| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2022/01042/И |
| Дугаар | 130/ШШ2023/00071 |
| Огноо | 2023-01-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2023/00071
| 2023 01 20 | 130/ШШ2023/00071 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.А. Хаяг:Б аймаг, Н сумын 8 дугаар багт оршин суух,
Хариуцагч: Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Х.Д /, Хаяг: Б аймаг, Н сумын төвд оршин суух, Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан үеийн цалин хөлсний нөхөн олговор 3360000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
Нэхэмжлэгч Т.А д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаарх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Д д холбогдуулан тус хурлын санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 3,360,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Т.А намайг Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны жолоочоор ажиллаж байхад тус хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн бөгөөд Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 00 дугаар шийдвэрээр Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон юм.
1.2 Уг шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “ажилд түр томилох тухай” 34 дугаар тушаалаар биелүүлж, Хөдөлмөрийн гэрээ байгуулж жолоочийн ажилд маань эгүүлэн томилсон болно.
1.3 Гэхдээ Т.А миний бие ажил ологчийн буруутай үйл ажиллагаанаас болж 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл 8 сарын хугацаанд ажилгүй, цалин хөлс авч чадалгүй хохирсон учраас ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилж байна.
1.4 Миний бие Т.А нь Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны жолоочоор томилогдож ажиллах хугацаанд сарын цалин 420,000 (дөрвөн зуун хорин мянган) төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байсан болох нь Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Т.А ийг ажилд томилох тухай” тогтоол, 2021 оны 11, 12-р саруудын цалин олгох хүснэгт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
1.5 Иймд миний ажилгүй байсан 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэлх 8 сарын хугацааны олговорт 3,360,000 (8х420,000) төгрөгийг Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс гаргуулан олгож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх хүсэлттэй байна гэжээ.
2.Нэхэмжлэгчээс Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 34 дугаар ажилд түр томилох тухай тушаал, мөн даргын 2022 оны 02дугаар сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 02 дугаар тушаал, Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Т.А ийг ажилд томилох тухай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Д аас баталсан 2021 оны 11 дүгээр сарын 2 дугаар хагас, 2021 оны 12-р сарын 2 дугаар хагасын цалин олгох хүснэгт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2022/00513 дугаартай шийдвэр, тус сумын ЗДТГазрын ня-бо К.Ж ы тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөллийн гэрээ, шүүх хуралдааныг өөрийгөө оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгөх тухай хүсэлт зэргийн нотариатаар батлуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудыг,
3.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаар албан бичгээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадалгаа, мөн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөн шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт, эмнэлгийн магадалгаа, сунгалт зэрэг хүсэлтүүдээ тус тус цахимаар явуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Т.А намайг Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны жолоочоор ажиллаж байхад тус хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 02 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн бөгөөд Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 00 дугаар шийдвэрээр Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон болно. Ажлаас чөлөөлсөн өдрөөс ажилд томилох хүртэлх 8 сарын хугацааны нөхөн олговрыг буруутай этгээд болох Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс нэхэмжилж байна гэжээ.
6.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1 Хариуцагч Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №00 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд гэрээгээр ажиллаж байсан жолооч Т.А ий жолоочийн албан тушаалын орон тоо хурлын ажлын албанд 2022 онд батлагдаж ирээгүй мөн түүний гэрээнийхээ хугацаа дууссан, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.А ийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
6.2 Улмаар нэхэмжлэгч Т.А нь уг тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 00 дугаар шийдвэрээр Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон байна.
6.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2-т зааснаар хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй ба хариуцагч Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь шүүхийн шийдвэрийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 34 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.А ийг урьд эрхэлж байсан Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн томилсноор нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроо нэхэмжилсэн байжээ.
6.4 Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Т.А ээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроо ажил олгогчоос нэхэмжлэх эрхтэй байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам батлагдсан байдаг. Тус журмын 2.1.1-д ...нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэж заасан боловч нэхэмжлэгч Т.А нь тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420,000 төгрөгөөр цалинждаг болох нь ажил олгогчоос түүнийг анх ажилд томилсон тушаал, мөн Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цалингийн хүснэгт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
6.5 Хариуцагч Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаагүй мөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цалингийн тооцооны талаар маргаагүй тул хариуцагч Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 8 сарын хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,360,000 (8х420,000) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
6.6 Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үндсэн үүрэг нь байхаар хуульчилсан байна.
Иймд нэхэмжлэгч Т.А ий 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах нь зүйтэй байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68710 төгрөгийг нэхэмжлэгчийн өөрт нь буцаан олгож, хариуцагч Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 68710 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүгээс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,360,000 (гурван сая гурван зуун жаран мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.А д олгож, нэхэмжлэгч Т.А ий 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68710 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 00 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Т.А д олгож, хариуцагч Б аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 68710 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж