Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/175

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,

улсын яллагч ***,

шүүгдэгч ** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** холбогдох эрүүгийн 2531000000176 дугаартай, 316/2025/0151/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  р

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, ****

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн **** нутаг дэвсгэрт 4,50 хувийн согтолттой үедээ “Тоёота приус” загварын 5*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч **** нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн **** нутаг дэвсгэрт 4,50 хувийн согтолттой үедээ “Тоёота приус” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин жолоодсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэгтээ: “...Гэм буруугийн хувьд маргаан байхгүй, мэдүүлэг өгөхгүй өмнө нь мэдүүлэг өгсөн” гэжээ[1]

2.Тээврийн хэрэгсэл жолоодон явсан хүний согтуурал шалгасан тэмдэглэл[2],

3.Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[3],

4.Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1352 дугаартай шийтгэвэр[4],

5.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугааp сарын 07-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[5],

6.Жолоочийн лавлагаа, мэдээлэл[6], нотлох баримтуудаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч **** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

           Хоёр.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Энэхүү гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.

Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч **** нь өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлэх үедээ тээврийн хэрэгслийг 4,68 хувийн согтолттой, энэ шийтгэх тогтоолоор шийтгүүлэхдээ 4,50 хувийн согтолтын зэрэгтэйгээр өөрөөр хэлбэл хүнд зэргийн согтолттой байсан нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт үйлдэлдээ гэмшиж, дүгнэлт хийгээгүй болох нь харагдаж байна гэж дүгнэсэн.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх зүйтэй.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолбол зохино.

           Шүүгдэгч ***н тээврийн хэрэгслийн  дугаартай жолоодох эрхийн үнэмлэхний  **** дугаартай “В” ангилалын жолоодох эрх 3 жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.

Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч **** тээврийн хэрэгслийн  дугаартай жолоодох эрхийн үнэмлэхний  ***** дугаартай “В” ангилалын жолоодох эрх 3 жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч **** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 4-5 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 3 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 64-66 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 71-74 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 26 дугаар тал