Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/591

 

 

 

 

 

 

  2021             6              8                                          2021/ДШМ/591

 

 

С.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Г.Мөнхбат,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлоор С.Гт холбогдох 1910029250933 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн С-ны Г, 1974 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч С.Г нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг хотхоны ... дугаар байрны ... тоотод 2019 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө өөрийн төрсөн дүү С.Батзоригтой маргалдаж, түүний баруун эгэмний шугамаарх 10-р хавирганы мөгөөрсийг тасалж хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц, элэг, элэгний үүдэвч, элэгний венийн судсыг гэмтээн хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж овгийн С-ны Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Гт оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Гийн цагдан хоригдсон 442 /дөрвөн зуун дөчин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, С.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохироогүй гэсэн байр суурийг өмгөөлөгч баримталж байна. Хууль зүйн үндэслэл нь:

С.Г нь өөрийн төрсөн дүү С.Батзоригийн амь насыг хохироосон үйлдэл, гэм буруугийн хувьд ямар нэгэн маргах байр суурьгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд энэ байр суурь шүүхийн хэлэлцүүлэгт хэвээр байгааг дурдах нь зүйтэй юм. Өмгөөлөгч хэрэгт авагдсан үйл баримтыг тогтоож байгаа нотлох баримтууд нь С.Г нь хэрэг үйлдэх үедээ хохирогчийн зүй бус үйлдлээс сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж хүнийг санаатай алсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэрэг нь өөрт нь ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсоны улмаас сэтгэл санааны хүчтэй цочролд орж хүнийг алсан байхыг хууль хэрэглээний хувьд ойлгодог. Мөн сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан этгээд сэтгэцийн хэвийн үйл ажиллагаа агшин зуур алдагддаг хэдий ч хэрэг хариуцах чадвар алдагддаг учраас хууль тогтоогчоос энэхүү үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцон хуульчилсан байдаг. Сэтгэл санааны хүчтэй цочрон давчдах нөхцөлд хүргэсэн эффектийн байдал нь энэ хэрэгт “...миний унт гэсэн шаардлагыг хүлээж авахгүй, үгийн зөрүүгүй миний нүүр рүү нэг удаа цохиж тас гэсэн чимээ гарсан...” гэх мэдүүлэг, үүний улмаас сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан буюу аффектийн байдалт байдалд орсон “...түүнээс хойш юу ч санахгүй байна, нэг мэдсэн гартаа хутга барьчихсан дүүгийн хэвтэж байгаагаар их хэмжээний цус болчихсон байдалтай байсан” гэх шүүгдэгчийн гэрчээр эхэлж өгсөн тогтвортой мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Чанцалдуламын “Г ах талийгаачийг архи битгий уу, ажил төрөл хий, хүн шиг амьдар” гэж ах хүний хувьд хэлсэн үгийг эс тоодог, тэр бүрт нь ахад гар хүрчихдэг байсан. Хэдхэн хоногийн өмнө ахыг зодохоор нь цагдаа дуудаж байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Чинзоригийн “талийгаач архи уухаараа С.Г ахад гар хүрдэг, ахын ах хүний хувьд хэлсэн шаардлагыг хүлээж авдаггүй гар хурууг нь хутгаар гэмтээж байсан...сүүлийн хоёр жил архи их уудаг байсан...” гэх мэдүүлэг,

Биологийн шинжээчийн “...С.Гийн цуснаас спирт илрээгүй эрүүл басан” гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэдийгээр шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээх үүрэг хүлээхгүй хэдий ч энэ нь бодит байдлын талаар худал мэдүүлэх ойлголт биш юм. С.Гийн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа нь С.Г нь хохирогчийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидаж өөрийн төрсөн дүү С.Батзоригийн амь насыг хохироосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна.

Хоёр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн талаар өмгөөлөгч дараах байр суурьтай байна. Үндэслэл нь,

Шүүхийн шатанд яллагдагчийн өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргаж түүнийг шүүх хүлээн авч шүүхийн хэлэлцүүлэг явуулсан хурлын тэмдэглэл, шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан байна. Энэ хэлэлцүүлгээр өмгөөлөгчөөс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 52 дугаартай дүгнэлт нь шинжээч томилсон тогтоол хэрэгт авагдаагүй, хоёр шинжээчийн бүрэлдэхүүнтэй С.Гт үзлэг хийсэн атлаа дүгнэлт дээр үзлэгт оролцоогүй шинжээч гарын үсэг зурсан зэрэг дүгнэлт нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг хэлэлцүүлж шүүх хэргийг гэм буруугийн хуралдаанд шилжүүлж шийдвэрлэсэн баримт ч мөн хэрэгт авагдсан байдаг. Үүнийг дурдахын учир нь анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралд оролцсон шинжээч эмч нь “...би үзлэгт оролцоогүй, дараа нь гарын үсэг зурсан байдлаа” мэдүүлж шинжээчийн дүгнэлт хууль бус болох байдал илэрч шүүх хуралдаан хойшилж байсан шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байдаг. Энэ хурал  дээр улсын яллагч сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан эсэх талаар гаргасан шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн шаардлагыг хангахгүй байгаа юм бол С.Гийн сэтгэцийн байдлыг тогтоолгохоор өмнө нь хийсэн 2020 оны 42 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан бүрэлдэхүүнээс хуралд оролцуулах хүсэлт гаргаж шүүх хангаж шийдвэрлэсэн.

Хамгийн сүүлд буюу 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр оролцсон шинжээч О.Баатаржав нь дээрх 52 болон 42 тоот дүгнэлтүүдийг гаргахад хоёуланд нь оролцсон боловч тус шүүх хуралд оролцохдоо улсын яллагчийн хүсэлтийн дагуу 42 тоот шинжээчийн дүгнэлтээ хариуцан оролцож хэрэг хариуцах чадвартай эсэх талаар мэдүүлэг өгч оролцоно гэж өмгөөлөгч харж байна. Гэтэл шинжээчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн асуулт хариулт нь шинжээч томилох тогтоол хэрэгт авагдаагүй, хууль бус бүрэлдэхүүнтэй хийсэн, үзлэгт оролцоогүй шинжээчийн гарын үсэг зурсан 52 тоот шинжээчийн дүгнэлтийн талаар мэдүүлэг өгч “шинжээч гаргасан дүгнэлтээ хариуцна” гэж заасан журмыг зөрчсөн мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож заасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоосон дүгнэлт, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан эсэхийг тогтоосон дүгнэлт хоёр нь хууль зүйн хувьд ч тусгай мэдлэгийн хувьд ч өөр ойлголтууд юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвартай эсэх талаар маргаагүй бөгөөд сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан эсэхийг л хуульд заасан арга хэрэгслээр тогтоолгох байр суурийг баримталж байсан боловч шинжээч хууль бус бүрэлдэхүүнтэй, шинжээч томилсон тогтоол байхгүй дүгнэлтийг тайлбарлах замаар оролцсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байгаа юм.

Шинжээчийн дүгнэлт нь ийнхүү хууль зөрчиж гарсан нь С.Гийн эрх зүйн байдлыг дордуулж сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан эсэхийг үнэн зөв бодитоор тогтоолгох замаар өөрийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, оногдуулж болох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хүсэлт гаргах зэрэг хуульд заасан эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Иймд С.Гийн сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан эсэхийг тогтоолгох нь хэрэгт нэн чухал ач холбогдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үүгэв.

Шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт давж заалдах шатны шүүх хуралдаанаас оролцож байна. Эрх зүйн онолын хувьд сэтгэл санаа цочрон давчидсан нь доорх үндэслэлүүдээр тодорхойлдог. Үүнд хохирогчийн хууль бус үйлдэл байсан эсэх, урд нь бэлдэж төлөвлөсөн зүйл байхгүй байх, бусдыг алах үед өөрийгөө хянах чадваргүй байх гэсэн шинжүүд байдаг. Шүүгдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны 00 цаг 45 минутад анх мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авалгүйгээр мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгтээ “намайг нэг цохисон тэрнээс хойш санахгүй байна” гэж мэдүүлсэн байдаг. Үүнийгээ шүүх хуралдааны шатанд ч мэдүүлсэн. Шүүгдэгчид хийсэн эмнэлгийн шинжээчийн дүгнэлт хэргийн 91 дүгээр талд авагдсан. Мөн хэрэгт шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт авагдсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “согтуугаар” гэсэн байгааг залруулах шаардлагатай. Улсын Дээд шүүхээс сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэдгийг тогтоохдоо зөвхөн анагаах ухааны тусгай мэдлэгт тулгуурлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээд мөрдөгч, прокурор, шүүх үнэлэлт өгнө гэж үздэг. Мөн хохирогчийн хууль бус үйлдэл байх ёстой. Тухайн үйлдэл нь нэг болон олон удаагийн үйлдэлтэй байж болно гэж үздэг. Шүүгдэгч, хохирогч нарын хувийн харилцааны талаар төрсөн дүү нар нь хангалттай мэдүүлсэн. Төрсөн дүү нар нь амьд үлдсэнийгээ хайцаалж байгаа байх гэж хардах байх гэхдээ хэргийн 131-137 дугаар талд зөрчлийн мэдээлэл авагдсан. Хохирогч нь байнга архи уудаг, агсам тавьдаг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан, орчиндоо түгшүүр төрүүлсэн этгээд байсан. Гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэг агуулгаар зүйлчилсэн нь буруу болсон. Хохирогч нь шүүгдэгчийг байнга зоддог, хутга, шөвгөөр хатгаж байсан гэдэг талаарх баримт хэрэгт авагдсан. Шүүгдэгч нь гэм буруугийн хувьд маргадаггүй, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд сэтгэл санаа цочрон давчидсан гэж үзэх үндэслэлтэй” гэв.

Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан” гэж заасан байдаг. Хохирогч нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг боловч шүүгдэгчийг байнга хүч хэрэглэдэг, заналхийлдэг, хүндээр доромжилсон гэдэг нөхцөл байдал тогтоогддоггүй. Хамт амьдардаг дүү нь болох Чанцалдулам “өмнө нь 2 удаа гар хүрч байсан” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидах гэдэг нь өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүндээр дарлагдсан, бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн, нэр хүндийг нь гутаах мэдээлэл тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас гэмт этгээдийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай гэмт хэргээс ялгаатай байдаг. Хохирогч шүүгдэгчийн нүүр рүү нэг удаа цохисноос болон хоорондоо маргалдаж, зодолдсон гэдгийг Чанцалдулам гэрчилсэн. Шүүгдэгч нь гал тогооны өрөө рүү гүйж орж хутга авсан байдаг. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр гэрчээс асуухад “манай гал тогооны өрөөнд хутга байдаг” гэж хариулсан байдаг. Уг хариултаар гал тогооны өрөөнөөс хутга очиж авсан гэдэг нь тогтоогддог. Иймд гэнэтийн цочролд орсны улмаас үйлдсэн хариу үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Мөн шүүгдэгч нь анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “ширээн дээрээс хутга авсан” гэж мэдүүлсэн байдаг. Дараагийн мэдүүлгээсээ санахгүй, мэдэхгүй байна гэж мэдүүлсэн байдаг. 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 747 тоот дүгнэлтийг 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр, шинжээч Баатаржав ахалж гаргасан байдаг. Шинжээч Баатаржавыг шүүх хуралдаанд оролцуулсан. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан гэх шинж тэмдэг илрээгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ талаар шинжээчээс тодруулж асуухад “хэргийн нөхцөл байдлаас үзэхэд сэтгэц нь түр сарних боломжгүй” гэсэн тайлбарыг өгч байсан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.Г нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг хотхоны 87 дугаар байрны 15 тоотод 2019 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө өөрийн төрсөн дүү С.Батзоригтой маргалдаж, түүний баруун эгэмний шугамаарх 10-р хавирганы мөгөөрсийг тасалж хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц, элэг, элэгний үүдэвч, элэгний венийн судсыг гэмтээн хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Чанцалдуламын “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед ажлаа тарчихаад хүүхдээ аваад гэртээ ирэхэд манай талийгаач дүү С.Батзориг гэрт ганцаараа зурагт үзээд сууж байсан. ...Шөнө унтаж байхад зочины өрөөнд зодоон цохион болоод байгаа бололтой чимээ гараад хүмүүс орилолдоод байхаар нь босоод хувцсаа өмсөх гээд байж байхад ах С.Г халамцуу байдалтай хаалга эвдэлж орж ирээд түргэн дуудаарай “би хүн хутгалчихлаа” гээд орилоод ирэхээр нь би хүүгээ айлгачихна гэж бодоод хувцаслаад шууд гарч орцонд зогсож байхдаа түргэн болон цагдаад дуудлага өгөөд ах С.Чинзориг руу утсаар залгаж дуудсан. ...” /1хх 31-32/,

гэрч Б.Батцэцэгийн “...Эрчимт эмчилгээний тасагт ирэх үедээ биеийн байдал, хүнд хагалгааны дараах байдалтай, цусны эргэлт тогтворгүй, шокийн байдалтай байсан. ...Биеийн байдал сайжрахгүй, цочмог гэмтэл, цус алдалтын дараах цусны бүлэгнэлтийн өөрчлөлт гүнзгийрч, үүссэн шархнаас их хэмжээгээр цус шүүрч шокийн байдал гүнзгийрсээр 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 59 минутад нас барсан...” /1хх 36-37/,

гэрч С.Мөнхзоригийн “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өглөө Говь-Алтай аймаг руу ажлаар явж байх замд манай эгч Чанцалдулам над руу залгаад “С.Г ах С.Батзориг хоёр хоорондоо муудалцаад нэгнийгээ хутгалчихсан байна, С.Г ахыг цагдаа нар аваад явчихсан. С.Батзориг нэгдүгээр эмнэлэгт хүргэгдчихсэн байна” гэхээр нь замаасаа буцаж 2019 оны 12 дугаар сарын 19-ний үүрээр 05 цагийн орчим 1 дүгээр эмнэлэг дээр ирэхэд манай ах С.Батзориг нь яаралтай тусламжийн тасагт ухаангүй эмчлэгдэж байсан. ...” /1хх 41-42/,

гэрч С.Чинзоригийн “...2019 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед манай дүү Чанцалдулам над руу залгаад “энэ хоёр чинь нэг зодолдож маргалдаад байна” гэж хэлэхээр нь гэрээс гараад очиход Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хүмүүс ирчихсэн байхаар нь орж үзэхэд манай дүү СБатзориг орны өмнө хөлөө жийсэн байдалтай сууж байсан, ойр орчим цус болчихсон байсан. ...” /1хх 43-44/,

шүүгдэгч С.Гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 17-ны орой ...22 цаг 30 минут өнгөрч байхад гэртээ ирээд үлдсэн жаахан пивоо уучихаад унтсан. Тухайн үед манай дүү Чанцалдулам нь хүүгийн хамт нөгөө өрөөнд, дунд өрөөнд С.Батзориг унтаж байгаа харагдсан. Би унтаж байгаад шөнийн 02 цагийн үед бие засахаар босож С.Батзоригийн унтаж байсан өрөөний үүдний хэсгийн гэрлийг асаахад С.Батзориг халамцуу байдалтай босож ирээд “С.Чинзориг ах хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь харанхуй шөнө болсон хойно чи яах гээд байгаа юм бэ, дуугүй унтаж амар гээд нэлээн зэмлэнгүй хэлэхэд битгий хуц гэж хэлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохих үед миний уур хүрч цочирдсон болоод тэр үү, юу ч санахгүй байгаа, нэг мэдэхэд манай дүү газар уначихсан байдалтай хэвтэж байсан. Би гартаа ногоон өнгийн иштэй хутга барьчихсан дүүгийн хэвтэж байгаа газрын орчим нэлээн их хэмжээний ус болчихсон байхаар нь сандарсандаа дүүгээ босгож ор түшүүлж суулгаж байгаад цээжний дээд хэсэг, гуяны хэсэг, хэвлийн хэсгээс гарч байсан цусыг тогтоохыг оролдсон...” /1хх 126-127/ гэсэн мэдүүлгүүд,

 “Талийгаачид баруун эгэмний шугамаарх 10-р хавирганы мөгөөрсийг тасалж хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц элэг элэгний үүдэвч, элэгний венийн судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт 3 литр, цээж, нуруу, мөчдийн хатгаж зүссэн шархнууд, хамрын яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, хамар, хүзүү, мөчдийн цус хуралт, зүүн хацрын зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Талийгаач нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх болон цээж, нуруу, мөчдийн шарх гэмтлүүдийн улмаас цус алдаж, цус алдалтын шоконд орж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар хүнд зэрэгт, бусад цээж нуруу, мөчдийн хатгаж зүссэн шархнууд, хамрын яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхи, хамар, хүзүү, мөчдийн цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 46-57/,

“С.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Г нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. С.Гийн удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх баримт үгүй байна. С.Г нь мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Г нь хэрэг хариуцах чадвартай байна...” /1хх 88-89/ гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №52 дугаартай шинжээчийн дүгнэлт,

“С.Г нь амь хохирогчийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. С.Г нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. С.Г нь амь хохирогчид цохиулсан үйлдлээ санаад түүнээс хойш бүх зүйлийг санахгүй байна гэсэн мэдүүлэг өгснийг сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан гэж үзэх боломжгүй юм. Сэтгэцийн шинжлэх ухаанаар сэтгэцийн хувьд эрүүл хүн болсон үйл явдлыг бүрэн санах боломжтой гэж авч үздэг. С.Г нь сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан гэх шинж тэмдэг илрээгүй учир сэтгэцийн үйл ажиллагаа алдагдсан хугацааг тогтоох боломжгүй болно” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 747 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 31-32/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-21/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 22-27/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 29/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Харин анхан шатны шүүх, шүүгдэгч С.Гийг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дах заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь,

            “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” тухай ойлголтын обьектив талын шинж нь нэг удаагийн болон байнгын шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийн аль алинаар илэрч болох бөгөөд нэг удаагийн үйлдлийг тохиолдлын шинжтэй үйлдлээс ялган зүйлчлэх шаардлагатай.

            “Гэр бүлийн хүчирхийлэл”-ийг нэг удаагийн үйлдлээр тодорхойлоход гэмт хэргийн субьектив талын шинж буюу уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдлыг нарийвчлан тогтоож, дүгнэлт хийх шаардлагатай юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна” гэж, 3.1.2 дахь заалтад “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Чанцалдуламын “...манай дүү манай гэрт ирж амьдраад 2 жил гаруй болж байна. Энэ хугацаанд хааяа хоёулаа архи уучихаараа ойр зуурын асуудал дээр хэрүүл маргаан хийчих гээд байдаг байсан. Энэ асуудал болохоос 10 орчим хоногийн өмнө хоорондоо муудалцаад зодолдохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулж хоёуланд нь торгуулийн арга хэмжээ авч байсан. Тэрнээс өмнө ямар нэгэн байдлаар зодолдож байгаагүй...” /1хх 91/,

“...талийгаач дүү С.Батзориг, ах С.Гийг ганц хоёр удаа цохиж зодож байсан тохиолдол байдаг. Архи уугаагүй эрүүл байхдаа энгийн харьцаатай байдаг...” /2хх 25/,

гэрч С.Мөнхзоригийн “...хамт амьдарч эхэлсэнээс хойш хэрүүлтэй, С.Батзориг ах хааяа архи ууж орж ирчихээд хэрүүл маргаан хийж ахыг зодож цохиод байдаг сурагтай байсан. ...Манай ах С.Батзориг нь архи уугаад байдаг, согтохоороо С.Г ахад агсам тавиад зодчихлоо гэж сонсогддог. Хааяа ахын хувьд үг хэлэхээр сонсохгүй дээрэлхээд зодчихоод байдаг гэсэн. Хамгийн сүүлд энэ асуудал болохоос хэдхэн хоногийн өмнө согтуу байхдаа С.Г ахыг зодоод нүдийг нь хөхрүүлсэн гэж хэлж байсан...” /1хх 41/,

гэрч С.Чинзоригийн “...2015 онд ах С.Г нь зодуулчихлаа гэж хэлэхээр нь очиход С.Батзориг нь архи уухаараа ер нь агсам зантай хутга барьчих гээд байдаг. Энэ үйлдэл нь удаа дараа давтагддаг байсныг С.Г нь тэр болгон хэлдэггүй нуудаг байсныг сүүлд мэдсэн. Ингэж явсаар хамгийн сүүлд буюу 2019 оны 12 дугаар сарын эхээр С.Батзориг нь согтуурсан үедээ ах С.Гийг зодож нүд рүү цохиж хөхрүүлж хавтгасан, баруун гарын чигчий хурууны хумсыг унгаасан байсан...” /1хх 43/ гэсэн мэдүүлгүүд хэрэгт цугларчээ.

Эдгээр мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж дүгнэвэл шүүгдэгч С.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг үйлдэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дах заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, түүний үйлдэл хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаагүй гэж үзэв.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дах заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн “...С.Г нь хохирогчийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидаж өөрийн төрсөн дүү С.Батзоригийн амь насыг хохироосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй. ...С.Гийн сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан эсэхийг тогтоолгох нь хэрэгт нэн чухал ач холбогдолтой, мөн шинжээчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үеийн асуулт хариулт нь шинжээч томилох тогтоол хэрэгт авагдаагүй, хууль бус бүрэлдэхүүнтэй хийсэн, үзлэгт оролцоогүй шинжээчийн гарын үсэг зурсан 52 тоот шинжээчийн дүгнэлтийн талаар мэдүүлэг өгч “шинжээч гаргасан дүгнэлтээ хариуцна” гэж заасан журмыг зөрчсөн мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож заасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

            “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” тухай ойлголт нь өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодийн хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана. Өөрөөр хэлбэл, Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ.

            “С.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Г нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. С.Гийн удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх баримт үгүй байна. С.Г нь мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Г нь хэрэг хариуцах чадвартай байна...” /1хх 88-89/ гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №52 дугаартай шинжээчийн дүгнэлт,

            “С.Г нь амь хохирогчийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. С.Г нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. С.Г нь амь хохирогчид цохиулсан үйлдлээ санаад түүнээс хойш бүх зүйлийг санахгүй байна гэсэн мэдүүлэг өгснийг сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан гэж үзэх боломжгүй юм. Сэтгэцийн шинжлэх ухаанаар сэтгэцийн хувьд эрүүл хүн болсон үйл явдлыг бүрэн санах боломжтой гэж авч үздэг. С.Г нь сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан гэх шинж тэмдэг илрээгүй учир сэтгэцийн үйл ажиллагаа алдагдсан хугацааг тогтоох боломжгүй болно” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 747 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 31-32/-үүд тус тус хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч С.Гийг хэрэг үйлдэх цаг хугацаанд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн тогтоол /1хх 87/ хэрэгт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүхийн тэмдэглэлд шинжээч Б.Бөхбат нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “...миний бие тухайн үеийн шинжээчийн дүгнэлтэд гарын үсэг зурсан. Биечлэн оролцсон ч хэргийн материалтай танилцаагүй. Илтгэгч эмч, даргын хамт оролцсон. Асуултад бүрэн хариулах боломжтой...” /2хх 117/ гэж, шинжээч О.Баатаржав 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанд “...тухайн үед Амгалан эмч чөлөө авсан байсан учир Бөхбат эмчийг оруулсан. Өмнөх дүгнэлт, хэрэгтэй танилцаад тодорхой гаргасан ...би өөрөө Бөхбат эмчийг дуудах эрхтэй учир дуудсан. ...шүүгдэгч сэтгэл цочролд ороогүй... тухайн үед маш хүчтэй доромжлогдсон, сэтгэл цочролд орохоор зүйл харагдаагүй...” /2хх 141/ гэж тус тус мэдүүлжээ.

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын  52 дугаартай дүгнэлтийг сэтгэцийн эмч О.Баатаржав, Э.Амгалан, Я.Ганхүү нар, 747 дугаартай дүгнэлтийг сэтгэцийн эмч О.Баатаржав, Б.Бөхбат, Я.Ганхүү нар гаргасан байх бөгөөд дүгнэлтүүдийг хууль бус бүрэлдэхүүнтэй гаргасан гэж үзэх үндэслэлгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж, шинжээч гарын үсэг зурна. Хэд хэдэн шинжээч дүгнэлт гаргахад оролцож нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлтэд гарын үсэг зурах ба санал зөрсөн бол саналаа бичиж, дүгнэлтэд хавсаргана.” гэж тус тус заасны дагуу дүгнэлтэд сэтгэцийн эмч нар гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулсан байна.

Мөн гомдолд шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол хэрэгт авагдаагүй байхад 747 дугаартай дүгнэлт гарсан гэж дурдсан байх боловч  давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Н.Нарангэрэл  “...мөрдөгчийн тогтоол хэрэгт байгаа...” гэж дүгнэлт хэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “...С.Гийн сэтгэцийг нэмэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулах...” тухай 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт цугларсан /2хх 29/  байна. Иймд өмгөөлөгчийн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлөх нөхцөл байдал гэж үзэхгүй юм.

Шүүгдэгч С.Г энэ хэрэгтээ 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 536 /таван зуун гучин зургаа/ хоног цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт болон өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дах заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Ж овгийн С-ны Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

- 2 дахь заалтыг “Шүүгдэгч С-ны Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

- 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Гт оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нар нь энэ хэрэгт нийт 536 /таван зуун гучин зургаа/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

                                ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ