| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0149/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/172 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж, улсын яллагч ****, шүүгдэгч *** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт *** холбогдох эрүүгийн 2531000000158 дугаартай, 316/2025/0149/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн,
2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь Сэлэнгэ аймгийн ***** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд “Тоёота приус 30” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн *** дүгээр багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 2.63 хувийн согтолтын зэрэгтэйгээр жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч **** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэгтээ: “...Айлд унтаж байгаад гэр лүүгээ харья гэж бодсон юм, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],
2.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн үед хариуцсан нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтаар *** улсын дугаартай албаны тээврийн хэрэгсэлтэй, ***1 дүгээр багт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд *** улсын дугаартай цагаан өнгийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Сэлэнгэ аймгийн *** дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай иргэн *** нь илт согтуурсан мансуурсан байдалтай байсан тул тухайн иргэнийг *** сумын цагдаагийн хэсэгт авчран согтуурал шалгах “Алкотест 68-20” багажаар үлээлгэн шалгахад 2.63 хувийн согтолттой байсан. Иргэний мэдээлэл буюу регистрийн дугаарыг оруулан цагдаагийн нэгдсэн сангаас шалгахад 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр жолоодох эрх хасагдсан төлөвт гарч ирж байсан цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн санд бүртгэлд оруулахаар мэдээллийг нь шуурхай руу явуулсан” гэх мэдүүлэг[2];
3.Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн *** сумын Эрүүл мэндийн ар талд байрлах *** гэх айлд ажлынхаа газрын 20-иод хүмүүстэй архи ууцгаасан. Ингээд би архи ууж байгаад 22 цагийн орчимд тухайн айлаас гараад харих гээд өөрийн *** улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлтэйгээр хөдлөөд явж байтал *** сумын цагдаа намайг зогсоон шалгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг маань мэдсэн. Би мөн 2024 оны 10 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаад шүүхээр орж жолоодох эрхээ хасуулсан юм” гэх мэдүүлэг[3]; 4.Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[4], 5.Физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар[5], 6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6], 7.Шийтгэх тогтоолын хуулбарууд[7], 8.Жолоочийн лавлагаа, мэдээлэл[8], 9.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[9], 10.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[10], 11.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[11], 12.Иргэний үнэмлэхийн лавлагаа[12], 13.Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[13], 14.Шийтгэвэр[14] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч **** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах...” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
Харин шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч ***нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч **** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 19 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 22-28 хуудас
[8] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 33 дугара хуудас
[12] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас