Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,

улсын яллагч ***,

шүүгдэгч *** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох эрүүгийн 2531001250179 дугаартай, 316/2025/0152/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн ***р суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “***” ХХК-д харуул ажилтай, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн ***сум, * дугаар баг, * дүгээр хэсэг, ** тоотод бүртгэлтэй боловч одоо *** аймгийн * сум, 4 дүгээр баг, *** тоотод түр оршин сууж байгаа, урьд шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б***;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч *** нь хохирогч Б*** “тээврийн хэрэгслийг засварт өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн зөвшөөрлөөр түүний өмчлөлийн “Тоёота приус 20” маркийн загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь авч явж, бусдад худалдан борлуулж, түүнээс олсон 2,500,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** хохирогч *** “тээврийн хэрэгслийг засварт өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн зөвшөөрлөөр түүний өмчлөлийн “Тоёота приус 20” маркийн загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь авч явж, бусдад худалдан борлуулж, түүнээс олсон 2,500,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ер нь засварлаад зарж, шинэ машин авч өгнө гэж бодож байсан. 2,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоохондоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ[1],

2.Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн эхнэр ***й одоогоос 21 жилийн өмнө гэр бүл болж амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. Охин ** нь одоо 11 дүгээр ангид сурдаг. Сэлэнгэ аймгийн *** суманд амьдардаг. ** анх нэг гэр бүл болоход ** нь *** нэртэй нэг эрэгтэй хүүхэдтэй, хүүхэд нь 3 настай байсан. *** өмнөх нөхрөөсөө салах үед тухайн хүүхдээ аав нь өөр дээрээ авсан юм байна лээ. Тэгээд холбоогүй байж байснаа гэнэт 2024 оны намар гарч ирээд манайхаар ирэн очиж байж байгаад цагаан сарын өмнө буюу 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт ирээд миний бага зэрэг засвартай байсан “Приус-20” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварт өгнө” гэж хэлээд эхнэрийн хамт аваад явсан. Анх авч явахдаа бол тус тусдаа машин унаад явсан боловч буцаад ирэхдээ өөрсдийн машинтайгаа миний машинд байсан эд зүйлсийг ачаад ирсэн. Тэгэхээр нь би “машиныг минь яасан юм бэ?” гэж асуухад “...Улаанбаатар хот руу шууд засварт өгөөд явуулчихлаа, төлбөр нь 3 сая төгрөг болно гэнээ” гэж хэлсэн. Тэр үед би дотроо “засварт өгсөн юм чинь одоо яахав” гэж бодоод өөр зүйл хэлээгүй. Тэр үйл явдлаас хойш би 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр *** сумаас *** сумын төв рүү орсон тэгтэл миний машин Нэгдсэн эмнэлгийн замын эсрэг талд байрлах авто засварын гадаа зогсож байсан тэгэхээр нь би хүү ***о руу залгаад “...машин маань *** суманд байна шүү дээ, засварт явсан гээд байсан юу болсон юм” гэж асуухад надад “...та юу яриад байгаа юм бэ? би машиныг нь Улаанбаатарт засварт өгсөн байгаа, та машин андуураад байна” гэж надад хэлсэн. Тэгээд би машинаа сахиад хүлээсэн боловч эзэн нь гарч ирээгүй. Тэгсэн өнөөдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргах гээд ирэхдээ хальт харсан чинь яг машин маань хөдөлж байхаар нь зогсоогоод жолоодож яваа эзэнтэй нь уулзсан чинь “танай хүү чинь гээд хүн ирээд 2,500,000 төгрөгөөр энэ машиныг зарсан, баярын дараа гэрчилгээг нь шилжүүлж өгнө гэж хэлээд мөнгө аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд л би цагдаад гомдол гаргасан” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байтал над дээр нэг үл таних залуу залгаад “Та приус машин авах уу” гэж асуусан тэгэхээр нь би түүнд “...авна, авна” гэж хэлсэн чинь намайг Улаанбаатар хотод байгаа гэж бодоод “Улаанбаатар хот руу унаад очвол шууд авах юм уу? 4 сая төгрөгөөр өгчихмөөр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй ээ би Сэлэнгэд байдаг” гэж хэлсэн чинь утсаар миний байгаа газрыг заалгаж байгаад ирсэн. Ирэхээр нь би машиныг нь үзээд түүнд “2,500,000 төгрөгөөр авъя” гэж хэлсэн чинь зөвшөөрөөд өөрийн дансыг үлдээгээд машинаа орхиод яваад өгсөн. Тэгэхээр нь би хамт ажилладаг ах *** руу залгаж дуудаад машиныг нь үзүүлсэн чинь ***би авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би *** утасны дугаарыг нь өгөөд явуулсан. Надтай ** дугаараар холбогдож, ***1 тоот данс үлдээгээд явсан. *** нь эхнэрийн хамт ирсэн. Тухайн залуу өөрийнхөө нэрийг *** гэж надад танилцуулж байсан. Бас өөрийгөө ***н газарт ажилладаг гэж хэлсэн” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ** гэх хүнтэй 2024 оны 07 дугаар сард танилцаж байсан бөгөөд одоо бид хоёр хамтран амьдраад 3 сар болох гэж байна. Болсон үйл явдлын тухайд 2025 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сарын үеэр Сэлэнгэ аймгийн *** суманд ***н аав, ээжтэй золгохоор хамт ирсэн. Тэгсэн ** аав *** ярьж байгаад машиныг нь унаад аваад гарсан. Би тэр хоёрыг юу ярьсан талаар мэдэхгүй байна. Тэгээд би *** араас өөрийнхөө машинтай хөдлөөд *** суманд араас нь очсон. Тэгтэл *** аавынхаа машиныг хүнд өгсөн бололтой дотор талаар нь хэрэгтэй эд зүйлсийг нь аваад миний унаж очсон машинд хийгээд бид хоёр буцаад ** суманд байрлах аав, ээжийнх нь гэр рүү очсон. Тэгээд *** бид хоёр Улаанбаатар хот руу гараад явсан. Би *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад худалдсан талаар тухайн үедээ бол мэдээгүй. Харин цагдаагаас дуудаад “хэргийг нь шийдвэрлүүлнэ” гэж хэлээд аваад явахад нь *** асуусан тэгэхэд надад “машиныг нь зарчихсан юм” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг[4],

5.Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Prius Service-2” нэртэй засварын газарт засварчнаар ажилладаг юм. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байтал хамт ажилладаг засварчин *** над руу залгаад “гэрт хүрээд ирээч, машин үзүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ** сумын 5 дугаар багт байрлах хамт ажилладаг засварчин *** гэрт очтол нэг саарал өнгийн “Приус 20” загварын тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би ***с юун машин талаар асуухад ***н надад “...** нэртэй нэг залуу эхнэрийн хамт ирээд энэ машиныг задаргаанд өгөх гэж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь *** гэх залууд 2,500,000 төгрөгөөр авъя гэсэн чинь тэр залуу зөвшөөрөөд надаас 2,500,000 төгрөг бэлнээр аваад машинаа үлдээгээд явсан. Тэгтэл тухайн машины эзэн нь цагдаад гомдол гаргаад цагдаа сэргийлэх болоод явчихсан. Машиныг авч үлдэхийн өмнө бичиг баримтыг хэрхэн шилжүүлэх талаар асуухад надад “баярын дараа шилжүүлж өгье” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[5],

6.Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хойд аав *** ярилцаж байгаад *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь засварт өгөхөөр болж *** сумаас *** сум руу унаад явсан. *** суманд ирээд засварын газруудад үзүүлтэл засварын газрууд 5 сая орчим төгрөгийн өртөг гарна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үедээ өөрөө шийдвэр гаргаад фэйсбүүк дээрээс зар хайж байгаад задаргаанд өгөхөөр болж *** сумын 5 дугаар багт байрлах айлд очиж үзүүлсэн чинь 2,500,000 төгрөгөөр авъя гэж хэлэхээр нь зөвшөөрч 2,500,000 төгрөгийг бэлнээр аваад машинаа үлдээгээд явсан. Уг нь бол дансаар авах байсан хэдий ч цагаан сар болж байсан болохоор банк ачаалалтай байсан болохоор авч чадаагүй юм. Би машиныг нь 2,500,000 төгрөгөөр зарчихаад буцаж очоод Билэгттөр гэж хүнд засварт өгсөн гэж худал хэлсэн нь үнэн. Санчир-Оч энэ хэрэгт ямар ч холбоогүй. Зүгээр л намайг ирж авсан төдий. Би машин зарсан мөнгөө тухайн үед мөрийтэй тоглоом тоглоод өрөнд орчихсон байсан болохоор өрөө дарсан юм”” гэх мэдүүлэг[6], 7.Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №900190 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайланд: Б*** улсын дугаартай 208 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн Prius 20 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзаж үзэж 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 6,000,000 төгрөгийн үнэтэй байгаа” гэх шинжээчийн дүгнэлт[7], 8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Иргэний үнэмлэхийн лавлагаа[10], 11.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[11], 12.Жолоочийн лавлагаа, мэдээлэл[12], 13. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт[13], 14.Дансны хуулга[14] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч гэм буруу, хохирол төлбөр, эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэжээ.

 Шүүгдэгч *** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

          Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогч *** 6,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч *** 2,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *** 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулан, шийтгэж, түүнд оногдуулсан ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч*** нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***н цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ял шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь хохирогчийн тээврийн хэрэгслийг биет байдлаар нь буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч *** учирсан 2,500,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсугай.

6.Шүүгдэгч *** нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 15  дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[14] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас