| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0157/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/179 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,
улсын яллагч***,
шүүгдэгчийн өмгөөлөгч *** /цахимаар/,
шүүгдэгч **** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****холбогдох эрүүгийн 2531000000124 дугаартай, 316/2025/0157/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05 цагийн орчимд согтуурсан үедээ Сэлэнгэ аймаг, ***р сум 7 дугаар багт байрлах “Си юу” нэртэй хүнсний сүлжээ дэлгүүрийн баруун талд байрлах 1 давхар байрны хажууд үл ялих зүйлээс маргалдаж *** зүүн хөлийн шилбэний арын булчингийн хэсэгт хутгаар 1 удаа хатгаж, зүүн шилбэнд шарх, бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 05 цагийн орчимд согтуурсан үедээ Сэлэнгэ аймаг, ** сум, * дугаар багт байрлах “Си юу” нэртэй хүнсний сүлжээ дэлгүүрийн баруун талд байрлах 1 давхар байрны хажууд үл ялих зүйлээс маргалдаж *** зүүн хөлийн шилбэний арын булчингийн хэсэгт хутгаар 1 удаа хатгаж, зүүн шилбэнд шарх, бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],
2.Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчимд өөрийн найзууд болох**** нарын хамтаар Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах “** нэртэй шөнийн цэнгээний газарт орж хэсэг архи ууж суунгаа бүжиглэж байгаад 04 дүгээр сарын 04-ний үүрээр 03 цаг өнгөрч байх үед бид баарнаас гараад **** улсын дугаартай машинд суугаад төмөр замын хажууд байрлах “CU” нэртэй сүлжээ дэлгүүрт ороод гоймон мэтийн ойр зуурын юм идээд сууж байтал үл таних залуу бидэнд хандаж “юугаа хараад байгаа юм бэ?” гэж хэлээд бидний дунд бага зэргийг маргаан үүссэн, үүний дараа бид 3 “CU” дэлгүүрээс гараад явах гэтэл нөгөө дэлгүүр дотор маргалдсан залуу маань биднийг үүдэн дээр хүлээж байсан, үүдэн дээр нөгөө залуутайгаа дахин маргалдаж байх үед нөгөө залуу гэнэт хүрмийнхээ энгэрээс богинохон хутга гаргаж ирээд “би та нарыг бүгдийг чинь ална шүү” гэж хэлээд заналхийлээд байсан тул бид 3 хоорондоо ярилцаад ямар нэгэн асуудал үүсэж магадгүй гэж бодоод нөгөө залуугийн хутгийг булааж авахаар шийдээд нөгөө залуугийн хутгыг булааж авах гээд ноцолдох үед нөгөө залуу миний зүүн хөлийн шилбэний арын хэсэг рүү нэг удаа хатгачихсан, үүний дараагаар би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр өдрөө яаралтай тусламжийн хүлээн авах тасагт очиж 4 оёдол тавиулан эмч бичүүлж авсан. Бидний дунд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Тухайн үед архи уусан хүмүүс л үл ялих зүйлээс болж маргаан үүсгэснээс ийм асуудал болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг[2],
3.Гэрч ** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны орой 23 цаг өнгөрч байх үед өөрийн найзууд болох **** нарын хамтаар “***” баарны 2 давхарт орж хэсэг архи ууж сууж байгаад нэлээн шөнө 03 цагийн үед өнгөрч байх үед бид баарнаас гараад миний машин болох ** дугаартай машиныг *** жолоодоод бид 3 хамт вокзалын хажуу дахь 24 цагийн “CU” дэлгүүрт ороод ойр зуурын юм идээд сууж байтал үл таних залуу бидэнд хандаж “юугаа хараад байгаа юм бэ?” гэж хэлээд цуг явсан байсан *** маргалдаж байгаад салсан, бид 3 юмаа идэж дуусаад дэлгүүрээс гараад явах гэтэл нөгөө дэлгүүрт маргалдсан залуутай дэлгүүрийн үүдэнд таарч дахин маргалдах үед нөгөө залуу гэнэт энгэрээсээ богинохон хутга гаргаж ирээд “би та нарыг бүгдийг чинь ална шүү” гэж хэлээд заналхийлээд байсан тул бид 3 нөгөө залуугийн хутгийг булааж авахаар шийдээд нөгөө залуугийн хутгыг булааж авах гээд *** нөгөө залуутай ноцолдож байх үед, манай найз ***йхан наадах чинь намайг хутгаараа зүсчихлээ гэхээр нь би сандраад бушуухан *** татаж, мөн нөгөө залуугийн хутгийг салгаж авсан, удалгүй цагдаагийн албан хаагч нар ирээд бид бөөндөө эмнэлгийн байгууллага руу явсан. Би бол согтолт багатай байсан тул болсон бүх зүйлийг сайн санаж байна. Би тэр залуутай огт маргаагүй, харин тэр дэлгүүр дотор л манай 2 найз тэр залуу руу харсан чинь нөгөө залуу нь эргүүлээд юугаа хараад байгаа юм бэ гэж хэлээд л тэдний дунд маргаан үүссэн юм шиг байна лээ. Тэр залуу бөгсөөрөө газар суучихсан, баруун гартаа хутгаа атгачихсан байдалтай байж байх үедээ л *** зүүн хөлийнх нь арын шилбэ хэсэг рүү хатгачих шиг болсон, үүний дараа *** зүүн хөлөөс нь цус гараад эмнэлэг рүү очиж тухайн хөлийнхөө зүсэгдсэн хэсэгт оёдол тавиулсан Тухайн үйл явдал ** сумын ** дугаар багт байрлах “CU” дэлгүүрийн хажууханд байдаг **нэртэй цайны газрын хажуу буланд болсон” гэсэн мэдүүлэг[3],
4.Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн хэрэгт хохирогч *** биед гэмтэл учирсантай холбоотойгоор 1 удаагийн үйлчилгээгээр105,462 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг[4],
5.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181 дугаартай дүгнэлтэд: “1.*** биед зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт[5],
6.Хэргийн газрын ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт[6], 7.Яаралтай тусламжийн хуудас[7], 8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Шийтгэх тогтоолын хуулбар[9], 10.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт[10], 11.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Иргэний үнэмлэхийн лавлагаа[12], 13.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[13], 14.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[14], 15.Т*** цагдаагийн газарт гаргасан хүсэлт[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй гэсэн тул шүүгдэгч ***г энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч ** эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 105,462 төгрөгийг шүүгдэгч *** гаргуулан Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд оруулах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэсэн болно.
Шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгавал зохино.
Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 38 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох нь хуульд нийцнэ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 38 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцсугай.
5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч *** эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 105,462 төгрөгийг шүүгдэгч *** гаргуулан Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд оруулсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 53 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудас,