гэсэн лабораторийн тэмдэг, улсын шалгагчийн гарын үсэг, тэмдэгтэй мэдэгдэл гарчээ.

2.4. Улмаар дээрх дугаар бүхий тоолуурын суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт, холбогдох бичиг баримтын бүрдэл зэрэгт газар дээр нь хийсэн үзлэг шалгалт болон магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг тус тус үндэслээд хариуцагч байцаагчаас 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/107 дугаар дүгнэлтийг гаргаж “...нэхэмжлэгчийн ULTRAFLOW®54 загварын 78241416 дугаартай зарцуулалтын хувиргагчийг цаашид дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах боломжгүй...” гэж дүгнэсэн байна.

2.5 Иймд нэхэмжлэгч “Жи Эй Би Өү Ти” ХХК-аас дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “Жи Эй Би Өү Ти” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай байгууллага нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Лхагва-Очирын орон сууцны барилгын дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж буй 78241416 дугаартай MULTICAL 602 загварын тоолуурын ашиглалтыг хариуцан ажилладаг. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/107 тоот дүгнэлтээр 78241416 дугаартай MULTICAL 602 загварын дулааны тоолуурыг цаашид ашиглах боломжгүй гэх дүгнэлт гаргаж манай байгууллагын зүгээс дээрх тоолуурыг өөрийн зардлаар шинэчлэн суурилуулсан.

3.2. Маргаан бүхий дээрх мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт нь "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 дугаар албан бичгийг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж улсын ахлах байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 тоот дүгнэлтийг гаргасан. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5² дугаар зүйлийн 5².1, 5²3-д зааснаар иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор хийх, 5².5-д "Энэ хуулийн 5².1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж эхлүүлсэн хяналт шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл 2021 оны 01 сард ирүүлсэн өргөдлийн дагуу 2022 оны 02 сард хяналт шалгалт хийж мөн оны 4 сард дүгнэлт гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн байна.

3.3. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д хяналт шалгалтын явцад тэмдэглэл 2 хувь үйлдэхээр заасан. Манай байгууллагад хийсэн хяналт шалгалтын явцад тэмдэглэл үйлдэж ямар зөрчил илэрсэн талаар баталгаажуулаагүй харин улсын байцаагчийн дүгнэлт гарах үед тэмдэглэлийг нөхөн үйлдэж танилцуулах ажиллагаа хийсэн. Тэмдэглэл үйлдэх гол ач холбогдол хяналт шалгалтын үйл ажиллагааг баримтжуулах бөгөөд энэхүү ажиллагаа нь тухайн цаг хугацаанд хийгдээгүй нөхөн гүйцэтгэсэн тул дээрх хуулийг зөрчсөн болно.

3.4. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/107 тоот дүгнэлтэд заагдсан зүйлс бодит байдалтай нийцэхгүй байна.Техникийн нөхцөл байхгүй, хэзээ ямар компани суурилуулж хүлээлгэж өгсөн тухай акт, баримт бичиг байхгүй тухайд: Тухайн хяналт шалгалтыг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр газар дээр хийж гүйцэтгэсэн. Энэхүү өдөр хяналт шалгалтыг шугам хоолой суурилуулагдсан тоолуурын хянах самбараар хянаж, лац дардсыг шалгаад явсан. Тухайн өдөр энэхүү тоолууруудын бичиг баримтын бүрдлийг шалгах ажиллагаа хийгдээгүй атал дүгнэлтдээ бичиг баримтын бүрдэл байхгүй гэх агуулгаар дүгнэснийг зөвшөөрөхгүй.

3.5. Тоолуурын баталгааны гэрчилгээ байхгүй тухайд: 78241416 дугаартай MULTICAL 602 загварын дулааны тоолуурыг Стандарт, хэмжил зүйн газрын дулаан, даралтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 0072826 дугаар гэрчилгээ манай байгууллагын нэр дээр байдаг. Тухайн хяналт шалгалт хийгдсэн өдөр хянан шалгагч нарын зүгээс баталгаажуулалтын гэрчилгээ шаардаагүй, үзээгүй атлаа дүгнэлтдээ байхгүй гэж дүгнэсэн.

3.6. Зарцуулалтын мэдрэгчийг стандартын шаардлагад нийцүүлэн суурилуулаагүй тухайд: Дулааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрөл бүхий “Икон" ХХК нь 2017 онд суурилуулж, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК ашиглалтад хүлээж авсан байдаг. Зарцуулалтын хувиргагчийг зөв буруу суурилуулсан талаар манай байгууллага хяналт тавьж зааварчлах эрхгүй бөгөөд шалгах эрх бүхий байгууллага нь стандартад нийцэж байна гэх агуулгаар ашиглалтад хүлээж авсан байхад манай байгууллагыг энэ агуулгаар буруутгах боломжгүй. Дулааны тоолуурын үйлдвэрийн анхлан баталгаажуулалт 4 жил байдаг бөгөөд 2021 онд энэхүү хугацаа дууссан. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тухайн тоолуурыг баталгаажуулалтыг хийж суурилуулалтыг хийж өгсөн. Иймд зарцуулалтын мэдрэгчийг стандартын шаардлагад нийцүүлэн суурилуулаагүй нь манай буруутай үйл ажиллагаа биш байна.

3.7. Тоолуурын ажиллагаа хэвийн бус энерги 367 удаа 0 утгатай байсан гэх тухайд: Энэхүү тоолуур ашиглалтад шилжсэн цагаас эхлэн "Улаанбаатар дулааны сүлжээ" ХХК-ийн улсын байцаагчийн хяналтад байсан бөгөөд ямар нэг байдлаар ажиллагаа хэвийн бус гэх дүгнэлт амаар болон бичгээр гарч байгаагүй. Харин гарсан гэх зөрчлийг ямар шалтгааны улмаас ийм дүн гаргасан талаар бүрэн тогтоогоогүй хэрэглэгчийн хэрэглээ янз бүр зарим тохиолдолд хэрэглээ зогсох үе ч байдаг. Энэ бүх нөхцөл байдлуудыг шалган тогтоолгүй хянах самбараас шууд алдаа гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

3.8. Манай байгууллагын хувьд дээрх нөхцөл байдлуудаар мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07-099/110 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч байсан боловч дулааны тоолуурыг солихоос өөр сонголтгүй болгож эс бөгөөс дулаан хэрэглээг задгайгаар тооцож, байгууллага их хэмжээний алдагдал үүсэх байсан тул тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар шинэ тоолуураар солиулсан байгаа болно.

3.9. Уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаагаа шалгалтыг ахлан хийсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайханд 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 02/2201-62 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд үүний дараагаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу /Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл байгууллагын эрх баригчид гаргана./ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга улсын ерөнхий байцаагч Б.Баасандоржид 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан хэдий ч хянан шийдвэрлэж өгөөгүй байна. Харин биднийг шүүхэд хандсаны дараа 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гомдлыг хүлээж авах боломжгүй гэх байдлаар хариуг ирүүлсэн болно” гэжээ.

3.10 Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас 2021 оны 01 дүгээр сард албан бичиг ирүүлээгүй, харин тус компаниас ирүүлсэн "Дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай" 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичиг, 34 хуудас хавсралт материалыг судалж, Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, Дэд бүтцийн хяналтын газрын дарга, Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга, дэд дарга нарт танилцуулан, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, мөн 5² дугаар заалт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын Б нормативын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг боловсруулж хэлтсийн болон хяналтын газрын дарга нараар хянуулаад батлуулсан. Харин төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийг бичихдээ тооны товчлуурыг алдаж дараад тус албан бичгийн огноог 2021 гэж бичсэн байсан. Энэ тухай "Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн захирал С.Алтанцэцэгт тухайн үед тайлбарлаж ойлгуулсан.

3.11. Дулааны эрчим хүчээр хангагч байгууллага болох "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, хэрэглэгч байгууллага болох дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй "Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн хооронд дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж байгаа тоолууртай холбоотой маргаан гарсан тул Эрчим хүчний сайдын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/146 дугаар тушаалаар баталсан "Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм"-ийн 10.1 дэх “Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох хэрэгсэлтэй холбогдон гарсан маргааныг эх үүсвэр, хангагч, хэрэглэгчийн төлөөллийг оролцуулан эрх бүхий хэмжил зүйн болон хяналтын байгууллагын хэмжил зүйн улсын шалгагч байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ" гэсэн заалтын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаартай "Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

3.12.  Дулааны тоолуурыг лабораторид шалгах ажиллагаа “Жи Эй Би Өү Т”и ХХК-иас шалтгаалж 4 сарын 12 хүртэл хойшлогдсон тул улсын ахлах байцаагчийн дүгнэлт 04 сард гарсан. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хороололд байрлах “Жи Эй Би Өү Ти ХХК-д очиж шалгалт эхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаартай "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийг танилцуулахад тус компанийн захирал С.Алтанчимэг Засгийн газраас төрийн хяналт шалгалтыг 3 жилээр зогсоосон байхад шалгалт хийх гэлээ, шалгуулахгүй гэж эсэргүүцсэн.

3.13. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийдэг төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 3 жил зогсоох тухай саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан, энэ талаар холбогдох шийдвэр албан ёсоор эцэслэж гараагүй. Харин аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн дагуу хийдэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зогсоогоогүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийх гэж байгааr тайлбарлахад зөвхөн хяналт шалгалтын удирдамжид тусгагдсан 4 дулааны тоолуурыг шалгуулахыг зөвшөөрсний дагуу хяналт шалгалтыг эхлүүлсэн. Энэ эсэргүүцлийн улмаас шалгалтын бүрэлдэхүүнд ажиллаж байсан Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн Ж.Баярсайхан манай байгууллагын удирдлагаас энэ шалгалтад өнөөдрөөс /2 дугаар сарын 10-ны өдрөөс/ оролцохгүй байх чиглэл өгсөн тул ажиллахгүй гээд зөвхөн шалгалтын эхний өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажиллаад бусад хугацаанд шалгалтад оролцоогүй.

3.14. Шалгалтын явцад тогтоогдсон бодит нөхцөл байдал, цуглуулсан бичиг баримт, авсан фото зураг, улсын баталгаатай эталон төхөөрөмжөөр шалгасан шалгалтын дүн зэрэг материалуудад үндэслэн шалгалтын тэмдэглэлийг бичсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9 дэх заалтын дагуу шалгалтын тэмдэглэлийг шалгалт эхэлсэн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бичиж эхэлсэн бөгөөд, тоолуурын гадаад байдалд газар дээр нь хийсэн шалгалтаар тогтоогдсон бодит нөхцөл байдлыг баримтжуулан зураг авч, гар ноорогтоо тэмдэглэж байсан. Мөн шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан Эрчим хүчний зохицуулах хороо болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд тэмдэглэл бичиж, зураг авч баримтжуулсан байгаа. Шалгалтын үйл ажиллагаанд тус компанийн сантехникийн инженер Б.Энхцэцэг болон холбогдох ажилтнуудыг байлцуулсан бөгөөд шалгалт хийх үед тогтоогдсон бодит нөхцөл байдал, гарч буй зөрчлийг газар дээр нь танилцуулахад зөвшөөрч ямар нэг маргаан гаргаагүй, шалгалтын дүн гаргахад шаардлагатай баримт материалыг тус компани нь гаргаж үзүүлээгүй, тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах ажил хийгдээгүй хойшилсон зэргээс шалтгаалж шалгалтын тэмдэглэлийг бичиж дуусган шалгуулагч байгууллагад тэр өдөртөө танилцуулах боломжгүй байсан.

3.15. Тоолуурын загварын туршилт, баталгаажуулалт, суурилуулалт, архивын бичлэгт газар дээр нь хийсэн шалгалтаар тоолуур хэвийн ажиллахгүй байгаа нь тогтоогдсон тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх /холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх/ заалт, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан "Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журам"-ын 4.3.1 дэх заалтын дагуу шалгалтын ажлын хэсгээс тоолуурыг дулааны тоолуурын итгэмжлэгдсэн лабораторид магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах шийдвэр гаргасан.

3.16. Гэвч тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах ажил дараах шалтгааны улмаас удирдамжийн хугацаанд хийгдээгүй хойшлогдсон. Үүнд: "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас тоолууруудыг дулааны шугам сүлжээнээс салган авч шалгах, буцааж суурилуулах бэлтгэл ажил хангагдаагүй, Шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан тус компанийн борлуулалтын инженер Б.Эрдэнэчимэг Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан "Халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай" тушаалын 3.а дахь заалтын дагуу зөрчил бүхий эдгээр тоолуурыг 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сүлжээнээс салган авахгүй байх санал гаргасан тул тус тоолууруудыг удирдамжид заасан шалгалтын хугацаанд лабораторид шалгуулах боломж бүрдээгүй 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулсан болно.

3.17. Харин 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш "Жи Эй Би Өү Ти" ХХК-иас шалтгаалж тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах ажил хүлээгдсэн. Шалгалтын ажлын хэсгийн гишүүн "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Баруун түгээх төвийн хэмжил зүйн хяналтын инженер Ч.Отгончимэг тус компанийн тоолуурыг сүлжээнээс салгаж лабораторид шалгуулах талаар тус компаниас удаа дараа шаардахад "Жи Эй Би Өү Ти" ХХК нь халаалтын улирал дуусахаар шалгуулъя, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аар тоолуураа салгуулахгүй, Отгончимэг инженер тоолуур салгах талаар огт яриагүй, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК өөрсдөө тоолуураа салгаж авахгүй байна, Орон сууцны конторуудын тэмцээн болж байгаа тул амжихгүй, тэмцээн дуусахаар тоолуураа салгуулъя, халаалтын улирал дуусахаар бүх тоолуураа өөрийн байгууллагын зардлаар шалгуулъя зэрэг янз бүрийн шалтаг шалтгаан хэлж, тоолуураа магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулахгүй зайлсхийсээр сар гаруй болсон.

3.18. "Жи Эй Би Өү Ти" ХХК-ийн захирал С.Алтанчимэгтэй 99115812 дугаарын утсаар удаа дараа холбогдож шаардахад тоолуур шалгуулсан зардлыг хэн хариуцах вэ, баримт болгож танайх тоолуур шалгуулах тухай албан бичиг ирүүлбэл шалгуулъя гэсний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 07/678 тоот "Дулааны тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах тухай" албан бичгийг "Жи Эй Би Өү Ти" ХХК-д хүргүүлсэн.

3.19. Үүний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус тоолуурт "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн дулааны тоолуурын итгэмжлэгдсэн лабораторид магадлан тогтоох шалгалт хийж шалгалтын дүн эцэслэн гарсны дараа шалгалтын тэмдэглэлийг үргэлжлүүлэн бичиж дуусгасан бөгөөд захирал Б.Энхцэцэгийг ирж танилцаад дүгнэлт зөвлөмжөө авахыг удаа дараа утсаар мэдэгдсэн боловч ирээгүй, өөрөө очиж чадахгүй, өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа гээд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр инженерээ /Б.Энхцэцэг/ явуулсан. Шалгалтын дүнгээр гаргасан улсын ахлах байцаагчийн дүгнэлт тус бүр 4 хувь, улсын ахлах байцаагчийн зөвлөмж 3 хувь бичиг баримтыг захиралдаа танилцуулаад гарын үсэг зуруулаад, гарын үсэг зурахаас татгалзвал шалгалтын тэмдэглэл дээр тайлбараа бичээд буцаагаад ирүүлээрэй гэсэн боловч эдгээр бичиг баримтыг авчирч өгөхгүй 12 хоног хүлээлгэж утсаар дахин дахин шаардуулж байж 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажилтнаараа өгч явуулсан.

3.20. Хяналт шалгалтын үеэр тогтоогдсон бодит нөхцөл байдал, илэрч буй зөрчлийн талаар шалгалтад байлцсан Жи Эй Би Өү Ти ХХК-ийн ажилтнуудад газар дээр нь танилцуулж байсан. Мөн шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан Эрчим хүчний зохицуулах хороо болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд зураг авч, тэмдэглэл хөтөлж баримтжуулсан.

3.21. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4, 13 дугаар зүйлийн 13.2, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу хяналт шалгалтад шаардлагатай бичиг баримт, материалуудыг гаргаж үзүүлэхийг шаардахад Жи Эй Би Өү Ти ХХК-ийн инженер Б.Энхцэцэг нь манайх тоолууртай холбоотой ямар ч бичиг баримт хүлээж аваагүй, байхгүй гээд гаргаж үзүүлээгүй, эрж хайгаад олбол үзүүлье гэсэн тайлбар өгсөн боловч шалгалт дуусаад, улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд эдгээр бичиг баримтыг гаргаж үзүүлээгүй.  

3.22. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын 13.2 дахь заалтын дагуу компанидаа байгаа тоолууртай холбоотой бичиг баримтуудаа ирүүлэхийг удаа дараа шаардсаны дагуу тус компаниас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/2201-19 дугаартай албан бичгээр ирүүлсэн хавсралт 28 хуудас бүхий материалд эдгээр бичиг баримт байгаагүй. Шалгалтын явцад БТТ/2018/31 дугаартай дулааны эрчим хүчийг хэмжих тооцох хэрэгслийг ашиглалтад хүлээн авах актын хуулбарыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас гаргуулж хяналт шалгалтын баримт материалд авсан.

3.23. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын Ë нормативын дагуу улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн тодорхойлох хэсэгт шалгалт хийх үед тогтоогдсон бодит нөхцөл байдлыг тодорхойлж бичсэн, харин аль нэг байгууллагыг буруутгаж, дүгнэж бичээгүй.

3.24. "Жи Эй Би Өү Ти” ХХК нь шалгалтын явцад тоолуурыг суурилуулж хүлээлгэн өгсөн тухай акт зэрэг нотлох баримтыг гаргаж үзүүлээгүй тул Икон ХХК суурилуулсан гэж дүгнэх боломжгүй юм. Дулааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн компани тоолуурыг стандартын дагуу зөв суурилуулж, туршиж ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч "Жи Эй Би Өү Ти" ХХК нь дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагын хувьд үүн дээр хяналт тавьж, алдааг засуулж хүлээн авах үүрэгтэй байсан.

3.25. Тус тоолуурын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хоорондох нийт 2767 цагийн архивын бичлэгийг шалгалтын ажлын хэсгээс хянаж үзээд 367 удаа энерги бодогдоогүй буюу 0 утгатай болсныг тогтоосон харин ямар нэг хянах самбараас алдаа гэж дүгнээгүй. Улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд тухайн зөрчил гарсан шалтгааныг тодорхойлж бичих эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын чиг үүрэгт тус тоолуурын хэвийн бус ажиллагаа, эвдрэл гэмтлийн шалтгааныг шалгаж тодорхойлох асуудал нь хамааралгүй болно. Харин шалгалтаар тогтоогдсон бодит нөхцөл байдал, эрх бүхий төрийн бусад байгууллагын хийсэн хяналт шалгалтын үр дүн зэргийг үндэслэн тухайн тоолуур нь холбогдох хуулийн болон стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргадаг. Энергиэ бодоогүй 0 утга заасан тохиолдлыг шалгалтын ажлын хэсгийн гишүүд хянаж үзээд энэ үед дулаан хангамжийг хязгаарлаагүй, хэвийн явагдаж байсан болохыг тогтоосон.

3.26. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус тоолуурт газар дээр нь хийсэн шалгалтын үеэр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэрлэл, хөгжлийн хэлтсийн хэмжүүрийн бодлогын инженер Г.Батчимэг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хоорондох архивын бичлэгийг хуулбарлан авсан. Тус архивын бичлэгээр тоолуурын хэвийн бус ажиллагааг тогтоож, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан "Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийж журам"-ын 4.3.1, 4.3.3 дахь заалтуудын дагуу тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах шийдвэрийг шалгалтын ажлын хэсгээс гаргасан.

3.27. Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтын дагуу Стандарт, хэмжил зүйн газрын улсын шалгагч Г.Зэсмаа 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус тоолуурт "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн итгэмжлэгдсэн дулааны тоолуурын лабораторид улсын баталгаатай эталон тоног төхөөрөмж дээр холбогдох стандартын дагуу магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг хийж гүйцэтгэсэн. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 04- ний өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан "Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журам"-ын 4.3.3 дахь заалтын дагуу шалгалтын үйл ажиллагаанд "Жи Эй Би Өү Ти”ХХК-ийн сантехникийн инженер Б.Энхцэцэг, дулаан хангамжийн инженер Б.Бямба-Эрдэнэ, менежер А.Бат-Эрдэнэ нарыг оролцуулсан бөгөөд тэд шалгалтын үйл ажиллагааны зургийг авч бичлэг хийж, утсаар захиралдаа мэдээлэл өгч байсан.

3.28. Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтаар тус тоолуурын зарцуулалт үсэрч, "Дулааны тоолуур. 1-р хэсэг Ерөнхий шаардлага" MNS OIML R75- 1:2007 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон тул тоолуурт шалгалт хийсэн эрх бүхий улсын шалгагч Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан "Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журам"-ын 3.7 дахь заалтын дагуу тус тоолуурыг хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамаарах үйл ажиллагаанд ашиглах боломжгүй тухай Стандарт, хэмжил зүйн газрын 000017162 дугаартай мэдэгдлийг бичиж "Жи Эй Би Өү Ти ХХК-ийн инженер Б.Энхцэцэгт өгсөн.

3.29. Шалгалт баталгаажуулалтад тэнцээгүй хэмжих хэрэгсэлд баталгааны гэрчилгээ олгодоггүй бөгөөд Хэмжил зүйн тухай хуулийн 10.8 дахь заалтаар баталгаагүй хэмжих хэрэгслийг төлбөр тооцоонд ашиглахыг хориглодог тул дулааны эрчим хүчээр хангагч байгууллага болох “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь тус тоолуурыг дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд хүлээж авах боломжгүй болсон. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтын дагуу Стандарт, хэмжил зүйн газрын улсын шалгагчийн хийсэн магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтын дүнг үндэслэн улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргасан.

3.30. "Жи Эй Би Өү Ти” ХХК нь магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтын үр дунг хүлээн зөвшөөрч, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр буюу улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарахаас 5 хоногийн өмнө тус тоолуурын оронд шинэ тоолуур авч "Икон" ХХК-аар суурилуулах ажлыг гүйцэтгүүлсэн байна. Улсын ахлах байцаагчийн дүгнэлт тус бүр 4 хувь, улсын ахлах байцаагчийн зөвлөмж 3 хувь бичиг баримтыг захиралдаа танилцуулаад гарын үсэг зуруулаад, гарын үсэг зурахаас татгалзвал шалгалтын тэмдэглэл дээр тайлбараа бичээд буцаагаад ирүүлээрэй гэсэн боловч эдгээр бичиг баримтыг авч яваад авчирч өгөхгүй 12 хоног хүлээлгэж утсаар дахин дахин шаардуулж байж 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилтнаараа өгч явуулсан.

3.31. Тус компаниас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга улсын ерөнхий байцаагч Б.Баасандоржид 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 02/2201-113 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлын дагуу "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" стандарт батлах тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаал, "Байгууллагын стандарт"-ын 17.1, 17.2 дахь заалтуудын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль зүй, мониторингийн хэлтсээс тус дүгнэлтийг шалгаад улсын байцаагчийн дүгнэлтүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тухай хариуг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 06/1700 тоот албан бичгээр “Жи Эй Би Өү Ти” ХХК-д өгсөн” гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Стандарт, хэмжил зүйн газрын 000017162 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар Стандарт, хэмжил зүйн газрын Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах мэргэжилтэн Г.Зэсмаад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

4.1. Хариуцагч Стандарт, хэмжил зүйн газрын Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах мэргэжилтэн Г.Зэсмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.2. “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Хяналт шалгалт хийх удирдамж”-аар томилогдсон ажлын хэсэгт байгууллагаа төлөөлөн томилогдон ажилласан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Жи Эй Би Өү Ти“ ХХК-ийн эзэмшдэг "Multical 602" загварын 78241416 дугаартай дулааны тоолуурт газар дээр нь үзлэг шалгалт хийсэн.

4.3. Ажлын хэсэгт оролцсон чиг үүргийн дагуу миний бие дараах шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Дээрх дулааны тоолуурын загвар нь хэмжих хэрэгслийн загварын туршилтад тэнцэж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн эсэх, Дулааны тоолуур нь шалгалт баталгаажуулалтад хамрагдсан эсэх, Дулааны тоолуурын лацны бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх, Дулааны тоолуурыг суурилуулахдаа "MNS 6241:2011 Дулааны тоолуур. Суурилуулалт, ашиглалтад оруулах, ажиллагааг хянах, техникийн үйлчилгээний ерөнхий шаардлага" стандартын дагуу суурилуулсан эсэхийг тус тус шалгасан. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн.

4.4. Үүнд: Дулааны тоолуурын зарцуулалтын хувиргагчийн мэдрэгчийг суурилуулахдаа "MNS 6241:2011 Дулааны тоолуур. Суурилуулалт, ашиглалтад оруулах, ажиллагааг хянах, техникийн үйлчилгээний ерөнхий шаардлага" стандартын дагуу суурилуулаагүй, тус стандартын 4.2.4.7-д заасны дагуу хэвтээ хавтгайтай харьцангуйгаар ± 45° хүртэл өнцөг бүхий байрлалд суурилуулаагүй

4.5. Дулааны тоолуур суурилуулсан аж ахуйн нэгж, байгууллагатай хийсэн "дулааны тоолуур суурилуулж, хүлээлцсэн акт" байхгүй. (Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/138 дугаар тушаалаар батлагдсан "Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх" журмын дагуу дулааны тоолуур суурилуулах хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхаа үнэлүүлсэн, хэмжил зүйн улсын мэдээллийн санд бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага суурилуулах эрхтэй байдаг)

4.6. Дулааны тоолуурын архивын бичилтээр хэвийн зарцуулалтын утга маш бага, энерги бодогдоогүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Тус ажлын хэсгээс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн Дулааны тоолуурын лабораторийн Cal-Rig-27 загварын 0.2 ангийн нарийвчлалтай дулааны тоолуур шалгаж, баталгаажуулах эталон тоног төхөөрөмж ашиглан дээрх дулааны тоолуурт магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг хийх явцад тоолуурын зарцуулалтын утга нь хэлбэлзэж "MNS OIML R 75-1:2007 Дулааны тоолуур 1-р хэсэг: Ерөнхий шаардлага” стандартын 4.10.2-т заасан хэмжлийн утгыг тайлбарлах, хадгалах, дамжуулж болохгүй заалтын агшин зуурын хэлбэлзэл үүссэн учир Multical 602 загварын 78241416 дугаартай дулааны тоолуурын зарцуулалтын хувиргагчийг цаашид ашиглах боломжгүй мэдэгдлийг /№000017162/ олгосон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1.  Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Хариуцагч Стандарт, хэмжил зүйн газрын Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах мэргэжилтэн, улсын шалгагчаас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Жи Эй Би Өү Ти” ХХК-д ашиглагдаж байгаа ULTRAFLOW®54 загварын 100м³/цаг хэмжих хязгаартай 78241416 дугаартай зарцуулалтын хувиргагчийг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалт хийх шалгалтын үр дүнгээр тоолуурын зарцуулалт үсэрч MNS OIML R75-1:2007 стандартын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамаарах үйл ажиллагаанд ашиглах боломжгүйг тогтоож мэдэгдэл олгосон байна.
  3. Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/107 дугаар дүгнэлт/1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь талд/-ээр Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.8 дугаар заалт, тоолуурын суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт, холбогдох бичиг баримтын бүрдэл зэрэгт газар дээр нь хийсэн үзлэг шалгалт болон магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг тус тус үндэслэн “...нэхэмжлэгчийн ULTRAFLOW®54 загварын 78241416 дугаартай зарцуулалтын хувиргагчийг цаашид дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах боломжгүй...” гэж дүгнэсэн байна.
  4.  Нэхэмжлэгчээс дээрх дүгнэлт, мэдэгдлийг “...төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гомдол, хүсэлт ирснээс хойш 5 хоногийн дотор эхлүүлэх хуулийн заалтыг зөрчсөн..., шалгалтын явцад тэмдэглэл үйлдэж зөрчлийг баталгаажуулаагүй, дүгнэлтээ бичгээр гаргахдаа тэмдэглэлийг нөхөн үйлдсэн..., тоолуурын бичиг баримтыг шалгах талаар мэдэгдээгүй, шалгаагүй, хяналтын хуудсаар дүгнээгүй..., удирдамжид заасан хугацаанд дүгнэлтээ гаргаагүй..., магадлан тогтоох ажиллагааны тайлан гаргаагүй учир хууль бус...” гэж, 
  5. Хариуцагч нараас “...“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж батлуулан хяналт шалгалтыг хуулийн хугацаанд эхлүүлсэн, дулааны улирал эхэлсэн үед тоолуурыг салгахгүй байх болон шалгуулагч этгээдээс үүдэж дулааны тоолуурыг лабораторид шалгуулах болон дүгнэлт гаргах хугацаа хойшилсон боловч хууль зөрчөөгүй, тэмдэглэл нөхөн үйлдээгүй..., бичиг баримтуудыг шаардахад шалгуулаагүй..., тоолуур ажиллахгүй байгаа зөрчлийг хуулийн дагуу илрүүлж маргаан бүхий дүгнэлтийг гаргасан нь хуульд нийцсэн, ...тоолуурын ажиллагааг шалгах магадлан тогтоох шалгалт, баталгаажуулалтын явцад тоолуурын зарцуулалтын утга хэлбэлзэл үүссэн нь тогтоогдсон, ...хэлбэлзэл үүссэн үед тайлан гаргах боломжгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
  6. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуй нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн ... болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ, 52.2-т “...иргэн, аж ахуйн нэгж байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ”,  5дугаар зүйлийн 52.4-д Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүйгэж заажээ.
  7. Дээрх зохицуулалтаас үзэхэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулах эрх бүхий этгээд нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт ирүүлснийг хүлээн авч тухайн өргөдөл хүсэлт үндэслэлтэй байна гэж үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 хоногийн дотор эхлүүлэх, удирдамжид заагдсан 5 хоногийн дотор дүгнэлтээ гаргах байсныг хариуцагч зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  8. Учир нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газарт ирүүлсэн 2022 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 дугаар “...78241416 дугаар дулааны тоолуурын ажиллагаа хэвийн бус, зөрчилтэй байна гэж үзэж байгаа тул энэхүү зөрчлийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж дүгнэлт гаргаж өгнө үү” гэх хүсэлтийн хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж батлагдсан байгаагаас үзэхэд дээрх зохицуулалтын дагуу төрийн хяналт шалгалтыг явуулж эхэлсэн байна.
  9. Уг удирдамжийн дагуу хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагчаас 2022 оны 02 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд ажлын хэсгийн хамт хяналт шалгалтыг хийсэн нь дээрх хуулийн заалттай нийцсэн хуульд заасан хугацааг болон удирдамжид заасан хугацааг хэтрүүлж хяналт шалгалт явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
  10. Тодруулбал, тухайн объект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй гэж зохицуулсан байгаагаас үзэхэд удирдамжийн хүрээнд хариуцагч нь 3 өдрийн хугацаатай нэхэмжлэгчийн тоолуур байрлаж буй объектод хяналт шалгалт хийсэн нь хуульд заасан 10 хоногийн хугацааг хэтрүүлээгүй, дүгнэлтээ 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07/678 дугаар “Жи Эй Би Өү Ти” ХХК, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07/687 дугаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн албан бичиг, тухайн хяналт шалгалтыг хийсэн үед халаалтын улирал эхэлсэн буюу өвлийн улирал давхацсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
  11. Дүгнэлт гаргасан хариуцагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-т “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, . . . хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй”, 10.9.11-т “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, 10.12.1-д “холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” гэж заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлж мэргэжлийн байгууллагад магадлан тогтоох шалгалтыг хийлгэн тусгай тоног төхөөрөмжид тухайн тоолуурын хэвийн үйл ажиллагааг шалгуулсан нь шаардлагатай ажиллагаа бөгөөд тухайн тоолуур хэвийн ажиллаж байгаа эсэхийг байцаагч шууд хараад тогтоох боломжгүй, тэмдэглэлийг дүгнэлт гаргахдаа эцэслэн танилцуулсан нь хуульд нийцсэн.
  12. Мөн Эрчим хүчний сайдын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/146 дугаар тушаалаар баталсан “Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрмийн” 10 дугаар зүйлийн 10.1-д “Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох хэрэгсэлтэй холбогдон гарсан маргааныг эх үүсвэр, хангагч, хэрэглэгчийн төлөөлөгчийг оролцуулан эрх бүхий хэмжил зүйн болон хяналтын байгууллагын хэмжил зүйн улсын шалгагч байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд Стандарт хэмжил зүйн газраар тухайн тоолуурын ажиллагаа хэвийн байгаа эсэхийг магадлан тогтоох шалгалтад оруулж тусгай тоног төхөөрөмжид шалгуулж үр дүнг нь үндэслэн дүгнэлтээ гаргахыг тодорхой зохицуулсан байгаагаар давхар нотлогдож байна.
  13. Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцно”, 10.8-д “Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Дараах үйл ажиллагаанд хэрэглэх хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулна”, 8.1.5-д “худалдаа, үйлчилгээний тооцоо” гэж зохицуулсны дагуу дээрх байдлаар нэхэмжлэгчийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан ULTRAFLOW®54 загварын 78241416 дугаартай зарцуулалтын хувиргагчийг дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах боломжгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийг хууль бус буюу хэвийн ажиллаж байгаа тоолуурыг үндэслэлгүйгээр дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
  14. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэж заасан зарчмын дагуу Стандарт хэмжил зүйн газрын Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах мэргэжилтний 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн магадлан тогтоох шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрч дүгнэлтдээ үндэслэл болгосон нь энэхүү зарчимд нийсэн байна.
  15. Түүнчлэн Стандарт хэмжил зүйн газрын Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах мэргэжилтний 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 000017162 дугаар мэдэгдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12-т Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журмыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална”, 13 дугаар зүйлийн 13.2.4-т “энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хамруулсан эсэх, түүний ашиглалт, хэвийн ажиллагаанд хяналт тавих” үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж тухайн мэдэгдлийг олгосон байна.
  16. Өөрөөр хэлбэл Стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан “Хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийх журам”-ын 4.3.1-т “Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг хууль, хяналтын байгууллагын хүсэлт, иргэд, аж ахуйн нэгжийн санал, гомдлын дагуу хэмжүүрийн улсын шалгагч, улсын байцаагч нар хамтран гүйцэтгэж болно”, 4.3.4-т “Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтын тайлан, үр дүнг хүсэлт гаргасан байгууллагад өгнө” гэж заасны дагуу магадлан тогтоох шалгалтаар тухайн тоолуурын зарцуулалт үсэрч, хэлбэлзэж байгаа нь хэрэгт авагдсан видео бичлэг, тэмдэглэл/ 1 дүгээр хавтаст хэргийн  174 дэх талд/, талуудын тайлбараар нотлогдож байгаа үр дүнг нэхэмжлэгчид болон хариуцагч мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжилзүйн улсын ахлах байцаагчид хүргүүлснийг тайлан гаргаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлээр хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхээргүй байна.
  17. Хэдийгээр нэхэмжлэгчийн 78241416 дугаартай дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглагдаж байсан тоолуурыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Стандарт хэмжил зүйн газрын дулаан, даралтын хэмжих хэрэгслийг 0072826 дугаар гэрчилгээгээр баталгаажуулсан хэдий боловч хэзээ, ямар байгууллагаар суурилуулсан тухай акт, хүлээн авсан баримтгүй, стандартын шаардлага хангалгүйгээр эгц дээш харуулан суурилуулсан байдалтай байсан нь хяналт шалгалтын ажлын хэсэгт орсон гишүүдийн тайлан, фото зураг, тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 157, 182-204/, нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн албан бичиг, түүнд хавсаргасан баримт зэргээр тус тус тогтоогдож байна гэж үзлээ.
  18. Нэхэмжлэгчээс дээрх баримтууд нь манайд байх шаардлагагүй, тоолуурыг шилжүүлж авсан, суурилуулсан компанийн буруутай үйл ажиллагаанд хамаарна манай компанид хамааралгүй гэх боловч дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангагч байгууллагын хувьд Эрчим хүчний тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль, Эрчим хүчний сайдын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/146 дугаар тушаалаар баталсан Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм, Монгол Улсын Засгийн газрын  2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн  97 дугаар тогтоолоор баталсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн дагуу үйл ажиллагаандаа ашиглаж буй хэмжих хэрэгслийн техникийн бэлэн байдал, ашиглалтын хэвийн ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байгаагаас үзэхэд дээр дурдсан баримт, суурилуулалтын зөрчилд хамааралгүй гэж дүгнэх боломжгүй байна.
  19. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч нараас шийдвэр гаргахдаа хууль тогтоомж зөрчиж, түүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй, хэвийн ажиллахгүй байсан тоолуурыг дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах боломжгүйг шалгаж тогтоосон нь хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч, Стандарт, хэмжил зүйн газрын Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах мэргэжилтэн нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5дугаар зүйлийн 52.4,  10 дугаар зүйлийн 10.12.1, Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.8, 10.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/107 тоот дүгнэлт болон Стандарт, хэмжил зүйн газрын Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах мэргэжилтний 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 000017162 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХ-ӨЛЗИЙ