Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 130/ШШ2023/00040

 

 

 

 

   2023              01            11     

                        130/ШШ2023/00040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Х сумын 8 дугаар багт оршин суух, Х овогт Ж-ны Г

Хариуцагч: Б аймгийн Х сумын 3 дугаар багт оршин суух, Т овогт А-ны Ер

Нэхэмжлэлийн шаардлага: Ургац нэртэй 50 килограммын 10 уут гурилыг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Г

Хариуцагч А.Е

Орчуулагч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч А.Е-т холбогдуулан Ургац нэртэй 50 килограммын 10 уут гурилыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зуны байшингаасаа гараад ирж байхад А.Е манай эсгий гэрийн ар талд байрладаг эсгий гэрийн араас тойрч гарч ирж байсан. Тэгээд бид хоёр мэндэлцээд надад танайд хүргэлтийн унаа байвал орой манай цехэд 10 уут гурил хүргээд өгөөч гэсэн. Би түүний саналыг хүлээн авч, орой нь 50 килограммын жинтэй Ургац нэртэй 10 уут гурил хүргээд өгсөн. Дараа нь наадмын амралт болоод хэд хоног өнгөрсөн. Би дэлгүүрийнхээ урд машин дотор сууж байсан А.Е-ийг хараад хэд хоногийн өмнө худалдаж авсан 10 уут гурилынхаа үнийг яагаад төлөхгүй байгаа вэ гэж асуухад тэр надад дансаар шилжүүлчихсэн гэж хариу өгсөн. Тухайн үед би дансандаа ирсэн орлогыг анзаараагүй болов уу гэж эргэлзээд нөхөр бид хоёрын утаснаас банкнаас ирдэг мессежнүүдийг шалгасан. Ингэж байхад дахиад хэд хоног өнгөрсөн. Дараа нь утсанд ирсэн мессеж устгагдсан байх магадлалтай гэж бодоод банкнаас дансны хуулгыг аваад шалгахад А.Е-ээс ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй байсан. Энэ талаар би А.Е-т утсаар залгаад хэлэхэд мөнгөө шилжүүлсэн гэж хариу өгсөн. Мөнгөө нэхээд хэд хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй байсан болохоор нөхрөө ажлын байранд нь явуулсан. Нөхөр маань А.Е-тэй уулзаад ярихад би бодоод үзье гэсэн байна. Дараа нь А.Е мөнгөө бэлнээр өгсөн гэж хэлсэн. Би тухайн үед түүнээс бэлэн мөнгө авах боломжгүй байсан. Би зуны байшингаасаа гараад ирсэн, тэр манай эсгий гэрээр тойроод гараад ирж байсан. Хоёулаа нэг нэгэндээ ойртоогүй ч байсан. Би бэлэн мөнгө тоолж авсан бол санаж байх ёстой. Би олон жил худалдаа наймаа эрхэлсэн, зөндөө олон удаа хүнээс мөнгө тоолж авч байсан. Өмнө ийм явдал тохиолдож байгаагүй. Би А.Е-т хоёулаа уулзаж учраа олъё гэхэд “би тухайн өдөр Габиден гэх хүнээс гурил авсан, тэр хүнд мөнгө өгсөн бол та нарт ч гэсэн мөнгө өгсөн байж таарна” гэж хэлсэн. Сүүлдээ мөнгөө нэг бол шилжүүлсэн, нэг бол бэлнээр төлсөн гэж хоёр янзын хариу өгч байгаа. Нөхөр маань мөнгөө нэхээд очиход А.Е-ийн эхнэр нь хандах газартаа хандаарай гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд А.Е-ээс Ургац нэртэй 50 килограммын 10 уут гурилыг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А.Е хариу тайлбартаа: Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч А.Г-аас 10 уут гурил уут худалдаж авсан маань үнэн. Тухайн үед А.Гүлзада эгч боорцог хайрч байсан учраас түүний нөхөртэй нь очоод уулзаад хүргэлтийн унаа байна уу гэж асуухад орой хүргэж өгнө гэсэн. Энэхүү 10 уут гурилын үнийг бэлнээр төлж өгсөн. Тухайн үед энэ хүмүүс А-д 10 уут гурил гэж цаасанд тэмдэглээд авсан. Тэр өдөр би нэхэмжлэгчийн хашаанаас гараад Габиден гэх хүнээс дахин 10 уут гурил худалдаж авсан. Тэр хүнд ч гэсэн тооцоогоо бэлэн хийсэн. Дараа нь захын Б гэх дэлгүүрээс ургамлын тос худалдаж аваад, түүний тооцоог нь ч гэсэн бэлэн хийсэн. Нэхэмжлэгч надаас 10 уут гурилын мөнгийг 9 дүгээр сард нэхэмжилсэн. Би өмнө нэхэмжлэгчээс ганц хоёр уут гурил худалдаж аваад, эхнэрээрээ мөнгийг нь дансаар шилжүүлдэг байсан. Хэзээ ч зээлээр энэ хүмүүсээс гурил авч байгаагүй. Хэрэв өмнө нэхэмжлэгчээс зээлээр гурил худалдаж авч байсан бол өөр хэрэг. 2022 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч надаас тооцоог нь хийсэн гурилын үнийг дахин нэхсэн тул би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрийн худалдан авалт хийсэн газруудад очоод тооцоогоо бэлнээр хийсэн үү, зээлээр хийсэн үү гэж асуухад тэд надад “та тооцоогоо бэлнээр хийсэн, ямар ч өр төлбөр байхгүй юм байна” гэсэн хариу өгсөн. Би сая хэлсэн, 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс гадна Г гэх хүнээс гурил, захын Б гэх дэлгүүрээс ургамлын тос худалдаж авсан байсан. 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэг уут 50 килограммын гурилын үнэ 60000 төгрөг байсан. Харин нэхэмжлэгч надаас 75000 төгрөгөөр тооцоод нэхэмжилж байгаа. 2022 оны 09 дүгээр сард нэхэмжлэгчийн нөхөр нь надаас мөнгө нэхээд ирэхэд би түүнд та камерын бичлэгээ шалгаад үзээрэй, хэрэв камерын бичлэгээр танд мөнгө өгсөн маань харагдахгүй бол би үл маргах журмаар таны нэхсэн мөнгийг төлж өгье гэсэн. Тэгэхэд нэхэмжлэгчийн нөхөр нь манай хашааны камерууд ажиллахгүй байсан учраас камеруудыг авчихсан гэж хариу өгсөн. Өмнө би нэхэмжлэгчийн гурил худалддаг цэгээс гурил худалдаж авах үед худалдагч нь мөнгөө камерын доор очиж шилжүүлээрэй, цаанаасаа хянаж байгаа гэдэг байсан. Би нэг төлсөн мөнгөө дахин төлмөөргүй байна гэв

3. Нэхэмжлэгчээс тэмдэглэлийн дэвтрийн 1 хуудас бүхий тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Үнэ ханшийн тодорхойлолт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 179 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

5. Нэхэмжлэгч Ж.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

5.1. Хариуцагч А.Е нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ургац нэртэй 50 килограммын 10 уут гурилыг худалдаж авсан ба уг гурилын үнийг нэг бол бэлнээр өгсөн нэг бол дансаар шилжүүлсэн гэж төлөхгүй байх тул Ургац нэртэй 50 килограммын 10 уут гурилыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.   

 

6. Хариуцагч А.Е нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

6.1. Миний бие 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч А.Г-аас 10 уут гурил худалдаж авсан маань үнэн. Уг гурилын мөнгийг тухайн үед төлсөн байх тул дахин төлөх боломжгүй гэв.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1. Нэхэмжлэгч Ж.Г, хариуцагч А.Е нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байгаа тайлбараар үйл баримт нотлогдох ба талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ-г амаар байгуулагдсан байна гэж үзлээ.

7.2. Хариуцагч А.Е нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ зээлээр гурил аваагүй, бэлэн мөнгө тоолж өгч гурил авсан, гурилын үнийг төлсөн, дахин гурилын үнийг төлмөөргүй байна гэж тайлбарлаж маргасан болно. 

7.3. Нэхэмжлэгч Ж.Г-гийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гурил өгсөн талаарх тэмдэглэлийн дэвтрийг гаргаж өгсөн ба уг тэмдэглэлийн дэвтэрт 7/9. А-10ш өгсөн зээл гэж тэмдэглэл хийсэн байх ба үүнийг хариуцагч А.Е нь үгүйсгэж би тэгвэл гарын үсэг зурах ёстой гэж, баримтыг дараа нөхөж бичсэн байна гэж янз бүрээр тайлбарлаж байгаа боловч энэ талаарх үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ. 

8.1. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

8.2. Нэхэмжлэгч /худалдагч/ Ж.Г нь 10 уут гурилыг хариуцагч /худалдан авагч/ А.Е-ийн өмчлөлд шилжүүлж өгсөн ба түүнийг хүлээж авсан нь хариуцагч А.Е-ийн 10 уут гурил авсан маань үнэн гэх тайлбараар нотлогдож байна.

Харин хариуцагч А.Е нь 10 уут гурил авсан, үнийг бэлнээр төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч гурилын үнийг хэнд өгсөн, чухам хэнд хэдэн төгрөг төлсөн нь нотлогдохгүй байна.

9.Хариуцагч А.Е-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

10.Нэхэмжлэгч Ж.Г нь хавтаст хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “11 дүгээр сарын байдлаар монголд үйлдвэрлэсэн нэгдүгээр зэргийн 50 кг гурил /УБ, Өег, Алтан тариа г.м./ 96000-100,000 төгрөгийн үнэтэй” гэж үнэ ханшийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байх ба нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд болсон үйл баримт маань 2022 оны 07 дугаар сард болсон буюу хариуцагч А.Е нь тухайн үед нэг шуудай гурил 60,000 төгрөгийн үнэтэй байсан гэж, мөн хавтаст хэрэгт авагдсан Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 179 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл”-д Ж.Г-гийн өргөдөлтэй, уригдах тал А.Е-т холбогдох 600,000 төгрөг гаргуулах тухай” гэснийг тус тус харьцуулахад нэхэмжлэгч Ж.Г-гийн  2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үнэ ханшийн тодорхойлолтоор шуудай гурилын үнийг тодорхойлох боломжгүй байна.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тодорхойлно гэжээ.

Дээр дурдсан үйл баримтаар тухайн үеийн ханш буюу нэг шуудай гурил 60,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч хариуцагчаас шаардаж байсан нь Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 179 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл” болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар 50 кг -ийн Ургац нэртэй нэг шуудай гурилыг 60,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй ба гэхдээ нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч А.Е-ээс гурилын үнийг гаргуулахгүй 10 уут гурил гаргуулан гэснийг дурдах нь зүйтэй байна.  

12. Иймд нэхэмжлэгч Ж.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.Е-ээс 50 кг -ийн Ургац нэртэй 10 уут гурилыг гаргуулан Ж.Г-д олгох нь зүйтэй байна.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зааснаар хариуцагч А.Е-ээс 18,650 төгрөг гаргуулан   нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

14. Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 07 дугаар сараас хойш өнөөдрийн байдлаар 50 кг-ийн нэг уут гурилын үнэ 95,000 төгрөг болж нэмэгдсэн гэж дурдаж хариуцагчаас гаргуулахыг хүссэн гурил буюу нэг уут гурилыг 95000 тооцож, 10 уут  гурил гаргуулахыг тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 27,350 төгрөг төлсөн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.Е-ээс 50 кг-ийн Ургац нэртэй 10 уут гурилыг гаргуулан Ж.Г-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Е-ээс 18,650 төгрөг гаргуулан   нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б